Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2019/03875/И |
Дугаар | 102/ШШ2022/01219 |
Огноо | 2022-04-04 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2022/01219
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар 102/ШШ2022/01219 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д*** тоот хаягт оршин суух *** овогтой ***ийн *** /РД: ***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** гудамж, *** нийгэмлэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ***ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай, *** албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 77,934,962 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, урамшуулал 3,000,000 төгрөг, цалингийн зөрүү 1,057,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*** нь хариуцагч *** холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон 13 дахь сарын цалин, мөн цалингийн зөрүүнд нийт 42,440,935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал, *** нийгэмлэгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр орон тоо хассан тушаалтай бид маргаж байна. Ц.*** нь ***ын ***ны даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалаар *** даргаар томилогдсон. ***ын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаалаар Ц.***г салаан даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг Ц.*** нь хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.***г салаан даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хариуцагч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** даргын *** дугаар тушаалаар Ц.***г ажил албан тушаалд нь эгүүлж томилсон. Ц.*** нь үүнээс хойш ажил үүргээ гүйцэтгэж байх явцад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** дүгээр тушаалаар Д***даргын орон тоог хасаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт ажилд авсан боловч салаан даргын орон тоог хассан нь Ц.***д зориулсан тушаал гэдэг нь харагдаж байна. Улсын Дээд шүүхийн *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийг буцаасан үндэслэл нь Ц.***г ажилд нь эгүүлэн авсан боловч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тушаалаар Д***даргын 1 орон тоог хассан үндэслэл тодорхой бус заалтыг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалыг ямар үндэслэл, хэрэгцээ шаардлагаар гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг хүнд зориулж гаргасан тушаал уу, эсвэл удирдлага, бүтцийн хувьд хэлэлцэж, *** салаанд салаан дарга байх шаардлагагүй гэж үзсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Уг тушаал нь ***ын дүрэм, хурлын тогтоол дээр үндэслэж гарсан. Замын дарга нь тушаал, шийдвэр гаргах, ажилтан, албан хаагчийг ажилд авах, халах эрхтэй боловч орон тоог хасах эрхтэй эсэхийг шүүхээс анхаарч үзэх шаардлагатай юм. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** дүгээр тушаалыг гарсан боловч 2019 оны 09 дүгээр сард ***ны харуулын албан тушаалыг нэмсэн байна. Хавтас хэрэгт 2019, 2020 оны 1 дүгээр сарын ***ын бүтэц, орон тоо баталсан тушаал нотлох баримтаар авагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн бүтэц, орон тоонд салаан даргын орон тоо байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалын хавсралт дээр зааснаар 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх бүтэц орон тоонд *** гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл уг 2 тушаалыг баталсан хоорондох зайнд Ц.***гийн салаан даргын орон тоог хассан боловч 2020 оны 01 дүгээр сар хүртэл тасаг биш салаа гэх нэрээр үйл ажиллагаа явуулж байсан байна. Ц.*** нь өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ цалин хөлс нэхэмжлээгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Ц.***г харуулын ахлахын албан тушаалд томилж, хууль бус тушаал гаргасан. Харуулын ахлахын цалин, салаан даргын цалингийн зөрүү нь 1,057,574 төгрөг юм. Өөрөөр хэлбэл хууль бус тушаал гараагүй байсан бол Ц.*** нь уг мөнгийг өөрийн цалинд нэмж авах боломжтой байсан. 2017, 2018, 2019 онуудад шагнал, цалин олгох тухай тушаалууд хавтас хэрэгт авагдсан. Ц.***г ажилд нь эгүүлэн томилж, хууль бус тушаал гаргаагүй байсан бол Ц.*** нь 13 дахь сарын шагналт цалинг авах боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтас хэрэгт гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэр, гамшгаас хамгаалах тусгай зориулалтын бүтэц бүрэлдэхүүн гэх мэт гал унтраахтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар өгсөн байна. Уг баримтууд нь Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан агуулгыг бүрдүүлж, орон тоо хассан гэж нотлох гэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт хэлбэрийн төдий тушаал гаргаж, орон тоо хассан нь хууль бус байна. Энэ хугацаанд Ц.*** нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх бүрэн эрхтэй. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.***г өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон боловч уг хугацаанаас хойш 1 сарын дараа Ц.*** нь хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт хамаарахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.***г шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр биелүүлж *** ангийн салаан даргын албан тушаалд нь эгүүлэн томилсон. Ажиллаж байх явцад нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** тоот орон тоо хасах тухай замын даргын шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** дугаартай Ц.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг тусгасан байдаг бөгөөд уг зохицуулалт хэрэгжих үндэслэл нь орон тоо хасагдах, орон тоо цөөрүүлэх гэж заасан байна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** тоот тушаал нь орон тоо хасагдах агуулгаар хэрэгжсэн тушаал юм. Хавтас хэргийн 133 дугаар хуудаст ***ын дүрэм авагдсан бөгөөд уг дүрмийн 17з-д төмөр замын хэмжээнд замын орон тоо, бүтэц, цалингийн схем зэргийг ***ын ерөнхий хороо хэрэгжүүлнэ гэж заасан. 1949 оноос хойш 2009 он хүртэл ерөнхий хороо буюу Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөл уг эрхийг хэрэгжүүлж байгаад 2009 онд уг эрхийг ***ын даргад шилжүүлсэн. Хавтаст хэргийн 154 дүгээр хуудаст 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ерөнхий хорооны тэмдэглэл авагдсан. Уг тэмдэглэлийн 10.6 дахь хэсэгт замын орон тоо гэж заасан бөгөөд маргааны зүйл болох замын орон тоо хасах эрх нь замын даргад шилжүүлэгдсэн нь нотлогдож байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** дугаар ажлаас халах тухай шийдвэрийг Ц.***д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж танилцуулсан. Нэхэмжлэгч талын хэлж буй орон тоо хасах тушаалыг зөвхөн нэхэмжлэгч Ц.***д зориулж тушаал гаргасан гэдэг нь тайлбар бус ямар баримтаар нотлогдож байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан *** салааг Салхит салбар нэгж рүү нэгтгэж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгосон нь хавтас хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор тодорхой болно. Төмөр замын ***ны анги, салбар нэгжүүдийн байрлаж буй газар, хийж гүйцэтгэдэг чиглэлүүдийн талаарх баримт хавтас хэрэгт авагдсан. Төмөр замын онцгой байдал, анхан штабын харьяа тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын бүтэц бүрэлдэхүүний тушаал нотлох баримтаар авагдсан. Уг тушаалд Салхит болон *** техник, хүч хэрэгсэл, орон тоо, байрлаж байгаа байрлал, хийж гүйцэтгэх чиг үүргийг нь тайлбарласан байна. Орон тоо хассан *** дүгээр тушаал нь замын хэмжээнд хэрэгжүүлж буй чиг үүргийн давхардал юм. 2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар тал, 1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар талд салаан дарга, салаан даргын нэгтгэсэн ***йн даргын ажлын байрны тодорхойлолт авагдсаныг харьцуулан үзэх шаардлагатай юм. Чиг үүрэг нь давхардсан тохиолдолд үргүй зардлыг, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нэгтгэх, хасах, нэмэх, өөрчлөх нь Иргэний хуулийн 30, 31, 32 дугаар зүйлд заасан ажил олгогчийн бүрэн эрх юм. Хавтаст хэргийн 172 дугаар талд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд ажлын байранд гүйцэтгэх үүрэг болох 7 дугаар хэсэгт заасан чиг үүргүүд нь 2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар талд авагдсан ***йн даргын ажлын байрны тодорхойлолтой давхцаж байна. Иймд 7-11 дүгээр заалтын хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтой харьцуулан шалгана уу. Уг баримтуудаас харахад хийж гүйцэтгэх ажил нь адил, нэмэлтээр ***йн даргын хийж гүйцэтгэх чиг үүрэгт замын хэмжээний галын аюулгүй байдлыг хангах гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын салаа нь гал унтраах тусгай хэрэгсэлтэй мэргэжлийн анги юм. Мэргэжлийн ангиудын бүтэц, бүрэлдэхүүний мэдээллийг тусгасан тушаал 2 дугаар хавтаст хэргийн 170-172 дугаар талд авагдсан бөгөөд уг тушаалд *** нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглаж тухайн хэсгийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн ачаа хамгаалалтыг хариуцаж ажилладаг. Харин Салхит өртөө нь бүхэлд нь удирдлагаар хангагдаг гал унтраах зориулалтын техник хэрэгсэлтэй анги юм. Дархан харуулын салаанд харуулын орон тоог нэмсэн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Ц.*** нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2070 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед эрх нь зөрчигдсөн, хууль бус тушаал гарч ажилдаа эгүүлэн томилогдсон гэдгийг тэр үед мэдсэн байсан тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн өдрөөс эхэлж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул 2017 оноос хойш нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үндэслэлгүй. Хэрэв хариуцан барагдуулсан тохиолдолд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдох 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажлын 511 хоног байна. Дундаж цалин хөлс тодорхойлох тухай 55 дугаар журамд зааснаар ажлаас халагдах өмнөх 3 сараар ажлаас халагдах дундаж цалинг тодорхойлно гэж заасан. Ц.***гийн ажлаас халагдах буюу 2017 оны 04 дүгээр сард тушаал гаргахаас өмнөх 1, 2, 3 дугаар сарын дундаж цалин тооцоход нэг өдрийн цалин нь 50,058 төгрөг бөгөөд 511 хоногоор тооцоход 25,579,709 төгрөг юм. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн ажиллаж байсан 2020, 2021, 2022 оны ***ын салбар бүтэц, нэгжийн орон тооны схем нотлох баримтаар авагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо хассан, цөөрсөн, аж ахуй нэгж татан буугдсан үндэслэлээр орон тоо хасагдсан бол тухайн ажлын байрыг 3 сарын дотор дахин бий болговол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан. Нэхэмжлэгч нь *** салаа хэвээрээ ажиллаж байна гэж тайлбарлаж байгаа боловч салаан даргын албан тушаал *** дүгээр тушаалаар хасагдаж, 2020, 2021, 2022 оны орон тооны бүтцийн схемд ***н даргын албан тушаал байхгүй. 2017, 2018, 2019 оны 13 дахь сарын цалинг авах ёстой гэж нэхэмжлэгч тал хэлж байх боловч хавтаст хэрэгт ***ын жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох журам авагдсан. Уг журмын 12 дахь хэсэгт оны эхнээс бүтэн жил ажилласан ажилтанд шагналыг бүрэн тооцно гэж заасан. Ц.*** нь 2017, 2018, 2019 онуудад ***д бүтэн жил ажиллаагүй тул дээрх зохицуулалт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт ажилтанд үндсэн цалин дээр ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж заасан. ***ын жилийн ажлын үр дүнд олгож буй шагнал нь бодитой үр дүн гаргасан ажилтанд шагнал олгох эсэхийг хэлэлцэж олгодог цалин юм. Иймд Ц.***д шагнал, урамшууллыг олгох боломжгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ***ын ***ны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд томилох тухай тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай ажилд авах тухай тушаал, *** албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай Ц.***г ажилд эгүүлэн авах тухай тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай магадлал, Ц.***гаас Замын нэгдүгээр орлогч дарга, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, Ерөнхий хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарт гаргасан өргөдөл, 2019.11.11-2021.11.22-ны өдөр хүртэлх цалингийн тооцоо, *** албаны даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, ангийн даргын ажлын байрны тодорхойлолт, Дарханаас Улаанбаатар хүртэлх төмөр замын тасалбар, фото зураг, эвлэрлийн гэрээ, *** нийгэмлэгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай орон тооны жагсаалт батлах тухай тушаал, Ц.***гийн 2019 оны цалингийн түүвэр, Ц.***гийн ажлын туршлага, хөдөлмөрийн дэвтэр, диплом, менежерийн сертификат, нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаартай иргэний зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай тогтоол, цалингийн зөрүүний тооцоо, Ц.***гийн 2017 оны цалингийн карт, Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журам, Ц.***гийн 2016, 2017 оны цалингийн карт, Ц.***гийн 2017.04.04-2017.09.13 хүртэлх цалингийн зөрүү тооцоо, тээврийн зардлын тооцоо, хот хоорондын зорчих эрхийн тасалбар зэрэг баримтуудыг,
хариуцагчаас *** нийгэмлэгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай шагналын дүрэм шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан дүрэм, *** нийгэмлэгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай орон тоо хасах тухай тушаал, *** албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай Ц.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, ***н дарга ажилтай байсан Ц.***гийн 2017, 2018 оны жилийн үр дүнгийн шагналт цалингийн тооцоолол, *** нийгэмлэгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, *** албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал, ***ны харуулын ахлах, салааны даргын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл, *** нийгэмлэгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, Салааны даргын хөдөлмөрийн гэрээ, *** нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлын протокол, хамгаалах салаан дарга Ш.***, харуулын ахлах З.*** нарын цалингийн карт, Сүхбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны бүтэц, *** нийгэмлэгийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай эрх олгох тухай тушаал, Төмөр замын байгууллагын ***ны дүрэм, ***ын ***ны даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар тушаал, ***ны ангийн даргын ажлын байрны тодорхойлолт, *** нийгэмлэгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тухай тушаал, уг тушаалын 4 дүгээр хавсралт, *** ***ын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Орон тооны жагсаалт батлах тухай *** дугаар тушаал, уг тушаалын дөчин дөрөвдүгээр жагсаалт /орон тооны жагсаалт /2022 он/, ***/, Ц.***гийн 2017.09.13-2019.09.25, 2019.11.11-2022.03.25 хүртэлх хугацааны цалин, шимтгэл, ХХОАТ-ын тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ***ын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаартай үндсэн цалин нэмэх тухай тушаал, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ***дугаартай үндсэн цалин нэмэх тухай тушаал, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай үндсэн цалин нэмэх тухай тушаал, *** нийгэмлэгийн дүрэм, *** нийгэмлэг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээ, *** нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлын протокол, *** нийгэмлэг болон Ц.*** нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ***ны орон тоо, Ц.***гийн 2019 оны 12 дугаар сарын цалингийн карт, 2019 оны 10 дугаар сарын байдлаарх анги салбарын орон тоо, бүтэц зохион байгуулалт (Салхит, Дархан, Сүхбаатар), *** нийгэмлэгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай орон тоо, албан тушаалын жагсаал батлах тухай тушаал зэрэг баримтуудыг бүрдүүлсэн, талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч байгууллага ямар үндэслэл, шалтгаанаар орон тоо хассан болох нь тодорхойгүй буюу зөвхөн нэхэмжлэгч Ц.***г ажлаас халах зорилгоор хэлбэрийн төдий шийдвэр гаргаснаас гадна уг шийдвэрийг эрх бүхий этгээд гаргаагүй. Мөн ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны цалин хөлс авах эрх зөрчигдсөн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Салхит болон *** албаны техник хэрэгсэл, орон тоо, байрлал зэргийг харгалзан чиг үүргийн давхардлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Д***даргын орон тоог хассан бөгөөд Ц.***г ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, түүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийх үндэслэлгүй. Мөн 2017.04.04-ний өдрөөс 2019.09.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.1 Нэхэмжлэгч Ц.*** нь ***ын ***ны даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 228 дугаартай тушаалаар *** даргаар томилогдон ажиллажээ./хх-8 тал/.
4.1.2. ***ын ***ны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай тушаалаар Ц.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрөөс эхлэн Ц.***г тус албаны харуулын ахлахаар томилон ажиллуулж байгаад *** албаны даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр ажлаас халсан байна. /хх-7, 9 тал/.
4.1.3 Нэхэмжлэгч Ц.*** нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр ***ын ***ны даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.***г *** даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хх-11-20тал/.
4.1.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хариуцагч байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *** дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ц.***г *** даргын ажилд эгүүлэн томилжээ./хх-10 тал/.
4.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл харуулын ахлахын ажлын байранд ажилласны цалингийн зөрүү, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор, 13 дахь сарын цалинд нийт 42,440,935 төгрөг гаргуулахаар шаардахдаа үндэслэлээ ...үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны цалинг шаардаж байна ... гэж тайлбарлаж байна.
4.3. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажилтан өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.
4.4. Нэхэмжлэгч харуулын ахлахын албан тушаалаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан байна.
4.5. Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь зөрчигдөж эхлэх бөгөөд ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчсөнийг шүүх дүгнэж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх хүртэл буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжилсэн байх тул энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолоход Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор байна.
4.6. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*** 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.
4.7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд *** даргын албан тушаалд 2017 оны 1 дүгээр сард 1,356,588 төгрөг, 2 дугаар сард 1,347,088 төгрөг, 3 дугаар сард 1,361,088 төгрөг, нийт 4,064,764 төгрөгийн цалин авсан /хэргийн 1 хавтас 238 тал/ байх ба сүүлийн 3 сарын дундаж 1,354,921 төгрөгөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 519 хоногийн цалинтай тэнцэх олговорт 32,706,861 төгрөгийг /1,354,921 : 21.5 х 519 хоног = 32,706,861/ хариуцагч *** нийгэмлэгээс гаргуулан, нэхэмжлэгч Ц.***д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** нийгэмлэгт нэхэмжлэгч Ц.***гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.
4.9. Харин 2017, 2018 оны урамшуулал цалин 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтанд ажлын үр дүнг харгалзан урамшуулал олгохоор заасан байх бөгөөд Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын журамд Замын дарга болон жилийн ажлын үр дүнгийн шагналын комисс тодорхой үзүүлэлтийг харгалзан тусгайлан шийдвэр гаргахаар заасан байх тул шүүхээс Ц.***гийн ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж жилийн ажлын үр дүнгийн шагнал 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.10. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр албан тушаал буруулсан хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүү 1,057,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр /хх 226/ гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, цалингийн зөрүү 1,057,574 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
5. ***ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай, *** албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд, ***ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот орон тоо хасах тушаалаар ***ны ***ны даргын нэг орон тоог хассан байх бөгөөд *** албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр Ц.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалж, ажлаас нь халсан байна. /хх.109/
5.1. Ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан Аж ахуй нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсаныг ойлгох бөгөөд орон тоо хасагдах нь тухай байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно.
5.2. ***ийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А-05 дугаартай тушаалаар батлагдсан 2020 оны ***ны орон тоо, албан тушаалын жагсаалтыг 2019 оны батлагдсан орон тоо, албан тушаалын жагсаалттай харьцуулан үзэхэд *** даргын албан тушаал хасагдсан /1 хавтас 164-168, 187-190/ байх тул тушаалын үндэслэл нотлогдож байна.
5.3. Мөн ***ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт болон Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлын протоколын 10.6 заалтад зааснаар Замын орон тоо /тодорхой албан тушаалтнуудаас бусад/ батлах, түүнд өөрчлөлт оруулах нь замын даргын эрх хэмжээнд хамаарч байна.
5.4. Хариуцагч талаас Салхит болон *** албаны техник хэрэгсэл, орон тоо, байрлал зэргийг харгалзан чиг үүргийн давхардлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Д***даргын орон тоог хассан гэж тайлбарласан бөгөөд тушаал хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүрэгтэй. Ажил олгогч байгууллага ажилтан Ц.***д түүний ажиллаж байсан *** даргын орон тоо хасагдсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгөхдөө хуулиар тогтоосон дээрх хугацааг баримталжээ.
5.6. Иймд ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Ц.***г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.***г *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 35,494,027 төгрөг гаргуулах, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.
6. ***ийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай, *** албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох нь *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл болж байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч *** нийгэмлэгээс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,706,861 /гучин хоёр сая долоон зуун зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.***д олгож, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** нийгэмлэгт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, урамшуулал 45,228,101 төгрөг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч *** нийгэмлэгээс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,706,861 /гучин хоёр сая долоон зуун зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.***д олгож, мөн хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** нийгэмлэгт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх *** даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 45,228,101 төгрөг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,799 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.***д олгож, хариуцагч *** нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 321,484 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ