Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/00745

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б-од холбогдох 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ч.Б-, хариуцагч П.Б- нар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Талууд гэрээний нөхцөл буюу зээлийн дүнг 38,000,000 төгрөг байхаар, хугацааг 80 өдөр, хүүгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь 2019 онд үйлдвэрлэгдсэн, 50-91 УАЕ улсын дугаартай Рено дастер /Renault duster/ маркын автомашиныг 38,000,000 төгрөгт тооцож хариуцагчид өгсөн. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Б- нь өөрийн автомашиныг бусдад худалдан борлуулах эрхийг олгосон итгэмжлэлийг хариуцагч П.Б-од олгосон. Уг итгэмжлэлийн дагуу тэрээр автомашиныг бусдад худалдан борлуулж, мөнгийг авсан байгаа. Ингээд талууд энэхүү худалдах-худалдан авах гэрээний үүргийнхээ хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан.

Хариуцагчийн зүгээс нийт 14,000,000 төгрөг төлж, 24,000,000 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 24,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 12,200,000 төгрөг, нийт 36,200,000 төгрөгийг П.Б-оос гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч ...хамтран ажиллах гэрээний үүрэг байсан, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Уг гэрээ нь бидний байгуулсан зээлийн гэрээтэй хамааралгүй, хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн тусдаа тооцоотой гэрээнүүд юм. Иймд 24,000,000 төгрөгийн 50 хувь нь 12,000,000 төгрөг байхад бид 200,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Иймд хариуцагчаас нийт 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргахгүй. Харин нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-т зээлдэгчийн заасан Д.А-ын Хаан банкны 5029918603 тоот дансанд 2021 оны 3 дугаар 31-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ хэмээн заасан. Гэвч зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон уг мөнгийг тухайн өдөр байтугай түүний дараагийн өдөр ч шилжүүлээгүй ба ерөөсөө 38,000,000 төгрөгийг түүнээс хүлээн аваагүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бодитойгоор биелэгдээгүй, мөнгө зээлдүүлээгүй тул Ч.Б- нь зээлийн гэрээг үндэслэн мөнгө шаардах эрхгүй. Мөн энэ зээлийн гэрээний харилцаа үүсэхээс өмнө талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээний дагуу үүргийн харилцаанд компани орж ирж байгаа. Хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөнүүд нь уг хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн болохоос нэхэмжлэгчийн хэлсэнчлэн зээлийн гэрээний төлбөр биш. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний хувийн данс руу хариуцагчаас мөнгийг шилжүүлсэн болно. Хэрэгт 19,640,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашиныг 19,640,000 төгрөгт тооцож авсан, харин нэхэмжлэгч үлдэх мөнгийг угаасаа хариуцагч руу шилжүүлээгүй. Тэгэхээр өгсөн автомашиныг 38,000,000 төгрөгт тооцоогүй, машин нь тийм хэмжээний үнэ ч хүрэхгүй нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Б-оос 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-оос 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Харуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв машинаа 38,000,000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа бол худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой. Гэвч тухайн машин нь тийм үнэд хүрэхгүй учраас энэхүү гэрээ байгуулагдах боломжгүй байсан. Машинаа 38,000,000 төгрөгийн үнэтэй байсан хэмээн нэхэмжлэгч тал маргаж байгаа бол нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой ч гаргаж өгөхгүй байгаа нь тухайн машин дурдсан үнэтэй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Машины үнэ 38,000,000 төгрөг хэмээн талууд тохироогүй, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул шүүхэд худал тайлбар гаргасан ба уг тайлбар нь бусад ямар ч баримтаар нотлогдоогүй болно. Тухайн машиныг 19,640,000 төгрөгөөр бусдад худалдсан болох нь машин худалдан авсан хүнээс шилжүүлсэн мөнгөөр буюу Д.А-ын дансны хуулгаар нотлогдож байх тул 38,000,000 төгрөгийн үнэтэй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гарсан ба шүүх дээр уг асуудлаар иргэний хэрэг үүссэн тул маргааны хүрээ нь зээлийн гэрээ хийгдсэн эсэх, гэрээний дагуу мөнгөө зээлдүүлсэн эсэх, зээлээ эгүүлэн төлсөн эсэх тухай асуудал болно. Ц, Т ХХК болон иргэн Ю.О нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний 6-д ... захиалгын үнийг Т ХХК-д шилжүүлэх... үүргийг Ц ХХК хүлээсэн. Ингээд Т ХХК-ийн Голомт банк дахь 3015123761 тоот данс руу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.А-ын Хаан банкны 5029918603 тоот данснаас 19,00,000 төгрөгийг цементийн үнэ хэмээн шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжиж эхэлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4.-т ... зээлдэгчийн заасан Алтанхундагын Хаан банк-ны 5029918603 тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгчид шилжүүлнэ хэмээн заасан ч уг мөнгийг огт шилжүүлээгүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ биелэгдээгүй буюу 38,000,000 төгрөгийг зээлдэгч тал хүлээн аваагүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй тул өгөөгүй зүйлээ шаардах эрх уг зээлийн гэрээний дагуу Ч.Б-д үүсэхгүй. 14,000,000 төгрөг нь хамтран ажиллах гэрээний төлбөр үү, аль эсхүл машины төлбөр үү гэдгийг шүүхээс тогтоох ёстой. Нөгөөтэйгүүр шилжүүлсэн мөнгийг нь үндэслэн дүгнэлт хийж байгаа юм бол компани уруу нь шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг яаж тооцсон тодорхойгүй байна. Тэгэхээр хамтран ажиллах гэрээ, эсхүл худалдах худалдан авах хэлцлээс талуудын хооронд маргаан үүссэн байхад хүчин төгөлдөр болоогүй зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээний маргаан хэмээн дүгнэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт болно. Шүүх машин авсан асуудлыг эд хөрөнгө хүлээн авсан тул зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэж байгаа бололтой. Тэгвэл машинтай нь ижил төрөл, тоо, чанар, хэмжээ-ний машиныг эргүүлэн өгөх ёстой хэмээн дээрх 281.1 дэх хэсэгт заасан байна. Гэвч машин зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ байгуулагдаагүй тул дээрх заалтыг хэрэглэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн хувийн байдлыг нь ойлгоод, анхан шатны шүүх 6,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа, зээлийн гэрээ нь заавал мөнгөөр хэмжигдэх ёсгүй. Зээлийн гэрээний дагуу автомашиныг шилжүүлсэн. Хариуцагч нь н.А-д өртэй байсан. Цемент нийлүүлэх гэрээ нь тусдаа харилцаа юм. Зээлийн гэрээнээс тусдаа худалдах, худалдан авах гэрээ болон зуучлалын гэрээ байгуулсан. Цемент нийлүүлэх гэрээтэй холбоотойгоор тусдаа нэхэмжлэл гаргах боломжтой. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч П.Б-од холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. Хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэсэн үндэслэл заан маргажээ. /хх.1, 30/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...П.Б- нь нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн автомашиныг 38,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөн дүнд бид зээлийн гэрээ байгуулсан тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

4. Зохигчдын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ч.Б- нь 38,000,000 төгрөгийг 80 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч П.Б- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги нэмж төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх.16/

Хариуцагч П.Б-оос нэхэмжлэгч Ч.Б-д нийт 14,000,000 төгрөг шилжүүлсэн, уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Хариуцагч П.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

6. Зээлдэгч П.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Ч.Б- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

7. Талууд зээлийн гэрээний 3.7-д зээлдэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч Ч.Б- алдангийн хэмжээг хариуцагч П.Б-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 12,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байх боловч анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй юм.

8. Хариуцагч П.Б- ...хамтан ажиллах гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/00295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН