Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2398

 

Э.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02029 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ПД-” ХХК-д холбогдох

 

даатгалын гэрээний үүрэгт 92 771 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.У- би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-RCC201502103-1 тоот орон сууцны зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банктай байгуулж 95 000 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн менингит өвчнөөр хүндээр өвдөж 2 жил гаруй хугацаанд клиник үхэл буюу комд ухаангүй байж 2016 оны 10 дугаар сараас эмчлэгдэх найдваргүй гэж эмнэлгээс гарсан. Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2035 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “ПД-” ХХК уг орон сууцны зээлийн гэрээний эрсдлийн даатгалын баталгааг банкны өмнө хүлээхээр эд хөрөнгийн болон амь нас эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээг Э.У-тай байгуулж, жил бүр сунгаж байсан. Дээрх гэрээг байгуулах үед Э.У- нь ямар нэг суурь өвчингүй, эрүүл байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас гэнэт өвдсөн. Өвчний улмаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар 1 жилийн хугацаатай тогтоогдож 2 жилийн хугацаатай сунгагдсан нь даатгалын гэрээний 3.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдлын 3.1.6, 3.2.2-т нийцэж байна.

Гэрээний 4.2.1-д “даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг баталгаанд тохирсон хугацаа, хэмжээгээр олгох гэж заасан бөгөөд баталгаанд зээлийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2035 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, амь насны даатгалын хэмжээг 95 000 000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний 7.6-д заасны дагуу “ПД-” ХХК нь 95 000 000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох ёстой. Гэвч “ПД-” ХХК нь нөхөн төлбөрт 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4 771 000 төгрөг, мөн оны 12 дугаар сард 1 жилийн нөхөн төлбөрт 9 542 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 2 жилийн нөхөн төлбөрт 6 957 623 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 6 957 623 төгрөг нийт 28 228 246 төгрөгийг банкинд олгосон. Э.У- нь одоогийн байдлаар комд удаан байснаас хоёр хөлийн шөрмөс татаж, өвдгөөрөө нугарч, тэнийдэггүй, баруун хөлийн тавхай унжсан, хоёр хөлийн өсгий газар хүрдэггүй, нуруунд хоёр газар гүн цоорсон, ой санамжаа хагас алдсан, баруун хөлийн тавхай хэсэг дотогш мурийсан, нүдний хараа суларсан, явах чадваргүй байнгын хэвтрийн байдалтай, хүний асаргаанд байна.

Гэрээний 4.2.4-т “даатгалын тохиолдол бий болоход учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө” гэсэн заалттай. Э.У-ын ээж П.Эрдэнэчимэг нь тохиолдол бий болоход 26 000 000 төгрөг бэлнээр төлснийг учирч болох хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авсан гэж үзэх тул үүнийг даатгагч нөхөн төлөх үүрэгтэй. Энэ мөнгийг төлж барьцааны хөрөнгөө чөлөөлж авсан. Гэтэл даатгагч нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж нэхэмжлэгчийн амь нас ноцтой эрсдэлд орсон байхад зөвхөн багахан хэмжээний нөхөн төлбөрийг аргацаах байдлаар банкинд шилжүүлж байгаа нь цаашид үүсэх ноцтой үр дагаврыг бий болгож байна. Иймд “ПД-” ХХК нь үүргээ биелүүлэхгүй байх тул даатгалын гэрээний дагуу нийт 92 771 754 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ПД-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк нь харилцагч Э.У-т 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 95 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг олгосон. “ПД-” ХХК нь зээлийн гэрээний зүйл орон сууц, мөн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №30С15101388 тоот орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээгээр даатгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд хүндээр өвчилж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос түүнийг хөдөлмөрийн чадвараа 80 хувиар 24 сарын хугацаатай алдсан болохыг тогтоосон. Дээрх тохиолдлыг үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдлийг “ПД-” ХХК нь хүлээн авч, хөдөлмөрийн чадвар алдалтын 24 сарын хугацааны зээлийн төлбөр нийт 28 228 570 төгрөгийг 4 удаагийн нэхэмжлэлээр Худалдаа хөгжлийн банкинд олгосон. Даатгалын гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаанд олгогдох даатгалын нөхөн төлбөрийг манайх банкинд төлөх үүрэгтэй тул даатгалын хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авах үүднээс банкинд төлсөн гэх 27 000 000 төгрөгийг “ПД-” ХХК-аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Одоо зээлийн төлбөр 62 628 609,65 төгрөг үлдсэн тухай Худалдаа хөгжлийн банк 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг ирүүлсэн тул үүнийг банкинд төлнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ПД-” ХХК-аас 88 323 997,39 төгрөгийг гаргуулж Э.У-т олгож, нэхэмжлэгчийн 4 447 756,61 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн бөгөөд хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 599 570 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ПД-” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хөдөлмөрийн чадвараа бүрэн боловч тодорхой хугацаатай алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгох эсэх асуудал

Нэхэмжлэгчтэй 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ипотекийн даатгалын гэрээт баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сарын хугацаатай тогтоосон. Энэ үед Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн өргөдлийн дагуу 6 сарын хугацаанд ногдох зээлийн төлбөрт 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4 771 000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс банкинд шилжүүлсэн.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах үеийн эрсдэлийг даатгагч хариуцахдаа даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоодог ба энэ актыг сунгадаг. Энэ талаар гэрээний 7.10, 7.6-д ерөнхийлөн зааснаас давуу үйлчлэнэ. Тиймээс хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаанд ногдох зээлийн төлбөрийг хэсэгчлэн олгосон нь үндэслэлтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны байр суурь мөн адил ба ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8.2-т энэ агуулгаар зохицуулсан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаатай тогтоодог шалтгаан нь уг чадвар сэргэх магадлалтай бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх дүгнэлт хийгээгүй.

Барьцаа хөрөнгөө чөлөөлж авахын тулд банкинд тушаасан 25 695 997 төгрөгийг даатгагч төлөх эсэх асуудал

Нэхэмжлэлийн үндэслэлийг даатгалын гэрээний 4.2.4-т заасны дагуу учирч болох хохирлыг багасгахын тул 25 695 997 төгрөгийг банкинд тушаасан учир даатгагч буцаан төлөх үүрэгтэй гэсэн. Гэтэл дээрх хохирлыг багасгах зорилгоор бус орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг төлөхгүйгээр нэмэлтээр барьцаалсан хөрөнгөө суллуулахаар тушаасан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гүйлгээний утга дээр "Эрдэнэчимэгээс зээлдэгч Э.У-ын нэмэлт барьцаа хөрөнгийг чөлөөлөх" гэсэн бичилтээр нотлогдоно. Тиймээс уг төлбөр хохирлыг багасгахаар даатгуулагчийн авсан арга хэмжээ биш тул даатгагч буцаан төлөх үүрэггүй. Нэмэлт барьцаа хөрөнгө нь 46 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд даатгуулагч болон түүний төрсөн эх н.Эрдэнэчимэг нар барьцаа хөрөнгөө суллан авч бусдад худалдах зорилгоор сайн дурын үндсэн дээр төлбөр төлөх үүргээ биелүүлэн 25 695 997 төгрөгийг банкинд тушаасан. Хэрэв зээлдэгч өөрийн сайн дураар зээлдээ төлсөн мөнгөн төлбөрийг даатгагчаас гаргуулан шийдвэрлэвэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, "даатгалаар ашиг олохгүй байх" даатгалын суурь зарчим зөрчилдөнө.

Түүнчлэн 2016-2017 оны хугацаанд даатгалын гэрээнд даатгуулагч Э.У- гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцээгүй. Тиймээс 2016-2017 оны хугацаанд даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Даатгалын гэрээ буюу даатгалын баталгааг Худалдаа хөгжлийн банк манай компанийн өмнөөс байгуулж, даатгалын тохиолдол бий болох үед зээлдэгч иргэний өмнөөс нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэх дундын зуучлагчийн үүргийг гүйцэтгэж, нөгөө талаас өөрт учрах эрсдэлээс сэргийлж ажилладаг. Үүний цаана зээлдэгч зээлээ төлөхгүй байх эрсдлээс банк өөрийгөө хамгаалдаг учир даатгалын гэрээ байгуулаагүй ч байгуулсан мэт баримт бүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Бид гэрээнд даатгуулагч гарын үсэг зурж байгуулсан эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс давж заалдах шатны шүүх гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатайг анхаарч үзнэ үү.

Зээлийн үлдэгдэл 62 628 609 төгрөгийг даатгуулагчид төлөх эсэх асуудал

Нэхэмжлэгч нь 2017 онд нэмэлт барьцаа хөрөнгө суллуулахаар төлсөн 25 695 997 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас гадна одоо банкинд төлөх зээлийн үлдэгдлийг гаргуулахаар шаардсан ба анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотод" дурдсан 62 628 609 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн. Үндэслэлээ тайлбарлахдаа 2016 оны 5 дугаар сард даатгуулагч Э.У- 2016 онд хөдөлмөрийн чадвараа 6 сарын хугацаатай бүрэн алдах үед даатгагч даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн чадвараа хугацаатай бүрэн алдсан үед нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой байхад зээлийн үлдэгдлийг манай компаниас гаргуулсан нь үндэслэлгүй.

Даатгалын гэрээний дагуу даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хугацаагүй бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгох үүрэг үүсэх ба мөн саяхан буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүй тогтоосон. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7-470/2377 тоот албан бичгээр нөхөн төлбөр хүссэн бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор нөхөн төлбөрийн өргөдлийг шийдвэрлээгүй хойш тавиад байна. Гэвч даатгалын гэрээ   зохих ёсоор байгуулагдсан, хураамжийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлсөн тохиолдолд зээлийн үлдэгдэл 62 628 609 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компани олгохоос татгалзахгүй тайлбарыг гаргасан. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр олгох эсэхийг даатгагчаас шийдвэрлээгүй асуудлаар нэхэмжлэл гаргах эрх процесс журмын дагуу нэхэмжлэгчид үүсээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Э.У- нь хариуцагч “ПД-” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 92 771 754 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг бөгөөд хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй бичгийн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байхыг шаарддаг.

   Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын баталгаа нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг алдааг залруулалгүйгээр нотлох баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна. /хх 9 дэх тал/

   Түүнчлэн зохигчид даатгалын нөхөн төлбөрийг гэрээний оролцогч тал болох Худалдаа хөгжлийн банкны зөвшөөрлөөр даатгагчид олгох эсэхэд маргаж буй тохиолдолд шүүх уг эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх зөрчлөөс шалтгаалан давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаан, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

                                                                                       Ч.ЦЭНД