Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/01420

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П” ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: “БУМ” ХХК-д холбогдох

113,651,925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Норов, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “БУМ” ХХК--д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,767,9502 төгрөг, алданги 37,883,975 төгрөг, нийт 113,651,925 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. “П” ХХК нь ОХУ-аас Монгол улсад чанар, стандартын шаардлага хангасан авто бензин, дизелийн түлшийг импортлон оруулж ирж, хэрэглэгч үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах, үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагааг явуулдаг компани юм. Манай компани Баян ундраг майнинг ХХК -тай 2018, 2019, 2020 онуудад дизелийн түлшийг Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худлаан авах гэрээ байгуулж гэрээгээр “БУМ” ХХК--д шаардлагатай дизелийн түлшийг өөрийн дизелийн түлшний нөөцөө харгалзан худалдаж төлбөрийг төлүүлэх, худалдан авагч “БУМ” ХХК- нь шатахуун худалдан авсан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд заасан бүхий л нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах эрхтэй этгээд нь гэрээг байгуулж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулж гэрээг байгуулж ажилладаг байсан. “БУМ” ХХК--д өмнө дизелийн түлшийг манай компаниас хүлээн авч, төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөөр ирсэн бөгөөд бид түүнд итгэл хүлээлгэх зарчмаар бизнесийн хамтын зарчмаа алдахгүй гэж хичээж өнөөдрийг хүртэл Баян ундраг майнинг ХХК -д түлш нийлүүлж ирсэн. Тус компанийн зүгээс ч төлбөрийг хэсэгчлэн төлж, тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай албан бичгүүдийг удаа дараа өгч байсан учраас бид төлбөрөө төлчих нь гэдэг итгэл үнэмшлээр ажилласаар ирсэн. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 42/20 дугаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч “П” ХХК 3 удаагийн нийлүүлэлтийг “БУМ” ХХК--д хийж дизелийн түлшийг худалдсан.

Үүнд: 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 37,700,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 39,260,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23,000 литр дизель түлшийг 36,80,000 төгрөгөөр тус тус худалдсан. Нийт “БУМ” ХХК--д 75,000 литр түлшийг худалдсан.

Манай компанийн зүгээс дээр дурдсан дизелийн түлшийг “БУМ” ХХК--д 2020.08.07-ны өдрийн 20200215 дугаар шатахууны зарлагын баримт үйлдэж, 2020.09.08-ны өдөр 20200314 дугаар шатахууны зарлагын баримт үйлдэж, 2020.09.28-ны өдөр 20200354 дугаар шатахууны зарлагын баримт үйлдэж дизелийн түлшийг хүлээлгэж өгч манай компанийн зүгээс агуулахын менежер, худалдан авагч талаас жолооч нар гарын үсэг зурж хүлээн авч худалдсан. Энэ нь нэхэмжлэлд хавсарган өгсөн шатахууны зарлагын баримтаар нотлогдоно.

“БУМ” ХХК--ийн зүгээс дээрх худалдан авсан дизелийн түлшний төлбөрийг хэсэгчлэн төлж ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг удаа дараа төлөхөө илэрхийлж албан бичгүүдийг манай компанид ирүүлж, манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардсан е майл, албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж, утсаар холбогдсон боловч удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. “БУМ” ХХК--ийн зүгээс төлбөрөө төлж чадахгүй байгаагаа шалтгаан тоочиж тайлбарладаг ч түүнээс илүү шалтгаан манай компанид байгаа бөгөөд бусдаас авах төлбөрөө авч чадахгүй байгаагийн улмаас татварын өр төлбөрөө ч төлж чадахгүй өдөр бүр долоо хоног бүр дансаа хаалгуулж зөрчлийн хэрэг үүсч торгуулж байгаа тул аргагүйн эрхэнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 241-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасны дагуу “БУМ” ХХК--иас нэхэмжлэлд дурдсан төлбөрийг гаргуулж, түүний алдангийг иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., мөн Худалдах, худалдан авах гэрээний 3.7-д нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг хангах хүртэл хугацаанд хоног хэтэрсэн тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч ”БУМ” ХХК--иас төлж барагдуулаагүй байгаа төлбөр 75,765,950 төгрөг, түүний алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 75,767,950 төгрөг, түүний алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг Баян ундраг майнинг ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “БУМ” ХХК- хариу тайлбартаа:нэхэмжлэлд дурдсан худалдан авсан түлшний үнэ 75,767,950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 37,883,975 төгрөгийг төлөх боломжгүй. Дэлхийн нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас манай компани дээрх дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүй болно.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж зааснаар алдангийг шүүх багасгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: Худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн 7-10), Батлан даалтын гэрээ(хх-ийн11-12), шатахуун зарлагын баримт(хх-ийн13-15), санхүүгийн баримт(хх-ийн16), мэдэгдэл(хх-ийн17) зэрэг баримт гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: Эвлэрлийн гэрээ байгуулах санал(хх-ийн 33, 36-37), алданги төлөх тухай санал(хх-ийн 34-35) зэрэг баримт гаргаж өгсөн.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлагыг дарах үндэслэлээр тодорхойлсон. Зохигчдын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,767,950 төгрөг, түүний алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч “БУМ” ХХК- нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 75,767,950 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, алданги 37,883,975 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Талуудын хооронд 42/20  дугаартай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатай Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч тал 75,000 литр, 75,767,950 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний хүчин төгөлдөр бусын талаар талууд маргаагүй./хх-ийн 7-12/ 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь  хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1“Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээн“-д:

 2 дугаар зүйлийн 2.6-д  Худалдагч нь Монгол улсын чанар стандарт, техникийн үзүүлэлт, шаардлагыг хангасан шатахуун нийлүүлнэ. Шатахууны гарал үүсэл, чанарын шинжилгээний бичиг баримтыг хүсэлтээр болон тээврийн дагалдах баримт бичигтэй хангана.”;

3 дугаар зүйлийн 2-д Худалдагч дараах зээлийн төрлөөр шатахууныг нийлүүлэх ба худалдан авагч нь зээлийн доорх заасан хугацааг сонгосноор үнэ төлөх хугацааг хүлээн зөвшөөрөх болно.

3.2.1. 30 хоног (сарын 1-25 дотор ачилт), дараа сарын 10-ны  өдрийн дотор төлнө.

3.2.2. 30 хоног (сарын 26-31 дотор ачилт), дараа сарын 10-ны  өдрийн дотор төлнө.”;

3 дугаар зүйлийн 3.7-д Нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг хангах хүртэл хугацаанд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцно.гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нь  2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 37,700,000 төгрөгөөр, 09 дүгээр сарын 08-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 39,260,000 төгрөгөөр, 09 дүгээр сарын 08-ны өдөр 23,000 литр дизель түлшийг 36,80,000 төгрөгөөр нийт 75,000 литр түлшийг 75,767,950 төгрөгөөр хариуцагч “БУМ” ХХК--д худалдсан талаар хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” 254.1.”Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. “гэж заасан.

Хариуцагч “БУМ” ХХК- нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны 42/20  дугаарЗээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-гээр тохирсон 7500 литр дизель түлшний төлбөр 75,767,950 төгрөгийг нэхэмжлэгч Петрожамп ХХК-д төлөх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг хангах хүртэл хугацаанд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцно.гэж тохиролцжээ.

Хариуцагч тал  .....дэлхийн нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас манай компани дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүй болно.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.8.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж зааснаар алдангийг шүүх багасгаж өгнө үү” гэж маргасан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ ....ковид-19 цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа доголдсон, дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүй гэж тайлбарласан атлаа  хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа, хэрхэн доголдсон, хэдэн литр дизель түлшний үлдэгдэлтэй байгаа, эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн  татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч тал 2022 оны 02 дугаарс арын 08-ны өдөр №2/2 дугаар Гэрээний дагуу алданги төлөх тухай саналыг нэхэмжлэгч талд хүргүүлж байсан байна.

 Алдангийг багасгах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдсонгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлэх хугацааг нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид боломж олгож байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгах үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн болно.

Иймд хариуцагч “БУМ” ХХК -иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,767,950 төгрөг, алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                           ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.6-д заасныг баримтлан хариуцагч “БУМ” ХХК- /рд: /-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,767,950 төгрөг, алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК/рд: /-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  726,210  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/05174 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн  122.2.-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна., 122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ