Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00203  

 

2022 оны 01 сарын 21 өдөр                    Дугаар 183/ШШ2022/00203                            Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хан-Уул цамхагийн 0000 тоот хаягт байрлах Н.П ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр №00000 тоот хаягт байрлах С МН ХХК /РД:0000000/-д холбогдох

Зуучлалын гэрээний үүрэгт 23,958,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц,

гэрч Д.Э, У.Н нар оролцож,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Н.П ХХК нь С МН ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №00/00 дугаартай Хамтран ажиллах мастер гэрээ байгуулан ажиллаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, Хьёндэ оффисын барилгын оффисын талбай болон худалдаа үйлчилгээний талбайнуудыг түрээслүүлэхээр хавсралтад бүртгэсэн 3 болон 4 дүгээр давхрын 726 м.кв талбайн түрээслүүлэх зуучлалын гэрээг байгуулсан болно. Гэрээний дагуу түрээслэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн ажилтантай агент Д.Э болон У.Н нар зуучлуулагч С МН ХХК, Гүйцэтгэх захирал А.Мтай холбон өгсөн. Оффисийн талбайн түрээсийн саналын хуудсаар баталгаажуулан зуучилсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээслэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, төлөөлж сүмийн үйлчилгээний төвийн барилгын албаны дарга Д.Г, зуучлуулагч С МН ХХК-ийн захирал А.М нар Түрээсийн гэрээ байгуулан зуучлалын гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгө болох 3 болон 4 дүгээр давхрын 726 м.кв талбайг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 5 жилийн хугацаатайгаар түрээслэгчид эзэмшүүлэн ашиглуулахаар түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн талбайг ашигласны төлөө сар бүр 18,150,000 төгрөг төлөхөөр түрээсийн гэрээг байгуулсан. Зуучлуулагч С МН ХХК-ийн захирал А.М нь зуучлалын гэрээний 2.1.7 дах хэсэгт заасан зуучлалын хөлс болох 15,972,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд Хамтран ажиллах мастер гэрээний төлбөр 15,972,000 төгрөг болон алдангийн төлбөр 7,986,000 төгрөг, нийт 23,958,000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг зуучлуулагч С МН ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С МН ХХК нь Н.П ХХК-тай 2018.05.25-ны өдөр №00/00 тоот Хамтран ажиллах мастер гэрээг, 2020.05.25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан сунгаж хамтран ажилласан байна 2021.02.08-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг и-мэйлээр мэдэгдэж байсан байна мөн шүүхэд өргөдөл гаргасан ч энэхүү нэхэмжлэлийг эсэргүүцэж төлөх боломжгүйг мэдэгдэж байна. Учир нь манай байгууллага гэрээ байгуулсан хэдий ч Н.П ХХК-ийн гэрээ нь хэтэрхий нэг талын эрх ашгийг урьтал болгосон зуучлалын хоног хугацаанд хариуцлага хүлээхгүй байгааг гэрээний хэрэгжилтийн явцад илэрч бид энэ талаар бас гомдол гаргаж байсан. Мөн зуучлуулж байх үед тухайн сүмийн барилга хариуцсан захирал Ганболд гэдэг хүн манай талбайг түрээслэхгүй гэдгээ хариуцагчид утсаар хэлж зуучлалыг цуцалж байсан. Дээрх асуудлыг Н.П ХХК-ийн менежер Э мэдэж байсан дахин өөр байгууллага оруулахаар тохиролцож байсныг тус сүмийн пастер Цэ гэдэг хүн манай байгууллагын ТУЗ-ийн дарга Ч.Х гэдэг хүнтэй ойр дотны харилцаагаа ашиглаж манай байгууллагыгн талбайг түрээслэхээр болж өөр байгууллагатай хийх гэж байсан гэрээг цуцлуулсан болно. Бид Н.П ХХК-д итгэл хүлээлгэн зуучлалын гэрээ байгуулан хамтран ажилласан хэдий ч хоног хугацааны хувьд их хэмжээний алдагдал хүлээсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.       

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №МГ00/00 дугаар Хамтран ажиллах мастер гэрээ, гэрээний хавсралт 1 эх хувиараа, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах мастер гэрээний нэмэлт гэрээ эх хувиараа, гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оффисын талбайн түрээсийн саналын хуудас эх хувиараа, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №АБ00/00 мэдэгдэл...., баримтуудыг

хариуцагчаас С МН ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/30 дугаартай албан бичиг, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаар албан бичиг, 2019.02.15-ний өдрийн С МН ХХК болон Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн хооронд байгуулсан Түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:   

Хариуцагч С МН ХХК-д холбогдуулан 23,958,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.П ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Н.П ХХК нь С МН ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 23,958,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал ... Хамтран ажиллах мастер гэрээний хавсралтад заасан Хьюндэ Элеватор барилгын 3,4 давхрыг сүмийн зориулалтаар талбай түрээслэх гэрээг зуучлагчийн агент Д.Э, У.Н нар нийт 5 удаагийн уулзалтыг түрээслүүлэгч С МН ХХК болон түрээслэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүд сүмийн холбогдох эрх бүхий этгээдүүдтэй зохион байгуулж, түрээсийн гэрээ байгуулах зуучлалын үйл ажиллагааны үйлчилгээг хариуцагчид үзүүлсэн. Түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, сүм талбайг ашиглаж байгаа боловч зуучлуулагч буюу хариуцагч нь гэрээний 2.1.7-д заасны дагуу өнөөдрийг хүртэл зуучлалын хөлсөө төлөөгүй. Иймд гэрээний үндсэн үүрэг 15,972,000 төгрөг алданги 7,986,000 төгрөг нийт 23,958,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал ...Сүм шашны зан үйл хийхээр анх бассейн барих боломжтойг хариуцагчаас тодруулсан. Манай зүгээс бассейн барих боломжгүй гэсэн тул тухайн цаг хугацаанд сүм түрээсийн гэрээ байгуулахаа больж анхны түрээсийн гэрээ байгуулах харилцаа дуусгавар болсон. Гэтэл сүмийн удирдагчийн нэг С.Ц компанийн захирал Ч.Х нар хуучны танилууд байсан тул гэрээ байгуулахыг зөвшөөрч, түрээсийн харилцаа дахин үүссэн. Иймд бид зуучлалаар дамжуулж түрээсийн гэрээ байгуулаагүй.Түрээсийн гэрээ байгуулах түрээслэгч олох талаар нэхэмжлэгч хугацаа их алдсан, хариуцагч байгууллагыг алдагдалд оруулсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Н.П ХХК ь С МН ХХК-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хьюндэ Элеватор оффисийн 3,4 давхрыг түрээслэхээр, түрээслэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээс гэрээний 2.1-д заасан хэмжээгээр төлбөрийг С МН ХХК нь нэхэмжлэгчид төлөх, гэрээг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, Хамтран ажиллах мастер болон нэмэлт гэрээг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, хавсралтаар худалдан борлуулах болон түрээслэх хөрөнгийн жагсаалтыг хавсарган байгуулсан байна./х.х-ийн 6-11 хуудас/

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжтэй нийцсэн байна.

Түрээсийн санал гаргасан түрээслэгч Б.ГХьюндэй элеватор оффист сүмийн зориулалтаар 600-700 м.кв талбайг, 5 жилийн хугацаатай, 12-2 сарын хооронд түрээсэлж эхлэхээр түрээсийн саналын хуудсыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуучлагчийн агент У.Нт саналаа гаргаж, сүмийн ажилтан буюу түрээслэгч Б.Г уг баримтад гарын үсэг зуржээ./х.х-ийн 14 хуудас/

С МН ХХК нь Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй Хьёндэ Элеватор барилгын 3, 4 давхрын 726 м.кв талбайг, сүмийн зориулалтаар 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан болох нь сүмийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 тоот албан бичиг, түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.Түүнчлэн сүм нь шашны зан үйл хийхтэй холбогдуулан бассейн барих боломжгүйгээс түрээсийн гэрээг байгуулаагүй гэрээний харилцаа дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.

Дээрх нотлох баримтаар Н.П ХХК-ийн агент У.Нийн зуучилсан Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй хариуцагч С МН ХХК нь Түрээсийн саналын хуудаст авагдсан нөхцөлөөр түрээсийн гэрээг байгуулсан байх ба зохигчдын хооронд байгуулсан Хамтран ажиллах мастер гэрээгээр тохиролцсон түрээсийн талбайг түрээслэх түрээслэгчийг түрээслүүлэгчид зуучлагч зуучилсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хамтран ажиллах мастер гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д Зуучлагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 180 хоног буюу түүнээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол үл хөдлөх эд хөрөнгийн нэг сарын түрээсийн төлбөрийн 88 хувь-тай тэнцэх төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр заасан байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

С МН ХХК нь Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм нь 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байх тул түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т ...түрээсийн талбайг ашигласны төлөө сар бүр 18,150,000 төлнө..., Хамтран ажиллах мастер гэрээний 2.3-т Гэрээний 2.1-т заасан зуучлалын хөлсийг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх болон худалдах Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 24 цагийн дотор ... дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу хариуцагч уг түрээсийн төлбөрийн 88 хувь болох 15,972,000 төгрөгийг, түрээсийн гэрээ байгуулснаас хойш 24 цагийн дотор хариуцагч зуучлалын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан Хамтран ажиллах мастер гэрээний 7.2-т ... заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг А талд төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С МН ХХК-иас үндсэн үүрэгт 15,972,000 төгрөг, алданги 7,986,000 төгрөг нийт 23,958,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.П ХХК олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С МН ХХК-иас 23,958,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.П ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С МН ХХК /РД:0000000/-иас 277,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П ХХК /РД:0000000/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ