Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/01467

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Х..ийн буурлынхан овогт Б...ийн Э...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид, Газар бизнес төв, 1 давхарт байрлах, регистр 5670225, ... УТҮГ,

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 592 836 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Э..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А.., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э... нь ... УТҮГ-т холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 020 177 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

... УТҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг хууль зөрчиж дуусгавар болгосон учир шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр намайг ажлаас үндэслэлгүйгээр хууль бусаар буюу буруу халсан болохыг тогтоож, хөдөлмөрлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж давж заалдах шатны шүүхээр хянуулсан боловч гомдлыг үндэслэлгүй байна гэж, мөн анхан шатны шийдвэр болон магадлалыг хуульд нийцэхгүй байна, ... дугаар тушаал үндэслэлтэй гэж Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, хянуулсан боловч гомдол үндэслэлгүй болохыг дүгнэж 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, төвийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн .. дугаар тушаалаар намайг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сарыг дуусталх хүртэл хугацаагаар цалин нөхөн олговор болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийсэн байгаа.Дээр дурдсанаар хариуцагч байгууллагын намайг ажлаас буруу халсан шийдвэрийн улмаас анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэр гарсан 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн .. дугаар тушаалаар ажилд томилогдох хүртэлх хугацаанд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд байсан бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх 19 сар 4 өдөрт тооцогдох цалин хөлстэй тэнцэх олговорт 26 592 836 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх...олговрыг олгоно” гэж заасны дагуу шаардах эрхээ тодорхойлж байна.Мөн хариуцагч байгууллагын хууль бус үйлдэл, шийдвэрийн улмаас миний хөдөлмөрлөх харилцаа, нийгмийн даатгалд хамрагдах боломж хязгаарлагдсан гэж үзэж хариуцагч байгууллага 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд тооцогдох нийгмийн даатгалын төлөлт болон бичилтийг бүрэн хийлгэхийг даалгуулж шийдвэрлүүлэхээр шаардлагаа гаргаж байна гэж тайлбарласан. 

Хариуцагч байгууллага хариу тайлбартаа:Б.Э... нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Б.Э...ыг уг албан тушаалыг хашиж байх хугацаанд манай төв нь И.Б...ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэрээр И.Б...ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхисон, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ... тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.Ийнхүү И.Б... нэхэмжлэлтэй манай төв холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... тогтоолоор эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу И.Б...г 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон.И.Б... нь захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хашиж байсан тул Б.Э...ыг уг албан тушаалд эгүүлэн томилох боломж бүрдээгүйгээс гадна нэхэмжлэгчид 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 5 сарын, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 1 сарын, нийт 6 сарын хугацааны цалин хөлсийг олгохыг хүлээн зөвшөөрч байна.Харин 2020 оын 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу захиргаа, санхүүгийн даргын албан тушаалд И.Б... ажиллаж байсан хугацаанд ногдох цалин, хөлсийг олгох боломжгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оын 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31 -ны өдрийг хүртэлх хугацаанд олгох цалин хөлстэй холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, ...ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Б.Э...ыг ажилд томилох тухай ... дугаар тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн .. дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас:Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, ...ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн И.Б...ийг ажилд томилох тухай ... дугаар тушаал, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн И.Б...ийг ажлаас чөлөөлөх тухай ... дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ... дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн ... дугаар тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э...ын нэхэмжлэлээс 25 225 520 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, 1 367 316 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр намайг буруу халсан болохыг тогтоож, хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн.

Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн ... дугаар тушаалаар намайг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилсон.

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 19 сар 4 өдөрт тооцогдох цалин хөлстэй тэнцэх олговорт 26 592 836 төгрөг гаргуулна.

Мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэв.

Хариуцагч байгууллагын итгэмтгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрнө гэжээ.

Б.Э...ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 5 сарын, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 1 сарын, нийт 6 сарын хугацааны цалин хөлсийг олгохыг хүлээн зөвшөөрнө. 

Харин 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу захиргаа, санхүүгийн даргын албан тушаалд И.Б... ажиллаж байсан тул энэ хугацаанд ногдох цалин, хөлсийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2020/... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар тогтоол, ...ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Б.Э...ыг ажилд томилох тухай .. дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ... дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн ... дугаар тогтоол, ...ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн И.Б...ийг ажилд томилох тухай ... дугаар тушаал, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн И.Б...ийг ажлаас чөлөөлөх тухай ... дугаар тушаал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Б.Э...ыг ... УТҮГ-ын захиргаа санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговорт 8 330 288 төгрөгийг олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн .. дугаар магадлалаар  2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговорт 8 198 287 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

... УТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн ... дугаар тушаалаар Б.Э...ыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэрийг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Б.Э...ын нэг өдрийн дундаж цалин хөлсний дүнг 58 664 төгрөг гэж тооцсон байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийг хүртлэх /430 хоног х 58 664/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25 225 520 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллага нь Б.Э...ыг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад Б.Э...ын эрхэлж байсан албан тушаалд  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хүртэлх хугацаанд өөр хүн ажиллуулж байсан гэх үндэслэлээр энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг зөвшөөрөхгүй гэх хариуцагч байгууллагын тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагаас 25 225 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 367 316 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 050 төгрөгийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 284 078 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ... УТҮГ-аас 25 225 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 367 316 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э...ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ... УТҮГ-т даалгасугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын төсвийн орлогоос 283 050 төгрөгийг гаргуулан Б.Э...д, ... УТҮГ-аас 284 078 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН