Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0008/З |
Дугаар | 128/ШШ2020/0127 |
Огноо | 2020-02-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2020/0127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүгч М.Б, шүүгч У.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: М ХЗХ
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Д
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч М ХЗХ-ын гүйцэтгэх захирал Д.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “М” ХЗХ-ын гүйцэтгэх захирал Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот актаар зөрчил гаргагч субъектийг буруу тодорхойлсон, шинээр гарсан Зөрчлийн тухай хууль буцаан хэрэглэсэн үндэслэлүүдээр 5,000,000 /таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Хадгаламж, зээлийн хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 34 дүгээр зүйлийн 34.1-д Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдаж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана, 35 дугаар зүйлийн 35.1.16-д гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, 39 дүгээр зүйлийн 39.1-д Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал буюу хувь хүн удирдан явуулдаг болно.
“М” ХЗХ нь 2016 оны 1 дүгээр улиралд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн балансаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсний дагуу манай хоршоонд байгаа хадгаламж ил тод болсон тул хуулийг буцаан хэрэглэсэн /тухайн үед Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж байсан болно/ гэх үндэслэлүүдээр дээрх улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Дшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг үндэслэн Хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шалгалт эхлэх өдөр хүртлэх хугацааны Хороонд ирүүлсэн мэдээлэл болон зохицуулалтын байгууллагад хадгалагдаж буй санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэр зэрэгт тулгуурлан шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.
Хугацаатай 30 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 14 хадгаламж эзэмшигч, хугацаагүй 228 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 182 хадгаламж эзэмшигчид гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлгүй байсан бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Хадаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгалдамж татахыг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь гүйцэтгэх захирал Д.Дамаар өгсөн тайлбар, тус хоршооны 2018 оны 03 дугаар улирлын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 1801000024 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг танилцуулаад уг зөрчлийн хэрэгт холбогдох нэмэлт баримт материал авч ирэх тухай мэдэгдсэн. “М” ХЗХ-ын гүйцэтгэх захирал Д.Д 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг авахад хадгаламж татах үйл ажиллагааны талаар мэдэгдсэн ба холбогдох нотлох баримт материалыг авч ирсэн тухай лавлахад авч ирээгүй гэсэн бөгөөд гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд байхгүй байгаа этгээд хадгаламж эзэмшигчдийн бүртгэлд байна энэ талаар лавлахад Мэдэхгүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодод орсон ба тэр үед гарч ирсэн байх гэж мэдэгдсэн.
Гэвч хугацаатай хадгаламж эзэмшигчдээс 2018 онд хадгаламж байршуулсан иргэн байсан тухай лавлахад мэдэхгүй байна гэсэн тайлбар хэлсэн ба үүнийг мэдүүлэгт дурдсан.
Хоёрт, Субъектийг буруу тодорхойлсон гэсний хувьд, “М” ХЗХ-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасны дагуу тус Хадгаламж, зээлийн хоршоонд Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зөрчлийн шийтгэл ногдуулсан болно.
Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу “М” ХЗХ-ын гаргасан зөрчлийн хугацааг 2015 оноос 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцох тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу зөрчил үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул “М” ХЗХ-ын гаргасан зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл хамаарахгүй юм.
Гуравт, Шинээр гарсан зөрчлийн тухай хууль буцаан хэрэглэсэн гэсний хувьд, М ХЗХ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 оны 04 дүгээр улирал, 2016 оны 1 дүгээр улирлаар ил тод болсон гэх боловч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тухайн зөрчлийг гаргасан хэвээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийг илрүүлсэн, уг хугацаагаар зөрчил үйлдсэн хугацааг тооцож шийтгэл оногдуулах тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хууль буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна.
Иймд “М” ХЗХ-ны гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Дүүриймаагийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М ХЗХ-оос “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...нэг өдөр, нэг ижил зөрчилд улсын байцаагч Б.Д нь давхардуулж шийтгэл ногдуулсан...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар М ХЗХ-ны үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон бусад хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан байна.
Дээрх удирдамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д нь нэхэмжлэгч “М” ХЗХ-нд хяналт шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтын явцад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 дугаар шийтгэлийн хуудсаар “Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18.1.2 дахь хэсэгт заасан гишүүн бус этгээдээс хадгаламж татсан” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсгийг баримтлан “М” ХЗХ-нд 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно”, 18.1.2-т “гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 2.4 дүгээр зүйлийн 1-т “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл “Монос дэлгэрэх” ХЗХ-ны гаргасан зөрчил нь үргэлжилсэн хугацааг хамаарч байх бөгөөд өөрөөр хэлбэл тухайн зөрчил 2015 оноос 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн шинжтэй байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.
Түүнчлэн тус хоршооны Гүйцэтгэх захирал Днь “би тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх бүхий этгээд тул надад шийтгэл ногдуулах ёстой байсан” гэж тайлбарлаж байх боловч Днь хоршооны нэрийн өмнөөс, түүнийг төлөөлөн хоршооны ашиг сонирхлын төлөө үйлдэл гаргасан тул Гүйцэтгэх захирал Д.Д биш харин ““М” ХЗХ-нд шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. .
Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “М” ХЗХ нь хугацаатай 30 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 14 хадгаламж эзэмшигч, хугацаагүй 228 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 182 хадгаламж эзэмшигчдийг гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд бүртгээгүй болох нь тус хоршооны Гүйцэтгэх захирал Д.Дамаар өгсөн тайлбар, хоршооны 2018 оны 03 дугаар улирлын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд “М ” ХЗХ-нд “хоршооны гишүүн бус этгээдээс хадгаламж татсан” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, улмаар гомдол гаргагчид шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Д гаргасан, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд “М” ХЗХ-оос гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХЗХ-оос Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Д холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Д
ШҮҮГЧИД У.Б
М.Б