Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01170

 

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01170

 

 

Б.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20ы өдрийн 102/ШШ2022/01467 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э ын хариуцагч Г -т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,592,836 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Г -ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг хууль зөрчиж дуусгавар болгосон учир шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 00417 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг үндэслэлгүй байна гэж, мөн анхан шатны шийдвэр болон магадлалыг хуульд нийцэхгүй байна, А/38 дугаар тушаал үндэслэлтэй гэж Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, хянуулсан боловч гомдол үндэслэлгүй болохыг дүгнэж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00888 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, төвийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар намайг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн. Гэвч 2020 оны 1 дүгээр сарыг дуусталх хүртэл хугацаагаар цалин нөхөн олговор болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийсэн. Хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,592,836 төгрөг гаргуулж энэ хугацааны нийгмийн даатгалын төлөлт болон бичилтийг бүрэн хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Б.Э ыг уг албан тушаалыг хашиж байх хугацаанд манай төв нь И.Б ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/00221 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу И.Б ийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. И.Б нь захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хашиж байсан тул Б.Э ыг уг албан тушаалд эгүүлэн томилох боломж бүрдээгүйгээс гадна нэхэмжлэгчид 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 5 сарын, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 1 сарын, нийт 6 сарын хугацааны цалин хөлсийг олгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2020 оын 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх буюу захиргаа, санхүүгийн даргын албан тушаалд И.Б ажиллаж байсан хугацаанд ногдох цалин, хөлсийг олгох боломжгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г -аас 25,225,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,367,316 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Г -т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын төсвийн орлогоос 283,050 төгрөгийг гаргуулан Б.Э д, Г -аас 284,078 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг бус 1999 оны хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрыг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний хүртэлх /430хоног х 58,664/ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,225,520 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй байна гэсний дагуу тухайн шүүхийн шийдвэрт дурдсан ажлын өдрүүдийг тооцон үзвэл 407 хоног байна. Мөн бүх нийтээр амрах баярын өдөр 12 хоног, нийтээр амрах баярын өдөр 9 хоног нийт 21 хоногийн нөхөн олговрыг олгох эрх зүйн зохицуулалтгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт тооцсон 430 хоног нь тооцооллын алдаатай гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/00221 тогтоолыг үндэслэн ГТХЗНТ" УТҮГ-ын захирлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар И.Б ийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, И.Б ийг захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсонтой холбогдуулан Б.Э ыг уг албан тушаалд томилох боломжгүй байсан. Тухайн албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу И.Б ийг ажиллуулан, цалин хөлсийг тоггмол олгож байсан тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн 102/ШШ2022/01467 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Б.Э ыг ажилд томилсон хугацаа 1999 оны Хөдөлмөрийн хуульд хамаарах учир хуулийг зөв хэрэглэсэн. Шүүх цалин хөлс олгох хоногийг хуульд заасны дагуу тооцоолсон. Хариуцагч байгууллагыг 2 удаагийн хууль бус шийдвэр гаргасныг шүүх тогтоосон. Хууль бус шийдвэр гарсны үр дагавар, төлбөр тооцооны асуудлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөхгүй. Хариуцагчийн нэг албан тушаалд 2 цалин хөлс олгох болж байна гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Б.Э нь Г -т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26,592,836 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 сар, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 сар нийт 6 сарын ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч, бусад хугацааны цалин хөлсийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан ба түүнийг Г -ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,330,288 төгрөг гаргуулж Б.Э д олгохоор шийдвэрлэсэн үйл баримт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 793 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2021/00888 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх66-71, 72-80, 81-85/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Э ыг Г -ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,330,288 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. /хх5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг эгүүлэн авах үүргээ биелүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн томилсон 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй талаар шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00417 дугаар шийдвэрт Б.Э ын 1 сарын дундаж цалин хөлсийг 1,261,275 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 58,664 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. /хх70/

Харин, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг анхан шатны шүүх тооцохдоо ажлын 430 хоногоор тооцож, олговор гаргуулсан нь буруу болжээ.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 407 ажлын өдөр байх ба уг хоногийг 1 өдрийн цалин 58,664 төгрөгөөр тооцвол 23,876,248 төгрөг болох тул энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган өөрчлөлт оруулж, 2,716,588 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Г -ын хоорондын хөдөлмөрийн маргаан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд үүссэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Хариуцагч байгууллага нь Б.Э ыг ажлаас халж тус газрын захирлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар И.Б ийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд томилон ажиллуулсан, уг хугацааны цалин хөлсийг давхардуулан олгохгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар хэргийг шийдвэрлэхэд өөр этгээд ажиллаж байсан нь хамааралгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25,225,520 гэснийг 23,876,248 гэж, 1,367,316 гэснийг 2,716,588 гэж, 3 дахь заалтын 284,078 гэснийг 277,331 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН