Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01425

 

 

 

 

 

 

2022 08 01 210/МА2022/01425

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01230 дугаар шийдвэртэй, О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-д холбогдуулан гаргасан иргэн Ч.Б , Б.Б нарт зээлийн төлбөрт төлсөн 85,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, Н ХХК -д зээлийн төлбөрт төлсөн 62,078,669 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөг, авлага хаах, барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг, Н.Т-т худалдсан Би эм дабль ю 525 /BMW 525/ маркийн автомашины үнэ болох 68,000,000 төгрөг, нийт 317,300,619 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: О ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах хай апартмент орон сууцны барилгын ажлыг 2016 оноос эхлэн барьж гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Уг барилгын ажлын явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг санхүү бүртгэл эрхэлсэн захирлын албан тушаалд томилсон бөгөөд ажил олгогчоос олгосон эрх хэмжээний хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх ёстой атал өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж, харилцагч иргэн, хуулийн этгээдүүдтэй дараах гэрээ хэлцлийг байгуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. О ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г нь хай апартмент барилгын төсөлд хөрөнгө оруулалт татах зорилгоор өөрийн өмчлөлийн 48 тоот болон 59 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Э-д шилжүүлсэн. Уг эд хөрөнгүүдийг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Б , Б.Б нараас 85,000,000 төгрөгийн зээлийг авч, зээлийн үүргийн гүйцэтгэлд эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа барьцааны гэрээ байгуулаагүйгээр өмчлөх эрхийг иргэн Ч.Б , Б.Б нарын нэр дээр шилжүүлсэн байдаг бөгөөд авсан зээлийн мөнгөн хөрөнгийг компанид хүлээлгэн өгөөгүй. Ийнхүү шилжүүлээгүй шалтгаанаа тэрээр О ХХК-ийн А ХХК -д төлөх ёстой төлбөрийг барагдуулсан гэж тайлбарладаг. Гэвч тус ББСБ-д төлөх төлбөрийг О ХХК нь С.Э-д 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдоно. Улмаар бид дээрх маргаантай асуудлыг зохицуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан ба С.Э нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Ч.Б , Б.Б нараас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхээ нотлох баримтуудыг гаргаж өгсний үндсэн дээр тооцоо нийлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч баримт гаргаж өгөөгүй, зугтаасаар байгаа нь уг мөнгийг хувьдаа зарцуулсан болохыг давхар нотолж байна. Иймээс бид эдгээр орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд С.Э гийн өмнөөс зээлдэгч нарт үндсэн зээлийн төлбөрт төлсөн 85,0000,000 төгрөг, хүүд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг С.Э гаас гаргуулна.

О ХХК нь төсөлд хөрөнгө оруулалт татах зорилгоор өөрийн өмчлөлийн 28 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Э-д шилжүүлсэн. Тэрээр уг орон сууцыг барьцаалж, Н ХХК -аас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийг зээлж авсан боловч компанид тушаалгүйгээр хувьдаа захиран зарцуулсан. Дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд Н ХХК -д үндсэн зээлийн төлбөрт 40,000,000 төгрөг, хүүд 22,078,669 төгрөг, нийт 62,078,669 төгрөгийг төлж барьцаанаас чөлөөлүүлсэн ба С.Э нь энэхүү өр төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч барагдуулаагүй. Иймд О ХХК-ийн С.Э гаас 62,078,669 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631, 01/062 тоот гэрээгээр Додж рам 150 болон Мерседес бенз жи класс 500 маркийн автомашиныг тооцуулахаар тус тус харилцан тохиролцсон. Дээрх орон сууцнуудыг иргэн Д.Г-т хүлээлгэн өгч, уг автомашинуудыг С.Э хүлээн авч, Д.Г ийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байсан тул төлбөр мөнгийг төлөхийг удаа дараа шаардахад дур мэдэн захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулж төлөх хүсэлтийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631 тоот гэрээний үнийн төлбөрөөс 30,000,000 төгрөг, 01/632 тоот гэрээний үнийн төлбөрөөс 120,000,000 төгрөгийг төлж, 2018 оны 01 дүгэээр сарын 23-ны өдөр өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ байгуулж, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд иргэн Д.Г-таэй й байгуулсан захиалгын гэрээнүүдийг цуцалж, гарсан хохирлыг С.Э гаар нөхөн төлүүлэхээр гэрээнд тусгасан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээг цуцлах болсноо мэдэгдэхэд С.Э нь 2019 оны 03 дугаар 25-ны өдөр төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлж дахин өглөг, авлага хаах, барагдуулах гэрээг байгуулж, төлөгдсөн төлбөрийг тооцож 35.485.250 төгрөг, 51,736,700 төгрөг нийт хоёр гэрээний үлдэгдэл 87,221,950 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн. Гэрээний хугацаа дуусахад нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөг, авлага хаах, барагдуулах гэрээний 2.2.1, 2.2.3-т зааснаар иргэн Д.Г-таэй й байгуулсан гэрээг цуцлах болсноо мэдэгдэхэд захиалагчийн зүгээс О ХХК -д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно. Ийнхүү захиалагчтай байгуулсан гэрээний дагуу нэр бүхий 2 ширхэг орон сууц хүлээлгэн өгсөн боловч иргэн Д.Г-гийн бартерт шилжүүлсэн автомашинуудыг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан С.Э нь манай компанид төлөх ёстой төлбөр мөнгийг төлөөгүй байна. Түүнчлэн, С.Э гийн дүү Н.Т-ын худалдан авсан ВМW 525 маркийн автомашины төлбөр болох 68,000,000 төгрөгийг авсан боловч мөн л компанид төлөөгүй байна. Иймд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөг авлага хаах, барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг болон хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй иргэн Н.Т-т худалдсан автомашины төлбөр болох 68,000,000 төгрөг, нийт 155,221,950 төгрөгийг иргэн С.Э гаас гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Э , Д.Г нар танилууд бөгөөд ажилд орохоосоо өмнө захирал Д.Г ийн хүсэлтээр 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А ХХК -тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл авч өгсөн. Уг зээлийг авахын тулд 48 тоот болон 59 тоот орон сууцыг С.Э-гийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч компанид уг 90,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй. Энэ үед зээл төлөх санхүүгийн боломжгүй болоод байна. Зээл хөөцөлдөж өгөөч гэсэн Д.Г ийн гуйлтаар С.Э нь найз нөхөд, танил талаасаа мөнгө зээлж 90,000,000 төгрөгийн өрийг төлсөн. Тухайн үед Д.Г зээлсэн мөнгийг төлөхийн тулд барьцаа хөрөнгийг барьцаалж зээл аваад хүмүүсийн өрийг төл гэж хэлсэн. Ингээд С.Э 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б , Ч.Б нараас дээрх 2 ширхэг орон сууцыг зээлдэгч нарын нэр дээр шилжүүлээд 85,000,000 төрөг зээлсэн боловч С.Э гийн дансанд 83,105,000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөөр С.Э өмнө авсан хувь хүмүүсийн зээлийг буцаан төлсөн. Үүнээс үзвэл 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 101,000,000 төгрөгөөр хаасан. Гэтэл дараагийн Б.Б , Ч.Б нараас 83,105,000 төгрөг орж ирсэн үүнээс С.Э нь өөрөөсөө 17,895,000 төгрөгийн хохирлоо иргэн Д.Г оос нэхэмжлэх эрхтэй байна. О ХХК-ийн захирал Д.Г нь өөрийн хувийн өмч болох 48 тоот болон 59 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө С.Э-д шилжүүлсэн байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Г , С.Э нар нь Н ХХК -тай зээлийн гэрээ байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцож, С.Э гийн өмчлөлийн 28 тоот орон сууцыг барьцаалсан. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр С.Э гийн Худалдаа хөгжлийн банкны most money дансаар 40,000,000 төгрөг орж ирсэн. С.Э нь өмнө нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны 5029878794 данснаас О ХХК нь О.Э-д эд төлөх ёстой зээлд нийт 20,007,095 төгрөг төлсөн. Уг мөнгийг 40,000,000 төгрөгөөс хасч тооцох ёстой. Учир нь С.Э нь О ХХК-ийн өмнөөс О.Э-д эд 20,007,095 төгрөгийн зээл, зээлийн хүүг төлсөн. Үлдэх 19,992,905 төгрөгийг 400,000 төгрөгийг Н ХХК -аас зээл олгосны шимтгэл 1 хувь гээд буцаан авсан. Зээл авахдаа холбоотойгоор нотариатад 50,000 төгрөг, барьцаа бүрдүүлэхэд 0.2 хувь үйлчилгээний хураамж барьцаа тус бүрт 10,000 төгрөг, нийт 90,000 төгрөг төлөгддөг. С.Э энэ төлбөрийг өөрийн сайн дураар хийгээгүй ажил албан тушаалын хувьд хийж гүйцэтгэж байсан. О ХХК нь Н ХХК -ийн зээлийн өр төлбөрийг шаардаж байгаа бол зээлийн болон барьцааны гэрээгээр 2 үүрэг гүйцэтгэгч Д.Г , С.Э нар хамтран хариуцагч үүрэг гүйцэтгэхээр тохиролцжээ. Иймд хамтран хариуцагчаар Д.Г ийг татах ёстой. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өглөг, авлага барагдуулах гэрээний дагуу нийт 87,221,950 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Харин BMW маркийн автомашиныг худалдан авсан Н.Т- нь 68,000,000 төгрөгийг О ХХК -д төлөхөөр тохирч талууд гарын үсэг зуржээ. Энэ үйл баримтаас дүгнэж үзвэл 68,000,000 төгрөгийг Н.Т-ын өмнөөс С.Э хариуцан төлөх үүрэггүй. Нэхэмжлэлд ...автомашины үнэд 50,000,000 төгрөг... гээд байгаа боловч энэхүү автомашиныг Д.Г нь Т.У-ыг ыг явуулж 50,000,000 төгрөгийг ББСБ-аас зээлүүлж ажилчдын цалинг төлж захиран зарцуулсан. Энэ талаар 2018 оны санхүүгийн тайланд тусгагдсан. О ХХК нь өөрийн Dodge Ram 150 маркийн суудлын автомашиныг өөрсдөө барьцаанд тавьж байсан тул С.Э-д хамааралгүй. Audi А-5 маркийн суудлын автомашины хувьд О ХХК нь Орчлон лов лайт ХХК-ийн захирал Т.У-ыг т 100,000,000 төгрөгийн өглөгтэй байсан тул 50,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон. Энэ талаар нэхэмжлэгч миний хэлж байгааг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан. 50,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг төлсөн тул тооцоо дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Э гаас 302,300,619 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,902,445 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Э гаас 1,669,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: С.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ч.Б , Б.Бат- Өршөөл нараас авсан 85,000,000 төгрөгийн зээлийг авсан боловч зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй ба барьцаалсан орон сууцыг Ч.Б , Б.Б нарт тус тус шилжүүлэн өгсөн. Уг зээлээс 15,340,000 төгрөгийг С.Э буцаан төлсөн. Ч.Б , Б.Б нарт 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус байсныг мэдээд С.Э нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Б .Б.Б нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэж, хүчин төгөлдөр бус хэлцэлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэг маргаанд иргэн Д.Г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо С.Э нь Ч.Б , Б.Б нарт 15,340,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрсөн. 73,800,000 төгрөгийн зарцуулалтыг нэгтгэж 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор О ХХК -д хүлээлгэн өгөх үүрэгтэй гэсэн гэрээ байгуулсан. С.Э нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК -аас авсан 90,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгч О ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тус компанийн данснаас бэлнээр гарсан 32,800,000 төгрөг, 41,000,000 төгрөгийг С.Э-д өгсөн гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зүгээс шүүхэд дээрх мөнгийг бэлнээр өгсөн талаарх санхүүгийн баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч санхүүгийн баримт байхгүй гэж тайлбарладаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ О ХХК-ийн захирал гэх утгаар төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ гэх бичгийг үйлдэж үүнийг нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь хууль бус юм. О ХХК-ийн захирал Д.Г нь өөрийн хувийн өмч хөрөнгөө барьцаалж аж ахуйн үйл ажиллагаанд буюу өөрийн компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилгоор С.Э-д дүр үзүүлж иргэд хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гэрээ байгуулж, улмаар С.Э гаар ББСБ болон хувь хүмүүсээс зээл авахуулдаг байсан. Хэргийг шийдвэрлэхдээ иргэн Д.Г нь өөрийн хувийн өмчийг О ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар тохиролцсон эсхүл ямар нэг байдлаар иргэн Д.Г ийн хөрөнгийн эрхэнд хохирол учирвал О ХХК нь хариуцлага хүлээж өрийг төлөх талаар тохирсон талаар баримт хэрэгт байхгүй. О ХХК нь яагаад хувьцаа эзэмшигч иргэн Д.Г ийн хувийн өмч болох 48 тоот болон 59 тоот орон сууцыг Ч.Б , Б.Б нараас буцаан авахын тулд С.Э гийн нэхэмжлэлийг татан авахуулсан зэрэг үйл баримтууд мөн О ХХК нь 85,000,000 төгрөг төлсөн гэх боловч санхүүгийн баримтууд нь илт алдаатай нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа. Мөн Д.Г .С.Э нар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийн зээл авахдаа 28 тоот орон сууцыг барьцаалсан. Энэхүү зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой өр төлбөрийг О ХХК төлсөн ба энэхүү харилцааг зохицуулахдаа мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай бичгийн гэрээг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон. Д.Г нь өөрийн хувийн өмч хөрөнгийг С.Э-д шилжүүлж, зээл авахуулан дараа нь О ХХК нь С.Э гийн өр төлбөрийг төлсөн гэсэн нь үндэслэлгүй. Өглөг, авлага барагдуулах гэрээг С.Э , Т.У-ыг , Д.Г нар байгуулсан. Хэргийн оролцогч биш Л ХХК -ийн захирал Т.У-ыг нь 2019 оны 03 дугаар сарын 25 өдрийн гэрээний В тал болж гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж Л ХХК -ийн захирал Т.У-ыг , иргэн Д.Г нар гэрээ байгуулж 1,595,589,000 төгрөгийн үнэ бүхий 49 хувийн энгийн хувьцааг Д.Г т шилжүүлсэн. Дээр дурдсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөг, авлага барагдуулах тухай гэрээ, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээнүүд нь бодит байдалд хэрэгжсэн ба 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийг нэхэмжлэгч зөвхөн С.Э гаас биш хамтран үүрэг гүйцэтгэгч Т.У-ыг буюу Л ХХК нарийг хамтран хариуцагчаар татаж хэргийг шийдэвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой байсан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр С.Э , Т.У-ыг нар нь үүрэг гүйцэтгэхээр О ХХК-ийн өмнө хүлээжээ. Үүрэг гүйцэтгэх 2 этгээд байсаар байтал С.Э гаас 87,221,950 төгрөг, мөн Н.Т-ын 68,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ үүргийн гүйцэтгэлийг Т.У-ыг ын өмчлөлийн Лов лайт ландХХК-ийн 49 хувь хувьцааг О ХХК-ийн захирал Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. О ХХК нь С.Э гаас 87,221,950 төгрөг, автомашины үнэд 68,000,000 төгрөг нэхэмжилсэн мөнгөн дүнгүүд нь Л ХХК -ийн 49 хувийн хувьцааг шилжүүлж авсан. Мөн Т.У-ыг , С.Э нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь төлбөр төлвөл хувьцааг буцаан Т.У-ыг т шилжүүлэхээр гэрээ байгуулсан тул С.Э нь төлөх төлбөргүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон учир хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэхдээ А ХХК болон Ч.Б , Б.Б нараас авсан зээлийн харилцааг О ХХК болон С.Э нар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах гэрээ-гээр дүгнэсэн байдаг. Уг гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дэх хэсэг, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ. Энэ гэрээний дагуу С.Э нь О ХХК -д төлөх төлбөрөө төлөөгүй. Өр төлбөр төлсөн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нотолж чадаагүй. Иймд С.Э гаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэж байгаа төлбөрийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Н ХХК -тай холбоотой өр төлбөр нь Л ХХК -тай хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтуудыг дүгнэхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээгээр харилцан тохиролцсон. Уг гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн өр төлбөрүүдийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу О ХХК С.Э гаас шаардах эрх нь үүссэн байна. Үүнийг дагуу С.Э гаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн үндэслэлтэй. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд Т.У-ыг гарын зурсан талаар уг гэрээний 1.1-д Т.У-ыг т төлбөр авагчаас өгөх өглөг буюу 50,000,000 төгрөгийг тус байранд үнэнд тооцуулан. Т.У-ыг т өгөх өглөгийг хааж, төлбөрөөс 130,000,000 төгрөгийг хөлсөнд тооцсон. Т.У-ыг ын 50,000,000 төгрөгөөс чөлөөлж байгаа өглөгийн талаар орсон учир Т.У-ыг гарын үсэг зурсан. 2 дугаар хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.У-ыг , С.Э нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай, 15 зогсоолын төлбөрийг тооцуулан энэ компанийн хувьцааг шилжүүлж авсан гэдгийг мэдүүлсэн. Харин хариуцагчийн гомдолд дурдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөг авлага барагдуулах гэрээнд энэ талаар зохицуулалт ороогүй байхад Л ХХК -ийн хувьцаагаар дарагдсан өр гэж маргадаг. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн н.Ганчимэгтэй холбоотой 3 автомашины асуудлыг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тухайн автомашинуудыг О ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал С.Э хүлээж авсан байгаа нь О ХХК хүлээн авсан гэсэн үг. Тийм учраас О ХХК , н.Ганчимэг нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу 2 орон сууцыг О ХХК -аас гаргуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн хүрээнд тухайн н.Ганчимэгээс авсан 3 автомашин О ХХК-ийн эзэмшилд шилжсэн юм уу гэдэг ажиллагааг анхан шатны шүүхэд хийлгэсэн. С.Э гийн охин н.Гүн-Үйлс гэх хүний нэр дээр шилжин цааш өөр хүмүүс зарагдсан тухай нотлох баримтууд авагдсан. О ХХК автомашин аваагүй. Харин 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр машинуудаас хэд хэдэн төгрөгийн өглөг, авлагыг тооцсон байгаа нь тодорхой харагдана. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг үндэслэн О ХХК С.Э гаас шаардах боломжтой. Мөн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан иргэн Ч.Б , Б.Б нарт зээлийн төлбөрт төлсөн 85,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, Н ХХК -д зээлийн төлбөрт төлсөн 62,078,669 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөг, авлага хаах, барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 87,221,950 төгрөг, Н.Т-т худалдсан BMW-525 маркийн автомашины үнэ болох 68,000,000 төгрөг, нийт 317,300,619 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Эхний шаардлагын хувьд.

3.а. Нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Э-д шилжүүлэн зээл авахуулсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг компанид шилжүүлээгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийн тулд зээл, хүүгийн хамт төлсөн мөнгөө гаргуулна гэж, хариуцагч нь тайлбар татгалзлаа ...О ХХК-ийн бусдаас авсан зээлийн өр төлбөрийг төлсөн болохоос өөртөө авч захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргажээ.

3.б. Нэхэмжлэгч О ХХК нь бусдаас зээл авах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс /16030/, үйлдвэрийн гудамж 52а байрны 48 тоот хаягт байршилтай, 54.07 м.кв талбайтай орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат, 24 дүгээр байрны 59 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч С.Э-д тус тус шилжүүлсэн байх бөгөөд тэрээр уг хөрөнгийг барьцаалан иргэн Б.Б , Ч.Б нараас 83,105,000 төгрөгийг хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,340,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Зохигчид дээрх хөрөнгийг барьцаалж зээл авсан үйл баримтын талаар маргаагүй, харин уг мөнгөн хөрөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар маргасан байна.

3.в. О ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч С.Э-тай төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр С.Э нь иргэн Б.Б , Ч.Б нарын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн тэдгээрийг С.Э барьцаалан 83,105,000 төгрөгийг хүүтэй зээлж, зээлийн мөнгөн хөрөнгөөр Ачит капитал финанс корпораци ББСБ ХХК-аас зээлсэн 90,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 15,340,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцох, талууд тооцоо нийлэх замаар эвлэрэн хэлэлцэж С.Э нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б , Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авахаар харилцан тохиролцжээ. /хх28-29/

Дээрх гэрээ нь зохигчид харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.г. Нэхэмжлэгч О ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр хариуцагч С.Э гийн өмнөөс иргэн Ч.Б д 66,000,000 төгрөг, Б.Б д 19,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкин дахь дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-23/

Хариуцагч С.Э нь ...иргэн Ч.Б , Б.Б нараас зээлж авсан мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгч компанийн Ачит капитал финанс корпораци ББСБ ХХК-аас зээлсэн 90,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан, 15,000,000 төгрөгийг бэлнээр касснаас авч зээлийн хүүд төлсөн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй.

3.д. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хариуцагч Д.Э-гийн бусдад төлөх төлбөрийг О ХХК өмнөөс төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 85,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4. Хоёр дахь шаардлагын хувьд.

4.а. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н ХХК нь С.Э-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 40,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж авч, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХД44 байрны 28 тоот хаягт байршилтай, 61.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн гэрээтэй холбоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч С.Э-тай орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээгээр маргаан бүхий орон сууцыг О ХХК -д шилжүүлэн өгөх, зээлийн санхүүжилтийн зардлын тооцоо нийлснээр уг харилцаа дуусгавар болохоор харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

4.б. Хариуцагч С.Э гийн Н ХХК -аас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг О ХХК-ийн үйл ажиллагаанд удирдлагаас өгсөн эрх, үүргийн дагуу зарцуулсан, уг зээлийн санхүүжилтийн тооцоог гаргаж О ХХК -тай тооцоо нийлсэнээр хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Үүнээс үзвэл С.Э гийн Н ХХК -аас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс О ХХК нь түүний өмнөөс зээлийн өр төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496 1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Уг зээлийг О ХХК-ийн захирал Д.Г той хамтран авсан тул мөн хариуцуулна гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч О ХХК нь 62,078,669 төгрөгийг хариуцагч С.Э гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон талуудын тохиролцоонд нийцжээ.

5. Гурав дахь шаардлагын тухайд.

5.а. Д.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О ХХК -д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол/13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8а байр, 91 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Г-т шилжүүлэн өгч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч О ХХК -д даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. /хх152-154, 155-159/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус компанийн бусдаас буюу Д.Ганчимэгээс бартераар авах автомашинуудыг Д.Энхтуяа нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж захиран зарцуулсан байх тул автомашины үнэ болон гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулна гэж шаардлагаа тайлбарласан.

5.б. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Өглөг, авлага хаах, барагдуулах тухай зээлийн гэрээгээр О ХХК , иргэн Д.Г нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/631, 01/632 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 8А байрны 91 тоот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8Б байрны 53 тоот орон сууцны төлбөрт иргэн Ц.Зоригтбаатарын эзэмшлийн Audi-A5, DODGE RAM-150, Mercedess benz G-class-500 маркийн автомашинуудыг тооцуулан авах, талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлжээ. /1хх126-127/

Уг гэрээнд иргэн Т.У-ыг нь DODGE RAM 150 маркийн автомашины үнэ 50,000,000 төгрөгийг төлбөрт тооцон авах үүрэг гүйцэтгүүлэгчээр оролцсон байх ба ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээгээгүй байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах блоомжгүй байна.

Мөн анхан шатны шүүх дээрх гэрээний 1.2-т заасан үүрэг гүйцэтгэгч нь BMW-525 маркийн автомашиныг 68,000,000 төгрөгт тооцон бартераар шилжүүлсэн үйл баримтад зөв дүгнэлт хийж, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

6. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан. Иймд анхан шатны шүүх хэрэгт өр төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэж хариуцагч С.Э гаас 302,300,619 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч С.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөн тул нэхэмжлэгч О ХХК нь өмнөөс төлсөн өрийг буцаан шаардах шаардах эрхтэй.

Хариуцагч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/01230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,669,453 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН