Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01370

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305  дугаар шийдвэртэй

Ц.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч УБТЗт холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 13 дахь сарын цалин, мөн цалингийн зөрүүнд нийт  42 440 935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Бг Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.Бг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон. Ийнхүү Ц.Б нь ажилдаа буцаан томилогдож ажлаа хийгээд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байтал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаалаар миний ажлын орон тоог цомхтгож, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38 383 361 төгрөг гаргуулан, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017, 2018, 2019 оны 13 дугаар сарын цалинд нийт 3 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүүнд 1 057 574 төгрөг гаргуулах, ажил олгогч байгууллагын буюу Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Ц.Бг Дархан-Уул аймаг дахь Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн шинээр бий болсон харуулын ахлахын орон тоонд эсхүл түүнтэй адилтгах ажилд эгүүлэн томилуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, С.Наранбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 онд шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсанаар ажил олгогчийн зүгээс түүнд цалин олголгүй эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 тоот магадлалаар түүний ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэснээс хойш 3 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандах эрхтэй байсан. Ц.Б ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхэлж байсан ажилдээ эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь шүүх эцэслэн шийдвэрлэх үед энэ талаар мэдсэн бөгөөд тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. “УБТЗ”-ын дарга нь эрх бүхий байгууллагаас өөрт шилжүүлсэн эрхийн дагуу бүтцийн өөрчлөлтийг хийж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 тоот тушаалаар Улаанбаатар Төмөр Замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан. Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгодог. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хуулиар олгосон эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар ажилтанг ажлаас чөлөөлөх журамтай байдаг. Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу нэхэмжлэгч Ц.Бд энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдаг. Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харьяанд нэгтгэж үйл ажиллагааг боловсронгуй болгох, улмаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийн даргын ажлын орон тоог хасах шалтгаан нь ажлын чиг үүргийг давхцсан буюу Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын анги нь Дархан, Цайдам болон ТЗ-ын аж ахуйн нэгжүүдийн гал түймрийн аюулгүй байдал хариуцан ажилладаг бөгөөд тус ангийн галын мэргэжлийн ангийн харьяанд Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааг шилжүүлэн нэгтгэж, нэг удирдлагаар хангах зорилгоор Салаан даргын орон тоог цомхтгосон болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага агуулгаараа ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь ажил олгогчоос тухай ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн үр дагавар бүхий акт, хэм хэмжээ байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй өөрийг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон А-469 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар шаардлагадаа илэрхийлээгүй байгаа нь гаргаад буй шаардлагын агуулгад нийцүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ”-ээс 1 651 914 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагас үлдэх 40 789 021 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ”-т даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасгийн харуулын ахлахын ажилд томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 799 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бд олгож, хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ”-ээс улмын тэмдэгтийн хураамжид 100 580 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд томилох тухай” 58 дугаартай тушаалаар Ц.Бг салааны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 тоот магадлалаар  тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тодорхой хугацаанд биелүүлэхгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас  гарч, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 276 тоот тушаалаар Ц.Бг ажилд нь эгүүлэн авсан. Ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацаа дууссан гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Түүнчлэн Ц.Бгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацааны үйлчлэлд хамаарсан нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  40 789 021 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийг хангах зохицуулалт биш бөгөөд ажилтан орон тооны цомхтголд орсон нь энэ зүйлд хамаарахгүй байтал шүүх энэ заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тооны цомхтголд хийхдээ өөрт нь адил төстэй ажил санал болгох, томилох ёстой байсан гэж хариуцагчийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. УБТЗ-ын дүрмийн 17-ийн “з”-д зааснаар замын хэмжээнд үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, ажилчдад олгох хөдөлмөрийн хөлсний системийг тогтоох, орон тооны жагсаалт, албан тушаалын цалин батлах, өөрчлөх эрх хэмжээг УБТЗ-ын Ерөнхий хороо эдэлдэг. Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17- ны өдрийн хуралдаанаар “УБТЗ” ХНН-ийн даргад замын хэмжээний орон тооны жагсаалтыг батлах, дотоод бүтэц, зохион байгуулалтыг бие даан өөрчлөлт /хасах, нэмэх/ хийх эрхийг шилжүүлсэн. Ийнхүү 2009 оноос хойш УБТЗ-ын орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, дотоод бүтэц, зохион байгуулалтыг замын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бие даан шийдвэрлэж байгаа болно. Энэ дагуу замын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 тоот “Орон тоо хасах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ц.Бгийн ажиллаж байсан Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан. Ийнхүү шүүхээс УБТЗ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 дугаартай тушаал буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал болох Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан тушаал болон дээрх орон тоо хассан тушаалыг үндэслэн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг тус тус хууль зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа адил чанарын өөр, ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ”-д холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон 13 дахь сарын цалин, цалингийн зөрүүд нийт  42 440 935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-469 тоот орон тоо хасах тушаалаар Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дарханы цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын нэг орон тоог хассан байх бөгөөд Улаанбаатар төмөр замын  цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 338 дугаар тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалж, ажлаас нь халсан байна. /хх.109/

Ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан Аж ахуй нэгж байгууллага түүний салбар нэгж татан буугдсаныг ойлгох бөгөөд орон тоо хасагдах нь тухай байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно.

Иймд ажил олгогч буюу хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас нь чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх үүрэгтэй.

 Ажил олгогч байгууллага ажилтан Ц.Бд түүний ажиллаж байсан “Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын орон тоо хасагдсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгөхдөө хуулиар тогтоосон дээрх хугацааг баримталсан байна.  

Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалт болон Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр хурлын протоколын 10.6 заалтад зааснаар УБЭЗ-ын бүтэц орон тоо батлах, түүнд өөрчлөлт оруулах нь замын даргын эрх хэмжээнд хамаарч байх бөгөөд А-469 дугаар тушаал нь хууль зөрчиж гарсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо “хасагдах” гэсэн ойлголтыг орон тоо “цомхтгогдсон” гэсэн ойлголттой адилтган үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийг ажилтан Ц.Бтай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдах нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн холбогдох заалтыг хүчингүй болгоно.

Нэхэмжлэгч Ц.Б урьд нь Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалын хүчингүй болгож, Дархан Цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. /1хх.11-20/

Шүүхийн дээр шийдвэрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гарган Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаар шийдвэрийг биелүүлж, ажил олгогчийн 276 тоот тушаалаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилжээ. /хх.10/

 Мөн нэхэмжлэгч Ц.Бг эгүүлэн томилсон шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаар шийдвэр биелэгдээгүй байхад ажил олгогч Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны даргын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 207 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь халсан байна. /хх.9/

 Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн нэг шаардлага болох ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн хугацаагаа түүнийг ажлаас халсан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 24 сар 9 хоногийн олговрыг гаргуулахаар тодорхойлжээ.  

 Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний гаргасан нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор байна гэж үзлээ. Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээс хойш нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй зөрчил 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна. Иймд түүнийг ажилд томилсон уг өдрөөс эхлэн шүүхэд хандан олговор гаргуулахаар шаардах, гомдол гаргах хугацааг тоолох ёстой гэж үзэв. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олговор гаргуулахаар шаардах эрхтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Бгийн сарын үндсэн цалинтай тэнцэх олговрыг 1 076 250 төгрөгөөр тогтоосон байх тул уг цалингийн хэмжээгээр 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 24 сар 9 хоногийн олговорт  26 280 522  төгрөг олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 Анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хүртэлх хугацааны ажлын 33 өдрийн цалинг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын сарын үндсэн цалин 1 076 250 төгрөгөөр тооцож 1 651 914 төгрөг гаргуулсан нь зөв болжээ. /хх.224/

Харин шүүх нэхэмжлэгчийн бусад шаардлага болох 13 дахь сарын цалин 3 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн зөрүү 1 057 574 төгрөг, нийт 4 057 574 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.