Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2019/02375/и |
Дугаар | 102/ШШ2022/00726 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2022/00726
2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2022/00726 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: Б
Нэхэмжлэлийн шаардлага: 19,333,400 төгрөг
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ө.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.О
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Б-тэй 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 33,998,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие хамгийн анх хариуцагч Б.Б-т холбогдуулж түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний зүйл болох зочид буудлын засварт зарцуулсан 17,333,400 төгрөг, барьцаанд төлсөн 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг нийт, 21,333,400 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилсөн. Нэхэмжлэгч Ө.С болон хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөө надад түрээслэхдээ Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул бидний байгуулсан гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Б.Б бид хоёрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Бидний байгуулсан гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу дараах төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үүнд:
1/ 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөг;
2/ Түрээсийн гэрээ байгуулахад төлсөн урьдчилгаа болох 5,000,000 төгрөг;
3/ Түрээсийн зүйл болох зочид буудлын тохижилт, засварт зарцуулсан 17,333,400 төгрөг;
4/ Барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 36,883,400 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.С-аас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хэмжээг нэмэгдүүлсэн. Уг шаардлагатай танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Өөрчилсөн нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгөө надад түрээслэхдээ Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцож өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг ул хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь:
1/ Манай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 3 давхар 486 м2 талбайтай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөө бүхэлд нь түрээслээгүй, зөвхөн 1 давхрын 162 м2 талбайтай 6 өрөөг л нэхэмжлэгч Ө.С-д түрээсэлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн заалтад хамаарахгүй. Хэрвээ үл хөдлөх хөрөнгөө бүхэлд нь буюу 3 давхраар нь 486 м2 талбайг Ө.Сад түрээслүүлсэн бол бүртгүүлэх ёстой байсан.
2/ Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим, заалтыг тайлбарлах тухай 17 дугаартай тогтоолд Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэх тайлбараар 2018 оны 12 дугаар сарын 27-ны гэрээ нь агуулгын хувьд хуульд нийцсэн хэлцэл болох нь тогтоогддог тул уг заалтад хамаарахгүй гэж үзэж байна.
3/ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох үүрэгтэй гэх заалтаар гэрээг байгуулан талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн.
4/ Нэхэмжлэгч гэрээг хүлээн зөвшөөрч нэг сарын 2,400,000 төгрөгийг төлөхөөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулж нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулж ашиг орлого олж, хариуцагчид төлбөр тооцоог төлж байсан нь тогтоогддог. Үүгээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх заалтаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн нь нотлогддог. Иймд талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар 56.1 дэх хэсгийн 56.1.1 дэх заалтаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
Хоёр. Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулахад төлсөн урьдчилгаа болох 5,000,000 төгрөг, түрээсийн зүйл болох зочид буудлын тохижилт, засварт зарцуулсан 17,333,400 төгрөг, барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 36,883,400 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:
1/ Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр үйлчилгээний төвийн 1 давхрын 6 өрөө бүхий 162 м2 талбайг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар түрээслэх, түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөгийг дараа сар бүрийн 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 6 өрөөг зочид буудлын зориулалтаар ашиглаж, ашиг орлого олж 6 сарын түрээсийн төлбөрт 14,400,000 төгрөг төлсөн тул буцаан төлөх үндэсгүй. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэх зарчимд нийцсэн.
2/ Гэрээний 3.4 дэх хэсэгт Түрээслэгч засвар, тохижилт хийсэн тохиолдолд засварын зардлыг нэхэмжлэхгүй, хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэх заалтаар нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийсэн зардлаа өөрөө хариуцахаар анхнаасаа тохиролцсон байсан тул хариуцагчаас засвар үйлчилгээний зардалд 17,333,400 төгрөг нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч засвар хийхдээ авсан материалын зардалд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 7,906,300 төгрөгийг зарцуулсан гэж нийт 13 ширхэг зарлагын падан нотлох баримтаар өгсөн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 428 дугаартай үнэлгээний тайланд засварын зардал 18,955,000 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Дээр дурдсан зарлагын паданы үнийн дүн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь хоорондоо төрөл, тоо хэмжээгээр огт тохирохгүй, 11,048,700 төгрөгөөр зөрж байгаа нь засварт 17,333,400 төгрөг зарцуулсан гэдэг нь үндэслэлгүй худал болохыг нотолж байна. Үүнээс нэхэмжлэгч зарлагын паданаар 7,906,300 төгрөг, үнэлгээгээр 18,955,000 төгрөг, нэхэмжлэлд 17,333,400 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулсан мэтээр баримт гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй ба хуурамч баримт гаргасан нь тогтоогддог юм.
Нэхэмжлэгч гэрчээр С.Б, Ч.О нарыг оролцуулан асуулгахад 4 жижиг өрөө болгон тохижуулсан, засварын хөлсөнд 5,000,000 төгрөг авсан гэдгээ ч нотолж чадаагүй. Иймд засварын зардалд гаргасан гэх 17,333,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.
3/ Барьцаанд авсан 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь заалтын дагуу гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 26 хоногийн түрээсийн төлбөр, эд зүйлсийг нь вьетнам засварт хадгалуулсны хөлсийг гэрээний 2.7 дахь заалтаар хасаж авах эрхтэй байсан. Иймд барьцааны 2,000,000 төгрөгийн 80 хувь болох 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэсгүй. Дээр дурдсан үндэслэлээр Ө.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө.Саас 4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Би Ө.С-тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6 сарын хугацаатайгаар буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сард 2,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн цахилгаан, дулааны мөнгийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, * дугаар хороо, Д гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1 давхрын өрөөнүүдийг зочид буудлын зориулалтаар түрээслүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь түрээсийн байранд учир битүүлэг үйл ажиллагаа явуулж, өрөөний цонхнуудыг өнгөгүй хуулгаар битүү нааж, буудалд цэвэрлэгээ хийхгүй байсан учраас түрээсийн гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөхийг мэдэгдэж, түрээсийн гэрээг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон. Нэхэмжлэгч ч энэ өдөр өөрөө гараад явсан. Гэтэл түрээслэгч нь эд зүйлээ авахгүй 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд буудлыг түгжсэн. Ийм учраас би хорооны цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн хоёр этгээдийг байлцуулан өрөөнүүдийг суллан авсан. Ингээд нэхэмжлэгчийн эд хогшлийг хажуу талд байх Вьетнам засварын газарт 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хадгалуулсан. Хадгалалтын хөлс нь өдрийн 30,000 төгрөг ба нийт төлбөр нь 1,800,000 төгрөг болсон. Тиймээс нэхэмжлэгчид холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1/ Нэхэмжлэгч түрээсийн байрыг орхиж явсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулна. Учир нь нэхэмжлэгч түрээсийн байрыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орхиж явсан ба түрээсийн байр буюу буудалд үлдээсэн эд хөрөнгөөс шалтгаалан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ийм учраас уг хугацааны түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг нэхэмжилнэ.
2/ 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 1 сарын 900,000 төгрөгийн түрээстэйгээр бусдад хадгалуулсан. Ингээд уг хадгалалтын зардалд 1,800,000 төгрөгийг гаргуулна. Дээрх үндэслэлээр нийт 4,200,000 төгрөгийг Ө.С-аас нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл түрээслэгч эд зүйлээ аваагүй тул 1 сарын түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн өрөөнд эд зүйлээ түгжиж үлдээсэн нь түрээслэж байгаа гэсэн үг биш түрээсийн гэрээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Иймд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Вьетнамчуудын ажлын байранд эд зүйлийг өдрийн 30 000 төгрөгөөр хадгалуулаад нийт 1 800 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь тухайн үед дөрвөн ширхэг орыг үлдээсэн байдаг. Тухайн үлдээсэн эд зүйлээ буцааж авахаар удаа дараа хариуцагчид холбогдож байсан боловч хариуцагч нь утсаа авахгүй. Буцааж өгөхгүй хэл амаар доромжилж байсан. Мөн Вьетнам засварын газарт өдрийн 30 000 төгрөгөөр 4 ширхэг орыг хадгалах боломжгүй. Энэ талаар хадгалалтын гэрээ байгуулсан байдаг боловч энэ гэрээгээ өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тухайн эд хөрөнгийг хадгалсан хадгалалтын гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эд зүйлийг хадгалуулахаар хадгалалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ /хх6-9/, Г ХХК-ийн хяналтын системийн тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /хх 10/, зарлагын баримтууд /хх11-26/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 27-29/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 428 тоот Х ХХК-ийн дүгнэлт /хх 88-100/, фото зургууд /хх101-107/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2 хавтас, хх1-2/, дансны хуулга /2 хавтас, хх4-10/.
6. Хариуцагч шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хаан банк дахь дансны хуулга /хх48/, Дэн буудлын тусгай зөвшөөрөл /хх49/, фото зургууд /хх50-53/, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн байр суллан авсан тухай тэмдэглэл /хх65, 66/, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Түрээсийн байран дахь эд зүйл хүлээлцсэн акт /хх67/, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ /хх68, 69/, мөнгө хүлээн авсан баримт /хх 70, 71/, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх72-74/, 2018 оны 6 дугаар сарын 05, 10-ны өдрийн түрээсийн гэрээ /хх75-81/, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хадгалалтын гэрээ /хх108, 109/, тооцооны хуудас /хх 110, 111/, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ, хавсралтууд /хх116-125/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэл /2 хавтас, хх 3/, бичгийн баримт /2хавтас, хх 19/, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн байр суллан авсан тухай тэмдэглэл /2 хавтас, хх20, 21/, фото зураг.
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий обьектод үзлэг хийж, баримтуудыг хавсаргасан /хх205-237/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ө.С болон хариуцагч Б.Б нар түрээсийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр Ө.С нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамжид байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м2 талбайг зочид буудал ажиллуулах зориулалтаар, 6 сарын хугацаатай, сарын 2,400,000 төгрөгөөр түрээслэхээр тохирчээ.
2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ө.С түрээсийн байрыг орхин гарсан талаар зохигчид маргаангүй байна.
2. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Б.Б-т холбогдуулж түрээсийн зүйл болох байр /зочид буудал/-д засвар үйлчилгээ хийсэн зардал 17,333,400 төгрөг, түрээсийн барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг, нийт 21,333,400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө.Сад холбогдуулан 4,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ө.С болон хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 33,998,017 төгрөг гаргуулах;
Дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
...талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулсан. Ийм учраас уг гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл юм, ...Бидний байгуулсан гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 12,550,000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулахад төлсөн урьдчилгаа болох 5,000,000 төгрөг, түрээсийн зүйл болох зочид буудлын тохижилт, засварт зарцуулсан 17,333,400 төгрөг, барьцаанд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 36,883,400 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгыг хянаж үзээд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээний хэлбэрийг заахдаа бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатайг хуульчилсан.
Түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүрэгт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 3 давхар, нийт 638м2 талбайтай бөгөөд нэхэмжлэгч нь 1 давхарын 6 өрөө бүхий 162м2 талбайг түрээслэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бүхэлдээ бус харин тодорхой хэсэг нь түрээслэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
5. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг ...хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэх байдлаар өөрчилж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
6. Сөрөг нэхэмжлэл: Хариуцагч дараах 2 сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах.
Дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ...Нэхэмжлэгч түрээсийн байрыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орхиж явсан. Түрээсийн байр буюу буудалд нэхэмжлэгчийн үлдээж явсан эд хөрөнгөөс шалтгаалан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ийм учраас уг хугацааны түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг бусдын эзэмшилд байлгасан бол тохирсон төлбөрийг төлөх зарчимтай.
Дээр дурдсанчлан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ө.С түрээсийн байрыг орхин гарсан талаар зохигчид маргаагүй. Нэхэмжлэгч Ө.С нь түрээсийн гэрээний зүйл болох хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон зориулалтын дагуу ашиглаагүй учир энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2/ 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бусдад хадгалуулсан төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулах:
Дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг 1 сарын 900,000 төгрөгийн түрээстэйгээр бусдад хадгалуулсан. Ингээд уг хадгалалтын зардалд 1,800,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Э ХХК болон А ХХК-иудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хадгалалтын гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 900,000 төгрөгийн тооцооны хуудас, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 900,000 төгрөгийн тооцооны хуудас нэртэй бичгийн баримтуудыг баримтаар өгсөн.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.
Гэвч шүүхээс нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бусдад хадгалуулсан төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээний үүргийг хувь хүн буюу хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирол гэж нэхэмжлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 368,284 төгрөг, хариуцагчаас төлсөн 82,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 36,883,400 төгрөг гаргуулах тухай Ө.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Саас 4,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 368,284 төгрөг, хариуцагчаас төлсөн 82,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ