Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 50

 

Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 М.А

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох 1912003990352 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Баянхошууны 29-110 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

   Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Б-ийн урьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4.500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Бд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.БИээс 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны /Хилчний/ 04-24 тоотод оршин суух Б.БИ-д /РД:УГ85041870/-д олгож, хохирогч Б.БИийн нэхэмжилсэн 14.287.000 /арван дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Бд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Учир нь Б.Быг 2018 оны 12 дугаар сард П.Б-ийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.000 ширхэг шургаагийг дараа төлбөрийг төлнө гэж хуурч өөртөө шилжүүлэн авсан, мөн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.БИийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь буруу болсон. Б.Бын П.Бэс 2.000 ширхэг шургааг худалдан авсан үйлдэл нь залилангийн шинжтэй үйлдэл биш юм. 2.000 ширхэг шургааг авахаас өмнө П.Бат-Эрдэнийг таньдаг бөгөөд 1 удаа 300 гаруй шургааг, дахин 200 гаруй шургаагийг мөнгөөрөө авч байсан бөгөөд дараа нь 2.000 ширхэг шургаагийг зээлээр авах санал хэлэхэд урьдын таньдаг харилцаан дээрээ гэрээ байгуулалгүй амаар тохирсон байдаг. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нд бараа нийлүүлэх гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Уг гэрээнд шургааг м3 х 2.000 ширхэг шургаагийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тооцоог дуусгахаар байгуулсан. Эндээс харахад иргэний эрх зүйн харилцаан дээр үндэслэн байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээ байна. Шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.БИэд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Б.Б 2015 оноос эхлэн галын түлээ хагалан шуудайлан зардаг байхдаа Б.БИэд зарж, энэ үеэс тэр хоёр танилцан бие биедээ мөнгө зээлүүлэн нөхөрлөдөг байсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.БИ мэдүүлэг өгөхдөө /хх-65-68/ “Б.Б өөрийнхөө хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд санхүүжилт дутаад хүүтэй мөнгө зээлээч гээд надаас мөнгө зээлсэн. Б.Б надад гэрээ үзүүлсэн. Тэр гэрээн дээр 3.000 ширхэг шургааг мод нийлүүлэх тухай гэрээ байсан” гэж хэлсэн. Дээрх байдлаас харахад энэ хоёр хүн урьдын бие биеэ мэддэг төдийгүй тухайн үедээ хүүтэй мөнгө зээлүүлээч гээд би мөнгө зээлүүлсэн гэж хэлсээр байтал шүүх залилангийн хэргийн хохирогч гэж Б.БИийг үзэн хохирол төлбөр гаргасан нь буруу болсон. Б.БИ нь энэ хэргийн хохирогч биш, харин Б.Бд түүний гуйлтаар мөнгө зээлүүлсэн хүн юм. Иймд Б.БИ нь Б.Бд хэдэн төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр өгсөн, мөн бэлнээр, дансаар аль нь болохоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар түүнээс нэхэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн 204 тоот шийтгэх тогтоолыг хянан үзэж, зохих өөрчлөлтийг хийж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү /шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно/ гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.БИэд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хоёр хүнийг залилан өөрт ашигтай байдлыг бий болгосон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн уг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Б нь П.Бтэй анх ярьсан нь үнэн. Урьд нь таньдаг, мэддэг байсан болохоор  П.Бтэй яриад эхнэрээс нь шургааг авсан байдаг. Эдгээр хүмүүсийн хоорондох харилцаа  нь анхнаасаа иргэд хоорондын харилцаа байсан. Харин дараа нь Б.Бд залилуулсан гэж үзсэн бол цагдаад хандах боломжтой байсан. Гэтэл аймгийн төвд таараад энэ хоёр гэрээгээ нотариатаар батлуулах шаардлагатай байна гэж ярилцсан байдаг. Тэгэхээр Б.Б, П.Б нарын хоорондох харилцаанд залилангийн гэмт хэргийн шинж байхгүй тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Мөн Б.Б нь Б.БИээс авсан 2.000 шургаагийн үнийг хэлдэг. Тэгэхээр энэ дээр өөрчлөлт оруулахад болохгүй зүйл байхгүй байна. Харин энийг хэрэгсэхгүй болгоод шийдэж байгаа зүйл биш бөгөөд иргэний журмаар хэдэн төгрөг шаардах ёстойгоо тодорхой болгоод нэхэмжлэх эрх нь иргэн хүнд байгаа. Эцсийн эцэст Б.Б нь гэрээ зассан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэрээ зассанаас хэнд, ямар гэм хор учирсан юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин Б.БИээс мөнгө зээлсэн асуудал яригдаж байна. Эдгээр байдлуудыг шүүх харгалзан үзэхийг  хүсэж байна. Б.Бын үйлдлээс бусдад гэм хор учирсан үйлдэл байхгүй бөгөөд мөнгөний асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаад шийдвэрлэхэд харшлах зүйл байхгүй. Б.БИэд олгохоор шийдвэрлэсэн 10.000.000 төгрөгийн хувьд эргэлзээтэй, мөнгөний дүн нь зөрүүтэй, тодорхой баримт байхгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хохирогч П.Б-ийн урьд нь шургааг мод худалдаж байх явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.000 ширхэг шургааг модыг ширхэг 1 бүрийг 4.500 төгрөгөөр тооцож, төлбөрийг 2018 оны 12 дугаар сард багтаан төлнө хэмээн хуурч өөртөө шилжүүлэн авч, хохирогч П.Бд 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хар чонот” ХХК-тай байгуулсан 300.000 ширхэг шургааг модыг худалдах, худалдан авах тухай хуурамч гэрээг ашиглан дээрх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.БИээс 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан  гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Быг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч...Б.Бын үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан гэж  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Бын  үйлдэл нотлогдсон, иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                 

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.Д

                ШҮҮГЧИД                                  Д.Б

                                                                  В.Ц