Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01161

 

 

 

 

 

 

 

2022 06 17 210/МА2022/01161

 

 

ТБК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБКХХК-ийн хариуцагч Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,403,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ТБКХХК нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гэрэлт ой ХХК-д захирал Б.Ттай 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Гэрэлт ой ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй DONG FENG EQ 5040 маркийн 5620 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг компани зогсоолд байршуулсан. Зээлийг 1 сарын хугацаатай олгож, зээлийн гэрээний хугацааг сар тутам сунгаж болох нөхцөлөөр талууд тохиролцож гэрээг байгуулсан боловч зээлдэгч зээлийг сарын хугацаанд төлөлгүй, зээлийн гэрээний дагуу 32 удаа сунгалт хийж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа сунгалт хийлгэлгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 6,500,000 төгрөг, хүү 4,539,333 төгрөг, алданги 3,250,000 төгрөг зогсоолын төлбөр 1,060,000 төгрөг, нийт 15,403,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Таас зээлийн гэрээний хугацааг 499 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүү, алданги, зогсоолын төлбөрийг хугацаандаа буцаан төлөөгүй, зээлдэгчтэй биеэр ирж уулзан тодорхой хугацаагаар зээлийг бичгээр сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч тал зээлийн хугацаа дууссаныг зээлдэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа барьцааны эд хөрөнгийг борлуулж зогсоолын төлбөр, алданги, зээлийн хүү, үндсэн зээлийг гаргаж авах эрхтэй гэж тохиролцсон. Б.Таас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийг хийхгүй хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч Б.Таас 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05700074 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 6,500,000 төгрөг, хүү 4,539,333 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, зогсоолын төлбөр 1,060,000 төгрөг, нийт 15,403,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний хувьд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээл авч зээлийн хүүг төлсөн. 2020, 2021 оноос хойш зээлийн төлөлт хийгдээгүй. Цар тахалтай холбоотойгоор миний хувийн ажил доголдож зээлийн төлөлт хийж чадаагүй. Зээлийн эдийн засагчтай уулзаж тодорхой хэмжээгээр зээлийн алданги, хүүг багасгах, төлөлт хийж, машинаа авах талаар ярилцаж байсан. Үүнээс өмнө 2019, 2020 онд хийгдсэн ажлын хөлсөө улсаас авч чадаагүй тус ажлын хөлсөө авчихвал 30-45 хоногийн хугацаанд 10,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баатарцогтын Тамираас 15,403,333 /арван таван сая дөрвөн зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн ТБКХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,970 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагч Б.Т өөрийн сайн дурын үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийн хүү, зогсоолын төлбөрийг сар тутам төлөлт хийх байдлаар зээлийн гэрээний хугацааг сунгуулж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүргэсэн, энэ тал дээр зээлдэгч Б.Таас шүүхийн шатанд маргаагүй. Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд 32 удаагийн сунгалт хийлгэснийг бичгээр гэрээг сунгаагүй тул сунгалт хийлгэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь буруу. Түүнчлэн, хариуцагч 10,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс илтэд нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.б. Зээлдэгчээс зээлийн хүү, зогсоолын төлбөрийг бэлнээр төлсөн гэдэг нь огт үндэслэлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, манай талаас зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн хүү, зогсоолын төлбөрт 21,000,000 төгрөгийг дансаар төлөлт хийсэн талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагч танилцаад хүлээн зөвшөөрч, хариу тайлбараа хуулийн хугацаанд өгөөгүй байхад хариуцагч нийт 30,254,480 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэсэн нь хэргийг хуулийн дагуу нягтлан судлаагүй, бүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үнэн зөв шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч ТБКХХК нь хариуцагч Б.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,403,333 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх хариуцагч Б.Таас 15,403,333 төгрөг гаргуулах тухай ТБКХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 15,403,333 төгрөгийн 7,403,333 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлөх-өөр эвлэрсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч ТБКХХК болон хариуцагч Б.Т нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ТБКХХК нь нэхэмжлэлийн шаардлага 15,403,333 төгрөгийн 7,403,333 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Т нь 8,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,970 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН