Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01138

 

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01333 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-гийн хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 1991 оноос бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, 1994 онд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр С- ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ХАА-н бирж болон Хэрэглээ импекс ХК-аас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-т байршилтай үйлчилгээний зориулалт бүхий 2016 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авсан. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа БНХАУ-ын иргэн З-тэй танилцан, хамтран ажиллахаар П- ХХК-ийг байгуулсан. Бид компанийн үйл ажиллагааг өргөтгөхөөр Хаан банк ХХК-аас зээл авсан. Энэ зээлээ хугацаандаа төлж чадаагүйгээс хувь хүнээс мөнгө зээлэхэд З- бид 2-ыг үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавь гэх шаардлага тавигдсан учир 2016 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бизнесийн хамтрагч Зэо Г-ийг нэмж, бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000158811 дугаартай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан. 2005 оны 12 дугаар сарын 05-нд З- өөрийн өмчлөх эрхийг надад шилжүүлэхдээ 2004, 2005 онуудын БНХАУ-руу Хаан банк ХХК-аас авсан "С-" ХХК-ийн зээлийн мөнгөөр гаргасан 62 вагон хуванцрын мөнгө, компанийн ноогдол ашигт хувьцаа шилжүүлэх гэрээгээр буцаан өгөхөөр тохиролцож, хамтран өмчилж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-т байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай гэрээ бидний хооронд байгуулагдаж нотариатаар баталгаажсан. Уг гэрээг үндэслэн миний өмчлөх эрх Улсын бүртгэлийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү- дугаарт бүртгэгдэж, 000345458 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан болно. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр Д.А- миний өмчлөлд бүрэн шилжсэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл зохих журмын дагуу хийгдсэнээр 100 хувь миний өмч болсон. Гэтэл хариуцагч Я.А- нь 2005 оны хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар ашиглан Баянгол дүүргийн нотариатч С.М- дээр авч очиж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уг гэрчилгээг гэрчлүүлсэн байдаг. Дээрх нотариатын үйлдлээр гэрчлэгдсэн баримт бичгийг шүүхэд нотлох баримтыг гаргаж өгснөөр, хэргийг богино хугацаанд, эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр, миний эрх ноцтой зөрчиж, гуравдагч этгээдээр татан оролцуулахгүй, УБЕГ-аас лавлагаа мэдээлэл авахгүйгээр онцгой ажиллагааны журмаар хэргийг хэлэлцсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаартай шийдвэрээр Я.А-ийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэх шийдвэрийг гаргасан. Нотариатч С.М- 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаартай үйлдлийг хийхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар эрх бүхий байгууллагын лавлагаа, мэдээллээр тодруулалгүй, баримт бичгийг нягталж шалгаж үзээгүйгээс өмчлөгч Д.А- миний эрхэнд халдаж, Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийж журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санд хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах, 21.1.3-т шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдсон байгууллагад шилжүүлэх, 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах, 21.2.8-д гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх, 21.3.1-т хуурамч баримт бичгийг гэрчлэх, 21.3.4-т нотариатын үйлдэл хийх явцдаа аливаа мэдээллийг өмчлөгч болох бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана гэсэнтэй нийцээгүй. Нотариатчийн зүгээс үйлдэл хийхдээ ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсрэг сонирхол бүхий маргалдагч тал буй эсэх талаарх үйл баримтыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр үл маргах шинжтэй хүчин төгөлдөр баримт бичиг гэж гэрчилсэн байдаг. Дээрх үндэслэлээр нотариатч С.М-гийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрчилж баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүй булгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн тойргийн нотариатч С.М- би үйлчлүүлэгч Я.А-ийн хүсэлтээр 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Газрын харилцаа геодези зураг зүйн газраас олгосон БНХАУ-ын иргэн Зао овогт Г-, МУ-ын иргэн Д.А- нарын өмчлөлийн ГД:000158811, Ү- бүхий Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/2, 384/1 тоот дахь 2016 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг 2014 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр орчуулга, бичиг баримтын хуулбарын бүртгэлийн дэвтрийн 012 дугаарт бүртгэж гэрчлэхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, холбогдох заавар, дүрэм, журмыг баримтлан гэрчилсэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйл баримт бичгийн хуулбар гэрчлэх, мөн хуулийн 49.1 дэх хэсэгт Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ, Нотариатын үйлдэл хийх заавар-ын 13.1 дэх хэсэгт Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтална, 13.2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно гэж тус тус заасны дагуу үйлчлүүлэгч Я.А-ийн авчирсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувьтай нь тулган гэрчилсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ... эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, мөн хуулийн 5.6 дахь хэсэгт Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан байна. Нотариатч би уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орчуулга, бичиг баримтын хуулбарын бүртгэлийн дэвтрийн 012 дугаарт бүртгэж гэрчилсэн бөгөөд тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хүчинтэй байсан байна. Иймд иргэн Д.А-гийн намайг хариуцагчаар татаж, Баянгол дүүргийн нотариатч С.М-гийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 012 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаагдсан баримтыг үндэслэж байна. Зарим яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн прокурорын 073 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолд БНХАУ-н иргэн З-, Я.А- нарт холбогдох холбогдох 2013 оны 2012000196 дугаартай хэргийн материалтай танилцаад олсон нь, Я.А-, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн З-тэй бүлэглэн татвар ногдох их хэмжээний орлогыг нуун, 2010-2014 оны санхүүгийн тайланд их хэмжээний тоог хуулбарлан үлдээж татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн П- ХХК-ийн 84,000,000 төгрөгийн үнэ бүхий материалыг хууль бусаар шилжүүлэн авсан гэдэг гомдлын дагуу шалгахад Иргэн Я.А- нь 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс П- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан уг албан тушаалд ажлаас өмнө тус компани захирал БНХАУ-н иргэн З-, Я.Алтанчмимэг нар нь 2010-2011 оны санхүүгийн тайлан хуулбарлан хуурамчаар үйлдэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж шалгасан нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4181 дугаартай дүгнэлтэд гэрч Нансалмаа, Наранцэцэг нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар З-, Я.А- нар нь бүлэглэн П- ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч завшсан болох нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарт Я.А- нь шунахайн сэдлээр хуурамч бичиг баримт үйлдэн хүчингүй болсон баримт бичиг ашиглан, шүүхийг хуурч мэхэлсэн, шүүхийн шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр З-ээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03169 дугаартай шийдвэрүүдийг Д.А- нь гаргаж өгч ашигласан. 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээг анх гаргаж ашигласан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлт нотлох баримтаар авагдсан. Эрүү хэрэг шалгаж байх үед надад гэрчилгээ байгаагүй, барьцаанаас чөлөөлүүлж авсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С.М- нотариатчаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2-д байршилтай үйлчилгээний зориулалт бүхий 2016 метр квадрат үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг бичиг баримтын хамт өөрөө очиж гэрчлүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр З- нь Бүгд найрамдах Хятад ард улсад нас барсан. Гэрчилгээг барьцаанд байхад нь авсан гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 000158811 дугаартай гэрчилгээний Хуулбар үнэн-ийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М-гийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгохыг хүссэн Д.А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн нотариатч С.М-гийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчлээд байгаа гэрчилгээ нь 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс гэрчилгээг миний нэр дээр шилжсэн гэх 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Улсын бүртгэлийн газарт тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх мэдээлэлтэй, түүнийг хүчингүй болгох ажиллагаа хийгдэж байхад буюу улсын бүртгэл хийх ажиллагаа түдгэлзээтэй байхад гэрчлүүлсэн байдаг. Мөн энэ хугацаанд буюу 2012-2014 онд Я.А- болон З-д холбогдуулан дээрх гэрчилгээг хулгайлсан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байсан бөгөөд Я.А- З- нар хил гарч явсан байсан ба З- 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хятад улсдаа нас барсан юм. Ингээд тухайн хэрэг хаагдсан. Гэвч миний бие Я.А-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилан мэхэлж миний өмчлөх эрхэд халдаж байгаа асуудлаар цагдаад дахин өргөдөл гаргасан ба өргөдөл маань одоо болтол шийдэгдээгүй байна. Я.А- нь дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагчаар дахин мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчийн хохирогч Д.А- нь З- болон Д.А- нарын хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тань дээр байгаа гэсэн байна. Энэ тань дээр байгаа юу гэсэн асуултад ямар үл хөдлөхийн гэрчилгээ асуугаад байгааг мэдэхгүй байна. Над дээр үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй гэж хариулж байсан атлаа нөгөө мэдэхгүй байхгүй гээд байсан гэрчилгээгээ хулгайлан авч байж байгаад нотариатч С.М-гээр гэрчлүүлсэн ийм үйл явдал болсныг анхан шатны шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгөөд байхад шүүх энэ тухай нотлох баримтыг үнэлээгүй байна. Үүнээс гадна нотариатч С.М- нь гэрчилгээг баталгаажуулахдаа хууль тогтоомжоо баримталж ажиллаагүйгээс түүний баталгаажуулсан гэрчилгээг үндэслэн Я.А- нь миний өмчлөх эрхийг зөрчсөөр байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн нотариатч С.М- нь гэрчилгээг баталгаажуулахдаа хууль тогтоомжийн олон зүйл заалт зөрчсөн байхад тийм нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.3, 21.2.5, 21.2.8, 21.3.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгтээ нийцээгүй, үйлдэл хийхдээ ашиг сонирхол нь хөндөгдсөн эсрэг сонирхол бүхий маргалдагч тал буй эсэх талаарх үйл баримтыг тодруулах ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, үл маргах баримт гэж үзсэн гэж маргажээ. Эдгээр үндэслэл тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүйгээс гадна гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байдал тогтоогдоогүй тул лавлагаа хуулбар хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлага үүссэн, магадлан шинжлүүлэх, гэрчилгээний эх хувь хуурамч байсан гэх нөхцөл байдал үүсээгүй байжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бичиг баримтыг гэрчлүүлж байгаа этгээд буюу Я.А- нь тухайн баримт бичгийн эзэн биш болох нь тодорхой байсан. Тухайн гэрчилгээн дээр хоёрын хоёр өмчлөгч бичигдсэн байдаг бөгөөд тэдэнтэй Я.А- нь ямар ч хамааралгүй. Уг гэрчилгээнд хоёрын хоёр өмчлөгч байгаа учраас тэдгээр өмчлөгчид байгаа эсэх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсрэг сонирхол бүхий маргалдагч тал буй эсэх, ямар шалтгаанаар яагаад гэрчлүүлэх гэж байгаа зэргийг заавал тодруулах шаардлагатай байсан. Мөн шүүх дээрх хуулийн заалтууд дахь нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэсэн атлаа нотариатчийг Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.12, 2.14 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Эдгээртэй холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал шүүх өөрөө үнэлээгүй атлаа нотлох баримт гаргаж өгөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч С.М-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотариатч буюу хариуцагч С.М- нь хүчингүй болсон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр /2005.12.01/ гэрчилсэн, З-тэй хамтран амьдарч байсан гэх Я.А- нь тус гэрчилсэн баримтыг үндэслэн, шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль ёсны өвлөгчөөр тогтоолгосны улмаас өмчлөх эрх зөрчигдсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ хууль зөрчөөгүй, үйлчлүүлэгч Я.А-ийн авч ирсэн гэрчилгээг эх хувьтай нь тулган гэрчилсэн гэж тайлбарласан байна. /хх-ийн 33-34-р тал/

3.Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай, 2016 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн Зао овогт Г-, Д.А- нар бүртгэгджээ. /хх-ийн 7-р тал/

 

3.а.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаарх зарыг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өнөөдөр сонинд зарлуулсан байх бөгөөд 2014 оны 7 сарын 24-ний өдөр Зао овогт Г-, Д.А- нар бүртгэлтэй 000338227 дугаартай гэрчилгээ гарчээ. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1079 дугаар тушаалаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өмчлөгч Г- хасагдаж, Д.А- өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 32, 43-45, 74-р тал/

 

3.б.Хариуцагч С.М- нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг гэрчилж, нотариатын бүртгэлийн 12 дугаарт бүртгэсэн байх бөгөөд хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 35-36-р тал/ Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал зэргээс дүгнэвэл хариуцагч С.М- нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үед 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зао овогт Г-, Д.А- нарын гэрчилгээ хүчинтэй байсан тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

3.в.Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж заасан. Хариуцагч С.М- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гэрчлэхдээ эх хувьтай нь тулган гэрчилсэн буюу Нотариатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-т заасан эргэлзээ бүхий баримтыг гэрчилсэн гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Я.А- нь 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэл болгон хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн асуудалд хариуцагч С.М-г шууд буруутай гэж үзэх үндэслэлгүй буюу нотариатчийн үйлдлийн хувьд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулан өөрчилсөн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01333 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх ... гэснийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН Г.ДАВААДОРЖ