Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01052

 

 

 

 

 

 

 

 

2022 05 30 210/МА2022/01052

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01420 дугаар шийдвэртэй

П ХХК-ийн нэхэмжлэлтэй "Б У М" ХХК-д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 113,651,925 төгрөг гаргуулах тухай

иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П ХХК нь ОХУ-аас Монгол Улсад авто бензин, дизелийн түлшийг импортолж, хэрэглэгч үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах үйл ажиллагаа явуулдаг. Тус компани "Б У М" ХХК-тай 2018, 2019, 2020 онуудад дизелийн түлшийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр "Б У М" ХХК-д дизелийн түлшийг худалдах, худалдан авагч "Б У М" ХХК нь шатахууны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон. "Б У М" ХХК дизелийн түлшний төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөөр ирсэн боловч өнөөдрийг хүртэл тус компанид түлш нийлүүлсэн. "Б У М" ХХК-д дизель түлшний төлбөрийг хэсэгчлэн төлж, тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай албан бичгүүдийг удаа дараа өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 42/20 дугаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч П ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 37,700,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 26,000 литр дизель түлшийг 39,260,000 төгрөгөөр, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23,000 литр дизель түлшийг 36,80,000 төгрөгөөр нийт..... "Б У М" ХХК-д 75,000 литр түлшийг худалдсан.

"Б У М" ХХК нь худалдан авсан дизелийн түлшний төлбөрийг хэсэгчлэн төлж ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг удаа дараа төлөхөө илэрхийлж албан бичгүүдийг манай компанид ирүүлж байсан.

Манай компани бусдаас авах төлбөрөө авч чадахгүйгээс татварын өр төлбөрөө ч төлж чадахгүй өдөр бүр долоо хоног бүр дансаа хаалгуулж зөрчлийн хэрэг үүсч торгуулсан. Иймд "Б У М" ХХК-аас түлшний төлбөр 75,765,950 төгрөг, алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлд дурдсан худалдан авсан түлшний үнэ 75,767,950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 37,883,975 төгрөгийг төлөх боломжгүй. Дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас манай компани дээрх дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.6-д заасныг баримтлан хариуцагч "Б У М" ХХК /рд:6073816/-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 75,767,950 төгрөг, алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д /рд:5193583/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 726,210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацаа хойшилсон нь дан хариуцагчийн буруугаас болоогүй бөгөөд ковид-19 цар тахлын нөлөөгөөр урт хугацаанд сул зогсолт хийснээр манай ажил багасаж төлбөрийн чадвар буурсантай холбоотой. Нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг шаардах бүрд үүсээд буй нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдэгдэж, учир шалтгаанаа тайлбарласаар ирсэн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг багасгах боломжтой байсан. Гэтэл ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон байдлаа нотолж чадаагүй, нэхэмжлэгч байгууллагаас харилцагчид боломж олгож байсан тул алдангийг багасгах үндэслэлгүй гэж үзэж нийт алдангиас хасаагүйг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхээс тогтоосон алдангийн хэмжээг 50 хувиар буюу 18,941,988 төгрөгөөр багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдол тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч "Б У М" ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,767,950 төгрөг, алданги 37,883,975 төгрөг нийт 113,651,925 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 75,767,950 төгрөгийг зөвшөөрч, алдангийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 75,000 литр дизель түлш нийлүүлэх, хариуцагч нь гэрээний үнэд 75,767,950 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон. /хх7-12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

П ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 75,000 литр 75,767,950 төгрөгийн үнэтэй дизель түлш "Б У М" ХХК-д нийлүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, хариуцагч нь гэрээний үнэ 75,767,950 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, харин алдангийг хуульд заасны дагуу багасгуулна гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч "Б У М" ХХК-аас 75,767,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Хариуцагч "Б У М" ХХК нь ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүйгээс төлбөрийн чадвар муудаж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээг хуульд заасны дагуу багасгах үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-д заасан алдангийн тохиролцоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн баримтаар "Б У М" ХХК нь гэрээгээр тохирсон дизель түлшний үнийг хугацаандаа төлөөгүй үүрэг зөрчсөн буруутай байх тул хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 75,767,950 төгрөгт алданги тооцож 37,883,975 төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д гаргуулсан нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ алдангийн хувьд зүйлчлэлийг буруу баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлахаар өөрчлөлт оруулна.

 

Харин хариуцагч нь алдангийг багасгуулах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн үйл ажиллагаа доголдож, дизель түлшийг бүрэн ашиглаж чадаагүйгээс төлбөрийн чадвар муудаж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн гэх байдлаа нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...262 дугаар зүйлийн 262.6-д гэснийг ...232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Б У М" ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,660 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ