Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02794

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх, ................. тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Ж /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт байрлах, С ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 00000000, 00000001 дугааруудыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б цахимаар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

                                

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж-ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. 00000000 дугаарыг 3,000,000 төгрөгийн барьцаанд, 00000001 дугаарыг 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. Дугаар нь хөдлөх хөрөнгө болох нь эргэлзээтэй. Дугаарыг хэдэн төгрөгийн үнэ гэдгийг тогтоосон үнэлгээ байхгүй. Дугаарыг хөдлөх эд хөрөнгөд орохгүй байх гэж үзэж байна. Хариуцагч удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байна. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн хүүгээ төлөөгүй бол худалдан борлуулах талаар зээлдэгчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасан байгаа. Мөн бичгээр мэдэгдэнэ гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Ц.Ж-д зээлээ төл гэж мэдэгдсэн баримт байхгүй байна. 14 хоногийн дотор худалдан борлуулах эрхтэй байгаа бол зээлийн гэрээ үүргээ шаардах эрх нь 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс шаардах эрхтэй. Үүнтэй холбоотой 5 сарын турш шаардсан зүйл байхгүй. Яагаад гэвэл зээл тухай бүртээ сунгагдаж, зээлийн хүүгээ төлж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 04 сарын 30-ны өдөр хариуцагчийн охин Батжаргалын Халиунаагийн данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Шилжүүлсний дараа утсыг блоклосон учраас нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хандсан. Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь нэхэмжлэгч Ц.Ж-тай 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 00000000, 00000001 дугаарыг барьцаалан зээл олгосон. Хуульд заасан үндэслэлийн дагуу зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Барьцааны гэрээг хууль бус гэж тайлбарладаг. Нотлох баримтаас харахад 2018 оны 11 сарын 07-ны өдөр Ц.Ж нь Ю ХХК-д хүсэлт гаргаж, 00000000 дугаарыг С ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд С ХХК, Ю ХХК-тай гэрээ байгуулсан байгаа. Шинэчилсэн гэрээ дээр нэхэмжлэгч тал миний дугаар байгаа юм гэж тайлбарладаг. Ю ХХК-тай байгуулсан гэрээ дээр Ц.Ж гарын үсэг байдаггүй. Ю ХХК-тай холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулсан байдаг. Зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасны дагуу байгуулсанаар дугаарыг шилжүүлсэн байгаа. 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгулсан боловч энэ хугацаанд зээлээ төлж дуусгаагүй. С ХХК-иас удаа дараа зээл зээлийн хүүгээ хугацаандаа төлөх шаардлагыг амаар болон албан бичгээр мессежээр хүргүүлсэн байдаг. Зээлдэгч Ц.Ж-ыг 4 сарын хугацаанд хүлээсэн. Хуульд заасны дагуу 14 хоног хүлээх ёстой байдаг. Гэтэл манай компаниас Ц.Ж-ыг 120 хоног хүлээсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас дуудлага худалдаа явуулах талаар Ю ХХК-д албан бичиг хүргүүлсэн боловч тодорхой хугацаанд шилжүүлээгүй. Ингээд дуудлага худалдаа хойшлогдсон. Ц.Ж нь цагдаад миний дугаарыг зарж орлого олох гэж байна гэсэн гомдол гаргасан. Цагдаагаас шалгаад хууль бус зүйл байхгүй гээд Ю ХХК-д албан бичиг хүргүүлсэн байдаг. Дахин дуудлага худалдаа явуулж, Д.Э гэдэг хүнд зарж, хохирлоо барагдуулсан байгаа. Үүнд хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу 00000000 дугаарыг шилжүүлсэн байдаг. 00000001 дугаарын төлбөр төлөгдсөн учраас шилжүүлж өгч болно гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Зээлийн харилцаа үүссэн, зээлсэн мөнгө Ц.Ж-ы данс руу орсон байдаг. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Зээлийн болон барьцааны гэрээнд Иргэний хуулийн 153-159-т заасан барьцааны эрхийн зохицуулалтын талаар тусгасан байдаг. Нэхэмжлэгч талаас 447,000 төгрөг төлөөд, зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээ сунгах талаар зээлийн гэрээний 7-т заасан байгаа. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас манайх иргэний хуулийн 227.3-т зааснаар хохирлоо барагдуулж авсан байгаа. Иргэний хуулийн 153-159-т зааснаар албан ёсоор мэдэгдээд, дуудлага худалдаа явуулсанаар 00000000 дугаарыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан байгаа. Үүнээс Иргэний хуулийн 227.3-т заасны дагуу хохирлоо барагдуулж авсан байгаа. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж үзэж байна. Барьцаа гэрээний зохицуулалтыг зээлийн гэрээндээ тодорхой заасан. Барьцааны гэрээ дээр Ц.Ж өөрөө гарын үсэг зурсан байдаг. Ц.Ж-ы хувьд Ю ХХК-д хүсэлт гаргаад, С ХХК руу шилжүүлсэн байгаа. Иргэний хуулийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Ц.Ж нь С ХХК-аас 3,500,000 төгрөгийг зээлж, Ю ХХК-д хүсэлт тавиад, С ХХК руу шилжүүлсэн бодит үйлдэл байна. Гэрээний 9-т заасан заалт нь хууль зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 61.1-т Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан, мөн хуулийн 202.5-т Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэж заасан байгаа. Гэхдээ гэрээний гол нөхцөл гэж үзэхгүй байгаа. Барьцааны гэрээ бичгээр байгуулсан. С ХХК-ийн хувьд дуудлага худалдаа зохион байгуулж, хохирлоо барагдуулсан байгаа. 00000000 дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа боловч тэр дугаар гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад очсон байгаа. Иймд манайхаас буцаан шилжүүлэх боломжгүй. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 281-р зүйлийн аль зүйл заалтыг хэрэглэх нь тодорхой зааж өгсөн байгаа. Дуудлага худалдаагаар худалдан авсан иргэн шударга эзэмшигч тул тэр хүнээс дугаарыг шаардах эрхгүй. Д.Эгээс өөр хүмүүст шилжсэн нь хэрэгт цугларсан баримтаар харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 00000000, 00000001 дугаарыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, 05 тоот зээлийн гэрээ, уг 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Юийн 00000000 утасны дугаарын эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээ, мөн Ц.Ж, С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, 06 тоот зээлийн гэрээ, уг 500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Мобикомын 00000001 утасны дугаарын эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулжээ.

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ю ХХК, Мобиком ХХК-д Ц.Ж, С ХХК нар нь хүсэлт гарган 00000000, 00000001 дугаарын эзэмших эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн байна.

Хариуцагч С ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тухай дүүргийн Засаг даргын Тамгын газрын батламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, барьцаат зээлийн үйлчилгээний дотоод журам зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний талаар:

 

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05, 06 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Ц.Ж-д 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг болон 500,000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэн өгчээ.

Энэхүү зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. Харин зээлийн гэрээний алданги тооцох болон барьцаатай холбоотой зохицуулалт нь хуульд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Талуудын хооронд байгуулсан 05, 06 тоот зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл, хүү, төлбөрийн нийт дүнгээс 0.5 хувиар бодож зээлдүүлэгчид алданги төлөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Гэтэл зохигчдын байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05, 06 тоот зээлийн гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс биш үндсэн зээл, хүү, төлбөрийн нийт дүнгээс тооцохоор заасныг шууд хуульд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Зээлийн гэрээний алдангийн заалт нь зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл, хүүгээс 0.5 хувиар алданги тооцох гэдэг нь гүйцэтгээгүй үүргээс гэж ойлгохоор байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан.

Гэтэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9-д Барьцааны эд хөрөнгийг хугацаа дууссаны дараа барьцаалагч нь барьцааны зүйлийг тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, зөрүү мөнгийг надад төлөхгүйгээр мөн эд хөрөнгийг дуудлага худалдаа буюу худалдааны байгууллагаар худалдахгүйгээр борлуулж авахыг зээлдэгч Ц.Ж би хүлээн зөвшөөрөв гэжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний энэхүү заалт нь Иргэний хуулийн 286.3-т заасан барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэснийг зөрчсөн байх тул гэрээний энэхүү заалт хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний барьцааны заалт хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч бусад заалт нь зээлийн гэрээний зорилтыг хангаж байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж зохигчид тайлбарлаж байгаа боловч хэрхэн биелсэн талаар талууд маргаж байна.

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05, 06 тоот зээлийн гэрээ нь 1 сарын хугацаатай буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай байхаар гэрээндээ тохиролцож, нэхэмжлэгч Ц.Ж нь Хаан банк дахь 0000000000 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 447,000 төгрөгийг "зээл Ж" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх ба хариуцагч нь энэхүү төлбөрийг Ц.Ж-ы зээлийн төлбөрөөс хасч тооцжээ.

Ц.Ж нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 3,500,000 төгрөг, 1 сарын хүү 175,000 төгрөг, нийт 3,675,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ч 447,000 төгрөг төлж, үүнээс 1 сарын хүүг хасч тооцвол 272,000 төгрөгийг үндсэн зээлээс төлж, үлдэх 3,228,000 төгрөгийн зээл төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлжээ.

Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр явагдсан дуудлага худалдаагаар 00000000 дугаарын эзэмших эрхий 5,000,000 төгрөгөөр Д.Эд худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгаж, уг хугацааны хүүг урьдчилж төлсөн буюу 447,000 төгрөг нь 3 сарын зээлийн хүү гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул зээлийн гэрээний хугацааг сунгах тохиолдолд энэ талаар гэрээнд бичгээр нэмэлт оруулахаар байх ба талуудын байгуулсан гэрээний 6-д Гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг, зээлийн төлбөрөөс 500,000 төгрөгөөс дээш болон хүүгийн төлбөрийг төлж хугацааг цааш сунгах боломжтой гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 сар, 2019 оны 1 сард нийт 1,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бичсэн боловч 447,000 төгрөгийн баримтаас өөр төлбөрийн баримт байхгүй, харин 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банк дахь Батжаргалын Халиуны эзэмшлийн 0000000000 тоот дансанд 3,000,000 төгрөгийг "Ж 00000000 зээл төлөлт" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батжаргалын Халиуны эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн аваагүй, Б.Халиун нь манай компанийн ажилтан биш гэж маргасан боловч нэхэмжлэгчийн 00000001 дугаарын утасны зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, өмнө төлбөр шилжүүлсэн дансны хуулгаас харахад 0000000000 тоот дансыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид зурвасаар явуулсан, өмнөх нэхэмжлэгчийн төлсөн 447,000 төгрөгийг энэ дансаар хүлээн авсан зэргээс нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт 3,447,000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэлээ.

 

Барьцааны гэрээний талаар:

 

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд Зээлдэгч Ц.Ж би барьцааны зүйлийг Сонгодлт инвест ХХК-д шилжүүлж, өмчлөх, захиран зарцуулах бүрэн эрхийг олгож, гэрээний хугацаа дууссаны дараа барьцаалагч нь барьцааны зүйлийг тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, зөрүү мөнгийг зээлдэгчид өгөхгүйгээр мөн уг эд хөрөнгийг дуудлага худалдаа буюу худалдааны байгууллагаар худалдахгүйгээр борлуулж, хохирлоо авахыг зээлдэгч Ц.Ж би хүлээн зөвшөөрөв гэжээ.

Барьцааны гэрээний энэхүү зохицуулалт нь зээлийн гэрээний 9 дахь заалттай ижил агуулгатай байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарч байх тул мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 00000000, 00000001 дугаарын эзэмших эрхийг буцаан шаардах эрхтэй байна.

Мобикомын 00000001 дугаарын эзэмших эрх С ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх тул уг дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Юийн 00000000 дугаарын эзэмших эрхийг Д.Э дуудлага худалдааны үндсэн дээр шилжүүлэн авч, улмаар И.Ганзоригт 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худладан авах гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн болох нь Ю ХХК-иас ирсэн 00000000 дугаарын хувийн хэрэг, Д.Э-гийн өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар И.Ганзориг нь 00000000 дугаарын эзэмших эрхийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу шударга эзэмшигч байна.

Хэдийгээр 000000001 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч дугаарын эзэмших эрх гуравдагч этгээдэд шилжсэн, хариуцагчид эзэмшил нь байхгүй, тухайн гуравдагч эзэмшигч нь шударга эзэмшигч байх тул хариуцагчаас 00000000 дугаарын эзэмших эрхийг буцаан гаргуулах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэ, 00000001 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 00000000 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 56,750 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00000000, 00000001 дугаарыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч С ХХК-иас 00000001 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ц.Ж-д шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05, 06 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 00000000 дугаарын эзэмшлийг шилжүүлэхийг даалгахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 46 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ