Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00866

 

 

 

Ф-ийн /Fu Рing/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00463 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,090,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- ХХК-ийн захирал Б.М- нь 2017-2018 оны хооронд БНСУ-д байхдаа БНХАУ-ын иргэн Ф- надаас удаа дараа санхүүгийн дэмжлэг хүсч харилцан тохиролцож, гэрээ байгуулж, дараах санхүүгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлэн хүү, алданги төлөх үүрэг хүлээн гэрээ хэлцэл хийж байсан. Хариуцагч нь 2017 онд 2,176,000 юань зээлж тухайн үедээ 2,000,000 юаныг буцаан төлж, 176,000 юаны үлдэгдэл төлбөртэй үлдсэн. Хариуцагчийн хүсэлтээр өмнөх тооцооны үлдэгдэл 176,000 юань дээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 юань нэмж, нийт 1,176,000 юаныг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, хугацаа дууссанаас хойш 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сарын хүү тооцохоор байна. Миний зүгээс зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч мөн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөнгө хэрэгтэй байгаа тул зээлээч гэсний дагуу 650,000 юаныг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэг сарын 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон. Хариуцагч нь 2018 оны 12 сарын эхээр БНСУ-ын Инчёон хотоос утасдаад мөнгө байна уу, 5,000,000 юань зээлье гэсэн учир түүнд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 юанийг шилжүүлж, гэрээг гараар бичиж байгуулсан. Энэ зээлийг өгөхөөр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бид тохиролцсон байсан учир 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 650,000 юанийг нэгтгэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,650,000 юанийн зээлийн гэрээг байгуулсан. Тухайн үед би БНСУ-д байсан учир өөрийн компанийн нягтлан байсан Э.Амарбаясгаланг төлөөлүүлэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн өдрөө нэхэмжлэгчтэй өмнө нь харилцан ярилцсан 5,000,000 юань зээлэх тохиролцоогоо бататган зээлийн гэрээний нэмэлт болгож 2955 дугаар зээлийн нэмэлт гэрээ байгуулж, барьцаа болгож Талст молор ХХК-ийн 30 хувийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл зээл авснаас хойш Б.М- нь мөнгөө огт төлөөгүй тул 2019 оны 9 сараас эхлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хариуцагчаас нийт 2,503,090,810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.М- нь 2017 онд БНСУ-д казино тоглож байхдаа нэхэмжлэгчээс 2,176,000 юанийн үнийн дүн бүхий казино тоглодог читон зээлж авсан. Үүнийхээ 2,000,000 юанийг тухайн үед буцаан төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин 1,000,000 юанийн үнийн дүн бүхий читон, 2018 оны 12 сарын эхээр 650,000 юанийн читон, 2018 оны 12 дугаар сарын 10-ны орчим дахин 1,000,000 юанийн читон зээлж авч БНСУ-ын казинод тоглож алдсан байдаг. Казино тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнийн дүн бүхий читоныг нэхэмжлэгч Ф-ээс зээлэх үед нэхэмжлэгч нь мөн БНСУ-ын казинод хажууд нь хамт байсан байдаг. Харин хариуцагч Б.М-ийг Монгол Улсад ирсний дараа Ф-ийн хамаарал бүхий Э.Амарбаясгалан гэгч нь мөнгө зээлсэн мэтээр гэрээ байгуулж эсвэл мөнгө авсан гэх утга бүхий бичиг хийлгэж авсан байдаг. Бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчээс нэг ч юань зээлж авч байгаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч тал юань зээлж байсан бол Б.М-д юань шилжүүлж байсан гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 сард цагдаагийн байгууллагад хандаж Б.М-ийг 2,891,000 юань залилсан гэж гомдол гаргаж байсан бөгөөд энэ үед Б.М- нэхэмжлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 18, 19-нд 2 удаагийн гүйлгээгээр 513,356,960 төгрөг буцаан шилжүүлсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1 дахь хэсэгт тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй гэж заасан. Мөн хуулийн 486.2 дахь хэсэгт тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд мөрийтэй тоглоом тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнэлгээ бүхий читон зээлсэн үйлдэл нь БНСУ-ын газар нутагт болсон байдаг бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө Б.М- нь ярьсан байгаа. Иймд Б.М-ийн хувьд 2,176,000 юанийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан мэтээр хүү, алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Б.М- болон Ф- нарын хооронд байгуулагдаагүй гэдэг нь тогтоогдож байна. Өөрийн гараар бичиж өгсөн баримтын хэмжээнд буюу 2,176,000 юанийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд төлсөн 386,000,000 төгрөгийг хасаж тооцуулна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-өөс 573,159,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф-д олгож, илүү нэхэмжилсэн 1,929,931,770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,740,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М-өөс улсын тэмдэгтийн хураамжид 3,023,745 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Б.М- 2017-2018 онд БНСУ-ын нутаг дэвсгэрт казино тоглож байхдаа БНХАУ-ын иргэн Ф-ээс казино тоглоход мөрийнд тавьдаг тодорхой үнийн дүн бүхий читон зээлж байсан үйлдэл болж байсан. Монголд ирсний дараа юань зээлж авсан мэтээр тодорхойлолт бичүүлж авсан байдаг. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлж байсан талаарх нэгч санхүүгийн баримт гаргаж өгдөггүй нөхцөл байдлаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь БНХАУ-аас БНСУ-руу юань шилжүүлж байсан гэж нэхэмжлэлдээ тайлбарладаг боловч энэ талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Хэргийн 10, 11 дүгээр хуудсанд хариуцагч Б.М- Ф-ээс нийт 2,176,000 юань зээлж авлаа гэдэг тодорхойлолт бичиж өгсөн баримт авагдсан. Энэхүү баримтыг Монгол Улсад ирсний дараа нэхэмжлэгч Ф-ийн шаардлагын дагуу казино тоглож байхдаа авсан казиногийн читоны үнийг юаньд хөрвүүлэн бодож бичиж өгсөн байдаг. Хэдийгээр Иргэний хуулиар мөрийтэй тоглоомтой холбоотой мөнгө, зээлийн асуудал шаардах эрх үүсгэдэггүй хэдий ч БНХАУ-ын иргэнээс авсан тодорхой үнийн дүн бүхий читоны үнийг Б.М- төлнө гэдэг тайлбарыг хэлдэг. Ф- нь хариуцагч Б.М-ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж байхдаа 1,000,000 юань буюу 386,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Ф- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдаж дээрх төлсөн 1,000,000 юань буюу тухайн үеийн ханш 385.53 төгрөгт хөрвүүлэн 1,001,219 юань болж байгааг үндсэн зээлээс хасаж тооцсон болно гэж тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2,176,000 юаны үүргээс 1,000,000 юанийн үүргийг хүлээн авсан гэдгээ нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх нийт үүрэг 2,176,000 юаниас дээрх 1,000,000 юанийг хасалгүй нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 440,79 төгрөгт бодож өмнөх төлсөн 386,000,000 төгрөгийг /2019 оны 11 сард 1,000,000 юаньтай тэнцэж байсан/ хасаж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсноос 54,790,000 төгрөгий зөрүү гаргаж энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүй нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн үеийн ханшаар 1,000,000 юанийн үүргийг төлж дууссан байхад түүнийг үлдэгдэл төлбөр дээр нэмэлгүй харин үлдэгдэл 1,176,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодож хариуцагчаас гаргуулах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулах 573,159,040 төгрөгөөс 54,790,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Ф- нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,090,810 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

2.Анхан шатны шүүх хариуцагч Б.М-өөс 573,159,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф-д олгож, нэхэмжлэлээс 1,929,931,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

3.а.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 463 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б.М-өөс 573,159,040 /таван зуун далан гурван сая нэг зуун тавин есөн мянга дөчин/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс 54,790,000 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн/ төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 54,790,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон 573,159,040 төгрөгөөс хасаж талууд 518,369,040 /таван зуун арван найман сая гурван зуун жаран есөн мянга дөчин/ төгрөгт эвлэрч байна. Дээрх төлбөрийг хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах-аар эвлэрсэн байна.

4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Ф-, хариуцагч Б.М- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ф- нь шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 573,159,040 төгрөгөөс 54,790,000 төгрөгийг хасаж, хариуцагч Б.М- нь 518,369,040 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ