Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00453

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00454

 

 

ххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02860 дугаартэй шийдвэртэй

Нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ххххх ХХК-д -д холбогдох

Зуучлалын гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 8,475,665 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тайшир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ххххх нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын томоохон нэр хүндтэй их дээд суралцуулна гэсэн зарын дагуу ххххх ХХК-тай холбогдсон. Тус компани их, дээд сургуульд зуучилж суралцуулж Засгийн газрын тэтгэлэгт хамруулах үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласны дагуу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын их, дээд сургуульд суралцуулах зуучлалын гэрээ байгуулсан. Тус зуучлалын гэрээний дагуу ххххх ХХК нь БНХАУ-ын их, дээд сургуульд суралцахад зуучлалын үүрэг гүйцэтгэх, харин нэхэмжлэгч нь зуучлалын хөлс төлөх харилцан төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар зуучлалын үйлчилгээний хөлс 4,000 ам.доллар байх бөгөөд урьдчилгаа 2,000 ам.долларыг гэрээ байгуулах үед төлнө гэж заасны дагуу төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 1,500 ам.долларыг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 3,500 ам.долларыг шилжүүлсэн.

Нэмэлт гэрээг амаар тохиролцсон, гэрээнд гарын үсэг зураагүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэрийг бичсэн байна. Гэрээ байгуулаагүй шалтгаан бол гэрээний зарим нөхцлийг буюу 1.5 гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй. Нэмэлт гэрээгээр Хятад улсын Засгийн газрын тэтгэлэгтэй сургуулийн үндсэн ангид хамрагдах эсвэл Яншань гэх сургуульд зуучлуулна гэж харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн хариуцагч талын гадаадад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулах үйл ажиллагаа нь Монгол улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа байхад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Тиймээс зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарах тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагчид төлсөн төлбөрөө буцаан шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас төлбөрөө төлнө гэж удаасан бөгөөд 1,500 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь сурч боловсрох 2 жилийн хугацаагаа алдаж хохирч байна. Иймд хариуцагчаас 8,475,665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч ххххх ХХК-ийн тайлбарын агуулга: ххххх манай компанитай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үндсэн гэрээ байгуулаад Хятад улсад хэлний бэлтгэлд суралцахаар явсан. Үндсэн гэрээнд сургуулийн нэр, тэтгэлэгт хөтөлбөрийн төрлийг заагаагүй. Гэрээний дагуу суралцаж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр болиод найз залуутайгаа суралцмаар байна гэж хүсэлт гаргасны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулаагүй нэр, хаягийг өөрөөр нь бичүүлсэн. Нэмэлт гэрээ байгуулаад 1,500 ам.доллар төлсөн гэх мейлийг хавсаргаж өгсөн. Нэмэлт гэрээгээр үндсэн гэрээг биелүүлсэн гэж үзээд үйл ажиллагаа явуулсан 500 ам.долларыг хасаад 1,500 ам.долларыг буцааж өгч болно гэж заасны дагуу  1,500,000 төгрөгийг буцаан өгсөн. Манай байгууллагын үйл ажиллагааг явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа. Энэ талаар Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл олгодоггүй гэдэг бичиг хэрэгт авагдсан. ххххх Хятад улс руу хэлний бэлтгэлд яваад өөрийн хүсэлтээр буцаж ирээд нэмэлт гэрээ байгуулсан. Ковид 19 болон өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалсан. Үндсэн гэрээ дуусгавар болсон. Нэмэлт гэрээний 1.7-т заасны дагуу 1 500 ам.доллараас 500 ам.долларыг хасаад 1 000 ам.долларыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Манай байгууллага нь зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, БНХАУ-ын сургуулийн хэлний бэлтгэлд явуулсан, хэлний бэлтгэлд сууж байж дараагийн шатанд суралцдаг юм. Гэтэл нэхэмжлэгч өөрөө л сургуулиа орхиод хүрээд ирсэн, Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг нь зөвшөөрч эвлэрч болно гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххх ХХК-аас зуучлалын хөлсөнд 2,850,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,625,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 60,533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххд

олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Нэхэмжлэгч ххххх нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодруулж талуудын хооронд байгуулсан "Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ"-г . . Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл тул тус гзрээний дагуу шилжүүлсэн 8,475,665 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч "ххххх" ХХК нь Гадаадын их дээд сургуульд суралцуулахад зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн нэхэмжлэгч хххххтэй "Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээг байгуулсан" боловч Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д "гадаад улсад боловсрол зззмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ" гэж заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэхээр зохицуулсан. Гэвч хариуцагч "ххххх" ХХК нь тусгай зөвшөөрөлтэй гэдгээ баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх дээрх гэрээг тусгай зөвшөөрөл шаардахгүй гэж үзэж хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

"ххххх" ХХК-г гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтын дагуу тогтоогдох үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч талууд нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Хятад улсын Их дээд сургуульд суралцахзд зуучлах гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч "ххххх" ХХК нь ямар ч үүрэг гүйцэтгээгүй болоод 2019 оны 10дугаарсарын 23-ны өдөр амаар харилцан тохиролцож нэмэлтээр 1 500 ам.долларыг авсан. Учир нь өмнөх гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул дахин төлбөр төлсөн тохиолдолд Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчингийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Яншан их сургуульд хамрагдуулна гэсний дагуу 1,500 ам долларыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч компанийн дансанд шилжүүлсэн. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх буруу тогтоож 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ"-ний дагуу хэрэгт авагдсан сургуулийн урилга буюу хүлээн авах бичиг ирснийг тус гэрээний дагуу үүргээ биелүүлсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Анхан шатны шүүх нь хариуцагч "ххххх" ХХК-ийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ"-ний дагуу хүлээсэн үүргзэ гүйцэтгэсэн, харин нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн боловч хариуцагч нь аль аль гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хзлбэл зхний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Хятад улсын Их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ"-ний дагуу урилга ирсэн болохыг нотлох баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх ямар баримт дээр үндэслнн тогтоосон нь тодорхой бус байна. Нэмэлт аман гэрээний дагуу Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчингийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Яншан их сургуульд суралцуулан гэсэн боловч энэхүү үүргээ ч биелүүлээгүй болно.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч нь нотлох баримтыг шүүхэд гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн сургуулийн урилгын эх хувь нь байхгүй, мөн хэзээ гарсан огноогүй урилгыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагаас 5,625,475 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Хариуцагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6-д заасан үйл ажиллагааг эрхэлж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр явуулаагүй, Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.3 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжилсэн байгаа. Хуулийн байгууллага буюу Боловсролын яам тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй манайх хариуцдаггүй гэснийг бичгээр гаргаж өгсөн байгаа. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн нэхэмжлэл шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Бид өөрийнх нь хүсэлтийн нь дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Хэлний бэлтгэлдээ яваад гэрээний үүрэг явагдаж байх хугацаанд дундаас нь хувийн шалтгаан болон Ковид 19 цар тахлаас болоод гэрээгээ цуцалъя гэсэн өргөдлөө гаргасан байгаа. Үүний үндсэн дээр нэмэлт гэрээнд зааснаар суутгах зүйлээ суутгаж өгөх зүйлээ өгье гэсэн байр суурьтай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх ХХК-аас 8,475,665 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн тул гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулна, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,475,665 төгрөгийг гаргуулна гэх 2 үндэслэл заан тайлбарласан байна.

3.Хариуцагч тал үндсэн гэрээнд сургуулийн нэр, тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл заагаагүй, гэрээний дагуу хэлний бэлтгэлд суралцахаар явсан, өөрийн хүсэлтээр болиод нэмэлт гэрээ байгуулсан, уг гэрээгээр үндсэн гэрээг биелүүлсэн гэж үзэн 1,500 ам.долларыг буцаан өгөхөөр зарим хэсэгт эвлэрч болно, тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

4.Анхан шатны шүүх ххххх, ххххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хятад Улсын их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээ, талуудын тайлбар, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7/3550 тоот, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/3182 тоот албан бичиг зэргийг харьцуулан үзээд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан тул гэрээгээр шилжүүлсэн 8475,665 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

5а.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу ххххх нь урьдчилгаа төлбөрт 2000 ам.доллар ххххх ХХК-д төлсөн талаар хэн аль нь маргаангүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххг Хятад Улсын Хэбэй технологийн шинжлэх ухааны сургуульд хоёр сар хэлний бэлтгэлд сураад Монголд буцаж ирсэн, Ковид 19 цар тахал гарсантай холбоотой ххххх ХХК-аас 1,500,000 төгрөг буцаан авсан үйл баримтын талаар шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-55/

5б.Хариуцагч тал ... урилга үндсэн гэрээний дагуу ирсэн, ххххх-ийн хувьд үндсэн гэрээгээ дүгнээд найз залуутайгаа ойрхон Яаньшань сургуульд суралцмаар байна гэсний дагуу нэмэлт гэрээ байгуулсан, ... Хятад Улс руу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр явсан, явахаасаа өмнө нэмэлт гэрээг байгуулсан ..., ... нэмэлт гэрээнд ххххх гарын үсэг зураагүй ч нэр, хаягаа өөрөөр нь бичүүлсэн ..., ... Ковид болон хувийн шалтгаанаас хүсэлтээ өгч гэрээг цуцалсан... гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. /хх-67-68/ Дээрх тайлбарыг зохигчдын хэн аль нь үгүйсгээгүй байна.

5в.Хэргийн 34 дэх талд авагдсан гадаад хэл дээр бичигдсэн баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт оновчгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог.

6. Талууд нэмэлт гэрээгээр үндсэн гэрээг дүгнэсэн, хариуцагч ххххх ХХК нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, нэхэмжлэгч ххххх гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч тал хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2,850,190 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийн заасантай нийцжээ. Харин гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02860 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1-т гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД