Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00295

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00295

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг,* тоотод оршин суух, А ургийн овогтой Ч-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, Ж гудамж, *-* тоотод оршин суух, А ургийн овогтой П-ийн Б-д холбогдох,

 

36,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч П.Б-д холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний үүрэгт 36,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч П.Б нар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Талууд гэрээний нөхцөл буюу зээлийн дүнг 38,000,000 төгрөг байхаар, хугацааг 80 өдөр, хүүгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алдангитай байхаар харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь 2019 онд үйлдвэрлэгдсэн, **-** УАЕ улсын дугаартай Рено дастер /Renault duster/ маркын автомашиныг 38,000,000 төгрөгт тооцож хариуцагчид өгсөн. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн автомашиныг бусдад худалдан борлуулах эрхийг олгосон итгэмжлэлийг хариуцагч П.Бод олгосон. Уг итгэмжлэлийн дагуу тэрээр автомашиныг бусдад худалдан борлуулж, мөнгийг авсан байгаа. Ингээд талууд энэхүү худалдах-худалдан авах гэрээний үүргийнхээ хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан.

Хариуцагчийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 09-ний өдөр 6,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар 24,000,000 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 24,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 12,200,000 төгрөг, нийт 36,200,000 төгрөгийг П.Б-оос гаргуулахаар шүүхэд хандсан. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 36,200,000 төгрөг шаардсан боловч үүнээс 200,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байгаа. Учир нь 24,000,000 төгрөгийн 50 хувь нь 12,000,000 төгрөг байхад бид 200,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Иймд хариуцагчаас нийт 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч ...хамтран ажиллах гэрээний үүрэг байсан, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Уг гэрээ нь бидний байгуулсан зээлийн гэрээтэй хамааралгүй, хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн тусдаа тооцоотой гэрээнүүд гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргахгүй. Харин нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-т зээлдэгчийн заасан Д.А-ын Хаан банкны 5-3 тоот дансанд 2021 оны 3 дугаар 31-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ хэмээн заасан. Гэвч зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон уг мөнгийг тухайн өдөр байтугай түүний дараагийн өдөр ч шилжүүлээгүй ба ерөөсөө 38,000,000 төгрөгийг түүнээс хүлээн аваагүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бодитойгоор биелэгдээгүй, мөнгө зээлдүүлээгүй тул Ч.Б нь зээлийн гэрээг үндэслэн мөнгө шаардах эрхгүй. Мөн энэ зээлийн гэрээний харилцаа үүсэхээс өмнө талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээний дагуу үүргийн харилцаанд компани орж ирж байгаа. Хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөнүүд нь уг хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн болохоос нэхэмжлэгчийн хэлсэнчлэн зээлийн гэрээний буцаан төлбөр биш. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний хувийн данс руу хариуцагчаас мөнгийг шилжүүлсэн болно. Хэрэгт 19,640,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг 19,640,000 төгрөгт тооцож авсан, харин нэхэмжлэгч үлдэх мөнгийг угаасаа хариуцагч руу шилжүүлээгүй. Тэгэхээр өгсөн автомашиныг 38,000,000 төгрөгт тооцоогүй, машин нь тийм хэмжээний үнэ ч хүрэхгүй нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд Ч.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, итгэмжлэл /хх4/, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх5/, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0584 тоот зээлийн гэрээ /хх6/, 2021 оны 7 дугаар сарын 10, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ч.Б-ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх 7, 8/, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /техникийн тодорхойлолт, хх 39/, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх41-43/, итгэмжлэл /44/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх46, 47/, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Т ХХК /Т LLC/-ийн Голомт банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /48, 49/-ыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс, 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны Д.А-ын Хаан банк дахь депозит дансны хуулга /хх 31/, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1 тоот хэлцлийн гэрээ, гэрээний хавсралт /хх 32, 33/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ч.Б болон П.Б нар 0584 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Ч.Б нь 38,000,000 төгрөгийг 80 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, гэрээний хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохирсон байна.

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч П.Бод холбогдуулж 36,200,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 36,000,000 төгрөг болгон багасгаж байна.

 

Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэлээ ...хариуцагч миний автомашиныг бусдад 38,000,000 төгрөгөөр, надаас олгогдсон итгэмжлэлийн дагуу зарж мөнгийг авсан. Уг худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн үүргийг буюу 38,000,000 төгрөг дээр бид зээлийн гэрээ байгуулсан. Одоо гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт авна гэж тайлбарласан.

Хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй. Харин дээрх нэхэмжлэлийг ...зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, ...буцаан шилжүүлсэн мөнгө нь өөр буюу хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны Хаан банк дахь 5-9 тоот дансны хуулгыг гаргаж өгсөн. Уг хуулгаас үзэхэд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5-3 тоот данснаас 6,000,000 төгрөгийг ...хүмүүс хэлсэндээ байсангүй ээ уучлаарай андаа гэсэн утгатай шилжүүлсэн байна.

 

Мөн нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны Хаан банк дахь 5-9 тоот дансны хуулга хэрэгт авагджээ. Уг хуулгаас үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 5-9 тоот данснаас 6,500,000 төгрөгийг tsogtoo 6,5 сая, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 5-3 тоот данснаас 1,500,000 төгрөгийг tsogtoo 1,5 сая гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч дээрх мөнгөн гүйлгээг ...хариуцагчийн зээлийн гэрээний буцаан төлөлт гэж, хариуцагч ...хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж зөрүүтэй тайлбарыг гаргасан.

 

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №1 тоот Т ХХК, Ц ХХК, Ю.О нарын хооронд байгуулагдсан Хэлцлийн гэрээ-ний агуулгаас үзэхэд хариуцагчийн ...нэхэмжлэгчийн хүсэлтээр ...хамтран ажиллах гэрээний дагуу мөнгийг түүний хувийн данс руу шилжүүлсэн гэх тайлбар үндэслэл муутай байна.

 

Зээлийн гэрээ байгуулах учир шалтгаан ямар ч байж болох бөгөөд урьд өөр зорилгоор авсан мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм. Хэрэгт цугларсан баримтуудыг нэхэмжлэгчийн ...худалдах-худалдан авах гэрээний харилцааний дагуу үүссэн үүргийг талууд харилцан тохирсны үндсэн дээр зээлийн гэрээ болгосон, хариуцагчийн өмгөөлөгчийн ...19,640,000 төгрөгт тооцож автомашиныг авсан, гэхдээ нэхэмжлэгч үлдэх мөнгийг өгөөгүй гэх тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар урьд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн үүрэг буюу 38,000,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаа болгосон гэж үзэхээр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу 38,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгуудаас үзэхэд хариуцагчаас нийт 14,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэх 24,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шүүхэд хандаж байгаа хугацаа зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 6,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Б-оос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ