Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01163

 

 

З- сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01311 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Б.Д-ид холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 634,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: З- сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43А байруудыг хариуцан ажилладаг. 43А байрны 13 тоот хаягт оршин суух, тус байрны өмчлөгч Б.Д- нь 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр болох 634,441 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай гэр бүлийн хувьд 2021 оны 01 дүгээр сарыг дуустал нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг тухайд нь сар бүр төлж ирсэн. 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2020 оны 12 сар болон 2021 оны 01 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөд ямар нэгэн хөнгөлөлт оруулаагүй, төлбөр яг хэвээрээ байсан. Бид төлбөрөө төлчихөөд төлбөр яагаад буурахгүй байгаа талаар сууц өмчлөгчдийн холбооны удирдлага болон нягтланд хэлэхэд хөнгөлөхгүй гэсэн тайлбар өгч, эргэн ямар арга хэмжээ авсан талаараа нэг ч мэдэгдээгүй. Фэйсбүүкээр байрны оршин суугчдын группд пост оруулж мэдэгдсэн. Манайх хоёр гарааш эзэмшдэг. 2021 оны 02, 03, 04, 05 саруудад 1 гараашд 16,400 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12 сар 11,500 төгрөг нэхэмжилсэн байна. 1 гараашны зуны тариф 10,000 төгрөг байдаг. Төлбөрийг зохих тарифаар нэхэмжилбэл төлөхөд бэлэн. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр юунд зарцуулагддаг талаар тайлан тавьдаггүй. Засвар үйлчилгээ хийгддэггүй. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг. Тайлан тооцоогоо задаргаатай нь танилцуулахгүй байгаа тул төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Д-оос 634,441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос 19,683 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбоонд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, мөн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч Б.Д- нь 43А байрны 13 тоотод оршин суудаг эсэх тал дээр маргаагүй болохоос биш уг байрны өмчлөгч мөн эсэх тал дээр огт тайлбар өгөөгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл уг байрны өмчлөгч нь хэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэлгүй, мөн шүүх уг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг шаардалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

4.б.Хариуцагч тал сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг яагаад төлөхгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарласан байхад шүүх нэг талыг баримталсан, төлөөгүй талаараа маргаагүй учраас шаардах эрхтэй гэж үндэслэлээ болгож буй нь үндэслэл муутай бөгөөд хариуцагчаас туйлын гомдолтой байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөгдөөгүй болоод З- сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд хандан шаардсан, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад хүлээн зөвшөөрсөн мэтээр шийдвэрлэж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг 634,441 төгрөгийг төлөөгүй тал дээр маргаан байхгүй гэж үзсэн бол хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гаргахаар байгааг дурдаж байна.

4.в.Мөн нэхэмжлэгч тал шүүхэд хандан хариуцагч Б.Д-оос сууц өмчлөгчдийн холбоо төлбөр 634,441 төгрөгийг шаардахдаа ямар бичгийн нотлох баримтад үндэслэж шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. З- сууц өмчлөгчдийн холбоо нь төлбөрийг тогтоохдоо Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Хэдийгээр хэрэгт Төрийн банкны дансны хуулга авагдсан боловч уг баримтад дурьдагдсан сарын төлбөрийг яаж тогтоогдсон нь тодорхойгүй буюу cap бүр өөр /тогтмол биш/ байхад шүүх ямар нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь ямар нэгэн байдлаар байнга хэлбэлзэх боломжгүй, cap бүр тогтмол байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны дансны хуулгаар нэхэмжлэгч байгууллагын илгээсэн нэхэмжлэх дүнг үндэслэн cap болгон өөр буюу гарааш, мөн ковид-19 өвчний улмаас дулааныг хөнгөлсөн байхад нэмж тооцож авсан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь нэг сарын хэдэн төгрөг нь мэдэгдэхгүй хууль бусаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Д-ид холбогдуулан 2021 оны 02 сараас 2022 оны 02 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 634,441 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Баянгол дүүргийн Засаг дарга нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43А байруудыг хамруулан, З- сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 217 тоот гэрчилгээг олгосон байх бөгөөд хариуцагч Б.Д- нь 43А байрны 13 тоотод оршин суудаг болох нь талуудын тайлбар, гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-р тал/

 

4.а.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч Б.Д-оос шаардах эрхтэй.

 

4.б.Хариуцагч Б.Д- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ З- сууц өмчлөгчдийн холбоо нь тайлангаа тавьдаггүй, засвар үйлчилгээ хийдэггүй, мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр дулаан, цахилгааны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бууруулаагүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөхгүй юм. Учир нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй.

 

4.в.Уг зардлыг сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан тухай баримт хэрэгт авагдаагүй боловч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал нь тогтмол гарах зардал юм. Түүнчлэн, хариуцагч Б.Д- нь татгалзалдаа дурьдаж буй асуудлуудын талаар сууц өмчлөгчдийн холбоонд саналаа хэлж шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг дээрх зардлаас чөлөөлөх үндэслэлгүй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зардлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.г.Хариуцагч Б.Д- нь 2021 оны 02 сараас 2022 оны 02 сар хүртэл нийт 634,441 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банк-ны нэхэмжлэхээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хариуцагч Б.Д-оос 634,441 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З- сууц өмчлөгчдийн холбоонд олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. /хх-4-6-р тал/

 

5.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо орон сууцны өмчлөгч нь хэн болохыг тогтоогоогүй гэжээ. Хэрэгт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй боловч хариуцагч Б.Д- нь 2021 оны 02 сараас өмнөх хугацааны төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд цаг тухайд нь төлж байсан талаараа тайлбарласан байх тул анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч Б.Д-ид хариуцуулсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг зөрчихгүй. Нөгөө талаар, тухайн орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.Д- биш гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ