Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00934

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00934

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Б

 

ХариуцагчН газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт байрлах 144м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт байрлах 144м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс Н.Б-аас нийт 313,182,450 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт 144 м2 талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцаа эд хөрөнгө болох 144 м2 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч д/ч М.Э 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 13/02 дугаар тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан нөхцөл үүссэн. Үүнд:

1/ Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна.

2Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртлэх хугацаанд ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон байна. Төлбөр төлөгч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд өөрчлөлт орсон эх сурвалжийг хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс гадна Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэж буй ипотекийн 6% зээл, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, төрөөс хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн жилийн 3% хөнгөлөлттэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, үнийн өсөлтийн талаар албаны хүний мэдээлэл ч гарсан, энэ талаар хэрэгт хавсаргасан. Үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 3 дугаар сард 144 м2 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөг, буюу 1 м2 талбайг 1,329,782 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м2 талбай нь 2,024,226 төгрөг буюу 100,000,000 төгрөгийн өөрчлөлт орсон байна. Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшид бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгч Н.Бгийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар шинжээч томилуулан, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах, мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж хариу ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу гомдпын хариуг хүлээн аваад хуулийн хугацаанд гомдол гаргаж байна. Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, мөн хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулснаар үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх боломжтой болно гэж үзсэн учир эдгээр шаардлагуудыг давхар гаргасан. Иймд эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2060 дугаар захирамжаар Н.Б-аас 313,182,450 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсанБаянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны  зоорийн давхар тоот хаягт байрлах 144 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 191,488,608 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Н.Б-д 2020 оны 4/11191 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргасан. Төлбөр төлөгч Н.Бгийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хянаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 915 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч Н.Б-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 134,042,025 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-182/21764 дугаартай албан бичгээр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь бууруулж 95,744,304 төгрөгөөр оруулах болсон талаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24213 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад тухай үл хөдлөх эд хөрөнгө нь 97,750,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б, Д.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа анх үүссэн бөгөөд 200,000,000 төгрөгийн зээл олгосон. Тухайн үед мөнгө төлөөгүй тул шүүх дээр эвлэрч шүүгчийн захирамж гарсан. 2019 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж, үнэлгээнд гомдол гаргаж 3 шатны шүүхээр явж 2021 оны 9 дүгээр сард улсын дээд шүүхээс тогтоол гарсан. Үүнээс хойш 2 дуудлага худалдаа явагдсан бөгөөд сүүлчийн дуудлага худалдаагаар Д.Б 97,500,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлж 2 дахь албадан дуудлага худалдаагаар обьектийг худалдаж авсан. Н.Б, н.Б бие биенээ танихгүй хүмүүс биш эцэг, эхээрээ холбогдсон ойр дотны харилцаатай хүмүүс. Шүүгчийн захирамж гарснаас хойш 2019 онд 1 удаа яриагүй, төлбөр мөнгийг барагдуулах боломж байсан үнэлгээ дээр маргаж 3 шатны шүүхээр явчихаад өнөөдөр дахин үнэлгээ хийлэгээхээр шүүх дээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Н.Б-гийн хувьд Д.Б-тай уулзан ямар нэгэн байдлаар мөнгөн төлбөрөөр обьектийг авах сонирхолтой байвал тохиролцоход нээлттэй. Ямар нэгэн төлбөрийг төлөх үйлдэл хийхгүй шүүх дээр нэхэмжлэл гаргаж түдгэлзүүлж байгаа нь Д.Б-ын эрх ашгийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34-182/24213 тоот мэдэгдэл /хх 9/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 тоот тогтоол /хх 10/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09/2957 тоот албан бичиг /хх 11/. Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн бусад баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй /хх 12-17/.

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх20, 33/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/гх2019/01048 дугаар гүйцэтгэх хуудас /хх 35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/шш2019/02060 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2020/01487 дугаар шийдвэр /хх 36-37/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлал, /хх 38-39/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 001/хт2021/00915 дугаар тогтоол /хх 40-42/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/12 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 43/, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 44/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Н.Бгийн гомдлын хуулбар /хх 45/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.Б-гийн гомдлын хуулбар /хх 46/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар 2 дахь албадан дуудлага худалдахаа явуулах тухай тогтоол /хх47/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх48/, Өнөөдөр сонины хуулбар /хх49/, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх50, 51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-182/25549 тоот албан бичиг /хх 52/.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх24/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Н.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ Эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт байрлах 144м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах;

2/ Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах;

3/ Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах.

 

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1. Эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт байрлах 144м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Н.Б нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлага болох 312,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт тоот хаягт байршилтай, 144м2 талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2020/01487 дугаар шийдвэр авагдсан. Уг шийдвэрээр Н.Бгаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 001/хт2021/00915 дугаар тогтоолуудаар нотлогдож байна.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар захирамжийн дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцсэн талаар шүүх дүгнэлтээ хийсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар захирамжийн дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй болохыг дээр дурдсан байдлаар шүүхээс нэгэнтээ тогтоосон учир үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүйг дурдав.

 

2. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, мөн хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулснаар үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх боломжтой болно гэж үзсэн гэж тайлбарласан.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 12/12 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилласан шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 191,488,608 төгрөгийн 70 хувь болох 134,042,025 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Бд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна. Тодруулбал, төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдүүлсэн хаягаар холбогдох албан мэдэгдлийг хүргүүлжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13/02 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, төлбөрт хураагдсан хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 191,488,608 төгрөгийн 50 хувь болох 95,744,304 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24213 тоот албан бичгээс үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн байна.

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны зоорийн давхарт байрлах 144м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ