Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01165

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Ц.М-, Д.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Оргил, хариуцагч Д.Б-, хариуцагч Ц.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Ц.М-, Д.Б- нар нь Х- ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/1474 тоот барьцаат зээлийн гэрээ, ЗГ/1474 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-1474 дугаартай зээлийн гэрээний 2.3.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 16,821,027 төгрөг, хүүгийн төлбөрт 22,260,044 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,814 төгрөг, нийт 39,236,885 төгрөг төлж барагдуулсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,357,215.58 төгрөг, зээлийн хүү 91,404,808.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,896.18 төгрөг, нийт 153,970,919.94 төгрөг гаргуулах, Ц.М-, Д.Б- нар нь Х- ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ХОЗ-13/271 тоот зээлийн гэрээ, БГ-13/271 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 75,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,780,574 төгрөг, зээлийн хүү 10,655,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,200 төгрөг, нийт 16,567,999 төгрөгийг төлж барагдуулсан байна. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,219,425.54 төгрөг, зээлийн хүү 116,167,448.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,778,471.82 төгрөг, нийт 196,165,345.77 төгрөг гаргуулах, Зээлдэгч Ц.М- нь 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр кредит карт авах хүсэлт гаргасны дагуу 12 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг хүртэл зээлжих эрхтэй карт авсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 3,179,291.31 төгрөг

гаргуулах, нийт 353,315,557.02 төгрөгийг гаргуулах, мөн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ/1474 тоот, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ХОЗ/13/271 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202011096 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамж 98А тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын 18642325149972 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Зуслан шарга морьт 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14080/ 1 дүгээр хэсэг гудамжны 145 тоотод байрлах 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ц.М-, Д.Б- нар нь Х- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан бөгөөд зээлдэгч нар 2016 онд зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Х- ХХК нь хүлээж аваад 183,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2537 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээг цуцалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 177,869,683 төгрөгийг хангахаар шийдвэр гаргасан. Хариуцагч Ц.М- тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, уг гомдлыг Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1150 дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан. Улмаар анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад зээлийн барьцаа хөрөнгийг хууль бусаар барьцаалсан гэж үзээд барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Ц.Г- барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3597 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2048 дугаартай шийдвэрээр хангаж, барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Х- ХХК оролцсон бөгөөд давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ өдрөөс хойш Х- ХХК-аас хариуцагч Ц.М-, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах болон төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-, Д.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 353,315,557.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202011096 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамж 98А тоотод байрлах 264 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, нэгж талбарын 18642325149972 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Зуслан шарга морьт 663 м.кв талбайтай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026190 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт /14080/ 1 дүгээр хэсэг гудамжны 145 тоотод байрлах 91,3 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүй гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолд мөнгө, хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг зээлдэгч нь зээлээр авсан мөнгө буюу хүүг буцаан төлөх хугацаа хэтэрснээс шалтгаалан зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хугацаанд оногдох хүүг төлөх үүрэг дуусгавар болохгүй гэж ойлгоно гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолыг гомдлын үндэслэлээ болгож тайлбарладаг. Улсын дээд шүүхийн тогтоол нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийг тайлбарласан тогтоол бөгөөд 2022 оны Иргэний хуулиас өмнө иргэний эрх зүйн харилцааг зохицуулж байсан тогтоолыг үндэслэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхээр тогтоолгосон. 3 жил буюу түүнээс дээш хугацаа өнгөрсөн учир үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ц.М-, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 353,315,557.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ц.М-, Д.Б- нартай 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 70,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нар нь төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөхөөр тохиролцон, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, нэр бүхий хоёр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, /хх-ийн 15-20-р тал/

4.а.Мөн зохигчид 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ц.М-, Д.Б- нарт 75,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нар нь өмнөх зээлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд дээр нэмж, хоёр үл хөдлөх эд хөрөнгө, 53 ширхэг эл жи компьютер, тоглоомын газрын тоног төхөөрөмж, 1 ширхэг автомашин зэргийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 31-37-р тал/

4.б.Түүнчлэн, хариуцагч Ц.М- нь нэхэмжлэгч Х- ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр кредит карт эзэмших хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч Х- ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийн эрхтэй, кредит алтан картыг, 12 сарын хугацаатай, жилийн 24-30 хувийн хүүтэй олгосон байна. /хх-ийн 51-56-р тал/.

5.Нэхэмжлэгч Х- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гурван гэрээний үүрэгт нийт 353,315,557.02 төгрөгийг нэхэмжилжээ. /хх-23, 44, 54-р тал/

6.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэжээ.

6.а.Хариуцагч Ц.М-, Д.Б- нар нь эхний зээлийн гэрээ буюу 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний үүрэгт 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 39,236,885 төгрөгийг /хх-ийн 24-25-р тал/, 2 дахь зээлийн гэрээ буюу 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний үүрэгт 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 16,567,999 төгрөгийг тус тус төлсөн /хх-ийн 45-46-р тал/, хариуцагч Ц.М- нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар кредит картын төлбөрт 3,179,291 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /хх-ийн 55-56-р тал/

6.б.Зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байх бөгөөд зээлдэгч нар нь гэрээ тус бүрт мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн эцсийн хугацаа дээрх байдлаар тогтоогджээ. Нэхэмжлэгч Х- ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хугацаанаас өмнө талууд дээрх зээл болон барьцааны гэрээтэй холбоотой маргаануудыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Ц.М-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй Х- ХХК-д холбогдох 2012 оны 09 дүгээр сарын 06, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээнүүдийг цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 196,555,236 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3597 дугаар захирамжаар зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх-ийн 120-121-р тал/

6.в.Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Г-ын нэхэмжлэлтэй нотариатч Ж.Ц-т холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар магадлалаар хянан хэлэлцэж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 124-126-р тал/

7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х- ХХК нь дээрх хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Анхан шатны шүүх гэрээ тус бүрт шаардах эрхээ хэрэгжүүлэх эцсийн хугацааг тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан болон дээрх гэрээнүүдтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн аль ч хугацаанаас тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд үүрэг гүйцэтгэгч нар нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Гэвч дээрх гомдол нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралгүй болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ