Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00463

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00463

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах *** улс, ** хот, ** цэрэг хороолол, * дугаар байранд оршин суух ФП /РД:CNA*/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *** хотхон, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух Б.М /РД:ПБ*******/-д холбогдох

Зээлийн г**ий үүргийн гүйцэтгэлд 2 503 090 810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, өмгөөлөгч С.С 

хариуцагчийн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч П.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ФП нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн г**ий үүрэгт 2 503 090 810 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Талтс молор ХХК-ийн захирал Б.М нь 2017-2018 оны хооронд БНСУ-д байхдаа БНХАУ-ын иргэн ФП надаас удаа дараа санхүүгийн дэмжлэг хүсч харилцан тохиролцож, гэрээ байгуулж, дараах санхүүгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлэн хүү, алданги төлөх үүрэг хүлээн гэрээ хэлцэл хийж байсан. Хариуцагч нь 2017 онд 2 176 000 төгрөг зээлж тухайн үедээ 2 000 000 юаныг буцаан төлж, 176 000 юаны үлдэгдэл төлбөртэй үлдсэн. Хариуцагчийн хүсэлтээр өмнөх тооцооны үлдэгдэл 176 000 юань дээр 2018.01.10-ны өдөр 1 000 000 юань нэмж, нийт 1 176 000 юаныг 2018.05.01-ний өдөр хүртэл хугацаатай, хугацаа дууссанаас хойш 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сарын хүү тооцохоор байна. Миний зүгээс зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч мөн 2018.12.02-ны өдөр мөнгө хэрэгтэй байгаа тул зээлээч гэсний дагуу 650 000 юаныг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж, 2018.12.09-ний өдрөөс хойш нэг сарын 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон. Хариуцагч нь 2018.12 сарын эхээр БНСУ-ын Инчон хотоос утасдаад мөнгө байна уу? 5 сая юань зээлье гэсэн учир түүнд 2018.12.16-ны өдөр 1 000 000 юанийг шилжүүлж, гэрээг гараар бичиж байгуулсан. Энэ зээлийг өгөхөөр 2018.12.14-ний өдөр бид тохиролцсон байсан учир 2018.12.02-ны өдөр зээлсэн 650 000 юанийг нэгтгэн 2018.12.14-ний өдөр 1 650 000 юанийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед би БНСУ-д байсан учир өөрийн компанийн нягтлан байсан Э.Аг төлөөлүүлэн 2018.12.14-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн өдрөө нэхэмжлэгчтэй өмнө нь харилцан ярилцсан 5 000 000 юань зээлэх тохиролцоогоо бататган зээлийн г**ий нэмэлт болгож 2955 дугаар зээлийн нэмэлт гэрээ байгуулж, барьцаа болгож * ХХК-ийн 30 хувийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл зээл авснаас хойш Б.М нь мөнгөө огт төлөөгүй тул 2019.9 сараас эхлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулан 2021.07.02-ны өдөр гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хариуцагчаас нийт гэрээ хэлцлээс 2 503 090 810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.М нь 2017 онд БНСУ-д казино тоглож байхдаа нэхэмжлэгчээс 2 176 000 юанийн үнийн дүн бүхий казино тоглодог читон зээлж авсан. Үүнийхээ 2 000 000 юанийг тухайн үед буцаан төлсөн. 2018 оны 01 сарын 10-ны өдөр дахин 1 000 000 юанийн үнийн дүн бүхий читон, 2018 оны 12 сарын эхээр 650 000 юанийн читон, 2018 оны 12 сарын 10-ны орчим дахин 1 000 000 юанийн читон зээлж авч БНСУ-ын казинод тоглож алдсан байдаг. Казино тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнийн дүн бүхий читоныг нэхэмжлэгч ФПээс зээлэх үед нэхэмжлэгч нь мөн БНСУ-ын казинод хажууд нь хамт байсан байдаг. Харин хариуцагч Б.Мийг Монгол улсад ирсний дараа ФПийн хамаарал бүхий Э.А гэгч нь мөнгө зээлсэн мэтээр гэрээ байгуулж эсвэл мөнгө авсан гэх утга бүхий бичиг хийлгэж авсан байдаг. Бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчээс нэг ч юань зээлж авч байгаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч тал юань зээлж байсан бол Б.Мд юань шилжүүлж байсан гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 сард Монгол улсын Цагдаагийн байгууллагад хандаж Б.Мийг 2 891 000 юань залилсан гэж гомдол гаргаж байсан бөгөөд энэ үед Б.М нэхэмжлэгчид 2019 оны 11 сарын 18, 19-нд 2 удаагийн гүйлгээгээр 513 356 960 төгрөг буцаан шилжүүлсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дахь хэсэгт тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй гэж заасан. Мөн хуулийн 486.2 дахь хэсэгт тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд мөрийтэй тоглоом тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнэлгээ бүхий читон зээлсэн үйлдэл нь БНСУ-ын газар нутагт болсон байдаг бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө Б.М нь ярьсан байгаа. Иймд Б.Мийн хувьд 2 176 000 юанийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч нь 2018.12.14-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан мэтээр хүү, алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Б.М болон ФП нарын хооронд байгуулагдаагүй гэдэг нь тогтоогдож байна. Өөрийн гараар бичиж өгсөн баримтын хэмжээнд буюу 2 176 000 юанийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд төлсөн 386 000 000 төгрөгийг хасаж тооцуулна гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2018 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээ, зээлийн гэрээ, Баянсангийн далай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, * ХХК-ийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2020.03.06-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, БНХАУ-ын юанийн 2021.09.08-ны өдрийн ханшийн мэдээлэл, итгэмжлэл, хятад хэл дээрх 2 ширхэг баримт, Fu Fing хаан банкны дансны хуулга, 2022.01.19-ний өдрийн 1/* Прокурорын хариу хүргүүлэх тухай тоот, ФПийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Э.Агийн гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудыг/хх-ийн 7-27, 30, 93-96/,

4. Хариуцагчаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021.11.04-ний өдрийн тодорхойлолт, 2021.11.08-ны өдрийн Гадаад харилцааны яамны албан бичиг хх-ийн 67-68/,

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 191002295 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хэргээс гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Мийн мэдүүлэгүүд, хариуцагч талын хүсэлтээр мөн хэргээс Хаан банкны шилжүүлгийн 2019.11.18, 2019.11.19-ний өдрийн мэдээлэл /хх-ийн 85-89, 102, 103/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: 

2018.12.14-ний өдөр 1 650 000 юанийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед би БНСУ-д байсан учир өөрийн компанийн нягтлан байсан Э.Аг төлөөлүүлэн 2018.12.14-ний өдөр 1 650 000 юанийг зээлдүүлсэн гэрээг нөхөж байгуулсан, мөн 2018.12.14-ний нэмэлт зээлийн г**ий дагуу 2021.12.02-ны өдрийн 650 000 юанийг болон 715 000 юанийг зээлдүүлсэн гэрээг байгуулсан бөгөөд энэ г**үүдээр хүү, алданги тохирсон. Мөн энэ гэрээгээр барьцаа болгож * ХХК-ийн 30 хувийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, тус компанийн Ховд аймгийн Алтай сумын нутагт байрлах ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан тул зээл болон зээлийн хүүнд төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

  1. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Б.М нь казино тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнийн дүн бүхий читоныг нэхэмжлэгч ФПээс зээлэх үед нэхэмжлэгч нь мөн БНСУ-ын казинод хажууд нь хамт байсан байдаг. Харин хариуцагч Б.Мийг Монгол улсад ирсний дараа ФПийн хамаарал бүхий Э.А гэгч нь мөнгө зээлсэн мэтээр гэрээ байгуулж эсвэл мөнгө авсан гэх утга бүхий бичиг хийлгэж авсан байдаг. Бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчээс нэг ч юань зээлж авч байгаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч тал юань зээлж байсан бол Б.Мд юань шилжүүлж байсан гэдгээ нотлох ёстой. Зээлийн гэрээ гэж нөхөж хийсэн зүйлээр хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ФП хариуцагч Б.Мд холбогдуулан 2 891 000 залилсан үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байх ба 2020.03.06-ны өдрийн 409 дугаар Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч ФП хохирогчоор, хариуцагч Б.М гэрчээр өгсөн мэдүүлгүүд тусгагдсан байх ба Б.М, БНХАУ-ын иргэн ФП нарын хооронд барьцаалан зээлэх г**ээс үүссэн, иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байх ба Б.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэх үндэслэлээр хэргийг хаасан байна. /хх-ийн 25-26/

  Дээрх прокурорын тогтоолд дурдсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч ФП хариуцагч Б.Т нар нь ажил төрлийн болон санхүүгийн асуудлаар хоорондын харилцаатай байж, улмаар мөнгө төгрөг зээлж, төлж байсан асуудлаар маргаагүй хэдий ч 2018.12.14-ний өдрийн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээгээр мөнгө зээлдүүлсэн, түүнчлэн уг г**ий дагуу зээлийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Э.А, Б.М нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн г**үүдэд хариуцагч нь гарын үсэг зурсан асуудлаар маргаагүй хэдий ч уг гэрээг ФП болон Б.М нарын хооронд үүссэн өмнөх өр авлагыг баталгаажуулж, байгуулсан гэж тайлбарласан зэргээс дээрх г**ий дагуу шаардах эрх үүсэхгүйн дээр, хуульд заасан хүү, алданги шаардах эрхгүй юм.

5. Харин хариуцагч Б.М нь хавтаст хэргийн 10, 11 дүгээр талд авагдсан бичгийн баримтын талаар маргахгүй гээд уг баримтад бичигдсэн 1 000 000 юань, 1 000 000+176 000=1 176 000 юань /2018.1.10 гэсэн огноотой/, нийт 2 176 000 юанийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбар гаргасан байх ба эрүүгийн хэргийг шалгах явцад хариуцагч Б.М нь дээрх төлбөрөөс 2019.11.18-ны өдөр 386 000 000 төгрөгийг төлсөн болох нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоодож байна./хх-ийн 107/

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн г**ий харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мийн маргаагүй хэмжээнд хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн БНХАУ-ын юаньтай харьцах ханш 440.79 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 573 159 040 төгрөгийг /2 176 000х440.79=959 159 040-386 000 000/ хангаж, илүү нэхэмжилсэн 1 929 931 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөөс 573 159 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ФП-д олгож, илүү нэхэмжилсэн 1 929 931 770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ФПээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 740 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид 3 023 745 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФП-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ