Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01229

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01229

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00934 дугаар шийдвэртэй

Н.Бгийн нэхэмжлэлтэй Нт холбогдох

Эрхийн улсын Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс Н.Бгаас нийт 313,182,450 төгрөгийг гаргуулж Д.Бадрахад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б миний өмчлөлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцаа эд хөрөнгө болох 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Нт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч д/ч М.Эрдэнэбаяр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн. Үүнд барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон байна. Төлбөр төлөгч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд өөрчлөлт орсон эх сурвалжийг хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс гадна Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэж буй ипотекийн 6% зээл, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, төрөөс хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн жилийн 3% хөнгөлөлттэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их байна. Үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК нь 2020 оны 3 дугаар сард 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөг, буюу 1 м.кв талбайг 1,329,782 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м.кв талбай нь 2,024,226 төгрөг буюу 100,000,000 төгрөгийн өөрчлөлт орсон байна. Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшид бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгч Н.Бгийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон нь үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар шинжээч томилуулан, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах, мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж хариу ирүүлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочингийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2060 дугаар захирамжаар Н.Бгаас 313,182,450 төгрөгийг гаргуулж Д.Бадрахад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 191,488,608 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Н.Бд 2020 оны 4/11191 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Н.Бгийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хянаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 915 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч Н.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 134,042,025 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-182/21764 дугаартай албан бичгээр мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь бууруулж 95,744,304 төгрөгөөр оруулах болсон талаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24213 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад тухай үл хөдлөх эд хөрөнгө нь 97,750,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалайгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Иргэн Н.Б, Д.Бадрах нарын хооронд зээлийн гэрээний харилцаа анх үүссэн бөгөөд 200,000,000 төгрөгийн зээл олгосон. Тухайн үед мөнгө төлөөгүй тул шүүх дээр эвлэрч шүүгчийн захирамж гарсан. 2019 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж, үнэлгээнд гомдол гаргаж 3 шатны шүүхээр явж 2021 оны 9 дүгээр сард улсын дээд шүүхээс тогтоол гарсан. Үүнээс хойш 2 дуудлага худалдаа явагдсан бөгөөд сүүлчийн дуудлага худалдаагаар Д.Бадрах 97,500,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлж хоёр дахь албадан дуудлага худалдаагаар объектийг худалдаж авсан. Шүүгчийн захирамж гарснаас хойш 2019 онд 1 удаа яриагүй, төлбөр мөнгийг барагдуулах боломж байсан үнэлгээ дээр маргаж 3 шатны шүүхээр явчихаад өнөөдөр дахин үнэлгээ хийлэгээхээр шүүх дээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Ямар нэгэн төлбөрийг төлөх үйлдэл хийхгүй шүүх дээр нэхэмжлэл гаргаж түдгэлзүүлж байгаа нь Д.Бадрахын эрх ашгийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нт холбогдох, эрхийн улсын Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын давж заалдах гомдлын агуулга: ... Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимейт ХХК нь барьцаа эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөгөөр тогтоож, хөрөнгийн үнэлгээний тайланг Нт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байдаг. Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаяр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолоор барьцаа эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч надад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Барьцаа эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөг хүртлэх хугацаанд ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчилөлт орсон байна. Төлбөр төлөгч бид үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд өөрчилөлт орсон эх сурвалжийг хавсаргасан. Үүнээс гадна Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 6% хувийн зээл, Арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, Төрөөс хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн жилийн 3% хувийн хөнгөлттэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их байна. Үнэлгээ хийсэн Сэлэнгэ эстимейт ХХК нь 2020 оны 03 дугаар сард тухайн 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 191,488,608 төгрөг, буюу 1 м.кв талбайг 1,329,782 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м.кв талбай 2,024,226 төгрөг буюу 100,000,000 төгрөгийн өөрчлөлт орсон байна. Ийм учраас барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах, мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 12/15 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Н.Б нь Нт холбогдуулан Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...барьцааны эд хөрөнгөд үнэлгээ хийгдснээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар 1 м.кв талбай нь 2,024,226 төгрөг буюу 100,000,000 төгрөгийн өөрчлөлт орсон байна гэж тайлбарлажээ.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Бадрах нь нэхэмжлэлийн шаардлагаа 312,000,000 төгрөг болгон багасгасан ба хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 312,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлтэй Нт холбогдох ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ/2021/00915 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх.38-44/

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

8. Хариуцагч Н нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/12 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Н.Бд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-182/21764 тоот мэдэгдлээр, Н нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Н.Бд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24213 тоот мэдэгдлээр тус тус хүргүүлжээ. /хх.45-46, 49-50/

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-182/25549 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон талаар мэдэгдсэн байна. /хх.54/

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, 71.13 дахь хэсэгт Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж тус тус заасан бөгөөд дуудлага худалдааг явуулж, ялагч тодорсоноос хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлсан тохиолдолд эд хөрөнгөө буцаан авах боломжтой байх бөгөөд төлбөр төлөгч хуульд заасан дээрх хугацаанд төлбөрөө төлсөн болох нь тогтоогдоогүй байна.

11. Иймд анхан шатны шүүх Нт холбогдох, эрхийн улсын Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Д Ц гудамж, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

12. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО