Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02882

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02882

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххтоотод оршин суух, Батбэхийн Э /РД: ШЖ88011670/, Да-н Эт /РД: хххххххххххх/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххххх тоотод оршин суух, Ягааны С /РД: хххххххххххх/, С-н О /РД: аааааааа/ нарт холбогдох

Гэм хорын хохирол 14.816.476 төгрөг, олох байсан орлого 60.196.390 төгрөг, нийт 75.012.866 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Хариуцагч С.О,

Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Жамьян,

Иргэдийн төлөөлөгч С.Билгүүн,

Гэрч Б.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Этай үерхэж байсан С.Агийн аав Я.С, ээж С.О нар нь 2013 оны хавар ачаа тээврийн өөрөө буулгагч авто машиныг банкны зээлээр авахыг санал болгож ажил олж өгч өөрөөр нь зээлийг нь төлүүлэх санал тавьсан.

Үүний дагуу Солонгос улсаас импортоор орж ирсэн дэйвүү авто машиныг өөрийн ээж Д.Этгаар Хас банкнаас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 31.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлүүлж өөрсдийн зүгээс урьдчилгаа 30 хувь 13.500.000 төгрөгийг гарган нийт 45.000.000 төгрөгөөр худалдан авсан.

Авто машиныг худалдаж авсан даруй нийт 5.000.000 төгрөгийг дугуй, түлк, татвар, даатгал гэх мэт зүйлд зарцуулсан ба машиндаа 28-61 УНУ улсын дугаар авсан. Ажил эхэлснээс хойш буюу зээл авснаас 6 сарын дотор өрийг төлж өөрийн өмч болгож авсан.

Үүнд урьдчилгаа 13.500.000 төгрөг, Хас банкны зээл, хүүнд 66.696.393 төгрөгийн төлөлт хийсэн.

Я.С, С.О нар 2015 оны 9-11 сар хүртэл өөрийн танилын карьерт сарын 4.000.000 төгрөгийн түрээсээр Б.Эын машиныг ажиллуулна гэж бүтэн 2 сар ажиллуулсан ч мөнгө өгөөгүй.

2016 оны 5 дугаар сараас эхлэн сүүлийн хугацаа 2016 оны 11 дүгээр сард багтааж шалтгаан тоочилгүй 1-2 өрөө байртай болгож өгөхөө амлан, уг авто машиныг хайрга, чулуу олборлох эрхтэй 2 га газраар сольж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Карьер нь үйл ажиллагаа явуулсаар байгаа ч элдэв шалтгаан тоочсоор өдий хүрлээ. Уг төрлийн авто машиныг хувь хүн, албан байгууллагууд түрээсээр авч ажиллуулахдаа эвдрэл гэмтлийг өөрсдөө буюу түрээслэж буй тал хариуцан сарын 4.000.000-6.000.000 төгрөгөөр түрээслэж ажиллуулдаг.

Дээрхи зарчмын дагуу доод хэмжээ 4.000.000 төгрөгөөр түрээслэсэн бол 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүрэхэд 84.000.000 төгрөг, өөрийн авто машинтайгаа байх байсан.

Өөрөө буюу хувиараа ажиллахад сарын 6.000.000-12.000.000 төгрөг олох боломжтой байдаг ба сарын 6.000.000 төгрөгөөр бодоход 120.000.000 төгрөг, өөрийн машинтайгаа үлдэх байсан болно.

Мөн 2017 оны 4 дүгээр сард Я.С, С.О нарт та нар байр болгож чадахгүй юм байна, Өмнөговь аймагт сарын 8.000.000 төгрөгийн түрээстэй ажил гарч ирсэн тул тийшээ явуулах хүсэлтэй байна. Машиныг маань өгөөч гэхэд машин чинь муудсан, эвдэрсэн, бараг явахгүй байгаа, мотор нь цохьсон, янзлаад очсон ч тэндээ эвдэрнэ гэх мэт шалтгаан тоочиж энэ намар буюу 2017 оны 11 дүгээр сард багтаан байртай болгохоо дахин амласан боловч чадалгүй өдий хүрсэн.

Одоо утсаа авахгүй, утсаа аваад элдвээр харааж, мөнгөнөөс өөр бодох юм алга уу гэх мэт ухамсаргүй зүйлийг ярих болсон нь Б.Эын хохирлыг барагдуулах өчүүхэн ч сонирхолгүй байгааг илтгэж байна.

Банкны зээлээр худалдан авсан авто машиныхаа үр шимийг ч хүртэж чадахгүй байсаар авто машин эвдэрч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул авто машин худалдан авахад зарцуулсан буюу машины урьдчилгаа төлбөрт өгсөн 13.500.000 төгрөг, Хас банкинд зээл, хүүнд төлсөн 66.696.393 төгрөг, нийт 80.196.393 төгрөгийг хариуцагч Я.С, С.О нараас нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын гаргасан хариу тайлбартай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байсан.

Нэхэмжлэгч нар 80.196.393 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан үндэслэл гэвэл хариуцагч нар Б.Эын өмчлөлийн дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай авто машиныг байртай болгож өгнө гэж хэлээд авсан бөгөөд машинаа шаардахад машин чинь байхгүй. Өөр машинаар сольсон гэсэн хариултыг өгдөг. Машины оронд байр өгнө гэж хуурсаар өнөөг хүрсэн ба Б.Э өөрийн өмч болох машиныхаа барааг ч хараагүй, үр шимийг ч хүртэж чадаагүй.

Уг машиныг Б.Эын ээж Д.Эт нь Хас банкны зээлээр авч өгсөн тул дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай авто машиныг худалдаж авахад зарцуулсан Хас банкны зээл 54.992.493 төгрөг, мөн 2016-2018 оны хооронд олох ёстой байсан орлого 25.203.900 төгрөг, нийт 80.196.393 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар өөрчилсөн.

Үндсэн зээл 31.500.000 төгрөг, урьдчилгаа 13.500.000 төгрөг, зээлийн хүү 9.992.493 төгрөг, нийт 54.992.493 төгрөг болж байгаа.

Б.Э нь С.Атай 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан ба хамт амьдрах хугацаанд С.А нь зугаа цэнгэлд автсанаас болоод нүүрний тал нь муруйсан байдалтай болсон бөгөөд Б.Эын ээж Д.Этгийн хамт 2-3 удаа эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэсний дараа зүгээр болсон.

С.Агийн аав Я.С том машин зээлээр ав, жолоочийг бид олно, зээлээ өөрөө төлчихнө, сард 8.000.000-10.000.000 төгрөг олно гэсэн тул Б.Эын ээж Д.Этгаас банкны урьдчилгаа 13.500.000 төгрөгийг гаргуулж бичиг баримтыг бүрдүүлж Хас банкнаас зээл авч машин авсан юм.

Уг машиныг авсны дараа Я.Сын дүү С.Алтанхуяг нь Б.Эад хэлэлгүй машинаар нь Зайсанд байшингийн суурин дээр шороо зөөх ажил хийж байгаад өргөгч тэвшний суурь арааг нь эвдэлж олон хоног ажилгүй болгосон. Уг ажлынхаа хөлсөнд 700.000 төгрөг авсан гэх боловч Б.Эад мөнгө өгөөгүй бөгөөд машинаа өөрөө янзалсан.

Д.Эт нь байруудыг голж байгаагүй ба байрнууд нь гэрчилгээ гараагүй, эсвэл авто зогсоолтойгоо хамт зарагдана гэсэн тул авах боломжгүй байсан. Машиныг нь өөр чиргүүлтэй машинаар сольсон, оронд нь байр өгнө гэсэн боловч байраа өгөөгүй бөгөөд 1 байр үзүүлсэн ч нэр дээр чинь гэрчилгээ гарах боломжгүй гэсэн тул тэр байрыг нь аваагүй.

Б.Эын машиныг Я.С, С.О нар нь Д.Хүрэл гэх хүнд өгсөн болохыг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мэдсэн.

Дэйвүү маркийн авто машины одоогийн зах зээлийн үнэлгээ 20.000.000 төгрөг байгаа учраас машинаа 20.000.000 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч нараас дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай авто машиныг гаргуулж, 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд олох байсан орлого 60.193.393 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр машинаа Д.Хүрэл гэх хүнээс авсан бөгөөд машин Налайхад тоосгоны хашаанд байсан. Хүлээж авах үед машины баруун талын цонх, аккумлятор, зүүн талын туслах толь байхгүй байсан ба машины нүүрний том шил цуурхай, гупер хагархай байсан.

Иймд авто машин гаргуулах, олох байсан орлого 60.193.393 төгрөг гаргуулах тухай шаардлагаа авто машины засвар үйлчилгээнд гарсан зардал 5.210.000 төгрөг, авто машиныг хариуцагч нараас буюу Д.Хүрэлээс авахад гарсан зардал 9.606.476 төгрөг, хохиролд нийт 14.816.476 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 60.196.390 төгрөг, нийт 75.012.866 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.

Иймд хариуцагч Я.С, С.О нараас 75.012.866 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.С, С.О нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны хавраас бидний охин С.А нэг хүүтэй үерхэж байгаад намар 8 дугаар сард гэртээ дагуулан ирсэн. 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр охин С.Аг бэр гуйж Б.Эын эцэг н.Батбэх, эх Д.Эт нартай ураг барилдсан.

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хүргэн Б.Э өөрийн худалдан авсан 1 дүгээр хороололд байрлалтай хашаа, 3 өрөөтэй цахилгаан халаалттай байшинд охин С.Агийн хамт 2 жилийн турш амьдарсан.

Б.Э, охин С.А нар нийт 5 жил амьдарсан ба дээрх байшин хүйтэн, тохь муутай байснаас охины нүүрний нэг тал мэдээгүй болж мурийн байрнаасаа гарсан.

Бид хоёр хоёулаа карьерт ажиллаж байсан тул 2013 онд бид гэр бүлийн хүрээнд том оврын машинаар тээвэр хийвэл ашигтай талаар ярилцаж хүү С.Алтанхуягт дэйвүү маркийн өөрөө буулгагч авто машиныг худалдан авч өгөн тээвэр хийлгэж байсан.

2013 оны хавар хүргэн Б.Э дэйвүү машин худалдаж авсан гэсээр ирсэн. Бид машин ав гэж шахаж шаардаагүй. Өөрөө тухайн үед боломжийн юм байна гэж ярьж байсан. Нэгэнт машин авсан болохоор бид Б.Эыг ажиллаж байсан карьертаа тээвэр хийлгэхээр ярьж тухайн машинаараа 2013, 2014 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын дунд үе хүртэл тээвэр хийж орлого олж байсан.

2015 оны зун эдийн засгийн хямралаас үүдэн компани тээвэр хийлгэх боломжгүй болсон. Хүргэн Б.Э, хүү С.Алтанхуяг нар дэйвүү машинаараа 2015 оны зун тээвэр хийж чадаагүй ба намар 9-10 дугаар сард бидний танилын Каяак ХХК-ийн тээврийн ажлыг хүү С.Алтанхуяг, хүргэн Б.Э нар хийсэн.

Тус байгууллагад тухайн үед ажиллаж байсан 6 ажилтан цалингаа, тээвэр хийсэн 2 машин нь тээврийнхээ хөлсийг одоог болтол авч чадахгүй байсаар байна.

Б.Э нь 2015 оны 9, 10 дугаар сард өөрөө тээврээ хийсэн ба бид машиныг авч, ажил хийж хөлсийг нь авчихсан мэт ойлгуулсан нь худал юм.

Мөн өөрөө машинаараа тээвэр хийж мөнгө олох гэхэд нь бид машиныг нь өгөхгүй буюу машинаар нь тээвэр хийж хөлсийг нь авсан асуудал огт байхгүй, өөрийн хүүхдүүдийг хулхидаж машиныг нь зарж хувьдаа ашигласан мэтээр гүтгэж байгаад маш их харамсаж байна.

2015, 2016 онуудад том оврын тээврийн хэрэгслийн үнэ зах зээлд унаж мөн тээврийн ажил олдохгүй байсан учир хүргэн болон худууд дэйвүү машинаа зарахаар шийдэж зах зээлийн үнэ судлаж байсан.

Хүүхдүүдээ амьдрах орон гэргүй хоёр талд ирж очин амьдрахыг харж тохь тухгүй хүйтнээс болж гоо сайхнаа алдсан охиноо, хүргэнээ харж өрөвдөхийн эрхэнд бид 25.000.000 төгрөг олж 1-2 өрөө байртай болгочихвол хүүхдүүд маань дулаан байранд аятай тухтай амьдарна гэж төлөвлөсний дагуу 2016 оны хавар Ээмдэ ХХК-тай бартер хийж 25.000.000 төгрөгийг баригдаагүй байрны урьдчилгаанд өгсөн болно.

Захиалгын дагуу 2016 оны намар 3, 4 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлгийн ард 2 өрөө 32 м.кв байр, Баянзүрх дүүргийн Амгалан хотхонд 28 м.кв 1 өрөө байруудыг үзүүлж авахыг санал болгосон боловч худ Д.Эт жижигхэн нүд шиг гэж голж эсвэл байрны ордерийг шууд хүү Б.Эын нэр дээр өгөхийг удаа дараа шаардсан.

Захиалсан байр маань төлбөр бүрэн төлөгдөөгүй учир орох боломжгүй байсан. Ингээд хүүхдүүдийг байр түрээслүүлье, эсвэл албан газрын барьцаанд авсан байр харуулан түрээсгүй суулгая, хороолол дахь манай хашаанд гэр барин хамт амьдруулья гэх мэтээр удаа дараа санал тавихад хүргэний ээж Д.Эт зөвшөөрөхгүй, 2 хүүхдийг салгая гэж хүүгийнхээ өмнөөс дур мэдэн шууд хэлсэн. Д.Эт нь болж бүтэх талаас нь ярьж байсан удаагүй бөгөөд утсаар үргэлж дарамталж, загнаж доромжилж байсан нь хүүхдүүдийг салгах гэсэн шалтаг гэж ойлгож байна.

Хүү С.Алтанхуяг, хүргэн Б.Э нарын машин ижил өнгө, марктай ба хүргэн Б.Эын машиныг хайрга, чулуу олборлох эрхтэй 2 га газраар солиогүй, хүү С.Алтанхуягийн машинаар газрыг сольсон боловч удалгүй наймаа буцсан. Наймаа буцах тэрхэн богино хугацаанд мөнгө олж чадаагүй, боломж ч үгүй байсан. Учир нь бид хоёрт карьер ажиллуулах ямар ч тоног төхөөрөмж, машин техник байгаагүй, үүнийг хүргэн Б.Э сайн мэдэж байгаа.

Хүргэн Б.Эын машины зах зээлийн үнэ ханш буурсан, тээвэр хийх ажил олдохгүй байсан тул ажлын олдоцтой байсан чирэгч хово машинаар сольж тээвэр хийхийг зорьсон боловч хүргэн, хүү хэн алин нь тээвэр хийж чадаагүй. Үүнийг Б.Э өөрөө ч мэдэж байгаа.

Сольсон тээврийн хэрэгслийн нэрийг хүргэн Б.Э шилжүүлж өгөөгүй тул өнгөрсөн 2017 оны 9 дүгээр сараас хойш хово машины эзэн тээврийн хэрэгслүүдээ буцаая гэсэн саналыг тавьсаар байсан.

Анх дэйвүү машиныг 45.000.000 төгрөгөөр авсан гэж байсан. Бид банкнаас хэдэн төгрөгний зээл авсныг ч огт мэдээгүй, уг машиныг худалдаж ав гэж авахуулаагүй, насанд хүрсэн хүн машиныг хүнтэй сольсон, машинаа сольсон Д.Хүрэлд машин нь байхад аваагүй атлаа биднээс нэхэмжлэлд дурьдсан банкны зээл, түүний хүү, төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй.

Ер нь банкнаас 31.500.000 төгрөгийг зээлж 6 сарын дараа эргүүлэн төлөхөд 66.696.393 төгрөг болох учиргүй. Худалдан авсан машинаараа тээвэр хийж мөнгө олох нь хүргэн Б.Эын асуудал бөгөөд бид машин худалдан аваагүй тул бидэнд хамаагүй.

Машинаа өөрөө ашиглан хуучруулчихаад үнэ хүрэхгүй, тээвэр хийх ажил олдохгүй болохоор нь бид орон байранд өгөөд байртай болгоод өгье гэсэн сэтгэлийн хариуд төлж дийлэхгүй мөнгө нэхэмжилж байгаагийн учрыг охин С.Агаас салах гэсэн шалтгаан гэж ойлгож байна.

Бид нар нэхэмжилж буй машиныг авч ашиглаагүй, ашиг олоогүй, машиныг аваагүй, одоо хүртэл хүргэн Б.Эын нэр дээр байгаа тул машины үнэ, банкны зээл, түүний хүү 80.196.396 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Я.С нь элэгний хорт хавдартай эмчийн байнгын хяналтанд гэртээ эмчлүүлж байгаа, эхнэр С.О ажилгүй, бид лизингийн байранд, группын 251.000 төгрөгөөр амьдардаг.

Нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нарын бидэнд холбогдуулан гаргасан хохирол 14.816.476 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 60.196.390 төгрөг, нийт 75.012.866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нар нь хариуцагч Я.С, С.О нарт холбогдуулан авто машины урьдчилгаа төлбөрт өгсөн 13.500.000 төгрөг, Хас банкинд зээл, хүүнд төлсөн 66.696.393 төгрөг, нийт 80.196.393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд.

-2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр: дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай авто машиныг худалдаж авахад зарцуулсан Хас банкны зээл 54.992.493 төгрөг, 2016-2018 оны хооронд олох ёстой байсан орлого 25.203.900 төгрөг, нийт 80.196.393 төгрөг гаргуулахаар,

-2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр: дэйвүү маркийн 28-61 УНУ улсын дугаартай авто машин гаргуулах, 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд олох байсан орлого 60.196.393 төгрөг гаргуулахаар,

-2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр: авто машины засвар үйлчилгээнд гарсан зардал 5.210.000 төгрөг, авто машиныг хариуцагч нараас авахад гарсан зардал 9.606.476 төгрөг, хохиролд нийт 14.816.476 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 60.196.390 төгрөг, нийт 75.012.866 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нар нь 1997 онд үйлвэрлэгдсэн, 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад импортлогдсон, дэйвүү маркийн өөрөө буулгагч, ачааны авто машиныг урьдчилгаа төлбөрт нь 13.500.000 төгрөгийг төлж, Хас банкнаас 31.500.000 төгрөгийг зээлж, нийт 45.000.000 төгрөгөөр худалдан авч 28-61 УНУ улсын дугаарыг авсан талаараа тайлбарлаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5, 7-18 дугаар тал/

 

Хариуцагч Я.С нь 2016 оны 5 дугаар сард Б.Эын эзэмшлийн дээрхи тээврийн хэрэгслийг өөрийн ашиглалтанд авч түүний авто машиныг бусадтай өөр тээврийн хэрэгслээр солихоор тохирсон нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Б.Ууганбаярын гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 81, 83 дугаар тал/

 

Б.Ууганбаяр шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2017 оны 6, 7 сарын үед намайг Налайхад тоосгон дээр ажиллаж байхад найз Д.Хүрэл ирээд 28-61 УНУ улсын дугаартай, дэйвүү маркийн авто машиныг Я.С гэж хүнээс хова самосвал машинаар сольсон, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг сольж өгөхгүй байна гэж байсан. Уг машинаар 2017 оны 7-10 сар хүртэл ажиллан 700.000 төгрөг авсан. Машин эвдэрсэн тул 2017 оны 10 сараас Налайхад тоосгоны хашаанд байсан. Би Д.Хүрэлийн хүсэлтээр эдгээр хүмүүст 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр машиныг нь хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөх үед машины баруун талын цонх, аккумлятор, зүүн талын туслах толь байхгүй байсан, машины нүүрний том шил цуурхай, гупер хагархай байсан, 10 дугуй нь явах боломжгүй байсан. Д.Хүрэл одоо Монголд байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 28-61 УНУ улсын дугаартай, дэйвүү маркийн авто машины үнэлгээг тогтоохоор тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 4339 тоот захирамжаар Дамно ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Дамно ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 18-95 тоот дүгнэлтэд Дээрхи авто машин 2018 оны 4 дүгээр байдлаар 19.500.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтас 65-67, 70-77 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нар нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 28-61 УНУ улсын дугаартай авто машинаа бусдаас хүлээн авсан байх ба хүлээж авах үед уг авто машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байсан нь талуудын тайлбар, Б.Ууганбаярын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын хүсэлтээр дээрхи авто машинд учирсан эвдрэл, гэмтлийг тодорхойлсон Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2243 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2243 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд эвдэрсэн 9 төрлийн эд ангиудыг солих, засварлахад нийт 5.210.000 төгрөгийн зардал гарна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 84-90 дүгээр тал/

 

Авто машиныг засварлахтай холбоотой хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2243 тоот тайланг хариуцагч тал эсэргүүцээгүй, маргаан үүсгээгүй болохыг дурьдлаа.

 

Нэхэмжлэгч тал 28-61 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тодорхой цаг хугацаанд ажил гүйцэтгэн орлого олж байсан хэмээн урьд ажил гүйцэтгэн хөлс авч байсан талаархи баримт ирүүлсэн ба энэ нь тухайн тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж байнгын орлоготой байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Тодруулбал уг баримтуудаас үндэслээд 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд 60.196.390 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал авто машиныг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээж авахад гарсан зардал 9.606.476 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлого 60.196.390 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

Хэргийн 2 дугаар хавтасны 168-175 дугаар талд авагдсан баримтууд нь хариуцагч талаас авто машин хүлээж авах үед гарсан зардалтай холбоотой баримт гэж үзэхээргүй, энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Тухайлбал: 2018.05.23, 2018.04.03, 2018.04.04, 2018.04.11-ний өдрүүдэд машины эд анги худалдан авсан байх боловч хэн худалдан авсан нь тодорхойгүй, 2018.03.15, 2018.03.24, 2018.04.19, 2018.05.07-ны өдрүүдэд авто үнэлгээ хийсэн ажлын хөлс төлсөн гэх боловч Тэнцвэр Эстимейт ХХК-ийн тайлан үйлдэгдсэний дараа хийгдсэнээс үзэхэд энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Эт нь нэхэмжлэгч нартай гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаанд оролцоогүй болох нь тогтоогдлоо.

 

Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Я.Саас 5.210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 69.802.866 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч Д.Этд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 4339 тоот захирамжаар Д.Хүрэлээс гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн ба Д.Хүрэл нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Артиз гудамж, Хурд хороолол, 7-98 тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдлоо.

Дээрхи үндэслэлээр Д.Хүрэлээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүний өөрөө бичсэн гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 57 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэгч талд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, хариуцагч нарт 2018 оны 1 дүгээр сарын 16, 18-ны өдөр зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Я.С нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул хариуцагч Д.Эт, өмгөөлөгч Н.Жамьян нарын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Я.Саас 5.210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 69.802.866 төгрөгт холбогдох шаардлагыг болон хариуцагч Д.Этд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 559.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Саас 98.310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Д.Эт нарт олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1796 дугаартай захирамжаар хариуцагч Я.С, С.О нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Э.ЭНЭБИШ