Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01230

 

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/01230

У хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О ХХК /РД:2747804/,

 

Хариуцагч: С.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 41,000,000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.У

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

хариуцагчийн өмгөөлөгч Б.О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.Э-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч “О” ХХК-ийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага №1: 100,000,000 төгрөг гаргуулах. “О” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороололд байрлах х орон сууцны барилгын ажлыг 2016 оноос эхлэн барьж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Уг барилгын ажлын явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр С.Э-тай хөдөлмөрийн гэрээ  байгуулж, түүнийг Санхүү бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон бөгөөд барилгын ажилд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах асуудлаар иргэн, хуулийн этгээдтэй компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах, тэдгээр гэрээний дагуу хөрөнгө оруулалт, санхүүжилтийн мөнгийг хүлээн авч “Х”  орон сууцны барилгын ажилд захиран зарцуулах эрхийг түүнд олгосон юм. С.Э нь Санхүү бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалд ажиллах хугацаандаа сар бүр үндсэн цалин авч байсан бөгөөд гагцхүү ажил олгогчоос олгосон эрх хэмжээний хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх ёстой атал өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж, манай компанийн харилцагч иргэн, хуулийн этгээдүүдтэй дараах гэрээ хэлцлийг байгуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Үүнд: а/ “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г нь “Х" барилгын төсөлд хөрөнгө оруулалт татах зорилгоор өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, * байрны * тоот хаягт байршилтай, * талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * мянгат, * дүгээр байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Э-д шилжүүлсэн юм. Ингээд С.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Б, Б.Б нараас 85,000,000 төгрөгийн зээлийг авч, зээлийн үүргийн гүйцэтгэлд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа “Барьцааны гэрээ” байгуулаагүйгээр өмчлөх эрхийг иргэн Ч.Б, Б.Б нарын нэр дээр шилжүүлсэн байдаг бөгөөд авсан зээлийн мөнгөн хөрөнгийг мөн л компанид хүлээлгэн өгөөгүй болно. Ийнхүү шилжүүлээгүй шалтгаанаа тэрээр “О” ХХК-ийн “А” ХХК-д төлөх ёстой төлбөрийг барагдуулсан гэж тайлбарладаг. Гэвч тус ББСБ-д төлөх төлбөрийг “О” ХХК нь С.Эд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдоно. Улмаар бид дээрх маргаантай асуудлыг зохицуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-г байгуулсан ба С.Э нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ч.Б, Б.Б нараас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхээ нотлох баримтуудыг гаргаж өгсний үндсэн дээр тооцоо нийлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч баримт гаргаж өгөөгүй, зугтаасаар байгаа нь уг мөнгийг хувьдаа зарцуулсан болохыг давхар нотолж байна. Иймээс бид эдгээр орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд арга буюу С.Эгийн өмнөөс зээлдэгч нарт үндсэн зээлийн төлбөрт төлсөн 85,0000,000 төгрөг, хүүнд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйжйн 496.1-д заасны дагуу С.Эгаас гаргуулахаар шаардаж буй болно. Учир нь түүний Ч.Б, Б.Б нарт төлбөл зохих өр төлбөрийг “О” ХХК төлснөөр С.Э нь тэдгээр иргэдийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдсөн тул 100,000,000 төгрөгийг манай компанид төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлага №2: 62,078,669 төгрөг гаргуулах. “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г нь “Х”  барилгын төсөлд хөрөнгө оруулалт татах зорилгоор өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 28 тоот хаягт байршилтай, 61.3 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Эд шилжүүлсэн. Тэрээр уг орон сууцыг барьцаалж, “Н” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийг зээлж авсан боловч мөн л компанид тушаалгүйгээр хувьдаа захиран зарцуулсан. Бид дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд арга буюу “Н ББСБ” ХХК-д үндсэн зээлийн төлбөрт 40,000,000 төгрөг, хүүнд 22,078,669 төгрөг, нийт 62,078,669 төгрөгийг төлж Д.Г-ийн өмч хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн ба С.Э нь энэхүү өр төлбөрийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулсангүй. Манай компани дээрх өр төлбөрүүдийг төлөх талаар С.Э-гаас удаа дараа шаардан, албан шаардлага хүргүүлэхэд тэрээр өр төлбөр барагдуулах талаар гараар баталгаа бичиж өгсөн боловч мөн л өр төлбөрөө барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй манай компанийг хохироосоор байна. Иймд “О” ХХК-ийн С.Э-гаас 62,078,669 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага №3: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар “О” ХХК-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг болон Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Н.Т-т худалдсан “Би эм дабль ю 525” /BMW 525/ маркийн автомашины үнэ болох 68,000,000 төгрөг, нийт 155,221,950 төгрөгийг иргэн С.Э-гаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд: 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр тус “Х” орон сууцыг 190,855,000 төгрөгөөр, гэрээний төлбөрт W арлын дугаартай хар өнгийн 1,798сс хөдөлгүүртэй “Ауди А5” /Audi A5/ маркийн суудлын автомашин, **-**УНБ улсын дугаартай, I арлын дугаартай, хар саарал өнгийн “Додж рам 150” /DODGЕ RAM 150/ маркийн автомашиныг тооцуулахаар, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/632 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр “Х” орон сууцны * байрны * тоот хаягт байршилтай, * талбай бүхий 3 өрөө орон сууцыг 354,754,000 төгрөгөөр, гэрээний төлбөрт 2016 онд үйлдвэрлэгдсэн W1 арлын дугаартай, 3982сс хөдөлгүүртэй, хар өнгийн “Мерседес бенз жи класс 500” /Mercedess benz G сlаss 500/ маркийн автомашиныг тооцуулахаар тус тус харилцан тохиролцсон юм. “О” ХХК-ийн зүгээс дээрх орон сууцнуудыг иргэн Д.Г-т хүлээлгэн өгч, орон сууцны үнэнд санал болгосон автомашинуудыг хүлээлгэн өгөөгүй тул төлбөрөө төлөхийг мэдэгдэхэд иргэн С.Э-г уг автомашинуудыг хүлээлгэн авсан болохыг олж мэдсэн. Ийнхүү тус компанийн Санхүү бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалд ажиллаж байсан иргэн С.Э нь дээрх автомашинуудыг “О” ХХК-ийн захирал Д.Г-ийн зөвшөөрөлгүйгээр иргэн Д.Г-ээс хүлээн авч бусдад худалдсан байсан тул төлбөр мөнгийг төлөхийг удаа дараа шаардаж байсан байдаг. Гэвч иргэн С.Э нь төлбөрт шилжүүлсэн дээрх автомашинуудыг дараах байдлаар дур мэдэн захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнд:

1/ 01/631 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр * байрны * тоот * талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэнд шилжүүлсэн “Ауди А5” /Audi A5/ маркийн суудлын автомашиныг охин н.Гүн-Үйлсийн эзэмшилд шилжүүлж, **-**УНБ улсын дугаартай, “Додж рам 150” /DODGЕ RAM 150/ маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад охин н.Гүн-Үйлсийн зээлсэн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан.

2/ 01/632 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр * байрны * тоот хаягт байршилтай, * талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэнд шилжүүлсэн, хар өнгийн “Мерседес бенз жи класс 500” /Mercedess benz G сlаss 500/  маркийн суудлын автомашиныг 170,000,000 төгрөгийн үнийн дүнд “Рэйнж ровер” /Range rover/ автомашиныг авч, үлдэгдэл төлбөрийг бэлнээр авсан. “Рэйнж ровер” /Range rover/  автомашиныг цаашаа “Мерседес бенз жи эл к 200” /Mersedes benz GLK200/ болон “ВМW 525” маркийн автомашинаар сольсон байна. Захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн автомашинуудыг ингэж дур мэдэн өөрчилсөн байсан тул бэлнээр авсан мөнгө болон өөрчилсөн автомашинуудыг компанид шилжүүлэхийг мэдэгдэхэд “...гэрээ хийж тодорхой хугацааны дотор төлж төлбөрөө барагдуулъя” гэсэн хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үнийн төлбөрөөс 30,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 01/632 тоот “Орон сууц захиалгатай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үнийн төлбөрөөс 120,000,000 төгрөгийг төлж, 2018 оны 01 дүгэээр сарын 23-ны өдөр “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ” байгуулж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд иргэн Д.Гтэй байгуулсан захиалгын гэрээнүүдийг цуцалж, гарсан хохирлыг С.Э-гаар нөхөн төлүүлэхээр гэрээндээ тусгасан юм. Энэ хугацаанд “Би эм дабль ю 525” /BMW 525/ маркийн автомашиныг өөрийн дүү гэх Н.Т-т шилжүүлэн худалдсан гэсэн боловч тухайн мөнгийг мөн л төлөөгүй байна. Иргэн С.Э нь захирлын тушаалаар удалгүй ажлаас чөлөөлөгдсөн тул иргэн Д.Гт 2019 оны 3 сарын 06-ны өдрийн 01/110 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр гэрээг цуцлах болсноо мэдэгдэхэд С.Э нь 2019 оны 3 дугаар 25-ны өдөр төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлж дахин “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ” байгуулан дараах байдлаар төлөхөөр хүлээн зөвшөөрчээ. Үүнд:

1/ Гэрээний 1.1-т 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үнийн дүн болох 183,872,500 төгрөгөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж, 165,485,250 төгрөг болсон ба үүнээс “Аudi А5” маркийн суудлын автомашины үнэнд төлсөн 30,000,000 төгрөг, “Додж рам 150” /DODGЕ RAM 150/  маркийн автомашиныг үнэнд төлсөн 50,000,000 төгрөг, болон иргэн Т.Уын “О” ХХК-иас авах авлага болох 50,000,000 төгрөгийг тооцуулж нийт 130,000,000 төгрөгийг төлөгдсөнд тооцож, 35,485,250 төгрөгийн үлдэгдлийг;  

2/ Гэрээний 1.2-т 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/632 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үнийн дүн болох 355,263,000 төгрөгөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж, төлбөл зохих 319,736,700 төгрөгөөс 120,000,000 төгрөгийг компанийн дансанд бэлнээр тушааж, “Мерседес бенз жи эл к 200” /Mersedes benz GLK200/ маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт тооцон хүлээн авч, “Би эм дабль ю 525” /BMW 525/ маркийн автомашиныг худалдан авсан түүний дүү Ц.Т-аас 68,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн тул үлдэгдэл 51,736,700 төгрөг нийт хоёр гэрээний үлдэгдэл 87,221,950 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулах; 

Түүнчлэн гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд, гэрээнээс үүдэн гарах хохирлыг бүрэн хариуцахаар иргэн С.Э хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд гэрээний хугацаа дууссан боловч С.Э болон “Би эм дабль ю 525” /BMW 525/ маркийн автомашиныг худалдан авсан түүний дүү Н.Т-аас төлбөрт нэг ч төгрөг тушаагаагүй тул иргэн Н.Т-ын 9903-5900 дугаарын утсаар холбогдож худалдан авсан автомашины үнээ шилжүүлэхийг мэдэгдэхэд “Би Э эгчтэй тооцоогоо дуусгасан та нар тэр хүнээс мөнгөө нэхээрэй” гэсэн тайлбарыг өгсөн. “О” ХХК-ийн зүгээс иргэн С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний 2.2.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул 2.2.3-т зааснаар иргэн Д.Г-тэй байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулах гэрээ”-г цуцлах болсноо мэдэгдэхэд захиалагчийн зүгээс “О” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно. Ийнхүү захиалагчтай байгуулсан гэрээнийхээ дагуу нэр бүхий 2 ширхэг орон сууцаа хүлээлгэн өгч захиалагч тухайн орон сууцнуудаа эзэмшиж, ашиглаж байгаа боловч иргэн Д.Г-ийн бартерт шилжүүлсэн автомашинуудыг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан иргэн С.Э нь манай компанид төлөх ёстой төлбөр мөнгийг нь өнөөдрийг хүртэл бүрэн төлөхгүй хохироосоор байна. Түүнчлэн иргэн С.Э нь түүний дүү Н.Т-ын худалдан авсан “ВМW 525” маркийн автомашины төлбөр болох 68,000,000 төгрөгийг авсан боловч мөн л компанид шилжүүлэлгүй хохироосоор байх тул уг автомашины төлбөрийг иргэн С.Э-гаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг авлага хаах, барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг болон  хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй иргэн Н.Т-т худалдсан “Би эм дабль ю 525” /BMW 525/ маркийн автомашины төлбөр болох 68,000,000 төгрөг, нийт 155,221,950 төгрөгийг иргэн С.Э-гаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1/ Ч.Б, Б.Б нарт төлсөн зээлийн төлбөрт 100,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хүрээнд гаргах хариу тайлбар: С.Э нь “О” ХХК-ийн ерөнхий захирал Д.Г нар нь эртний танилууд. С.Э нь тус нэхэмжлэгч компанийн санхүү эрхэлсэн захирлаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилд орохоосоо өмнө захирал Д.Г-ийн хүсэлтээр 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар “О” ХХК-д зээлж авч өгсөн. Барьцаанд Д.Г-ийн өмчлөлийн эд хөрөнгийг болгохын тулд С.Э-ийн нэр дээр шилжүүлсэн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байрны 48 тоотод байрлах, * талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо, *мянгат, * дүгээр байр, * тоот хаягт байрлах, * м2 талбайтай 2 өрөө орон сууцуудыг барьцаалж тус тус зээл авсан. Нэхэмжлэгч компанид уг 90,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд 90,000,000 төгрөгийг үндсэн зээл, хүү алдангийг “А” ХХК-д хугацаанд нь нэг ч удаа эргүүлэн төлж байгаагүй. Энэ үед “А” ХХК-иас авсан 90,000,000 төгрөгийн өрийг буцаан төлөх санхүүгийн боломжгүй болоод байна. Зээл хөөцөлдөж өгөөч гэсэн Д.Г-ийн гуйлтаар С.Э нь найз нөхөд, танил талаасаа мөнгө зээлж “А” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн 90,000,000 төгрөгийн өрийг төлсөн. Энэ үед Д.Г хэлэхдээ “маш их баярлалаа, хүмүүсээс зээлсэн мөнгийг чинь буцаан төлөхийн тулд наад барьцаа хөрөнгүүдээ барьцаалаад өөр хүмүүсээс зээл аваад хүмүүсийн өрийг төл” гэж хэлсэн. Ингээд С.Э 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б, Б нараас дээрх 2 өрөө, 2 ширхэг орон сууцыг зээлдэгч нарын нэр дээр шилжүүлээд 85,000,000 төрөг зээлсэн боловч С.Э-гийн дансанд 83,105,000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг С.Э өмнө авсан хувь хүмүүсийн зээлийг буцаан төлсөн. Үүнээс үзвэл 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн 101,000,000 төгрөгөөр хаасан. Гэтэл дараагийн Б, Б нараас 83,105,000 төгрөг орж ирсэн үүнээс С.Э нь өөрөөсөө 17,895,000 төгрөгийн хохирлоо иргэн Д.Гоос нэхэмжлэх эрхтэй харагдаж байна. “О” ХХК-ийн захирал Д.Г нь өөрийн хувийн өмч болох эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байрны 48 тоотод байрлах, * талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо, * мянгат, * дүгээр байр, *тоот хаягт байрлах, * талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө С.Э-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн баримтуудыг нь хуульд заагдсан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй, гарын үсэг зурагдаагүй, зарим гэрээний төгсгөл нь байхгүй, гарын үсэг хуурамчаар зурсан байж болзошгүй гэрээ, хэн хэзээ хичнээн төгрөгийг байгууллагын бэлэн мөнгөний баримтаар зарлага хийгдэж гардаж авсан ойлгомжгүй, байгууллагын бэлэн мөнгөний баримт болох нь тодорхой биш байна.

2/ “Н ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 62,078,669 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хүрээнд гаргах хариу тайлбар: 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Д.Г, С.Э, нар нь “Н” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, “Н” ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцжээ. Барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, * дүгээр байр, * тоот хаягт байршилтай, * талбайтай 2 өрөө, С.Э-гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ. Энэхүү гэрээ ХХ-ийн 34-37 дугаар тал байна. Мөн “Н” ХХК-ийн зээлийн дансны хуулга хэрэгт байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.Э-гийн ХХБ-ны most money дансаар 40,000,000 төгрөг орж ирсэн. С.Э нь өмнө нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны 5029878794 данснаас “О ХХК нь О.Энэрэлтэд төлөх ёстой зээлд 18,700,000 төгрөг, зээлийн хүүнд 1,307,095 төгрөг, нийт 20,007,095 төгрөг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20,007,095 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40,000,000 төгрөгөөс хасч тооцох ёстой. Учир нь С.Э нь “О” ХХК-ийн өмнөөс О.Энэрэлтэд 20,007,095 төгрөгийн зээл, зээлийн хүүг төлсөн. Үлдэх 19,992,905 төгрөгийг 400,000 төгрөгийг “Н ББСБ” ХХК-иас зээл олгосны шимтгэл 1 хувь гээд буцаан авсан. Зээл авахдаа холбоотойгоор нотариатад 50,000 төгрөг, барьцаа бүрдүүлэхэд 0.2 хувь үйлчилгээний хураамж барьцаа тус бүрт 10,000 төгрөг, нийт 90,000 төгрөг төлөгддөг. Энэ баримтууд үл хөдлөхөд материал хавсаргагдсан нөгөөтэйгүүр хууль, журамд зааснаар төлсөн. С.Э энэ төлбөрийг өөрийн сайн дураар хийгээгүй ажил албан тушаалын хувьд хийж гүйцэтгэж байсан. “О” ХХК нь “Н ББСБ” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг шаардаж байгаа бол зээлийн болон барьцааны гэрээгээр 2 үүрэг гүйцэтгэгч Д.Г, С.Э нар хамтран хариуцагч үүрэг гүйцэтгэхээр тохиролцжээ. “О” ХХК нь 62,078,669 төгрөгийн үүргийг хариуцагч этгээдийг ганцхан С.Эгаас шаардах эрхгүй гэж үзэж байна.

3/ 2019 оны 01 дүгээ сарын 23-ны өдрийн “Өглөг, авлага барагдуулах гэрээ”-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт 155,221,950 төгрөгийг иргэн С.Э-гаас нэхэмжилжээ. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Өглөг, авлага барагдуулах гэрээн”-ий 1.1 дэх хэсэгт ...165,485,250 төгрөгөөс үлдэгдэл 35,485,250 төгрөгийг, гэрээний 1.2 дахь хэсэгт ...355,263 000 төгрөгөөс үлдэгдэл 51,736,700 төгрөг, нийт 87,221,950 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна. Харин ВМW маркийн автомашиныг худалдан авсан Н.Т- нь 68,000,000 төгрөгийг “О” ХХК-д төлөхөөр тохирч талууд гарын үсэг зуржээ. Энэ үйл баримтаас дүгнэж үзвэл 68,000,000 төгрөгийг С.Эгаас нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй, Т-ын өмнөөс С.Э 68,000,000 хариуцан төлөх үүрэггүй байна. Dodge Ram 150 маркийн суудлын автомашиныг “О” ХХК нь нэхэмжлэлдээ дурдаад байгаа “...автомашины үнэд 50,000,000 төгрөг ...гээд байгаа боловч энэхүү автомашиныг “О” ХХК-ийн захирал Д.Г нь Т.Уыг явуулж 50,000,000 төгрөгийг ББСБ-аас зээлүүлж ажилчдын цалин, гүйцэтгэлийн мөнгийг төлж захиран зарцуулсан байна. Энэ талаар “О” ХХК-ийн 2018 оны Санхүүгийн тайланд тусгагдсан байдаг. Тус компанийн 2018 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй болно. “О” ХХК нь өөрийн Dodge Ram 150 маркийн суудлын автомашиныг өөрсдөө барьцаанд тавьж байсан тул иргэн С.Эд хамаарахгүй байна. Аudi А-5 маркийн суудлын автомашины хувьд “О” ХХК нь “О” ХХК-ийн захирал Т.Ут 100,000,000 төгрөг өглөгтэй байсан тул 50,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон. Энэ талаар нэхэмжлэгч ч миний хэлж байгааг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ ...Т.У-ын “О” ХХК-иас авах авлага болох 50,000,000 төгрөг тооцуулж” гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдсан байна. Иймд 50,000,000 төгрөгийг, мөн бэлнээр 30,000,000 төгрөг нийт 80,000,000 төгрөг төлсөн тул тооцоо дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, “О” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх 8-9/, Д.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 10/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 11/, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “О” ХХК-ийн захирлын А/20 дугаар С.Э-г “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хх 12/, С.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 13-16/, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “О” ХХК-ийн Б/45 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалын хуулбар /хх 17/, 2019 оны 3 дугаар сарын               04-ний өдрийн 209 дүгээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх 18/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 19-20/, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1327 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх 21/, “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлгийн хуулбар /хх 23/, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэхийн хуулбар /хх 24-25/, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлгийн хуулбар /хх 26/, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн мэдүүлэг /хх 27/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах тухай” гэрээний хуулбар /хх 28-29/, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх 30/, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх итгэмжлэлийн хуулбар /хх 31/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 32/, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээл, зээлийн хүүгийн тооцоо /хх 33/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбар /34-35/, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 104207639 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ний хуулбар /хх 36-37/, 2019 ны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх” тухай гэрээний хуулбар /хх 38/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2176 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх 39/, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Н” ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, зээлийн хуулганы хуулбар /хх 40-41/, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “О” ХХК-ийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан тоот, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Уулзалтын тэмдэглэл” /хх 43/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 50, 59, хх2-12/, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний хуулбар /хх 124-125/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ” /хх 126-127/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 52/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/шз2019/09706 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах тухай” захирамжийн хуулбар /хх 103/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/шш2020/01473 дугаар шийдвэрийн хуулбар /хх 104-107/, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ-2018/34 дугаар “Зээлийн гэрээ”-ний хуулбар, хавсралтын хуулбар /хх 212-217/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “А” ХХК-ийн 2018/100 дугаар “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан тоот /хх 218/, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар /хх 219/, Т.Уын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 220/, 2019 оны 02 дугаар сарын 19-ний “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ” /хх 221-222/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ”-ний хуулбар /хх 223-224/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/шз2019/12858 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн хуулбар /хх 225-226/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн С.Э-гийн хүсэлт /хх 227/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “О” ХХК-д холбогдох эрүүгийн 190901776 дугаартай хэргээс С.Э-гийн тайлбар, машин хүлээлцсэн тухай бичиг, 01/110 дугаартай албан бичгийн хуулбар /хх2 6-11/, Авто тээврийн үндэсний төвөөс  2015 онд үйлдвэрлэгдсэн, W арлын дугаартай, 1798сс хөдөлгүүртэй, хар өнгийн АUDI А5 маркийн суудлын автомашины хувийн хэрэг, **-** УНБ улсын дугаартай, I арлын дугаартай, хар саарал өнгийн DODGЕ RAM150 маркийн автомашины хувийн хэрэг, 2016 онд үйлдвэрлэгдсэн, W арлын дугаартай, 3982сс хөдөлгүүртэй, хар өнгийн “Mercedess benz G сlаss 500” маркын автомашины хувийн хэрэг /хх2 52-132/, Б.Б-тийг гэрчээр асуусан /2 хавтас, хх143-146/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00038 дугаар шийдвэр /хх2 152-154/, Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаар магадлал /хх2 155-159/.

 

6. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас “О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 203-206/, “А” ХХК-иас “А” ХХК болон С.Э нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 90,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээний хувийн хэрэг /2 хавтас, 16-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /хх 153-181/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 240 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хх 233-240/, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх 241-243/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулж С.Э-гийн өмнөөс Ч.Б, Б.Б нарт зээлийн төлбөрт төлсөн 100,000,000 төгрөг, “Н финанс корпораци ББСБ” ХХК-д зээлийн төлбөрт төлсөн 62,078,669 төгрөг, нийт 162,078,669  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулж гаргасан шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

1/ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг;

2/ Н.Т-т худалдсан “Би эм дабль ю 525” /ВМW 525/ маркийн автомашины үнэ болох 68,000,000 төгрөг гаргуулах.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Нэг. 100,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага:

1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...‘О’ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г нь барилгын төсөлд хөрөнгө оруулалт татах зорилгоор өөрийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Эд шилжүүлсэн. С.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Б, Б.Б нараас 85,000,000 төгрөгийн зээлийг авсан. Гэвч авсан зээлийг компанид хүлээлгэн өгөөгүй. Ийнхүү шилжүүлээгүй шалтгаанаа тэрээр ‘О’ ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг барагдуулсан гэдэг. Бид уг маргаантай асуудлыг зохицуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ‘Төлбөр тооцоо барагдуулах гэрээ’-г байгуулсан ба С.Э нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ч.Б, Б.Б нараас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхээ нотлох баримтуудыг гаргаж өгсний үндсэн дээр тооцоо нийлэхээр тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч баримт гаргаж өгөөгүй. Бид эдгээр орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд С.Эгийн өмнөөс зээлдэгч нарт үндсэн зээлийн төлбөрт  85,0000,000 төгрөг, хүүнд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг төлсөн. Иймд 100,000,000 төгрөгөө буцаан шаардана” гэж тайлбарласан.

 

2. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ” авагджээ. Уг гэрээг “О” ХХК болон С.Э нар байгуулсан бөгөөд талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ С.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Б, Ч.Б нараас нийт 83,105,000 төгрөгийг хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, үйлдвэрийн гудамж 52а байрны 48 тоот хаягт байршилтай, 54.07 м2 талбайтай орон сууц, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 24 байрны 59 тоот хаягт байршилтай, 30 м2 талбайтай орон сууцыг тус тус зээлдэгч Б.Б, Ч.Б нарын нэр дээр шилжүүлэн өгсөн ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг “О” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-иас зээлсэн 90,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулахад зарцуулсан мөнгөнд суутган тооцсон боловч С.Эгаас зээлийн хүүнд 15,340,000 төгрөгийг төлсөн гэх маргаантай харилцааг шийдвэрлэнэ.

2/ С.Э нь зээлийн мөнгийг “О” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-иас зээлсэн 90,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулахад зарцуулсан мөнгөнд суутган тооцсон гэх ба “О” ХХК-ийн зүгээс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-иас зээлсэн 90,000,000 төгрөгийн зээлийг төлөх зорилгоор С.Эд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус компанийн касснаас бэлнээр 32,800,000 төгрөгийг, 41,000,000 төгрөгийг тус тус гаргаж өгсөн. Уг мөнгөөр “А” ХХК-иас зээлсэн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан тул С.Э нь Б.Б, Ч.Б нараас авсан зээлийн мөнгийг хувьдаа зарцуулсан гэж маргаж буй болно.

3/ С.Э нь зээлдэгч Б.Б, Ч.Б нараас зээлсэн 83,105,000 төгрөгийн зээлийн хүүнд өөрийн 5029878704 дугаартай Хаан банкны данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 12,040,000 төгрөгийг, 452540980 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас 3,300,000 төгрөгийг, нийт 15,340,000 төгрөгийг Б.Б, Ч.Б нарт төлсөн нь тогтоогдож байна. 

4/ С.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “О” ХХК-ийн касснаас бэлнээр авсан нийт 73,800,000 төгрөгийн зарцуулалтыг нэгтгэж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор “О” ХХК-д гаргаж өгөх үүрэгтэй ба талууд С.Эгаас гаргасан баримтыг акт үйлдэж баталгаажуулна.

5/ С.Э нь “О” ХХК-ийн касснаас бэлнээр авсан мөнгөний зарцуулалтыг гаргаж өгснөөр талуудын хоорондын өглөг, авлагатай холбоотой харилцааг С.Эгийн Б.Б, Ч.Б нараас авсан зээлийн хүүнд төлсөн 15,340,000 төгрөгийг хасч тооцохоор талууд харилцан тохиролцов.

6/ Талууд өөрсдийн хооронд үүссэн өглөг, авлагын маргааныг шийдвэрлэж, тооцоо нийлэх замаар эвлэрэн хэлэлцэж буй тул С.Э нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б, Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авахаар зөвшөөрсөн болно.

 

3. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ”-гээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн “Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

4. “О” ХХК-ийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ч.Бы данс руу 66,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Бийн данс руу 19,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн орлогын баримтаар нотлогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч “...Ч.Б нараас зээлсэн мөнгөөр нэхэмжлэгч компанийн бусдад төлөх өрийг төлж барагдуулсан” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарласан боловч дурдсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нотолж чадаагүй. 

 

Тодруулбал, хариуцагч С.Э-г 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу “О” ХХК-тай тохирсон ёсоор мөнгөн хөрөнгийн зарцуулалтын талаар тооцоо нийлээгүй учир нэхэмжлэгчийн “...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ. 

 

5. Харин нэхэмжлэгчийн “...15,000,000 төгрөгийг кассаас бэлнээр авч 85,000,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн” гэх тайлбар нотлогдохгүй байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

 

Хоёр. 62,078,669 төгрөг гаргуулах тухай шаардлага:

 

1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...С.Э-гийн өмнөөс ‘Н финанс корпораци ББСБ’ ХХК-д зээлийн төлбөрт төлсөн 62,078,669 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг үндэслэн С.Э-гаас гаргуулна” гэж тайлбарласан.

 

2. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Н финанс корпораци ББСБ” ХХК болон С.Э, Д.Г нар №104207639 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Н финанс корпораци ББСБ” ХХК нь 40,000,000 төгрөгийг сарын 3.50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай С.Э, Д.Г нарт олгожээ. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож мөн өдрөө Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, 104207639 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна. 

 

3. Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “О” ХХК болон С.Э нарын хооронд хийгдсэн “Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай” бичгийн гэрээ авагджээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ С.Эгийн нэр дээр өмчлөлтэй, “Н ББСБ” барьцаанд бүртгэлтэй, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол /18082/, * байр, * тоот * м2 орон сууцыг жинхэнэ өмчлөгч болох “О” ХХК-д шилжүүлэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулна.

2/ “О” ХХК болон С.Э бидний зээлийн санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор үүссэн маргааны улмаас “Н ББСБ” ХХК-д төлбөл зохих зээлийн хугацаа хэтэрч, зээл үндсэн төлбөр болон зээлийн хүүг эргэн төлөхтэй холбоотой барьцааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх алдагдах эрсдэлд хүрээд байна. Иймд талуудын зээлийн санхүүжилтийн зарцуулалтын маргаанаас үл шалтгаалан “О” ХХК-ийн зүгээс орон сууцыг барьцаалан зээлсэн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээг байгуулагдсан өдрөөс хойш дуусгавар болгоно. С.Э нь орон сууцны өмчлөх эрхийг “О” ХХК-д болон тус компаниас бичгээр ирүүлсэн хүсэлт, албан бичгийн дагуу нэр бүхий этгээдэд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээнэ.

3/ Энэхүү гэрээ нь “Н ББСБ” ХХК-иас зээлсэн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүйгээр нэмэгдэж, компани болон С.Эд учирч болох эрсдэл, орон сууцны өмчлөх эрхийг алдах, эрсдлээс сэргийлэх зорилгоор хийгдсэн ба энэхүү гэрээ байгуулагдсан нь талуудын “Н ББСБ” ХХК-иас авсан зээлийн зарцуулалттай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээгүй болно.

4/ С.Э миний бие “О” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол /18082/, * байр, * тоот * м2 орон сууцыг бусдад өөрийн нэр дээр барьцаалан зээл авч, зээлийн мөнгийг “О” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 28-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Гэрээнд орон сууцыг 9,200,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч дүр үзүүлж, өмчлөх эрхийг С.Э миний нэр дээр шилжүүлэх зорилгоор гэрээ хийсэн тул бидний дунд ямар нэгэн мөнгөний өглөг авлагын харилцаа үүсээгүй болно. “О” ХХК орон сууцны жинхэнэ өмчлөгч бөгөөд С.Эгийн зүгээс тус орон сууцны өмчлөх холбоотойгоор ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй.

5/ Орон сууцыг “Н ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавьж, зээл авсан санхүүжилтийг С.Э миний бие “О” ХХК-ийн үйл ажиллагаанд  удирдлагаас өгсөн эрх, үүргийн дагуу зарцуулсан. С.Э миний бие зээлийн  санхүүжилтийн зардлын тооцоог гаргаж, “О” ХХК-тай тооцоо нийлснээр дуусгавар болгох ба зээлийн санхүүжилтийг компанид зарцуулагдаагүй хэмжээгээр хариуцлага хүлээхээ илэрхийлж байна гэжээ.

 

4. Дээр дурдсанчлан эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээгээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн  гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан. 

 

5. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Н финанс корпораци ББСБ” ХХК болон С.Э, Д.Г нарын хооронд байгуулагдсан №104207639 тоот зээлийн болон “Баталгаат ипотекийн гэрээ”, “Н финанс корпораци ББСБ” ХХК-ийн “О” ХХК-д хандаж гаргасан “...Манай байгууллагаас С.Э нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд тус зээлийн данс /104207639/ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг зээлийг ‘О’ төлж хаасан тул ямар нэг өр төлбөр тооцоогүй нь үнэн болно” гэсэн албан бичиг, 104207639 тоот дансыг “О” ХХК-иас нийт 62,078,669.16 төгрөгөөр төлж хаасан тухай зээлийн дансны хуулга зэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “О” ХХК болон С.Э нарын хооронд хийгдсэн “Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай” бичгийн гэрээнд “...орон сууцыг ‘Н ББСБ’ ХХК-д зээлийн барьцаанд тавьж, зээл авсан санхүүжилтийг С.Э миний бие ‘О’ ХХК-ийн үйл ажиллагаанд  удирдлагаас өгсөн эрх, үүргийн дагуу зарцуулсан. С.Э миний бие зээлийн  санхүүжилтийн зардлын тооцоог гаргаж, ‘О’ ХХК-тай тооцоо нийлснээр дуусгавар болгох ба зээлийн санхүүжилтийг компанид зарцуулагдаагүй хэмжээгээр хариуцлага хүлээхээ илэрхийлж байна” гэж тохирсонтой харьцуулан судлахад энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “...С.Э нь зээл авсан боловч уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан тооцоогоо ирүүлээгүй учир бид уг төлбөрийг шаардах эрхтэй” гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.  

 

Гурав. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг гаргуулах, Н.Т-т худалдсан “Би эм дабль ю 525” /ВМW 525/ маркийн автомашины үнэ болох 68,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагууд:  

 

1. Дээрх шаардлагуудын үндэслэлээ нэхэмжлэгч “...С.Э нь О” ХХК-ийн төлбөрт орж ирэх ёстой автомашинуудыг хууль бусаар, зөвшөөрөлгүй захиран зарцуулсан. Энэ байдлыг шийдвэрлэхээр талууд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан төлбөрийг шаардаж байна” гэсэн агуулгаар тайлбарласан.   

 

2. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-г  А тал буюу төлбөр төлөгч /үүрэг гүйцэтгэгч/ С.Э, Б тал буюу Т.У, В тал буюу төлбөр авагч “О” ХХК-иуд байгуулсан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/шш2020/00038 дугаар шийдвэр авагдсан ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэхүү шүүхийн шийдвэрээр дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

1/ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Г болон “О” ХХК-иуд “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “О” ХХК нь Д.Гт Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгөөс * талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, үүний хариуд буюу орон сууцны төлбөрт Д.Г нь **-** УНБ улсын дугаартай “Додж рам 1500” /Dodge ram 1500/ маркын автомашин, 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын суудлын автомашинуудыг “О” ХХК-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохирсон.

2/ Улмаар Д.Гийг орон сууцны төлбөрт **-** УНБ улсын дугаартай “Додж рам 1500” /Dodge ram 1500/ маркын автомашин, 2015 оны дугаар аваагүй гаалийн бичигтэй Ауди 5 /Audi 5/ маркын суудлын автомашинуудыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  “О” ХХК-д буюу Төслийн удирдлага, Санхүү эрхэлсэн захирлын ажлыг гүйцэтгэж байсан С.Эд хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн байна.

3/ Мөн “...Ауди 5 автомашин нь С.Эд байгаа, ...Додж рам 1500 маркын автомашиныг С.Э нь ...өөрийн охин Т.Гүн-Үйлсэд итгэмжлэл хийлгэн авч, улмаар уг автомашиныг Эм эл жи финанс ХХК-д шилжүүлсэн болох нь гэрч С.Эгийн мэдүүлгээр тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

 

4. Дээрх үйл баримтыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-ний 1.1-д “...үлдэгдэл 35,485,250 төгрөгийг компанид 2019 оны 4 дүгээр сарын 21-ний дотор шилжүүлнэ”, 1.2-т “...эцсийн үлдэгдэл төлбөр 51,736,700 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний дотор тус тус шилжүүлэхээр тохиролцов”, 1.2-т “...BMW машины хувьд үүрэг гүйцэтгэгч нь 68,000,000 төгрөгт тооцуулан бартерт шилжүүлсэн гэх бөгөөд төлбөр нь орж ирэнгүүт төлбөр авагчийн дансанд 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор шилжүүлнэ” гэж заасантай, мөн “Авто тээврийн үндэсний төв”-өөс ирүүлсэн автомашинуудын эзэмшигч, шилжилт хөдөлгөөний лавлагаатай харьцуулан судлахад нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хангагдах үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсанчлан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ”-г А тал буюу төлбөр төлөгч /үүрэг гүйцэтгэгч/ С.Э, Б тал буюу Т.У, В тал буюу төлбөр авагч “О” ХХК-иуд байгуулсан. Уг гэрээг байгуулсан буюу гурвалсан гэрээний талуудын хүлээх үүрэг, тохирсон зүйлс ондоо, нэршил өөр /А тал буюу төлбөр төлөгч /үүрэг гүйцэтгэгч/ С.Э, Б тал буюу Т.У, В тал буюу төлбөр авагч “О” ХХК-иуд байгуулсан/ байх тул хариуцагчийн “...гэрээний нэг тал болох Ут өгсөн хувьцааны төлбөрт нь шингээд өр төлбөр дууссан” гэх татгалзал үндэслэлгүй. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,902,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 1,669,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Э-гаас 302,300,619 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт  1,902,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-гаас 1,669,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ