Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00736

 

НП ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00203 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НП ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С МН ХХК-д холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт 23,958,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч НП ХХК нь С МН ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №18/00 дугаартай хамтран ажиллах мастер гэрээгээр

1.1. Зуучлалын хөлс 15,972,000 төгрөг,

1.2. Алданги 7,986,000 төгрөг, нийт 23,958,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын НП ХХК нь С МН ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №18/00 дугаартай хамтран ажиллах мастер гэрээ байгуулан ажилласан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, Хьёндэ оффисын барилгын оффисын талбай болон худалдаа үйлчилгээний талбайнуудыг түрээслүүлэхээр хавсралтад бүртгэсэн 3 болон 4 дүгээр давхрын 726 м.кв талбайн түрээслүүлэх зуучлалын гэрээг байгуулсан. Гэрээгээр түрээслэгч Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн ажилтантай агент Д.Э- болон У.Н- нар зуучлуулагч С МН ХХК, Гүйцэтгэх захирал А.М-г холбон өгсөн. Оффисийн талбайн түрээсийн саналын хуудсаар баталгаажуулан зуучилсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээслэгч Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, сүмийг төлөөлж сүмийн үйлчилгээний төвийн барилгын албаны дарга Д.Ганболд, зуучлуулагч С МН ХХК-ийн захирал А.М- нар Түрээсийн гэрээ байгуулан зуучлалын гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгө болох 3 болон 4 дүгээр давхрын 726 м.кв талбайг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 5 жилийн хугацаатайгаар түрээслэгчид эзэмшүүлэн ашиглуулахаар түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн талбайг ашигласны төлөө сар бүр 18,150,000 төгрөг төлөхөөр түрээсийн гэрээг байгуулсан. Зуучлуулагч С МН ХХК-ийн захирал А.М- нь зуучлалын гэрээний 2.1.7 заасан зуучлалын хөлс болох 15,972,000 төгрөгийг төлөөгүй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Гэрээ байгуулсан. Гэвч НП ХХК-ийн гэрээ нь хэтэрхий нэг талын эрх ашгийг урьтал болгосон, зуучлалын хоног хугацаанд хариуцлага хүлээхгүй байгааг гэрээний хэрэгжилтийн явцад илэрч бид энэ талаар бас гомдол гаргаж байсан. Мөн зуучлуулж байх үед тухайн сүмийн барилга хариуцсан захирал н.Ганболд гэдэг хүн манай талбайг түрээслэхгүй гэдгээ хариуцагчид утсаар хэлж зуучлалыг цуцалж байсан. Дээрх асуудлыг НП ХХК-ийн менежер н.Э мэдэж байсан. Дахин өөр байгууллага оруулахаар тохиролцож байсныг тус сүмийн пастер н.Ц- гэдэг хүн, манай ТУЗ-ийн дарга Ч.Х-тай ойр дотны харилцаагаа ашиглаж манай байгууллагын талбайг түрээслэхээр болж өөр байгууллагатай хийх гэж байсан гэрээг цуцлуулсан. НП ХХК-д итгэл хүлээлгэн зуучлалын гэрээ байгуулан хамтран ажилласан хэдий ч хоног хугацааны хувьд их хэмжээний алдагдал хүлээсэн.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С МН ХХК-аас 23,958,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НП ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С МН ХХК /РД:5685249/-иас 277,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НП ХХК /РД:6185657/-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй.

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр С МН ХХК болон НП ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах мастер гэрээг А тал гэх НП ХХК, түүнийг төлөөлөн агент Д.Э-, Б тал гэх С МН ХХК, түүнийг төлөөлөн А.М- нар байгуулсан бөгөөд гэрээний нийтлэг үндэслэл 1.2 заалтанд “Б тал нь үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах болон түрээслэх санал болгосон гэрээний хавсралт 1-д заасан доод үнээсээ бага үнээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй байхаар харилцан тохиролцов” гэж заасан. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заалтыг гэрээнд өөрөөр заасан болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч хавсралтад зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх эрхийг гэрээнд өөрөөр тусгайлан зааж өгсөн байна. Чухамхүү энэ заалтын дагуу түрээслүүлэгч гуравдагч этгээдэд түрээсэлсэн. Энэ нь ч нэхэмжлэгч талуудын гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд гэрч Д.Э-, У.Н- нарын мэдүүлсэнчлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол дах Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн байранд усан бассейн гэх байршуулах зүйлийг үзэж ярилцахаар очсон гэх уулзалтаар тодорхойлогддог.

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1 дэх хэсэгт “Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байх бөгөөд хамтран ажиллах мастер гэрээний 1.2 заалтын дагуу энэхүү гэрээ нь зуучлагчийн онцгой эрхийн шинжийг хадгалаагүй бөгөөд түрээслүүлэгч нь өөрөө тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, худалдах эрх нь нээлттэй болохыг гэрээнд тусгайлан зааж өгснөөр зуучлуулагч С МН ХХК зуучлагчийн оролцоогүйгээр түрээсэлж болохыг нотолж байна.

Түүнчлэн, зуучлуулагч болох С МН ХХК нь гэрээний 1.2-т зуучлагчийн оролцоогүй зуучилсан болох нь Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 тоот албан тоотоор нотлогдож байна.

            Түрээсийн санал гаргасан түрээслэгч Б.Ганболд Хьюндэ Элеватор оффист сүмийн зориулалтаар 600-700 м.кв талбайг, 5 жилийн 12-2 сарын хооронд түрээсэлж эхлэхээр түрээсийн саналын хуудсыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуучлагчийн агент У.Н-т саналаа гаргаж, сүмийн ажилтан буюу түрээслэгч Б.Ганболд уг баримтад гарын үсэг зуржээ гэсэн үндэслэх хэсэгт заасан нотлох баримт нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оффисын талбайн түрээсийн саналын хуудсанд түрээсийн санал тавигч Б.Ганболд болон ремакс оффисын зуучлагч У.Н- нар гарын үсэг зурсан боловч түрээслүүлэгч болох С МН ХХК-ийн зүгээс дээрх саналыг хүлээн авч баталгаажуулан гарын үсэг зураагүй нь түрээслүүлэгч С МН ХХК саналыг хүлээн зөвшөөрөөгүй болохыг баталж байна.

Мөн нэхэмжлэгч НП ХХК-ийн зүгээс зуучлагчаар оролцож, төлбөрөө авсан гуравдагч этгээдүүдийн гэрээг хавсаргасан атлаа, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн гэрээ байхгүйн улмаас шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагчаас гаргуулсан байгаа нь талуудын хооронд зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй болохыг нотолж байна.

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр С МН ХХК болон НП ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах мастер гэрээг А тал гэх НП ХХК, түүнийг төлөөлөн агент Д.Э-, Б тал гэх С МН ХХК, түүнийг төлөөлөн А.М- нар байгуулсан гэрээний “5.9 А тал нь сар бүр 1 удаа Б талын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах болон түрээслэх талаар хийгдсэн ажлын тайлангаа илгээх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд тухай бүр тайлангаа гаргаж өгнө” гэж заасны дагуу уг иргэний хэрэгт ямар нэгэн тайлан болох нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талын тайлбараар Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийг зуучилсан талаар тайлан өгөөгүй болох нь уг түрээсийн харилцаанд зуучлагчийн хувиар оролцоогүй болохыг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч НП ХХК нь хариуцагч С МН ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №18/00 дугаартай хамтран ажиллах мастер гэрээгээр

1.1. Зуучлалын хөлс 15,972,000 төгрөг,

1.2. Алданги 7,986,000 төгрөг, нийт 23,958,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 50/

 

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. НП ХХК нь С МН ХХК-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох Хьюндэ Элеватор оффисийн 3,4 давхрыг түрээслэхэд зуучлахаар, түрээслэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээс гэрээний 2.1-д заасан хэмжээгээр төлбөрийг С МН ХХК нь нэхэмжлэгчид төлөх, гэрээг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, Хамтран ажиллах мастер болон нэмэлт гэрээг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, хавсралтаар худалдан борлуулах болон түрээслэх хөрөнгийн жагсаалтыг хавсарган байгуулсан. /хх 6-11/

 

2.б. Хэрэгт Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн төлөөлөгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндэй элеватор оффис дотор сүмийн зориулалтаар 600-700 м.кв талбайг, 5 жилийн хугацаатай түрээслэхээр нэхэмжлэгч талын агент У.Н-т санал гаргаж, сүмийн ажилтан Б.Ганболд саналын хуудас гэх баримтад гарын үсэг зуржээ. /хх14/

 

2.в. Хамтран ажиллах мастер гэрээний 2.1.7-д зуучлагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 180 хоног буюу түүнээс дээш хугацаагаар түрээслэх түрээслэгчтэй холбон зуучилж өгсөн бол үл хөдлөх эд хөрөнгийн нэг сарын түрээсийн төлбөрийн 88 хувьтай тэнцэх төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр заасан байна. Хамтран ажиллах мастер гэрээний 2.3-т гэрээний 2.1-т “зуучлалын хөлсийг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх болон худалдах гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 24 цагийн дотор 5133148101 дансанд шилжүүлнэ” гэж заасан. /хх6/ Мөн хамтран ажиллах мастер гэрээний 7.2-т “... заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг А талд төлнө” гэжээ. /хх7/

 

2.г. С МН ХХК нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмтэй 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...түрээсийн талбайг ашигласны төлөө сар бүр 18,150,000 төлнө” гэж заажээ. /хх15/

 

3. Зохигчид хамтран ажиллах мастер гэрээний дагуу зуучлалын хөлс, алданги төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

3.а. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын зуучлалын ажилтан агентуудын тусламжтайгаар түрээслэгчтэй холбогдсон үйл баримтыг үгүйсгэж чадаагүй боловч “түрээсийн гэрээ цуцлагдаад, хувийн холбоо харилцааг ашиглан дахиж байгуулагдсан. Нэхэмжлэгчтэй хамтран ажиллах хугацаанд түүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч хоног хугацааны хувьд их хэмжээний алдагдал хүлээсэн” гэж маргаж байна.

 

3.б. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг болон маргааны зүйлийг зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлсэн эсэхэд зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.в. Хэрэгт нэхэмжлэгч буюу зуучлагчийн оролцоотойгоор байгуулагдсан түрээсийн гэрээ нотлох баримтаар авагдсан, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул гэрээгээр тохиролцсон хөлс болох 15,972,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

3.г. Талуудын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах мастер гэрээний хавсралт 1-д заасан доод үнээсээ бага үнээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд түрээслэхгүй байх, сар бүр 1 удаа Б талын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах болон түрээслэх талаар хийгдсэн ажлын тайлангаа илгээх, шаардлагатай тохиолдолд тухай бүр тайлангаа гаргаж өгөх үүргээ биелүүлсэн гэх байдлыг баримтаар нотлоогүй.

 

Мөн хариуцагч талын “нэхэмжлэгчийн үйлдэл удаашралтай, хоног хугацааны хувьд алдагдалд орсон” гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн оффисын талбайн түрээсийн саналын хуудас, гэрээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зэргээр нотлогдож байна.

 

3.д. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах юм.

 

Иймд алданги 7,986,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дээрх хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23,958,000” гэснийг “15,972,000” гэж, “олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,986,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “277,740” гэснийг “237,810” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД