Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2397

 

Б.Э-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02882 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Я.С-, С.О- нарт холбогдох

 

Өөрт учирсан хохиролд 75 012 866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Я.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З

Хариуцагч С.О-

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.С-, ээж С.О- нарын 2013 оны хавар Солонгос улсаас импортоор орж ирсэн Дэйвүү автомашиныг өөрийн ээж Д.Э-гаар Хас банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 31 500 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлүүлж, урьдчилгаа 30 хувь 13 500 000 төгрөгийг гарган нийт 45 000 000 төгрөгөөр худалдан авсан.

Автомашиныг худалдаж аваад 5 000 000 төгрөгийг дугуй, түлк, татвар, даатгал зэрэгт зарцуулсан. Зээл авсанаас 6 сарын дотор өрийг төлсөн. Үүнд урьдчилгаа 13 500 000 төгрөг, Хас банкны зээл, хүүнд 66 696 393 төгрөг болсон.

            Я.С-, С.О- нар 2015 оны 9-11 сар хүртэл автомашиныг өөрийн танилын карьерт сарын 4 000 000 төгрөгийн түрээсээр 2 сар ажиллуулсан ч мөнгө өгөөгүй. 2017 оны 11 дүгээр сард багтааж 1-2 өрөө байртай болгож өгөхөө амлан, уг автомашиныг хайрга, чулуу олборлох эрхтэй 2 га газраар сольж үйл ажиллагаа явуулсан боловч амлалтаа биелүүлээгүй. Автомашиныг авсны дараа Я.С-ын дүү С.Алтанхуяг нь Б.Э-ад хэлэлгүйгээр Зайсанд шороо зөөж байгаад өргөгч тэвшний суурь арааг эвдэж, олон хоног ажилгүй байсан. Үүний ажлын хөлсөнд 700 000 төгрөг авсан гэх боловч Б.Э-ад мөнгө өгөөгүй. Д.Э- нь байрыг голж байгаагүй ба байр нь гэрчилгээ гараагүй буюу автозогсоолтой хамт зарагдана гэсэн тул аваагүй. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр машинаа Д.Хүрэл гэгчээс авсан. Хүлээж авах үед машины баруун талын цонх, аккумлятор, зүүн талын туслах толь байхгүй байсан ба машины нүүрний том шил цуурхай, гупер хагархай байсан.

            Автомашины урьдчилгаанд өгсөн 13 500 000 төгрөг, Хас банкны зээл, хүүнд төлсөн 66 696 393 төгрөг нийт 80 196 393 төгрөгийг нэхэмжилж, мөн дэйвүү маркийн автомашины одоогийн зах зээлийн үнэлгээ 20 000 000 төгрөгөөр үнэлж, хариуцагч нараас Дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай автомашиныг гаргуулж, 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд олох байсан орлого 60 193 393 төгрөгийг гаргуулах шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн.

            Иймд автомашины засвар үйлчилгээнд гарсан зардал 5 210 000 төгрөг, автомашиныг хариуцагч нар буюу Д.Хүрэлээс авахад гарсан зардал 9 606 476 төгрөг, хохирол нийт 14 816 476 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 60 196 390 төгрөг, нийт 75 012 866 төгрөгийг хариуцагч Я.С-, С.О- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.С-, С.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 онд бид хоёр карьерт ажиллаж байхдаа гэр бүлийн хүрээнд том оврын автомашинаар тээвэр хийвэл ашигтай талаар ярилцаж хүү С.Алтанхуягт Дэйвүү маркийн өөрөө буулгагч автомашиныг худалдан авч өгч тээвэр хийлгэсэн. 2013 оны хавар хүргэн Б.Э- Дэйвүү автомашин худалдаж авсан гэсээр ирсэн. Бид автомашин ав гэж шахаж шаардаагүй. Нэгэнт автомашин авсан болохоор Б.Э-ыг ажиллаж байсан карьертаа 2013, 2014 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын дунд үе хүртэл тээвэр хийлгэж орлого олсон. 2015 оны зун эдийн засгийн хямралаас үүдэн компани тээвэр хийж чадаагүй ба намар 9-10 дугаар сард бидний танилын “Каяак” ХХК-ийн тээврийн ажлыг хүү С.Алтанхуяг, хүргэн Б.Э- нар хийсэн. Тухайн үед тус байгууллагад ажилласан 6 ажилтан цалингаа, тээврийн 2 автомашин хөлсөө авч чадаагүй. Б.Э- нь 2015 оны 9, 10 дугаар сард өөрөө тээвэр хийсэн ба өөрөө тээвэр хийж мөнгө олох гэхэд нь бид автомашиныг нь өгөхгүй буюу тээвэр хийж хөлсийг авсан асуудал байхгүй. 2015, 2016 онуудад зах зээлд том оврын автомашины үнэ унаж, тээврийн ажил олдохгүй байсан. Хүүхдүүдээ амьдрах орон гэргүй 2 талд ирэн очин амьдарч байгааг харж өрөвдөн бид 2016 оны хавар “Ээмдэ” ХХК-тай бартер хийж 25 000 000 төгрөгийг баригдаагүй байрны урьдчилгаанд өгсөн.

Захиалгын дагуу 2016 оны намар 3, 4 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлгийн ард 2 өрөө 32 м.кв байр, Баянзүрх дүүргийн Амгалан хотхонд 28 м.кв 1 өрөө байруудыг үзүүлж авахыг санал болгосон ч Д.Э- жижиг гэж голох буюу байрны ордерийг Б.Э-ын нэр дээр өгөхийг шаардсан. Байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан тул тэднийг байр түрээслүүлэх эсвэл албан газрын барьцаанд авсан байр харуулан түрээсгүй суулгах, хороолол дахь манай хашаанд гэр барьж амьдруулья зэрэг санал тавихад Д.Э- зөвшөөрөөгүй. Хүү С.Алтанхуяг, хүргэн Б.Э- нарын машин ижил өнгө, марктай ба хүргэн Б.Э-ын машиныг хайрга, чулуу олборлох эрхтэй 2 га газраар солиогүй, хүү С.Алтанхуягийн машинаар газрыг сольсон боловч удалгүй наймаа буцсан. Б.Э-ын машины зах зээлийн үнэ буурч, тээврийн ажил олдоогүй тул ажлын олдоцтой байсан чирэгч Хово машинаар сольж тээвэр хийхийг зорьсон боловч хүргэн, хүү хэн аль нь тээвэр хийж чадаагүй. Сольсон тээврийн хэрэгслийн нэрийг Б.Э- шилжүүлээгүй тул 2017 оны 9 дүгээр сараас хойш Хово автомашины эзэн тээврийн хэрэгслүүдээ буцаая гэсэн саналыг тавьсаар байсан.

Автомашинаа хүнтэй сольж, автомашин нь Д.Хүрэлд байхад аваагүй. Банкнаас 31 500 000 төгрөгийг зээлж 6 сарын дараа эргүүлэн төлөхөд 66 696 393 төгрөг болох учиргүй ба тухайн автомашинаар тээвэр хийх нь Б.Э-ын асуудал тул бидэнд хамаагүй. Бид нэхэмжилж буй автомашиныг ашиглаагүй, ашиг олоогүй, автомашин одоо Б.Э-ын нэр дээр байгаа тул түүний үнэ, банкны зээл, хүүг төлөх үндэслэлгүй. Я.С- нь элэгний хорт хавдартай эмчийн байнгын хяналтанд гэртээ эмчлүүлж байгаа, эхнэр С.О- ажилгүй, бид лизингийн байранд, группын 251 000 төгрөгөөр амьдардаг.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.С-аас 5 210 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 69 802 866 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч Д.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 559 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С-аас 98 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нарт олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1796 дугаартай захирамжаар хариуцагч Я.С-, С.О- нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Я.С-, өмгөөлөгч Н.Жамъян нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Я.С- нь иргэн Д.Энхбатаас 28-61 УНУ улсын дугаартай Дэйвүү маркийн автомашиныг ямар нэг байдлаар дур мэдэн захиран зарцуулж бусдад худалдаж арилжаагүй. Харин иргэн Д.Хүрэл гэгчтэй Хово самосвал машинаар дэйвүү маркийн машиныг сольж газар шорооны ажил хийхээр санал солилцсон ба Д.Энхбат өөрөө зөвшөөрч, тохиролцон автомашиныг сольсон. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Энхбат, Д.Э- нарын Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн барьцаанд байсан. Д.Энхбат нь автомашиныхаа нэрийг Д.Хүрэлд шилжүүлж өгөхгүй удсанаас машиныг буцаан сольцгоосон. Гэтэл шүүх маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрчлөгдсөн эсэх талаар лавлагаа тодорхойлолт, гэрээ хэлцэл байхгүй байхад гэрч н.Ууганбаярын бусдаас сонссон, ам дамжсан яриа, эргэлзээ бүхий үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.С-аас 5 210 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Б.Э-, Д.Э-  нарт олгож..." гэсэн нь хэргийн ямар үйл баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Я.С- би автомашиныг бусдад арилжиж захиран зарцуулаагүй, Д.Энхбат болон түүний тээврийн хэрэгсэлд гэм хор учруулаагүй, энэ хэргийн хувьд би хариуцагч биш. Харин Д.Энхбатын өөрийнх нь буруугаас тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгч нартай гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаанд оролцоогүй нь тогтоогдлоо..." гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч хариуцагчийг эндүүрч бичсэн байх магадлалтай бөгөөд агуулгын хувьд Д.Э- нь нэхэмжлэл гаргах эрхгүйг тодорхойлсон гэж ойлгогдох боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ... Я.С-аас 5 210 000 төгрөг гаргуулан ... Д.Э- нарт олгож... гэсэн нь ойлгомжгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалт зөрчигджээ. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь өөр зээлийг хаах зорилгоор дүр эсгэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр биш. Өөрөөр хэлбэл зээлийн хүү тооцох эрх зүйн үндэслэл байхгүй атал шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээр 118 445 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 33 445 800 төгрөг нь зээлийн хүү тул тус мөнгөн дүнг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус. Иймд шийдвэрийн үнийн дүнгээс 33 445 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Э-, Д.Э- нар нь хариуцагч Я.С-, С.О- нарт холбогдуулан өөрт учирсан хохиролд 75 012 866 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “... хариуцагч нар машиныг түрээслэсэн мөнгөө төлөөгүй, ... мөн автомашиныг авч оронд нь 1-2 өрөө байр авч өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй, улмаар миний зөвшөөрөлгүй өөр этгээдэд шилжүүлсэн байсан, одоо автомашины засварын зардал, олох ёстой байсан орлогоо хохиролд тооцон нэхэмжилж байна” гэж тайлбарладаг.

            Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч Б.Э- нь автомашиныг Д.Хүрэлд шилжүүлэхэд өөрөө хамт байсан” гэж маргажээ.

            Дээрх маргаантай холбогдуулан нэхэмжлэгчээс иргэн Д.Хүрэлийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 101/ШЗ2018/04339 дүгээр шүүгчийн захирамж гаргасан атлаа биелэлт нь хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. /1хх 65-67 дахь тал/ Учир нь гэрчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх хэргийн оролцогчоос дээрх хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг тодруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзахгүйгээр “...Д.Хүрэл бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, мэдүүлэг авах боломжгүй” гэж дүгнэснийг хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. /2хх 166, 181, 213-214, 238 дахь тал/

            Түүнчлэн машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн эсэх үйл баримтыг тогтооход гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой байж болохоор байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай. Ингэснээр нэхэмжлэгч гэрээний үүрэг, түүний үр дагаврыг шаардаж байна уу эсхүл гэрээний бус үүрэг буюу эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардаж байгаа эсэхийг ялган тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлд хамаарах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Я.С-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Ч.ЦЭНД