Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2167

 

“ЦФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/02849 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЦФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 108 350 854 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Хариуцагч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЦФ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр С.Нтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байрны 94 тоот хаягт байрлах 65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 025/17 тоот бүхий 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах байсан боловч С.Нгийн хүсэлтээр зээлийн хугацааг 6 сараар сунгасан.

Мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр С.Нд 28 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 901 дүгээр байрны 56 тоотод байрлах 28.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээл олгосноос хойш зээлдэгч нь 50 000 000 төгрөгийн зээлийн хүүд 6 750 000 төгрөг, 28 000 000 төгрөгийн зээлийн хүүд 5 120 000 төгрөг нийт 11 870 000 төгрөг төлсөн, үндсэн зээлээ төлөөгүй. 50 000 000 төгрөгийн зээлийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 14-нд, 28 000 000 төгрөгийн зээлийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 23-нд тус тус дууссан.

   Иймд зээлдэгч С.Нгээс үндсэн зээл 78 000 000 төгрөг, үндсэн хүү 29 060 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 290 187 төгрөг нийт 108 350 854 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байрны 94 тоотод байрлах 2 өрөө орон сууц болон мөн дүүргийн 26 дугаар хороо, 901 дүгээр байрны 56 тоотод байрлах 1 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа ч хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 14, 23-ны өдрүүдэд дууссан. Гэрээний хугацаа дууссан өдрөөр зээлийн хүүг тооцон төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 104 860 187 төгрөг болж байгаа тул илүү нэхэмжилсэн 3 490 667 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Нгээс хоёр зээлийн гэрээний үүрэгт 108 350 854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЦФ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, /13311/, Их Монгол улсын гудамж, 408 дугаар байрны 94 тоот, улсын бүртгэлийн Ү-2204030999 дугаарт бүртгэгдсэн, 65 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол /13311/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 901 дүгээр байрны 56 тоот, улсын бүртгэлийн Ү-2204046623 дугаарт бүртгэгдсэн, 28,5 мкв талбайтай, 1 өрөө орон сууцнуудыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769 904,27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 769 904.27 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦФ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие “ЦФ” ХХК-аас 2017 оны 6 дугаар сард тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 жилийн хугацаатай зээлж авсан. Иймд үндсэн зээл, хүүгийн хамт 108 350 854 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн боловч нэхэмжлэгчтэй тохиролцоогүй. Иймд миний бие зээлийн төлбөрийг 3 жил буюу 36 сарын хугацаанд төлөх боломжтой тул харгалзан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “ЦФ” ХХК нь хариуцагч С.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108 350 854 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигчид дараах нөхцлөөр эвлэрсэн байна. Үүнд хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 108 350 854 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл нийт 24 сарын хугацаанд сар бүрийн сүүлийн өдөр 4 520 000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөх өөрөөр хэлбэл талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцож, хэрэв дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байрны 94 тоотод байрлах 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 26 дугаар хороо, 901 дүгээр байрны 56 тоотод байрлах 1 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйн гадна нэхэмжлэгч тал өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг олгосон байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/02849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 108 350 854 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл нийт 24 сарын хугацаанд сар бүрийн сүүлийн өдөр 4 520 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, 408 дугаар байрны 94 тоотод байрлах, 65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204030999 дугаартай 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 26 дугаар хороо, 901 дүгээр байрны 56 тоотод байрлах 21 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204046623 дугаартай 1 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769 904,27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

                                                                                                

                                                                                           Ч.ЦЭНД