Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00495    

 

2022 оны 03 сарын 01 өдөр               Дугаар 183/ШШ2022/00495            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Стадион оргил, KH апартмент байр, 0в-0 тоот хаягт байрлах В ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, үйлдвэрчний эвлэл 4, Интер ХХК-ийн байр, 0 давхар, 000 тоот хаягт байрлах Г.Ц.Т ХХК /РД:0000000/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228,433,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нар оролцож, нарийн бичгийн дарга Ч.Нямжав шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: В ХХК нь Г.Ц.ТХХК-тай 2021 оны 7 дугаар 08-ны өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдаг тал нь гэрээний зүйл болох 00W00 маркийн автомашины моторын тосыг нийлүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон хөлсийг 1 сарын хугацааны дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч талын зүгээс үүргээ биелүүлэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 00,908 литр моторын тосыг хариуцагчид нийлүүлсэн болно. Энэ нь бараа хүлээлгэн өгсөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын падаанаар нотлогдоно.

Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1.2-т зааснаар худалдан авагч нь барааны төлбөрийг 00 хоногт багтаан худалдагчид төлөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна.

Гэрээний 7.2 дахь хэсэгт худалдан авагч барааны үнийг төлбөрийн Нэхэмжлэхэд заасан хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 00 хоногийн алданги 52,715,520 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсээд байна. Вюртмонголиа ХХК-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00000000/000 дугаартай албан бичигт талуудын цаашдын бизнесийн хамтын ажиллагаа, эрх ашгийг хүндэтгэн үзэж гэрээний үндсэн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор манай компанийн ... тоот дансанд төлж барагдуулна уу. Уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нийт хугацаагаар алданги тооцох, ... үүгээр мэдэгдэж байна гэж заасан нь албан бичигт заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний дагуу нийт хоцорсон хугацаагаар тооцож алданги төлөхөөр заасан. Ковидын нөхцөл байдал бүх байгууллагад нөлөөлсөн гэхдээ Давагдашгүй хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлсөн түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй тул алданги төлөхгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагч Г.Ц.ТХХК-иас гэрээний үндсэн төлбөр 005,700,000 төгрөг, алданги 52,715,520 төгрөг, нийт 228,433,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Ц.ТХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Гэрээний дагуу авсан барааны тоо хэмжээ, гэрээний үндсэн үүрэг болох 005,700,000 төгрөгийг төлөх талаар маргаан байхгүй. Харин алданги болох 52,700,520 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч компанид өөрийн компанийнхаа санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон тул төлбөр төлөх боломжгүй байдалд хүрээд байгаа, төлбөр төлөх хугацааг түр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тус саналын хариуд нэхэмжлэгч компанийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20210910128 тоот албан бичгээр 2021.10.01-ний өдрийг хүртэл хугацаа өгч, энэ хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулах хариуг хариуцагчид ирүүлсэн. Манай компанийн зүгээс заасан хугацаанд төлбөрөө төлж чадаагүй нь бидний буруу ч 2021.10.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаагаар буюу 2021.10.28-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаагаар алдангийг тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн санхүүгийн нөхцөл байдал болон дэлхий нийтийг хамарсан Ковид-00 цар тахалтай холбоотой санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзэж алдангийг багасгаж өгнө үү гэжээ.                 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зарлагын падаан, нэхэмжлэх, В ХХК-иас Г.Ц.ТХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20210910128 дугаар албан бичиг баримтуудын нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 3-13,15, хуудас/

Хавтаст хэрэгт хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 23 хуудас/

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,    

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

        Хариуцагч Г.Ц.ТХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 005,700,000 төгрөг алданги 52,715,520 төгрөг нийт 228,433,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч В ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Г.Ц.ТХХК-ийн төлөөлөгч Б.Н-д 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус В ХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Г.Ц.ТХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 009 дүгээр зүйлийн 009.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Хавтаст хэргийн 0-9 дүгээр талд Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээгээр худалдагч буюу В ХХК нь 15W00 маркийн автомашины моторын тосыг 1 литрийн 8,000 төгрөгөөр тооцон нийт 00,908 литр моторын тосыг худалдан авагч Г.Ц.Т ХХК-нд нийлүүлж, Г.Ц.ТХХК нь барааны үнэ 005,700,000 төгрөгийг худалдагч В ХХК-нд төлөх үүрэг үүссэн гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсэж, гэрээний дагуу В ХХК нь хариуцагч Г.Ц.ТХХК-иас гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т зааснаар ... худалдагчаас өгсөн барааны төлбөрийн Нэхэмжлэх тус бүрийн огнооноос хойш хуанлийн 00 хоногт багтаан төлнө гэж заасан бөгөөд худалдагч буюу В ХХК нь худалдан авагч буюу Г.Ц.ТХХК-нд 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэх хүргүүлсэн байх тул уг өдрөөс хойш 00 хоногийн дотор хариуцагч гэрээний төлбөр 005,700,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. /х.х-ийн 13 хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нийт түлшний төлбөр 005,700,000 төгрөгт буюу гэрээний 7.2 дахь хэсэгт худалдан авагч барааны үнийг төлбөрийн Нэхэмжлэхэд заасан хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж зааснаар 00 хоногийн алданги 52,715,520 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Г.ц.т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз төлөх үүрэгтэй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00000000/000 дугаар албан бичигт талуудын цаашдын бизнесийн хамтын ажиллагаа, эрх ашгийг хүндэтгэн үзэж гэрээний үндсэн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор манай компанийн ... тоот дансанд төлж барагдуулна уу. Уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нийт хугацаагаар алданги тооцох, ... үүгээр мэдэгдэж байна гэх агуулгаас дүгнэвэл алданги тооцох хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тооцох агуулгыг илэрхийлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн зөрчил үүссэн үеэс алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна. Мөн хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.Ц.ТХХК нь худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 005,700,000 төгрөг, алданги 52,715,520 төгрөг нийт 228,433,920 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 110, 100 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.4, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ц.Т ХХК-иас  228,433,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 00 дугаар зүйлийн 00.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц.Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,000,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 00 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                      

                                       ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ