Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00261

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Жханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03351 дугаар шийдвэртэй,

 

Ц.Жханы нэхэмжлэлтэй, “С.И” ХХК-д холбогдох,

зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эээээ1, өөөөөө1 дугаарыг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Жхан, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажилчдынхаа цалинг тавихын тулд 3 000 000 төгрөг хэрэг болж, зарын дагуу “С.И” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаатай эээээ1 дугаарыг барьцаалж 3 000 000 төгрөг, өөөөөө1 дугаарыг барьцаалж 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөг зээлж авсан.

“С.И” ХХК-аас манай компани М, В компанитай хамтарч ажилладаг тул нэрээ шилжүүлэх шаардлагатай. Гэрээний хугацаа дууссаны дараа буцаагаад нэр дээр нь шилжүүлдэг гэсний дагуу компанийн нэр дээр шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сард 600 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 440 000 төгрөг төлсөн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн.

“В” ХХК-аас над руу залгаж, та эээээ1 дугаарыг давхар эзэмшигч юм байна. “С.И” ХХК-аас уг дугаарыг өөр хүний нэр дээр шилжүүлэх гээд гомдол гаргасан байна гэж хэлсэн.

Би хөдөөнөөс ирээд уулзахад “С.И” ХХК өөр хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт өгсөн байсан. Би “С.И” ХХК-ийн захиралтай ярьж мөнгөө төлсөн шүү гэхэд За за ойлголоо гээд тэрнээс хойш миний утсыг блоклосон. Дараа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бтай 9595-тай дугаар руу залгахад би өнөөдөр ажил дээрээ байхгүй байна, маргааш очно гээд 3 хоног алга болсон. Тэгтэл “В” ХХК-аас 24 цагийн дотор энэ асуудлаа шийдэхгүй бол эээээ1 дугаарыг өөр хүний нэр рүү шилжүүлэхээр болсон гэж хэлсэн.

Би Баянгол дүүргийн цагдаагийн газар, прокурорын байгууллагаас тухайн асуудлыг шийдтэл дугаарын шилжилт хийлгэхгүй байх бичиг аваачиж өгсөн. Баянгол дүүргийн цагдаагийн газраас Иргэний журмаар шийдвэрлэх хэрэг байна гэсэн хариу өгсөн. эээээ1 дугаарыг 9 000 000 төгрөгөөр зарсан гэж сонссон. Намайг мөнгөө төлснөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 27, 28-ны үеэр нэр рүү нь шилжүүлсэн байх. Иймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Миний хувьд өөрийн төлөх ёстой мөнгөө төлж дуусгасан гэж бодож байгаа. Иймд эээээ1, өөөөөө1 дугааруудыг буцаан авч, хэлцэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбартаа: Хэрэгт авагдсан гэрээ нь 1 жил биш 1 сарын хугацаатай байгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдээд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан зээлийн гэрээ байгаа. Нэхэмжлэгч Ц.Жхан нь Вийн эээээ1, Мын өөөөөө1 дугааруудыг барьцаалан зээл авсан.

Миний зүгээс нэхэмжлэгчийн утас руу бичсэн мессежид үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэхэмжлэгч Ц.Жханы эээээ1 дугаар руу хэдэн сарын хэдний өдөр ямар мессеж явуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. 2019 оны 01 сарын 15-ны өдөр, 2019 оны 01 сарын 25-ны өдөр, 2019 оны 02 сарын 14-ний өдөр тус тус төлбөр төлөгдөөгүй байна. Албан ёсоор хаах гэж байгаа гэдгээ мэдэгдэж мессеж явуулсан байдаг.

Ц.Жхан нь 2018 оны 12 сард 470 000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш мөнгө төлөөгүй. Төлбөрөө төлөхгүй байгаа талаар нь олон удаа уулзаж, утсаар ярьж холбогдож байсан. Хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор дараагийн арга хэмжээгээ авах талаар хэлж, мэдэгдэж байсан боловч ямар ч шийдэлд хүрээгүй.

Манай компани зүгээс Ц.Жханд нь нилээн хугацаа өгч байсан баримтууд байгаа. Ц.Жханы зүгээс өөрийн хэлж байгаа зүйлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Гэрээний үүргээ зөрчихөөр хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтуудаа гаргаж өгсөн бол бидний зүгээс аль болох сайн талаас нь шийдэх байсан. 2019 оны 04 сарын 01-ний өдөр ирж уулзахад нь та төлбөрөө төлөхгүй бол цааш нь борлуулах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Ингээд бидний гаргасан саналыг хүлээн аваагүй тул дуудлага худалдаа зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн.

Анхны дуудлага худалдаагаар нэг хүн дугаарыг авсан. Нэр шилжүүлэхээр “В” ХХК-д хүсэлт гаргахад Ц.Жхан гэдэг хүн цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Уг асуудлыг шийдвэрлэж дуустал дугаарыг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Цагдаагийн газарт очиж уулзахад Уг гомдол нь залилангийн хэрэг биш байна. Иргэний шүүхийн журмаар асуудлаа шийдүүлэх боломжтой гэсэн бичгийг хүргүүлсэн гэж хэлсэн. Үүний дагуу “В” ХХК-аас маргаан бүхий дугаарын нэрийг шилжүүлсэн. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн н.Энхтүвшин гэдэг хүнд худалдсан. Худалдсан мөнгөнөөсөө Ц.Жханы төлөгдөөгүй байсан мөнгийг төлж гэрээг хаасан.

Ц.Жханы төлсөн гэх 3 000 000 төгрөг манай компани данс руу өнөөдрийг хүртэл орж ирээгүй.

Иргэн Ц.Жхан өөрийн биеэр ирж хүсэлтээ гаргасан байдаг. “М” ХХК болон “В” ХХК-д очиж өөрийн хүсэлтээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Ц.Жхан нь гэрээний хугацаандаа төлбөрөө төлсөн бол ийм асуудал болохгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь учир дутагдалтай байна, шүүхээс үнэн зөв шийдвэрийг гаргана гэж итгэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үүрэн телефоны өөөөөө1, эээээ1 дугааруудыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Ц.Жханы эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 211 350 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх заалтыг хариуцагчийн зүгээс зөрчөөгүй. Учир нь нэхэмжлэгчийн барьцаанд тавьсан эээээ1 дугаар нь “В” ХХК-ийн өмч, өөөөөө1 дугаар нь “М” ХХК-ийн өмч юм. Тус дугааруудын зөвхөн эзэмших эрх “С.И” ХХК-д шилжсэн байсан ба энэ хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 04/810 тоот тодорхойлолт, мөн оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн тодорхойлолт, мөн сарын 26-ны өдрийн “М” ХХК-ийн тодорхойлолтуудаар нотлогддог.

Талуудын байгуулсан гэрээний хугацаанд “С.И” ХХК нь үүрэн телефоны дугааруудыг өмчлөөгүй ашиглаагүй ба нэхэмжлэгч өөрөө хэрэглэж, ашиглаж байсан. Мөн гэрээний хугацаанд захиран зарцуулаагүй ба гэрээний хугацаа дуцссан ч түүнээс хойш 4 сар хүлээж үүрэн телефоны дугаарыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлуулж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан болно.

 Нэхэмжлэгч Ц.Жхан нь “С.И” ХХК-иас 3 500 000 төгрөгийг зээлж, үүрэн телефоны компаниудад өөрөө хүсэлт бичиж эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт тавьж шилжүүлж байгаа үйлдэл нь утасны дугааруудыг барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулж буй бодит үйлдэл юм.

Гэрээнд зарж борлуулсан зөрүү мөнгийг нэхэмжлэгч талд олгохгүй гэсэн харилцан тохиролцоо нь хууль зөрчсөн хэдий ч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан хүсэл сонирхлоо илэрхийлж бодит үйлдлээр хийгдсэн гэрээ байхад зөвхөн барьцааны зүйлийг борлуулсан зөрүү мөнгийг нэхэмжлэгчид олгохгүй гэсэн заалтыг хууль зөрчсөн гэж үзэж гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн гэрээнд дуудлага худалдаа явуулахгүй борлуулна гэж заасан боловч хариуцагч “С.И” ХХК нь хуулийн дагуу дуудлага худалдаа явуулж Вийн дугаарыг худалдан борлуулж хохиролоо барагдуулсан байдаг ба энэ талаар хэргийн материалд хангалттай нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг байдаг.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан үүрэн телефоны дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгажээ. Гэтэл уг В компанийн дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байдаг ба гуравдагч этгээд нь өөр этгээдэд шилжүүлсэн байдаг. Энэ тохиолдолд утасны дугаарыг буцаан өгөх ямар ч боломжгүй ба гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байдаг. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Жхан хариуцагч “С.И” ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эээээ1, өөөөөө1 дугааруудыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Жхан, “С.И” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “С.И” ХХК нь 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, Ц.Жхан нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба гэрээний хавсралтаар барьцааны гэрээ гэх нэртэй хэлцэл хийж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Жхан өөрийн эээээ1 дугаар эзэмших эрхийг барьцаалжээ. /хх 5-6 /

 

Ц.Жхан нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй, “С.И” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11/07 тоот “Ц.Жханы эзэмшлийн эээээ1 дугаарыг, өөрийн хүсэлтээр нь манай компани руу шилжүүлж байгаа тул уг дугаарын эзэмшлийг манай компанийн эзэмшилд шилжүүлэх” агуулга бүхий албан бичгээр “В” ХХК-д хандсан, “В” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1404 тоот албан бичгээр уг дугаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд “С.И” ХХК-ийн эзэмшилд байсан болох нь тогтоогдож байна. /хх61, 67/

 

эээээ1 дугаарын эзэмших эрхийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс иргэн Д.Ээзэмшиж байгаа болох нь “В” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 04/265 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх147/ Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Эгэрчээр оролцож, эээээ1 дугаарыг 5 000 000 төгрөгөөр “С.И” ХХК-аас худалдан авсан, одоо энэ дугаар надад байхгүй, зарсан гэх агуулга бүхий мэдүүлгийг өгчээ.

 

Гэтэл анхан шатны шүүх уг эээээ1 тоот дугаарыг эзэмших эрх “С.И” ХХК-д байхгүй байхад уг эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэр гаргасан нь алдаатай болжээ. Маргаан бүхий эээээ1 дугаарыг эзэмших эрх бусдад шилжсэн байдал, уг эрхийг гуравдагч этгээд шударгаар олж авсан эсэх нөхцөл байдлыг тодруулах, улмаар талуудыг энэ асуудлаар мэтгэлцүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/03351 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                             Э.ЗОЛЗАЯА