Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/00562

 

2022 оны 04 сарын 28 өдөр                        Дугаар 102/ШШ2022/01575                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дүгээр хороо, Богд-Ар хороолол, 10-... тоотод байрлах, регистр ...., Т.... ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ....-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, “Г.” ХХК-д захирал ажилтай, регистр ..., С.овогтой Б.ын Т.,  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 15 403 333 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т..., 

          Хариуцагч Б.Т..., 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Нэхэмжлэгч Т.. ХХК нь Б.Т...т холбогдуулан 15 403 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

“Т.... ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Г...” ХХК-д захирал Б.Т...тай 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6.500.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г...” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “DONG FENG EQ 5040” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг компани зогсоолд байршуулсан. Зээлийг 1 сарын хугацаатай олгож, зээлийн гэрээний хугацааг сар тутам сунгаж болох нөхцөлөөр талууд тохиролцож гэрээг байгуулсан боловч зээлдэгч зээлийг сарын хугацаанд төлөлгүй, зээлийн гэрээний дагуу 32 удаа сунгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа сунгалт хийлгэлгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 6.500.000 төгрөг, хүү 4.539.333 төгрөг, алданги 3.250.000 төгрөг зогсоолын төлбөр 1.060.000 төгрөг, нийт 15.403.333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Т...аас зээлийн гэрээний хугацааг 499 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүү, алданги, зогсоолын төлбөрийг хугацаандаа буцаан төлөөгүй, зээлдэгчтэй биеэр ирж уулзан тодорхой хугацаагаар зээлийг  бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал зээлийн хугацаа дууссаныг зээлдэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа барьцааны эд хөрөнгийг борлуулж зогсоолын төлбөр, алданги, зээлийн хүү, үндсэн зээлийг гаргаж авах эрхтэй гэж тохиролцсон.  Б.Т...аас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийг хийхгүй хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч Б.Т..аас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 4 539 333 төгрөг, алданги 3 250 000 төгрөг, зогсоолын төлбөр 1 060 000 төгрөг, нийт 15 403 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Б.Т... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээл авч зээлийн хүүг төлсөн. 2020, 2021 оноос хойш зээлийн төлөлт хийгдээгүй. Цар тахалтай холбоотойгоор миний хувийн ажил доголдож зээлийн төлөлт хийж чадаагүй. Зээлийн эдийн засагчтай уулзаж тодорхой хэмжээгээр зээлийн алданги, хүүг багасгах, төлөлт хийж, машинаа авах талаар ярилцаж байсан. Үүнээс өмнө 2019, 2020 онд хийгдсэн ажлын хөлсөө улсаас авч чадаагүй тус ажлын хөлсөө авчихвал 30-45 хоногийн хугацаанд 10.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

 

            3.Нэхэмжлэгчээс Т... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн 05700074 дугаар  “Зээл болон барьцааны гэрээ” /хх 6-7/, төлбөрийн тооцоо /хх 8-9/, “Сайн авто ломбард” барьцаат зээлийн тооцооны хуудас /хх 10/, “Г..” ХХК-д хүргүүлсэн 2021-11-08-ны өдрийн мэдэгдэл /хх 11/, 2017-02-16-ны өдрийн “Итгэмжлэл”  /хх 12/, “Г..” ХХК-ний дүрэм /хх 13-14/, 9/, “Г...” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 15/  зэрэг баримтуудыг гаргажээ.

                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон.

Т.” ХХК нь Б.Т.тай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж,  6 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, “Г...” ХХК-ийн эзэмшлийн “DONG FENG EQ 5040” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн гэрээг 32 удаа сунгасан, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хугацаа сунгаагүй, зээл төлөөгүй. Үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 4 539 333 төгрөг, алданги 3 250 000 төгрөг, зогсоолын төлбөр 1 060 000 төгрөг нийт 15.403.333 төгрөгийг төлөөгүй тул гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “...Цар тахалтай холбоотойгоор ажил доголдож зээлийн төлөлт хийгээгүй, 2019, 2020 онд хийсэн ажлын хөлсөө улсаас авч чадаагүй, хөлсөө авчихвал 30-45 хоногийн хугацаанд 10 000 000 төгрөгийг төлөх боломжтой” гэжээ. 

  4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“Т.” ХХК нь Б.Т.тай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж,  6 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, “Г...” ХХК-ийн эзэмшлийн “DONG FENG EQ 5040” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах, гэрээний 1.7-д зааснаар барьцааны зүйлийн хадгалалтын хөлс хоногт 2000 төгрөг төлөхөөр тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 286-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүү 260 000 төгрөг нийт 6 760 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүү, барьцааны зүйлийн хадгалалтын зардалд нийт 30 254 480 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн нь төлбөрийн тооцоо /хх 8-9/, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Гэрээний 2.1.6-д зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр сунгах, сунгаагүй тохиолдолд 10 хоногийн дараа барьцааны зүйлээр үүргийг хангахаар тохирсон, нэхэмжлэгч “зээлийн гэрээг 2020 оны 10-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 32 удаа сунгасан” гэж тайлбарладаг боловч гэрээг хийсэн хэлбэрээр буюу бичгээр сунгасан нь баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч “10 000 000 төгрөг төлөх боломжтой” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул  хуульд зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

Хариуцагч нийт 30 254 480 төгрөгийг Т... ХХК-д төлсөн, өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг илүү хэмжээгээр гүйцэтгэсэн тул  нэхэмжлэгч үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 4 539 333 төгрөг, алданги 3 250 000 төгрөг, зогсоолын төлбөр 1 060 000 төгрөг 15 403 333 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэргийн 10 дахь талд авагдсан “Сайн” авто ломбардын тооцооны хуудас энэ хэрэгт хамааралгүй, 11 дэх талд авагдсан Т.... ХХК-иас Г... ХХК-д өгсөн мэдэгдэл нь барьцааны зүйлтэй нь холбоотой, 2017 оны 2-р сарын 16-ны өдрийн Б.Т...аас Н.М.д олгосон итгэмжлэлд итгэмжлүүлэгч гарын үсэг зураагүй, энэ итгэмжлэлээр хэлцэлд оролцоогүй, “Г...” ХХК- дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Т...тай холбоотой баримт байна.   

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 234 970 төгрөг төлсөн /хх 3/, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 286-р зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.ын Т...аас 15 403 333 /арван таван сая дөрвөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн Т... ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 970 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             Р.АЛТАНТУЯА