Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/01280

 

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01280 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** байранд байрлах *** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, эрэгтэй, *** овогтой ***ийн *** /РД:***/,

Хариуцагч: *** тоотод оршин суух, эмэгтэй, *** овогтой ***гийн *** /РД:***/ -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Хариуцагч: Д.***

Хариуцагч Ц.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Хариуцагч нарын өмгөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.***, Д.*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ц.***, Д.*** нар нь *** ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** тоот барьцаат зээлийн гэрээ, *** тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний 2.3.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 16,821,027 төгрөг, хүүгийн төлбөрт 22,260,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,814 төгрөг, нийт 39,236,885 төгрөг төлж барагдуулсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,357,215.58 төгрөг, зээлийн хүү 91,404,808.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,896.18 төгрөг, нийт 153,970,919.94 төгрөг гаргуулах,

Ц.***, Д.*** нар нь *** ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ,*** тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 75,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,780,574 төгрөг, зээлийн хүү 10,655,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,200 төгрөг, нийт 16,567,999 төгрөгийг төлж барагдуулсан байна. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,219,425.54 төгрөг, зээлийн хүү 116,167,448.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,778,471.82 төгрөг, нийт 196,165,345.77 төгрөг гаргуулах,

Зээлдэгч Ц.*** нь 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Кредит карт авах хүсэлт гаргасны дагуу 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг хүртэл зээлжих эрхтэй карт авсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 3,179,291.31 төгрөг гаргуулах, нийт 353,315,557.02 төгрөгийг гаргуулах,

мөн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***тоот, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Д.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нар хариу тайлбартаа: Хариуцагч Ц.***, Д.*** нар нь *** ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан бөгөөд зээлдэгч нар 2016 онд зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг *** ХХК нь хүлээж аваад 183,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр зээлийн гэрээг цуцалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 177,869,683 төгрөгийг хангахаар шийдвэр гаргасан. Хариуцагч Ц.*** тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, уг гомдлыг Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан.

Улмаар анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад зээлийн барьцаа хөрөнгийг хууль бусаар барьцаалсан гэж үзээд барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Ц.*** барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *** дугаартай шийдвэрээр хангаж, барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр *** ХХК оролцсон бөгөөд давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ өдрөөс хойш *** ХХК-аас хариуцагч Ц.***, Д.*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах болон төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.***, Д.*** болон *** ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан *** тоот зээлийн гэрээ, *** тоот барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, Ц.***, Д.*** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *** тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ны 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, Ц.***, Д.*** нарын *** тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.***, Д.*** болон *** ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан *** тоот зээлийн гэрээ,*** тоот барьцааны гэрээ, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Зуслан шарга морьт 663 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээ, *** тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг газарт байрлах 220 м.кв талбайтай нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээл хүсэгчийн анкет, *** ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, Ц.***, Д.*** нарын 5040095568 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ***ны 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл, кредит картын хүсэлт, судалгааны маягт, зээлийн шийдвэрийн хураангуй, ***ны кредит картны хураамжийн орлогын мэдүүлэг, зээлийн бүртгэлийн карт, Ц.***ын *** тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг, хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Д.***гээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай хүсэлт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/*** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/0*** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/*** дугаартай магадлал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.***, Ц.*** нар нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.

3. Хариуцагч талаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас *** ХХК, нөгөө талаас Ц.***, Д.*** нар 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 70,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Ц.***, Д.*** нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 220 м.кв талбайтай 2 давхар нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

4.2. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 75,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Ц.***, Д.*** нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот 264 м.кв талбайтай газар, уг газарт байрлах *** дугаарын гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 220 м.кв талбайтай нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын *** дугаартай, *** 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоот 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, LG компьютер иж бүрэн 53 ширхэг, тоглоомын газрын тоног төхөөрөмж, *** УБП улсын дугаартай Jaguar X-Type загварын автомашин зэрэг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

4.3. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох *** ХХК нь 10,000,000 төгрөгийн эрх бүхий зээлийг 24-30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай шилжүүлэх, зээлдэгч тал болох Ц.*** төлбөрийг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

6. 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК-аас 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгч нарт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Ц.***, Д.*** нар нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үндсэн зээл 16,821,027 төгрөг, зээлийн хүү 22,260,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,814 төгрөг, нийт 39,236,885 төгрөг төлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл 54,357,215.58 төгрөг, зээлийн хүү 91,404,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,896.18 төгрөг, нийт 153,970,919.94 төгрөгийг төлөөгүй,

2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч нарт 75,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Ц.***, Д.*** нар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үндсэн зээл 5,780,574 төгрөг, зээлийн хүү 10,655,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,200 төгрөг, нийт 16,567,999 төгрөгийг төлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл 69,219,425.54 төгрөг, зээлийн хүү 116,167,448.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,778,471.82 төгрөг, нийт 196,165,345 төгрөг төлөөгүй,

Кредит картын гэрээний дагуу зээлдүүлэгч *** ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,179,291.31 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Ц.*** нь үндсэн зээл 3,179,291.31 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 24-25, 45-46 тал/ Талууд энэ үйл баримт болон зээлийн тооцооллын талаар маргаагүй.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй.

 

8. Зээлдэгч Д.***, Ц.*** нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 70,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш,

2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 75,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш,

Зээлдэгч Ц.*** нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Кредит картны зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 3,179,291.31 төгрөгийг тус тус тогтоосон хэмжээгээр хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, *** ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

9. Хариуцагч Ц.***, Д.*** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч *** ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

 

10. Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.***, Д.*** нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эрх нь зөрчигдсөн тухай мэдэх ёстой гэж үзэж, мөн өдрөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

11. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус заасан.

11.1. Зээлдэгч Ц.***, Д.*** нар нь зээлдүүлэгч *** ХХК-нд холбогдуулан талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг цуцлах нэхэмжлэл, зээлдүүлэгч *** ХХК-аас зээлдэгч Ц.***, Д.*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 183,468,029.07 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2016/0*** дугаартай захирамжаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/0*** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/*** дугаартай магадлалаар Ц.***ын нэхэмжлэлтэй Ж.***т холбогдох *** ХХК болон Ц.***, П.*** нарын хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн*** дугаартай *** тоотод байрлах *** дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд талууд дахин зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

12. Талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан *** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд Ц.***ын нэхэмжлэлтэй Ж.***т холбогдох *** ХХК болон Ц.***, П.*** нарын хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн*** дугаартай барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолоход 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр,

мөн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан *** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх ба энэ өдрөөс хойш Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр,

2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан кредит картын зээлийн гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 3,179,291 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 12 сараар тооцож, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус гурван жил өнгөрсөн байна.

 

13. Түүнчлэн, *** ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн төлбөр гаргуулах мэдэгдлийг зээлдэгч нарт өгсөн гэж тайлбарласан боловч уг мэдэгдлийг зээлдэгч нар хүлээн авсан эсэх нь тодорхойгүйгээс гадна тухайн мэдэгдлийг гаргасан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход гурван жил өнгөрсөн байна. /хэргийн 50 дугаар тал/

 

14. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн байх тул нэхэмжлэгч *** ХХК дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

15. Иймд хариуцагч Ц.***, Д.*** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

16. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.***, Д.*** нараас зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоотод байрлах 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ