Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01311

 

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/01311

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43А байранд оршин байх З сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

 

Хариуцагч: Б-н Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: 634,441 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б

хариуцагч Б.Д

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.Д-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч З СӨХ-ны зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: З СӨХ нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутагт байрлах 43, 43а байруудыг хариуцан ажилладаг. Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43а байрны 13 тоот хаягт оршин суух, тус байрны өмчлөгч Б.Даваадорж нь 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр нийт 634,441 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд уг мөнгийг тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. Миний бие 2019 оны 02 дугаар сард СӨХ-ны даргаар томилогдсон. Тэр үедээ СӨХ-ны төлбөрийг 5,000 төгрөгөөр бууруулсан. Мөн манай СӨХ-д хамаарах гаражийн төлбөрийг би 4,000 төгрөгөөр бууруулсан, нийтдээ би нэг айлын СӨХ-ны төлбөрийг 9,000 төгрөгөөр бууруулсан байдаг.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: З СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Манай гэр бүлийн хувьд 2021 оны 01 дүгээр сарыг дуустал нэхэмжлэгч З СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь сар бүр төлж ирсэн. 2020 оны 12 дугаар сард засгийн газраас айл өрх, зарим аж ахуи нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2020 оны 12 дугаар сар ба 2021 оны 01 дүгээр сарын СӨХ-ны төлбөрийг төлөхөд ямар нэгэн хөнгөлөлт оруулаагүй, төлбөр яг хэвээрээ байсан. Бид төлбөрөө төлчхөөд төлбөр яагаад буурахгүй байгаа тлаар СӨХ-ны удирдлага болон нягтланд хэлэхэд хөнгөлөхгүй гэсэн тайлбар өгч, эргэн ямар арга хэмжээ авсан талаараа нэг ч мэдэгдээгүй. Эхнэр бид хоёр бусад аж ахуй нэгж байгууллага цахилгаан дулаан хөнгөлөлт эдэлж байгаа эсэх талаар лавлахад эдэлж байгаа гэсэн. Ингээд бид илүү төлбөр нэхэмжилж байна гэж үзээд СӨХ-ны эн талаар албан тайлбар өгтөл төлөхгүй төлөхгүй байхаар шийдсэн. Төлбөр яагаад төлөхгүй байгаа талаар СӨХ-өөс асууж лавлахгүй байсан тул Фэйсбүүк-ээр байрны оршин суугчдын групп-д пост оруулж мэдэгдсэн. Төлбөрийг бөөн дүнгээр нэхэмжилсэн цаас хаалган дээр наасан байдаг байсан. Төлбөрийн задаргаа авъя гэхээр гаргаж өгдөггүй. Хэрвээ буурсан байвал төлье гэж бодож байсан. Шүүхийн нэхэмжлэх хүлээн аваад СӨХ-оос задаргаа авмаар байна гэхэд өгөөгүй тул Төрийн банк ХХК-ийн гялс банк үйлчилгээ нээлгэж төлбөрийн задаргаагаа авч харлаа. Гэвч байрны СӨХ-ны төлбөр буурсан боловч гараашны төлбөр хангалттай буураагүй байна. Манайх хоёр гарааш эзэмшдэг. 2021 оны 2, 3, 4, 5 саруудад 1 гараашд 16,400 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар 11,500 төгрөг нэхэмжилсэн байна. 1 гараашны зуны СӨХ-ны тариф 10,000 төгрөг байдаг. Цахилгаан дулаан засгийн газраас хөнгөлсөн үед зуны тарифаас их төлбөр нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Учир нь өвлийн тариф халаалтын зардлаар өсдөг, зуны грашны тарифт цахилгааны төлбөр багтсан байгаа, гэтэл цахилгааныг хөнгөлсөн тул зуны тариф 10,000 төгрөгөөс ч баг төлбөр эдгээр саруудад гарах ёстой. Төлбөрийг зохих тарифаар нэхэмжилбэл бид төлөхөд бэлэн байна. Ер нь гараашны СӨХ-ны төлбөр юунд зарцуулагддаг талаар тайлан тавьдаггүй. Засвар үйлчилгээ хийгддэггүй. 3 жилд нэг удаа гараашны хаалга гацах асуудал гарахад засуулах төлбөрийг нь 2020 оны 9 дүгээр сарын СӨХ-ны мөнгөн дээр нэмж оруулж авсан байсан. СӨХ-ны засварын зардлын хуримтлалтай байх ёстой. Гадаа хогийг ачих гэж уддаг, хогон овоо үүсдэг, байрны коридорын ханыг будгаар нөхөөс тавьж, өөр өнгөтэй алаг эрээн болгож байрны үзэмжийг гутаадаг гэх мэт СӨХ-ны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг. Миний хувьд нэхэмжилж байгаа мөнгөнийхөө задаргааг танилцуулаач гэдэг шаардлагыг тавьсан боловч танилцуулаагүй. Дээрээс нь засвар үйлчилгээний мөнгө гэж шаардаж байгаа хирнээ граж нь эвдэрсэн тохиолдолд засварын мөнгөө өөрсдөө гаргана гэж мөнгө шаардсан. Энэ мэтчилэн миний тооцоогоор илүү төлөлт хийсэн байж магадгүй учраас нэхэмжлэгчтэй данс тооцоогоо нийлээд төлбөрийн үлдэгдлээ шалгаад төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэвч одоо тайлан тооцоогоо задаргаатай нь танилцуулахгүй байгаа болохоос төлбөрийг нь төлөхгүй гэж байгаа гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: З СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 3/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар З СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын С.Б-ыг захирлын ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх 4/, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэх /хх 5-6/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Төлбөрийн задаргааны хуулбар /хх 13-14/, гэрэл зургууд /хх 15-20/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З СӨХ нь хариуцагч Б.Д-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 634,441 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...СӨХ нь хангалттай сайн үйл ажиллагаа явуулдаггүй, төлбөрийн задаргааг танилцуулдаггүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

3. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

4. Хариуцагч Б.Д нь Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Хасбаатарын гудамж, * дугаар байрны * тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь З СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №247 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь З СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 634,441 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 634,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ-нд олгоно.

5. Хариуцагч Б.Д нь СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байгаа бол тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх нь нээлттэйг дурдав.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос 19,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З СӨХ-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Д-оос 634,441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос 19,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.