Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0188

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.*******-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Дарьжав, гуравдагч этгээд А.*******, түүний өмгөөлөгч Х.Цогтсайхан, гуравдагч этгээд Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд А.*******, М.******* нарын болон гуравдагч этгээд Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, М.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор, П.*******, Б.*******-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 20.3.4, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Найдангийн *******д холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн Агваандондовын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, П.*******, Б.*******-Эрдэнэ нарын гаргасан газар эзэмших тухай хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.*******, М.******* нар давж заалдах гомдолдоо: “...“СБД-ийн Засаг даргын 2005.06.15-ны 171 тоот захирамжаар газар эзэмшүүлэх, НЗД-ын 2006.07.20-ны өдрийн 354 дүгээр МУ-ын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийн А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангасан нь 1999 оноос тус хашааны газрыг ашиглаж, 2005 оноос эзэмшиж, 2006 оноос өмчилж буй хууль ёсны шударга өмчлөгчдийг илт хохироосон буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна.

Гуравдагч этгээдээр оролцож буй А.*******, надад 1999 онд Нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэнгийн захиргаанаас өөрсдийн 40 орчим ажилчдад 20*40м=800м2 ижил хэмжээтэй хашааны газрыг Мод үржүүлгийн газрыг хамгаалах зорилгоор, Байгаль орчны яамны зөвшөөрөлтэйгээр Мод үржүүлгийн газартай хамтран ажиллах гэрээний дагуу СБД-ийн 15-р хороо /хуучин хаягаар/ Мод үржүүлгийн газрын урд талаар Ойн задгайн гудамж шинээр үүсгэн, олгож байсан байдаг.

... А.*******, миний бие газар эзэмших өргөдлийг 2004.11.12-нд СБД-ийн Газрын албанд гаргаж, Газрын тухай хуулийн дагуу кадастр, иргэний үнэмлэх, хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг өгсөн байдаг /х135/ газрын төлбөрийн квитанциа СБД-ийн газрын албаны санхүүд нь өгч байсан тул хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. СБД-ийн Засаг даргын 171 тоот захирамж 2005.06.15-нд гарч, тус хашааны 0,04 га газрыг 5 жилээр эзэмшүүлсэн ба газар эзэмшүүлэх 010410993 тоот гэрчилгээ нь Бэлхийн 32-1-37 тоот хаягаар 2006.05.05-ны өдөр олгогдсон.

Харин СБД-ийн 15-р хороо нь 16-р хороо болж, гудамжны нэр нь Ойн зайдгай байснаа Бэлхийн 32-1 болж өөрчлөгдөн байдаг.

А.*******, миний бие, 2006.05.22-нд энэ хашааныхаа 700 м2 газар өмчилж авах тухай өргөдөл гаргаж, НЗД-ын 2006.07.20-ны өдрийн 354 дүгээр МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр өмчилж авсан байдаг

... НЗД-ын 2006.07.20-ны 354 дүгээр МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр нь мөн хуулийн дагуу гарсан байдаг. НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт энэ тухай байдаг. …

А.*******д өмчлүүлсэн НЗД-ын 2006.07.20-ны 354 дүгээр шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан бөгөөд хэн нэгэн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байдаг. Түүнчлэн 2005, 2006 онд гарсан захирамжид 2016 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь ЗХХШТХ-ийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

... Гуравдагч этгээд А.*******гээс шүүхэд гаргаж өгсөн Газар бэлэглэх гэрээний  хавсралтад Бэлхийн  32-1-59 тоот хаягийн А.*******, М.*******ын нэртэй кадаструуд байгаа болно.

... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т “.. газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг ба П.*******, Б.*******-Эрдэнэ нар нь Бэлхийн 32-1-59 тоот хашааны газрыг эззмших, ашиглах ямар ч эрх үүсээгүй байтлаа дураараа аашилж, бусдын өмчилсөн газарт байшин барьж хууль зөрчиж байгаа болно.

... Хоёр. Шүүгчийн нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг СБД-ийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ямар ч үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нар нь хуурамч нотлох баримт цуглуулан, нэхэмжлэлийн гуравдугаарт тавьсан шаардлага нь эхний нэгдүгээр, хоёрдугаарт тавьсан актыг хүчингүй болгуулах шаардлагад огт хамааралгүй тухай гуравдагч этгээдээр оролцогч А.*******гээс өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд авчирсан гэрчүүд П.Гэрэлцэцэг /Бэлхийн 33-1-27/, Р.Баасанжав /Бэлхийн 33-1-25/-Д тус тус амьдардаг бөгөөд, асуулт хариултын явцад тус Бэлхийн 33-р гудамж нь Бэлхийн 32-1-р гудамжны замын урд талд байрладаг болохыг нотолсон болно. /х136-138/ Шүүгч энэ бүхнийг ойлгоогүй, хуурамч нотлох баримтыг иш үндэс болгон, нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагыг хангасан шийдвэрийг буруу гэж үзэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг ЗХХШТХ-ийн 60.2-д зааснаар энэ хэргээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэж байна.

... Түүнчлэн хариуцагч П.******* нь газрыг эзэмших өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаж байсан гэх боловч, уг өргөдөлд эзэмших газрын хаяг тодорхой бус, Бэлхийн 33-ын задгай гэж бичсэн байснаас гадна тухайн үед Н.******* өмчлөгч болсон байсан ...” гэх.

... Нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нар нь хууль бус аргаар Бэлхийн 32-1-60 тоот гэсэн хаягаар Иргэний үнэмлэх Т.Нямхүү гэгч хорооны Засаг даргын тусламжтай авсан гэх ба 2005-2012 онд Бэлхийн 33-ын задгай гэх хаягаар хороон даргаар газар заалган авч, СБД-ийн Засаг даргад өргөдөл өгч байсан гэх баримтууд нь Газрын тухай хуулинд Хорооны засаг даргад газар хуваарилах эрх, гудамжны нэр хаяг  солих  эрх  байхгүй  байтал, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна.

            ... Нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нар нь СБД-ын 13-р хороонд амьдарч байхдаа 2012 оныг хүртэл Бэлхийн 33-ын задгайд, 2014 оноос хойш Бэлхийн 32-1-60 тоотод газар эзэмших талаар гаргаж байсан гэх нэхэмжлэлийн эхний 2 шаардлагаас туслаарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь эдгээр хаягт хандсан асуудлууд нь М.*******ын өмчлөлийн газарт ямарч хамааралгүй болно.

Шүүгч Л.Өлзийсайханы 1052 дугаартай шүүхийн шийдвэр, үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, М.******* нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөлд байдалд хэт нэг талыг барьсан явцуу тайлбар хийж, гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

ЗХХШТХууль /2002 он/-ийн 6-р зүйлийн 6.1, 12-р зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус акт нь өөрийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага албан тушаалтанд хандах, түүнчлэн 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар, мөн хуулийн 12.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтээ өгч хүсэлтийг шүүгч хянаж үзээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхээр тус тус хуульчилсан байгаа. Маргаан бүхий захиргааны актууд нь 2003, 2005, 2006 онд гарсан байдаг бөгөөд уг захиргааны акт гарснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нар нь уг захиргааны актуудтай холбогдуулан өнөөдрийг хүртэл нэхэмжлэл, гомдол гаргаагүй байдаг ба Иргэний хэргийн шүүхэд 2011-2015 онд холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд ямар нэгэн өргөдөл, нэхэмжлэл гаргасан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдаг.

Ийнхүү нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн бөгөөд хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байтал тухайн хугацааг сунгах эсэх асуудлыг    шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн явдал юм.

Анхан шатны шүүх “... П.*******, Б.*******-Эрдэнэ нар нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 2005.07.31, 2006.06.25-ны өдөр ... газар эзэмших хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч...” гэж дүгнэхдээ Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.1, 60.2, дээр дурдсан ЗХХШТХууль /2002 он/-ийн зүйлийн 6-р зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн заалтыг анхаарч үзэлгүй хууль бус шийдвэр гаргасан.

ЗХШХШТХууль /2016.02.04/-ийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм, хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаж буй захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар төрлийн захиргааны акт болох талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл уг акт нь илт хууль бус акт юм уу, маргаан бүхий захиргааны акт юм уу гэдэг нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ талаар дүгнэлт хийх нь хэргийн шийдвэрлэлтэд шууд хамааралтай. Учир нь ямар төрлийн захиргааны актаас хамаарч одоогийн мөрдөж буй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолох эсэх нь шийдэгдэнэ. Гэтэл энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дүүргийн засаг дарга шүүхэд өгсөн хариу тайлбартаа өмнөх засаг даргын дээрх захирамжууд хууль зөрчсөн талаар тайлбар гаргасан. Уг тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх “... дүүргийн засаг даргын тайлбараар уг захирамжууд хууль бус болох нь нотлогдож байна...” гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн байна. Захиргааны акт хууль зөрчсөн эсэх талаар шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал Дүүргийн засаг дарга өмнөх засаг даргынхаа захирамжийг хууль зөрчсөн гэж тайлбарлаад тэр тайлбарт нь шүүгч хөтлөгдөж уг захиргааны актыг хууль бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”. гэж тодорхой заасан байдаг. Гэтэл тухайн газрыг хууль бусаар эзэмшиж буй этгээд болох П.******* /энэ нь Иргэний хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байдаг бөгөөд ЗХШХШТХуулийн 34.4-ийг анхаарах/ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ЗХШХШТХуулийн 54-р зүйлийн 54.1.5-д заасан “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах мөн хуулийн 109-р зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.

... Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан “...Н.*******гийн хувийн хэрэг хадгалагдаагүй байна” гэсэн 2016.12.08-ны өдрийн албан бичгийг үндэслэн маргаан бүхий СБД-ийн ЗД-ын 2003.04.25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 62-р захирамжийг хууль ёсны шийдвэр гэж үзээгүй бөгөөд тус захирамжийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1, 34.5. 34.6 дахь хэсэгт зааснаар иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, тухайн газартай холбогдсон хувийн хэргийг хадгалах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн байх бөгөөд хувийн хэргийг хадгалаагүй нь гуравдагч этгээд Н.*******гийн буруу биш ба тэрбээр төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй юм.

... Энэхүү хэргийн хувьд маргаан бүхий захиргааны актуудын гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн буюу өмчлүүлсэн хавсралтад болон өмчлөх эрхийн гэрчилгээ болон газрын кадастрын зурагт Н.*******гийн өмчлөлийн газрыг СБД, 16-р хороо, Бэлхийн 32-1-р гудамжны задгай 38 гэж удаа дараа тодорхой бичигдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нар нь анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан 2005-2014 онуудад газар эзэмших хүсэлтүүддээ Бэлхийн 33-ын задгай гэх хаягт амьдардаг, тус хаягт газар эзэмших хүсэлтүүдийг гаргасан байдаг, гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн СБД-ийн 16-р хорооны Засаг даргын 2015.12.17-ны өдрийн 84, 2015.12.19-ны 83 /12 өдрийн дараа гарсан боловч дугаар нь ухарсан байгааг анхаараагүй/ дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолтод “...Бэлхийн 32-1, задгайн 38 тоот хаяг байгаагүй, байхгүй, 32-1-37 тоот хаяг бүхий газар байгаагүй, 2009 онд бий болсон...” гэх зэргээр өөр хоорондоо зөрүүтэй байсаар байтал анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримт болох газрын кадастрын мэдээллийн сангаас маргаан бүхий газрын хаягжилтын талаар нотлох баримтыг гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь ЗХШХШТХуулийн 31-р зүйлийн 31.1, 32-р зүйлийн 32.1 дэх хэсэг болон 34-р зүйлийн 34.1, 34.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Н.*******д гэх дээрх газрыг өмчлүүлсэн гэх 2005.04.29-ны өдрийн 186 дугаар захирамжийг НЗДарга гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.3 дугаар заалт, 21 дүгээр зүйл, НИТХ-ын 2003 оны 8/41 тогтоол, НИТХ-ын 2003 оны 9/48-р тогтоолыг үндэслэсэн байтал холбогдох НИТХ-ын тогтоолуудыг нотлох баримтаар бүрдүүлээгүй байх бөгөөд уг захирамжийг СБД-ийн ЗД-ын 2003 оны 62-р захирамжийг үндэслэн гарсан байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Гомдлын шаардлага: Иймд анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нараас “Маргаан бүхий газруудыг өмчилж авахаар 2004 оноос хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаж байсан бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй  Н.*******, А.******* нарт хууль бусаар эзэмшүүлж, өмчлүүлсэн” гэж маргаж, Н.*******, А.******* нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн П.*******, Б.*******-Эрдэнэ нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж газар хүссэн өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар эзэмших хүсэлттэй холбоотой баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтээ хуульд заасан зохих журмын дагуу гаргаж байсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, мөн газрын албанд хандаж байсан гэх хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд маргаан бүхий актуудаас хойш гарсан байдалд дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Тиймээс шүүх тухайн газруудад маргаан бүхий захирамжууд гарахаас өмнө нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь эхэлж хүсэлт гаргаж байсан гэдгийг тус дүүргийн газрын албаны архивт үзлэг хийж тодруулах нь зүйтэй.

Мөн гуравдагч этгээд Н.******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 62 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-38 тоотод газар эзэмших эрхийн 010404417 дугаар гэрчилгээг нөхөн авсан байх тул тухайн үед нөхөн олгож байсан гэрчилгээг авахдаа ямар баримтууд бүрдүүлсэн, юуг үндэслэн уг хаягийг захирамж, гэрчилгээнд бичигдсэн, уг хаяг нь одоо маргаж буй газрын байршил мөн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч П.*******, Б.*******-Эрдэнэ нар нэхэмжлэлийн үндэслэлдээ “... 2005 онд тус дүүргийн 16 дугаар хороо, тухайн үеийнхээр Бэлхийн 33 задгай буюу одоогийнхоор 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-60, 32-1-60А тоот хаяг бүхий газарт явган хашаа хатган хорооны Засаг даргад хандаж байсан ...”, гуравдагч этгээд А.******* газар эзэмших хүсэлтдээ “... 16 дугаар хороонд Ойн задгай 12-1-37...” гэж, харин газар эзэмшүүлсэн захирамжид газрын байршлыг “Ойчдын задгай 37”, гэрчилгээнд “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх 32-1-37 тоот” гэж, мөн тус газар нь А.*******гээс бэлэглэлийн гэрээгээр М.*******ад шилжихдээ “Бэлхийн 32/1 дүгээр гудамжны 59 тоот” гэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан, гуравдагч этгээд Н.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлх, 32-1-38”, өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжид “Бэлхи 16 хороо 32-1-28” гэж маргаан бүхий газруудын байршил, хаягийн зөрүүтэй байдлууд байх тул хаягийн өөрчлөлтийн талаар холбогдох газрууд болон тухайн үед ажиллаж байсан хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараас тодруулах шаардлагатай.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3946 дугаар захирамжаар Н.*******, А.*******, М.******* нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.******* нь Г.Ганболд, Г.Болор-Эрдэнэ нарын хамт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг өмчилж авсан бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Н.*******, Г.Ганболд, Б.Анхилуун нарын гурван иргэний нэр дээр гарсан байх тул уг хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Г.Ганболд, Б.Анхилуун нарыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гуравдагч этгээдээр татаагүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул тэднийг татан оролцуулах эсэхийг зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн П.*******, Б.*******-Эрдэнэ нарын энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэсэн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9134 дүгээр захирамжаар “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй” гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д зааснаар хүлээн авахаас татгалзсан атлаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байх бөгөөд ямар учраас эдгээр шаардлагыг дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүх дээрх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж байсан, тухайн хүсэлтүүдэд эрх бүхий этгээд хариу өгч байсан эсэх талаарх баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд А.*******, М.******* болон гуравдагч этгээд Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, М.******* нараас тус тус давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                          ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                          ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ