Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2029

 

 

 

 

 

   2018 оны 10 сарын 11 өдөр

      Дугаар 182/ШШ2018/02029

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Э.У

 

Хариуцагч: “ПД” ХХК

            даатгалын гэрээний үүрэгт 92.771.754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э.У нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ-RCC201502103-1 тоот орон сууцны зээлийн гэрээг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулж 95.000.000 төгрөгийн зээл авсан болно. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн менингит өвчнөөр хүндээр өвдөж 2 жил гаруй хугацаанд клиник үхэл буюу комд ухаангүй байж 2016 оны 10 дугаар сараас эмчлэгдэх найдваргүй гэж халдвартын эмнэлгээс гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд хүний асаргаанд байна. Э.У нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний хугацаа болох 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2035 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ПД уг орон сууцны зээлийн гэрээний эрсдлийн даатгалын баталгааг банкны өмнө хүлээхээр Э.Утай эд хөрөнгийн болон амь нас эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, жил бүр гэрээ сунгагдаж байсан болно. Уг гэрээг байгуулсан 2015 оны 10 сарын 23-ны өдөр Э.У нь ямар нэг суурь өвчингүй эрүүл байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас гэнэт өвдсөн. Өвчний улмаас 2016 оны 05 сарын 10-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь, 2016 оны 11 сарын 10-нд хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар 1 жилийн хугацаатай тогтоогдож 2 жилийн хугацаатай сунгагдсан болно. Даатгалын гэрээний 3.1-д “Даатгагч нь даатгуулагчийн дараахь тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно. 3.1.6-д Зээлдэгч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах нас барах эрсдэл, 3.2.2-т ...хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах-70 хувиас дээш...” гэж зааснаар Э.Уын тохиолдол нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70 хувиас дээш алдагдсан, нас барах эрсдэлд орсон /клиник үхэлд буюу комд орсон, орчны ямар ч харилцаагүй, эмчилгээ авах найдваргүй/ гэдэгтэй нийцэж байна.

Гэрээний 4.2.1-д “Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг баталгаанд тохирсон хугацаа, хэмжээгээр олгох гэж заасан бөгөөд баталгаанд зээлийн хугацааг 2015 оны 10 сарын 23-ны өдрөөс 2035 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл, амь насны даатгалын хэмжээг 95.000.000 төгрөгөөр тооцож тохирсон байгаа болно.

 Гэрээний 7.6-д “Даатгагч нь дараахь тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно, 7.6.3-д Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах нас барах,” гэсэн байгаа тул Практикад даатгал 95.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг 100 хувь олгох ёстой. Гэвч ПД нь 2016 оны 08 дугаар сарын 26-нд нөхөн төлбөрт 4.771.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 1 жилийн нөхөн төлбөрт 9.542.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 2 жилийн нөхөн төлбөрт 6.957.623 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-нд 6.957.623 төгрөг буюу нийт 28.228.246 төгрөгийг банкинд олгосон байна. Э.У нь одоогийн байдлаар комд удаан байсны улмаас хоёр хөлийн шөрмөс татаж, өвдгөөрөө нугарсан, тэнийдэггүй, баруун хөлийн тавхай унжсан, хоёр хөлийн өсгий газар хүрдэггүй, нуруунд хоёр газраа маш гүн цоорсон, ой санамжаа хагас алдсан, баруун талын хөл тавхай хэсгээрээ дотогш мурийсэн, нүдний хараа суларсан, ганцаараа зогсох, явах чадваргүй байнгын хэвтрийн байдалтай, хүний асаргаанд байгаа болно.

 Гэрээний 4.2.4-т Даатгалын тохиолдол бий болоход учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг нөхөн төлбөр дээр нэмж Даатгуулагчид нөхөн төлнө гэсэн заалт байна. Э.Уын гэр бүлийнхэн буюу түүний ээж П.Э нь тохиолдол бий болох үед үлдсэн зээлийн үлдэгдэл буюу 95.000.000 төгрөгөөс 26.000.000 төгрөгийг хасуулахаар бэлнээр төлсөн байгаа нь учирч болох хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авсан гэж үзэхээр байгаа тул энэхүү төлбөрийг ч даатгагч нөхөн төлөх үүрэгтэй. Энэ мөнгийг төлж барьцааны хөрөнгөө чөлөөлж авсан болно. Гэтэл даатгагч нь өөрийн хүлээсэн үүргүүдээ биелүүлэхээс санаатай зайлсхийж нэхэмжлэгчийн амь нас маш ноцтой эрсдэлд орсон байхад зөвхөн багахан хэмжээний нөхөн төлбөрийг аргацаах байдлаар банкинд шилжүүлж байгаа нь цаашид үүсэх ноцтой үр дагаврыг бий болгож байна. Иймд “ПД” ХХК нь үүргээ биелүүлэхгүй байх тул даатгалын гэрээний дагуу нийт 92.771.754 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк нь харилцагч Э овогтой Ут 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 95.000.000 төгрөгийн дүнтэй орон сууцны зээлийг олгосон. “ПД” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох орон сууц, мөн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №30С15101388 тоот “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах” гэрээгээр даатгасан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд хүндээр өвчилж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа 80 хувиар 24 сарын хугацаатай алдсан болохыг тогтоосон байна. Дээрх тохиолдлыг үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдлийг “ПД” ХХК нь хүлээн авч, хөдөлмөрийн чадвар алдалтын 24 сарын хугацааны зээлийн төлбөр болох нийт 28.228.570 төгрөгийг 4 удаагийн нэхэмжлэлээр Худалдаа хөгжлийн банкинд олгосон. Даатгалын гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаанд олгогдох даатгалын нөхөн төлбөрийг манайх банкинд төлөх үүрэгтэй тул даатгалын хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авах үүднээс банкинд төлсөн гэх 27.000.000 төгрөгийг “ПД” ХХК-аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Одоо зээлийн төлбөр 62.628.609,65 төгрөг үлдсэн байгаа тухай Худалдаа хөгжлийн банк 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг ирүүлсэн, үүнийг банкинд төлнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, Баянгол дүүргийн 6-р хорооны тодорхойлолт, Э.Уын иргэний үнэмлэхний хуулбар, даатгалын гэрээ, баталгаа, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 9/1081 тоот албан бичиг, Э.Уын өвчний түүхийн хуулбар, Э.Уын амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар, “ПД” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, зээлийн дансны хуулга, харилцах дансны гүйлгээний хуулга, депозит дансны харилцагчийн хуулга болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У нь “ПД” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 92.771.754 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч даатгалын гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаанд олгогдох даатгалын нөхөн төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй, даатгалын хохирлын хэмжээг багасгах арга хэмжээ авах үүднээс нэхэмжлэгчийн банкинд төлсөн гэх 27.000.000 төгрөгийг “ПД” ХХК нь нөхөн төлөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Э.У нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр ЗГ-RCC201502103-1 тоот орон сууцны зээлийн гэрээг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулж 95.000.000 төгрөгийн зээл авч орон сууц худалдан авсан байх ба уг орон сууцны зээлийн гэрээний хугацаа болох 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2035 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “ПД” ХХК нь уг орон сууцны зээлийн гэрээний эрсдлийн даатгалын баталгааг банкны өмнө хүлээхээр Э.Утай эд хөрөнгийн болон амь нас эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан байна.

Даатгалын гэрээгээр гэрээний зүйл-Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамж, 34-57 тоот орон сууц, мөн зээлдэгчийн амь нас (нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах-70 хувиас дээш) болох, орон сууцны зээлийн гэрээний хугацаагаар, даатгалын хураамж нь хөрөнгийн үнэлгээ болон зээлийн үлдэгдэл дүнгийн 0.11 хувиар жил бүр төлж байхаар тохиролцжээ.

Э.У нь 2015 оны 11 сараас менингит өвчнөөр өвдөж Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр өвчний улмаас 2016 оны 05 сарын 10-ны өдөр Э.Уын хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар 6 сарын хугацаатай, 2016 оны 11 сарын 10-нд хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар 1 жилийн хугацаатай тогтоогдож 2 жилийн хугацаатай сунгагдсан, 2018 оны 08 сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 95 хувьтай болсныг дээрх комисс хугацаагүйгээр тогтоосон байна.

ПД ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-иуд “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”, “Нэмэлт гэрээ”-г 2015 оны 07 дугаар сарын 21, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан дээрх хугацаанд “ПД” ХХК нь нөхөн  төлбөрт Худалдаа хөгжлийн банкинд 4 удаа 2016 оны 06 дугаар сарын 24, 12 дугаар сарын 07, 2017 оны 12 дугаар сарын 12, 24-ний өдрүүдэд нийтдээ 28.228.246 төгрөгийг шилжүүлж, одоо зээлийн төлбөр 62.628.609,65 төгрөг үлдсэн байгаа тухай Худалдаа хөгжлийн банк 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр албан бичгийг ирүүлсэн байна.

Зээлийн үлдэгдэл өр болон түүнийг төлөх тал дээр талууд маргахгүй байна.

Харин барьцаа хөрөнгөө чөлөөлж авахын тулд нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 25.695.387,74 төгрөгийг төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн төлөлтөнд орж тооцогдон үлдэгдлээс хасагдсан байх ба энэ мөнгийг төлөх төлөхгүй дээр талууд маргаж байна.

Даатгалын гэрээний 7.6-д “Дараахь тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувь олгоно, 7.6.3-т Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барсан” гэж заасан ба мөн гэрээний 3.2.2-т ...хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах нь -70 хувиас дээш...” гэж заасан тул Э.Уын хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан үеэс буюу 2016 оны 05 сарын 10-ны өдрөөс даатгалын тохиолдол үүссэн, мөн гэрээний 3.2.2-т даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлээр тооцохоор заасан тул нэхэмжлэгч нөхөн төлбөрийг 2016 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн үлдэгдлээс тооцуулах эрх үүссэн байна.

 

Нэхэмжлэгч дээрх хугацаанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны хөрөнгөө чөлөөлж авахын тулд Худалдаа хөгжлийн банкинд 25.695.387,74 төгрөгийг төлснийг буруутгах үндэслэлгүй ба энэ мөнгө нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан үеийн зээлийн үлдэгдэлд орж тооцогдон даатгуулагчид нөхөн төлөгдөх учиртай байна.

 

Иймд хариуцагч “ПД” ХХК-аас Худалдаа хөгжлийн банкны зээлийн үлдэгдлийн 62.628.609,65 төгрөг дээр 25.695.387,74 төгрөгийг нэмж, нийт 88.323.997,39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Даатгалын гэрээний дагуу даатгуулагч буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 341.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна. ПД ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-иудын байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 7.1.2-т ч даатгуулагч нөхөн төлбөрөө шаардах эрхийг заасан байна.

Нэхэмжлэгч урьд нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр 431.1-ийг баримтлан “ПД” ХХК-аас 88.323.997,39 төгрөгийг гаргуулж Э.Ут олгож, нэхэмжлэгчийн 4.447.756,61 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн бөгөөд хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 599.570 төгрөгийг гаргуулж улсад олгосугай.
  3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД