Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 45

 

П.Мт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Э, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.А

Шүүгдэгч                                                         П.М

Нарийн бичгийн дарга   Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Мт холбогдох 2012001590058 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Баянбулаг хорооллын 4а-28 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С овгийн П.М

Шүүгдэгч П.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 4а-28 тоотод байх гэртээ өөрт нь, мөн өөрийн ойр дотнын буюу бага насны 2 хүүхдэд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан талийгаач Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн нөхөр Ү.Аийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С овогт П.М-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар бага насны А.Ц, А.О нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивоны сав 2 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Хараа архины шил 1 ширхэг, 0.75 литрийн архины шил 1 ширхэг, ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, гялгар тор 1 ширхэг, 16х8 хэмжээтэй банз мод 1 ширхэг, толботой даавуу 2 ширхэг, хүний шүд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Шүүгдэгч П.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 Үүнд: Шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн. Шүүгдэгч П.М болон түүний хүүхдүүд болох М, Ц, О нар нь хохирогчийн зүй бус харьцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтад байнга орж, удаа дараа болон удаан хугацааны туршид хүндээр доромжлогдож, заналхийлэл хүчирхийлэлд өртдөг байсан. Гэмт хэрэг гарах үед амь хохирогч нь сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэл үйлдсэний улмаас П.Мийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдаж, сэтгэл санааны хүчтэй цочролд орсны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогддог. П.М нь гэм буруугийн үйлдэл дээрээ маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. П.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, 6-12 насны гурван хүүхэдтэй эмэгтэй юм. Шүүгдэгч П.Мт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор П.Мийг санаа сэтгэл хүчтэй цочирдож, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн. П.М нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гомдолтой гэсэн учир 2 жилийн хугацаагаар хорих шийдвэр гаргасан байх. Тухайн гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.  Шүүгдэгч П.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 4а-28 тоотод байх гэртээ өөрт нь болон  ойр дотнын буюу бага насны 2 хүүхдэд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлон эрхшээл дарамтад оруулсан талийгаач Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн нөхөр Ү.Аийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан. Шүүгдэгч П.М нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг сонслоо. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. П.М нь 6 настай О, 9 настай Ц, 12 настай М гэсэн 3 хүүхэдтэй юм. П.М болон хүүхдүүд нь хохирогчийн зүй бус харьцаа болон гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа урт хугацааны турш байнга өртдөг байсан. П.М нь талийгаач Ү.Атай Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуульд элсэн орсон цагаасаа эхлэн үерхэж нөхөрлөсөн. Тэр үеэс буюу том охин М-г олсон үеэсээ байнга дарамтад байлгаж, хүүхдүүдээ зоддог байсан. Хохирогч нь том охиныгоо байнга зодож дарамталдаг байсан болохоор П.М нь охиноо Архангай аймгийн Чулуут суманд байдаг эхдээ өгсөн байдаг. Талийгчийн зүй бус харьцаа, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдлаас болоод сэтгэл санаа болон бие мах бодь нь  хүчтэй цочирдсон байдаг. Ийм зүйлийн улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. П.М нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. П.М нь талийгаач Ү.Атай гэр бүл болсноосоо хойш 32 удаа цагдаад дуудлага өгсөн байдаг.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар П.Мийн биед олон тооны шарх сорви үүссэн болох нь тогтоогддог. Талийгаач нь түүнийг тамхиар түлж, төмрөөр хатгаж, боож унагааж, хүүхдүүдээ эр, эм, том, жижиг гэлтгүй зоддог байсан байдаг. Ийм гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаанд байснаас болоод гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн байна. Иймд П.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.М  нь 2020 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 4а-28 тоотод байх гэртээ өөрт нь, мөн өөрийн ойр дотнын буюу бага насны 2 хүүхдэд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан талийгаач Ү.Аийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн нөхөр Ү.Аийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь төмөр алхаар олон удаа цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан П.Мийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Харин шүүгдэгч П.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, П.Мийг тэнсэж өгнө үү гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.М нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 87 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон               

 

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсүгэй” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай” гэж, 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийн цагдан хоригдсон 59  хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг тэнсэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 6, 10 дахь заалтын “цагдан хорих” гэснийг “хувийн баталгаа гаргах” гэж тус тус өөрчилж, 8  дахь заалтын “зардалгүй” гэсний дараа “шүүгдэгч П.М 59 хоног цагдан хоригдсон” гэж нэмж, 5 дахь заалтыг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

3. Шүүгдэгч П.М нь 87 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

          ШҮҮГЧИД                                                      Д.Э

                                                                                 В.Ц