Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00848

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              ВХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00495 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ВХХК-ийн хариуцагч “Г Ц Т” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228,433,920  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: “Г Ц Т” ХХК-аас гэрээний үндсэн төлбөрт 175,718,400 төгрөг, алдангид 52,715,520 төгрөг, нийт 228,433,920 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ВХХК, “Г Ц Т” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээгээр худалдагч нь 15W40 маркийн автомашины моторын тос нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг 1 сарын хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19,968 литр моторын тосыг хариуцагчид нийлүүлсэн.  Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь барааны төлбөрийг 30 хоногт багтаан худалдагчид төлөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу 60 хоногийн алдангид 52,715,520 төгрөг төлөх үүрэг үүссэн. Ковид цар тахал бүх байгууллагад нөлөөлсөн. Гэвч давагдашгүй хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлсөн талаарх нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй тул алданги төлөхгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Гэрээний дагуу авсан барааны тоо хэмжээ, гэрээний үндсэн үүрэг болох 175,718,400 төгрөгийг төлөх талаар маргаан байхгүй. Харин алданги 52,718,520 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон, төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн тул төлбөрийн хугацааг түр хойшлуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20210916128 тоот албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа өгч, уг хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулах талаар албан бичиг ирүүлсэн. Хариуцагч нь хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй боловч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 27 хоногийн алданги тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Компанийн санхүүгийн нөхцөл байдал болон дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал зэргийг харгалзан үзэж алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г Ц Т” ХХК-аас  228,433,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,300,119 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Г Ц Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,300,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ВХХК-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Үйл баримтын талаар,

4.1.а. ВХХК, хариуцагч “Г Ц Т” ХХК-тай 2021 оны 07 сарын 08-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр 175,718,400 төгрөг, гэрээний 7.2 дах хэсэгт зааснаар алдангид 52,715,000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагчийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20210916128 тоот албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа олгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 27 хоногийн алданги хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой, эргэлзээгүй байдлаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй тухайд,

4.2.а. ВХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20210916/128 дугаар албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгосон ба энэ хугацаанд алданги тооцогдохгүй талаар албан бичиг байхад шүүх хангалттай дүгнээгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... албан бичгийн агуулга нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрээний үндсэн төлбөрийг төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нийт хугацаагаар алдангийг тооцохыг сануулсан. Хариуцагч компанид төлбөр төлөх үүрэг үүссэн өдрөөс хойш 80 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан ба алдангийг 60 хоногоор тооцсон.

Иймд хариуцагч нь гэрээнд заасан алдангийг төлөх ёстой учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ВХХК-ийн худалдан, худалдан авах гэрээний төлбөр 175,718,400 төгрөг, алданги 52,715,520 төгрөг, нийт 228,433,920 төгрөгийн нэхэмжлэлээс хариуцагч “Г Ц Т” ХХК 175,718,400 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

3. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 1 литр нь 8,800 төгрөгийн үнэтэй 15W40 маркийн 19,968 литр автомашины моторын тосыг 175,718,400 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт захиалсан барааны нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг төлөх, үлдэгдэл төлбөр болох 80 хувьтай тэнцэх төлбөрийг худалдагчаас өгсөн барааны төлбөрийн нэхэмжлэх тус бүрийн огнооноос хойш хуанлийн 30 хоногт багтаан төлөх, гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байна. Худалдан авагч нь барааны үнийг төлбөрийн нэхэмжлэхэд заасан хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр гэрээнд заажээ. /хх6-9/

4. Зохигчид талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал болон худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй. Харин алданги төлөх эсэх талаар маргаантай байна.

4.а. Хэргийн 13 дугаар талд авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх болон талуудын тайлбараар хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 175,718,400 төгрөгийн барааны үнийг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан барааны үнийг шаардах эрхтэй, анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний төлбөрт 175,718,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

5. Харин хариуцагчийн алдангийн талаарх “нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын 2021.09.16-ны өдрийн 20210916/128 дугаар албан бичгийг шүүх анхаарч үзээгүй, уг албан бичгээр 2021.10.01-ний өдөр хүртэл хугацаа олгосон тул энэ хооронд алданги тооцогдохгүй” гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

5.а. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй, талуудын цаашдын бизнесийн хамтын ажиллагаа, эрх ашгийг хүндэтгэн гэрээний төлбөрийг 2021.10.01-ний өдрийн дотор төлж барагдуулах боломж олгосон боловч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул нийт 60 хоногийн алданги тооцсон гэж тайлбарласныг хариуцагч нь “2021.09.16-ны өдөр нэхэмжлэгч талд төлбөр төлөх хугацааг түр хойшлуулах хүсэлт явуулахад 2021.10.01-ний өдрийг хүртэл хугацаа өгсөн. Компанийн санхүүгийн нөхцөл байдал болон ковид цар тахлын улмаас заасан хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. 2021.10.01-2021.10.28 өдрийг хүртэл 27 хоногийн алданги тооцох үндэслэлтэй” гэж татгалздаг.

5.б. Талууд гэрээний 7.2-т “худалдан авагч барааны үнийг төлбөрийн нэхэмжлэхэд заасан хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж тохиролцсон байна.

5.в. Хариуцагч компанийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч компанид явуулсан “... төлбөрөө 2021.08.09-ний өдөр төлөх байсан боловч шинэ төсөл эхэлж байгаа учраас санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн, иймд танай компанид төлөх төлбөр хойшлогдсонд хүлцэл өчье. Танай компанид төлөх төлбөрийг 2021.10.10-ны өдөр төлөх болно” гэсэн албан бичигт нэхэмжлэгчийн “... төлбөр төлөх хугацааг 2021.10.10-ны өдөр хүртэл сунгах боломжгүй байна. Талуудын цаашдын бизнесийн хамтын ажиллагаа эрх ашгийг хүндэтгэн үзэж гэрээний үндсэн төлбөрийг 2021.10.01-ний өдрийн дотор манай компанид төлж барагдуулна уу ...” гэсэн хариу албан бичиг хэргийн 14-15 дугаар талд байна.

Дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш алданги шаардах эрхтэй байна. Талуудын алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр алданги төлүүлэх боломжгүй. Учир нь Короновируст халдвар гарч дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор Монгол улсад хөл хорио тогтоосон, хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт явуулж байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 27 хоногийн алдангид 23,721,984 /175,718,400*0,5=878,592 төгрөг, 878,592 төгрөг*27 хоног=23,721,984/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт 175,718,400 төгрөг, алдангид 23,721,984 төгрөг, нийт 199,440,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г Ц Т” ХХК-аас 199,440,384 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 28,993,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “... 56.2 ...” гэж, “ ... хариуцагч Г Ц Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,300,119 ...” гэснийг “... хариуцагч “Г Ц Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,155,151 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,917 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

         ШҮҮГЧИД                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                 А.МӨНХЗУЛ