Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/01333

 

2022 оны 04 сарын 13 өдөр                           Дугаар 102/ШШ2022/01333                           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....р хороо, ...-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... байр, .. тоотод оршин суух, регистр ., Т. овогт Д.ийн А.,

Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, Б. хороолол, .. байр, .... давхарт оршин суух, регистр ..., М. овогт С.ийн М.,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хуулбар үнэн” гэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М.,

Гуравдагч этгээд Я.А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.А. нь С.М.д холбогдуулан “Хуулбар үнэн” гэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Би 1991 оноос бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, 1994 онд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр “С.” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани 1995 оны 04-р сарын 02-ны өдөр “ХАА-н бирж” болон “Х.” ХК-иас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-т байршилтай үйлчилгээний зориулалт бүхий  2016 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авсан. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа БНХАУ-ын иргэн З.тэй танилцан, хамтран ажиллахаар “П.” ХХК-ийг байгуулсан. Бид компанийн үйл ажиллагааг өргөтгөхөөр “ХААН” банкнаас зээл авсан. Энэ зээлээ хугацаандаа төлж чадаагүйгээс хувь хүнээс мөнгө зээлэхэд Зао Гүй Пин бид 2-ыг үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавь гэх шаардлага тавигдсан учир 2016 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бизнесийн хамтрагч З.ийг нэмж, бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000158811 дугаартай улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2005.12.01-ний өдөр авсан. 2005 оны 12 сарын 05-нд З. өөрийн өмчлөх эрхийг надад шилжүүлэхдээ 2004,2005 онуудын БНХАУ-руу ХААН Банкнаас авсан "С." ХХК-ий зээлийн мөнгөөр гаргасан 62 вагон хуванцарын мөнгө, компанийн ноогдол ашигт хувьцаа шилжүүлэх гэрээгээр буцаан өгөхөөр тохиролцож, хамтран өмчилж байсан Баянгол дүүргийн .... дүгээр хороонд байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-т байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2012.06.27-ны өдөр ”Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай” гэрээ бидний хооронд байгуулагдаж нотариатаар баталгаажсан. Уг гэрээг үндэслэн миний өмчлөх эрх Улсын бүртгэлийн 2014.08.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2205.... дугаарт бүртгэгдэж, 000345... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан болно. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр Д.А. миний өмчлөлд бүрэн шилжсэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл зохих журмын дагуу хийгдсэнээр 100 хувь миний өмч болсон. Гэтэл хариуцагч Я.А... нь 2005 оны хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар ашиглан Баянгол дүүргийн нотариатч С.М... дээр авч очиж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уг гэрчилгээг гэрчлүүлсэн байдаг. Дээрх нотариатын үйлдлээр гэрчлэгдсэн баримт бичгийг шүүхэд нотлох баримтыг гаргаж өгснөөр, хэргийг богино хугацаанд, эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр, миний эрх ноцтой зөрчиж, гуравдагч этгээдээр татан оролцуулахгүй, УБЕГ-аас лавлагаа мэдээлэл авахгүйгээр онцгой ажиллагааны журмаар хэргийг хэлэлцсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаартай шийдвэрээр Я.Алтанчимэгийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэх шийдвэрийг гаргасан.

Нотариатч С.М.... 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаартай үйлдлийг хийхдээ 2005.12.01-ний өдрийн Ү-2205017735 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар эрх бүхий байгууллагын лавлагаа, мэдээллээр тодруулалгүй, баримт бичгийг нягталж шалгаж үзээгүйгээс өмчлөгч Д.А... миний эрхэнд халдаж, Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийж журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санд хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах”, 21.1.3-т “шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдсон байгууллагад шилжүүлэх”, 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”, 21.2.8-д “гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх”, 21.3.1-т “хуурамч баримт бичгийг гэрчлэх, 21.3.4-т “нотариатын үйлдэл хийх явцдаа аливаа мэдээллийг өмчлөгч болох бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана” гэсэнтэй нийцээгүй. Нотариатчийн зүгээс үйлдэл хийхдээ ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсрэг сонирхол бүхий маргалдагч тал буй эсэх талаарх үйл баримтыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр үл маргах шинжтэй хүчин төгөлдөр баримт бичиг гэж гэрчилсэн байдаг.

Дээрх үндэслэлээр нотариатч С.М.ийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрчилж баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч С.М. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.Нийслэлийн тойргийн нотариатч С.М. би үйлчлүүлэгч Я.А.ийн хүсэлтээр 2005 оны 12 сарын 01-ний өдөр Газрын харилцаа геодези зураг зүйн газраас олгосон БНХАУ-ын иргэн З. овогт Г., МУ-ын иргэн Д.А. нарын өмчлөлийн ГД:000158811, Ү-2205. бүхий.. Баянгол дүүргийн ....-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/2, 384/1 тоот дахь 2016 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг 2014 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр орчуулга, бичиг баримтын хуулбарын бүртгэлийн дэвтрийн 012 дугаарт бүртгэж гэрчлэхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, холбогдох заавар, дүрэм, журмыг баримтлан гэрчилсэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй.

         2.Тухайн үед мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулийн 49 дугаар зүйл баримт бичгийн хуулбар гэрчлэх, мөн хуулийн 49.1 дэх хэсэгт “ Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ”, “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 13.1 дэх хэсэгт “Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана”, 13.2 дахь хэсэгт “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно” гэж тус тус заасны дагуу үйлчлүүлэгч Я.А...ийн авчирсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувьтай нь тулган гэрчилсэн.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: “ .... үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2012.06.27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай” гэрээ бидний хооронд байгуулагдаж нотариатаар баталгаажсан. Уг гэрээг үндэслэн миний өмчлөх эрх Улсын бүртгэлийн 2014.08.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2205. дугаарт бүртгэгдэж 00034. ..дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан болно. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр Д.А... миний өмчлөлд бүрэн шилжсэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл зохих журмын дагуу хийгдсэнээр 100 хувь миний өмч болсон. Гэтэл хариуцагч Я.А... нь 2005 оны хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар ашиглан Баянгол дүүргийн нотариатч С.М... дээр авч очиж, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уг гэрчилгээг гэрчлүүлсэн байдаг” гэж дурьдсан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "... эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, мөн хуулийн 5.6 дахь хэсэгт “ Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож болно” гэж тус тус заасан байна.

Нотариатч би уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орчуулга, бичиг баримтын хуулбарын бүртгэлийн дэвтрийн 012 дугаарт бүртгэж гэрчилсэн бөгөөд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хүчинтэй байсан байна.

Иймд иргэн Д.А.ийн на..майг хариуцагчаар татаж, Баянгол дүүргийн нотариатч С.М.ийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээд Я.А... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаагдсан баримтыг үндэслэж байна. Зарим яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн прокурорын 073 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолд Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн З., Я.А. нарт холбогдох холбогдох 2013 оны 2012000196 дугаартай хэргийн материалтай танилцаад олсон нь, Я.А.,  Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн З.тэй бүлэглэн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун, 2010-2014 оны санхүүгийн тайланд их хэмжээний тоог хуулбарлан үлдээж татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн “П...” ХХК-ийн 84.000.000 төгрөгийн үнэ бүхий материалыг хууль бусаар шилжүүлэн авсан гэдэг гомдлын дагуу  шалгахад Иргэн Я.А... нь 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс “П..” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан уг албан тушаалд ажлаас өмнө тус компани захирал Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн З., Я.А..... нар нь 2010-2011 оны санхүүгийн тайлан хуулбарлан хуурамчаар үйлдэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж шалгасан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4181 дугаартай дүгнэлтэд гэрч Нансалмаа, Наранцэцэг нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар З..., Я.А.нар нь бүлэглэн П.” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч завшсан болох нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарт Я.А... нь шунхайн сэдлээр хуурамч бичиг баримт үйлдэн хүчингүй болсон баримт бичиг ашиглан, шүүхийг хуурч мэхэлсэн, шүүхийн шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр З.. Г.. П...ээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03169 дугаартай шийдвэрүүдийг Б.А... нь гаргаж өгч ашигласан. 2012 оны 06 дугаар 27-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээг анх гаргаж ашигласан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлт нотлох баримтаар авагдсан.

Эрүү хэрэг шалгаж байх үед надад гэрчилгээ байгаагүй, барьцаанаас чөлөөлүүлж авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С.М. нотариатчаар Баянгол дүүрэг, . .дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-т байршилтай үйлчилгээний зориулалт бүхий 2016 метр квадрат үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг бичиг баримтын хамт өөрөө очиж гэрчлүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр З. нь Бүгд найрамдах Хятад ард улсад нас барсан. Гэрчилгээг барьцаанд байхад нь авсан гэв.

   4.Нэхэмжлэгчээс П... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх  5/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан 2012 оны 6-р сарын 27-ны өдрийн хүсэлт /хх 6/, БНХАУ-ын иргэн З., Д.А. нарын өмчлөх эрхийн гэрчилгээ  /хх 7/, Хувьцаа шилжүүлэх гэрээ /хх 8/, С... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 10/, Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол /хх 11-12/, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2-р сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол /хх 13-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 тоот шийдвэр /хх 19/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 20-23/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 221/ЕМ2018/0027 тоот магадлал /хх 29-31/, Д.А.ийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 32/, Хувьцаа шилжүүлэх гэрээний нэмэлт хавсралт /хх 37/,  УМБГ-т 2013.12.10-нд гаргасан Д.А.ийн хүсэлт /хх 40/, УМБГ-ын 2012.05.22-ны өдрийн 20/5-4139 тоот албан бичиг /хх 41/, 10/5-3994 тоот албан бичиг /хх 42/, Өнөөдөр сонины 2014.06.26-ны 149 дугаар /хх 43/, УБЕГ-ын даргын 2014 оны 8-р сарын 15-ны өдрийн 1079 тоот тушаал /хх 44-45/, Баянгол дүүргийн шүүхийн 2012.6.13-ны өдрийн 81 тоот тогтоол, тэмдэглэл  /хх 46-48/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-50/, Эрээн хотын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны албан бичиг /хх 105/, З.ы нас барсан тухай тодорхойлолт /хх 106/,

Хариуцагчаас 2014 оны бүртгэлийн дэвтэр /хх 35-36/,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.А.ийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 60-61, 79-80/, Д.Анхтуяагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 63-74/, Я.А.ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 81-83/, Нийслэлийн прокурорын газрын архиваас яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх 94-95/,

Гуравдагч этгээд Я.А.ээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн шүүгчийн 2015.11.27-ны өдрийн 32712 дугаартай захирамж /хх 103/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” 204 тоот тогтоол /хх 113-114/, Баянгол дүүргийн прокурорын 2021.02.19-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 317 тоот тогтоол /хх 115-116/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” 161 тоот тогтоол /хх 118-119/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн 2015.09.14-ний өдрийн 5517 дугаар шийдвэр /хх 120/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх 121/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 3269 дүгээр шийдвэр /хх 123/, итгэмжлэл /хх 124/, Нийслэлийн прокурорын газрын 2020.04.30-ны өдрийн 1/1252 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 125/, Баянгол дүүргийн прокурорын 2021.03.16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 873 тоот тогтоол /хх127-128/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоо /хх 129-131/, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2018.04.02-ны өдрийн 11/1-1250 тоот албан бичиг /хх 133/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020-03- ны өдрийн мөрдөгчийн санал /хх 134/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 135/,  Баянгол дүүргийн прокурорын 2020.04.02-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 01 тоот тогтоол /хх 136-138/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

 

                                       ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн .-..р хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот үйлчилгээний зориулалттай 2016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн З. овогт Г., иргэн Д.А. нар бүртгэгдэж, 2005 оны 12-р сарын 1-ний өдөр өмчлөх эрхийн 000158811 тоот гэрчилгээ олгогдсон /хх 69/ байжээ.

Өмчлөгч Д.А. нь “Өнөөдөр” сонины 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 149/5243/ дугаарт дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаар зарлуулсан /хх 43/ байх ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1079 дугаар тушаалын 1.18 дугаарт өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн З. овогт Г., Д.А. нарт өмчлөх эрхийн 000338227 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон /хх 43-45, 63-74/ байна.

Харин БНХАУ-ын иргэн З. овогт Г. нь өмчлөгчөөс хасагдаж, Д.А.д 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 000345458 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 32/ олгогдсон, өмчлөгч байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаар шийдвэрээр Я.А.ийн нэхэмжлэлтэй хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хэргийг хэлэлцэж, Иргэний хуулийн хуулийн 520 дугаар зүйлийн 5201.1. дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот үйлчилгээний зориулалттай 2016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч БНХАУ-ын иргэн З. овогт Г.д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч Я.А., А.Ч, А.Г. нар болохыг тогтоосон /хх 19, 123/ байна.

Я.А.нь энэ хэрэгт БНХАУ-ын иргэн З. овогт Г., иргэн Д.А. нарын өмчлөлийн 2016 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн 000158811 тоот гэрчилгээг нотлох баримтаар гаргасан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байх ба ингэхдээ Баянгол тойргийн нотариатч С.М...гийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Хуулбар үнэн” гэрчилсэн баримтыг гаргажээ.

              Нотариатч нь баримт бичгийн “хуулбар үнэн” гэрчилж бүртгэлийн дэвтэрийн 012 дугаарт бүртгэсэн /хх 35-36/ байх ба   үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүээг тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 13.1 дэх хэсэгт “Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана”, 13.2 дахь хэсэгт “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчийн хүсэлтээр гэрчилж болно”, түүнчлэн 13.4-т заасан баримт бичгийн хуулбарыг гэрчлэхгүй байх тохиолдлыг зөрчөөгүй, ийм зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй байна.

              Нөгөө талаас, гуравдагч этгээд Я.Алтанчимэг нь нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг биелүүлж нотлох баримтын шаардлага хангаж гаргасан нь бусдын эрхийг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санд хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах”, 21.1.3-т “шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдсон байгууллагад шилжүүлэх”, 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”, 21.2.8-д “гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх”, 21.3.1-т “хуурамч баримт бичгийг гэрчлэх, 21.3.4-т “нотариатын үйлдэл хийх явцдаа аливаа мэдээллийг өмчлөгч болох бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана” гэсэнтэй нийцээгүй, үйлдэл хийхдээ ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсрэг сонирхол бүхий маргалдагч тал буй эсэх талаарх үйл баримтыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, үл маргах бичиг баримт гэж үзсэн гэж маргажээ. Эдгээр үндэслэл, тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүйгээс гадна гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байдал тогтоогдоогүй тул лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлага үүссэн, магадлан шинжлүүлэх, гэрчилгээний эх хувь хуурамч байсан гэх нөхцөл үүсээгүй байжээ.

Нотариатч бичиг баримтын “Хуулбар үнэн” гэрчилснээр өмчлөгч Д.А...ийн эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Я.А... нь гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хулгайлсан, хүчингүй болсон, гээгдүүлсэн байсан гэрчилгээг гэрчлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30-р зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэлийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр, 31-р зүйлд зааснаар урьдчилсан тэмдэглэлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагчийн мэдүүлгийг үндэслэн үйлдэнэ.

Д.А...ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 2008 оны 5-р сарын 22-ны урьдчилсан тэмдэглэл хийсэн, 2008 оны 6-р сарын 11, 2011 оны 8-р сарын 30, 2012 оны 10-р сарын 22, 2016 оны 10-р сарын 10-ны өдрүүдэд тусгай тэмдэглэл хийгдэж байсан /хх 20-23/ нь хариуцагч болон гуравдагч этгээд Я.А...ийн буруугаас болоогүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан П... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх  5/, С... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 10/Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан 2012 оны 6-р сарын 27-ны өдрийн хүсэлт /хх 6/, Хувьцаа шилжүүлэх гэрээ /хх 8/, Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол /хх 11-12/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 221/ЕМ2018/0027 тоот магадлал /хх 29-31/, Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2-р сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол /хх 13-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 тоот шийдвэр /хх 19/, Хувьцаа шилжүүлэх гэрээний нэмэлт хавсралт /хх 37/,  УМБГ-т 2013.12.10-нд гаргасан Д.А....гийн хүсэлт /хх 40/, УМБГ-ын 2012.05.22-ны өдрийн 20/5-4139 тоот албан бичиг /хх 41/, 10/5-3994 тоот албан бичиг /хх 42/, Баянгол дүүргийн шүүхийн 2012.6.13-ны өдрийн 81 тоот тогтоол, тэмдэглэл  /хх 46-48/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-50/, Эрээн хотын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны албан бичиг /хх 105/, З...ны нас барсан тухай тодорхойлолт /хх 106/, Я.Алтанчимэгийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 60-61, 79-80/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 81-83/, Нийслэлийн прокурорын газрын архиваас яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх 94-95/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн шүүгчийн 2015.11.27-ны өдрийн 32712 дугаартай захирамж /хх 103/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.28-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” 204 тоот тогтоол /хх 113-114/, Баянгол дүүргийн прокурорын 2021.02.19-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 317 тоот тогтоол /хх 115-116/,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” 161 тоот тогтоол /хх 118-119/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан  шүүхийн 2015.09.14-ний өдрийн 5517 дугаар шийдвэр /хх 120/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх 121/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 3269 дүгээр шийдвэр /хх 123/, итгэмжлэл /хх 124/, Нийслэлийн прокурорын газрын 2020.04.30-ны өдрийн 1/1252 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 125/, Баянгол дүүргийн прокурорын 2021.03.16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 873 тоот тогтоол /хх127-128/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоо /хх 129-131/, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2018.04.02-ны өдрийн 11/1-1250 тоот албан бичиг /хх 133/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020-03- ны өдрийн мөрдөгчийн санал /хх 134/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 135/,  Баянгол дүүргийн прокурорын 2020.04.02-ны өдрийн “Гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 01 тоот тогтоол /хх 136-138/ зэрэг нотлох баримтууд нь “хуулбар үнэн”-ийг  гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай хэрэгт хамааралгүй, харин тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбоотой баримтууд байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                         ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан  улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 00015... дугаартай гэрчилгээний “Хуулбар үнэн”-ийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М...гийн 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгохыг хүссэн Д.А...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

                      

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА