Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, С овогт Б.Б /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. байрлах, У ХНН /РД:000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, И.Б, В.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У ХНН-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд:

1.1 У ХНН-ын даргын 2021 оны 8 сарын 10-ны өдрийн Б/II/87 дугаар тушаалд заасан зөрчил гаргаагүй, байгууллагын эрхэмлэх зүйлийг баримтлан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажилласан. Иймд Худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтнээр эргүүлэн тогтоолгох,

1.2 Үндэслэлгүй ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг У ХНН-аас нөхөн гаргуулах. Нэг өдрийн цалин шүүхийн шийдвэр гарах хүртэл өдрөөр тооцно гэж үзэж байгаа. 115,214 төгрөг санагдаж байна. У ХНН-ээс ирсэн нотлох баримтаар тооцож байгаа.

1.3 Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай гэв.

2. Хариуцагч У ХНН нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөөрөхгүй маргаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 12 сарын 4-ний өдрийн Б2/192 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 1 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад хүчин төгөлдөр болоод, арга хэмжээ авагдсан. Сахилгын шийтгэлийн дагуу цалингаас суутгал хийгдсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчил гаргасан болох нь дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон.

2.2 У ХНН нэхэмжлэгч Б.Б-ыг авилга авсан, тендер зохицуулсан гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй. У ХНН-ийн даргын 2021 оны 8 сарын 10-ны өдрийн Б/II/87 дугаар ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэл болон агуулгад ямар зөрчил гаргасныг тодорхой заасан.

Нэгдүгээрт: Сахилгын давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ямар давтан зөрчил гаргасан бэ гэдэг дээр мэтгэлцээн явагдана гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т давтан зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтанг ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй гэж заасан.

Хоёрдугаарт: Нийслэлийн тээврийн прокурорын газар өгсөн Б.Б-ын мэдүүлэгт миний гэрийн ажлын компьютер нууц үггүй, би ажлынхаа компьютерийг зайнаас гэртээ аваачиж ажилладаг, тэр үед манай эхнэр У ХНН-ийн худалдах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, баримтуудыг авсан байж болзошгүй, ямартай ч нууц үггүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Гэтэл Б.Боой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Нууцлалын гэрээнд баримт, мэдээ мэдээллийн нууцлалыг хадгална, түүний түлхүүр нууц кодыг бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй гэж заасан. Энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй учраас өөрийнх нь өгсөн тайлбар болон Нийслэлийн прокурорын газар мэдүүлсэн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Хяналт шалгалтын явцад мөн өөрийнх нь хариуцдаг алба болох худалдан авалт, борлуулалтын албаны шуурхай хуралд орох үедээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Би бичиг баримтынхаа нууцлалыг хадгалаагүйн улмаас хариуцлагагүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэдэг тайлбар өгч байсан байдаг. Зайнаас ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.13-т ажилтан зайнаас ажиллах үедээ ажил үүргийн дагуу хариуцаж буй баримт бичиг, мэдээ мэдээллийг удирдах ажилтан болон ажилтан хооронд мэдээлэл дамжуулахдаа нууцлалыг хадгална, бусдад алдагдахаас сэргийлнэ, нууц кодыг хамгаална гэж заасан журмыг зөрчсөн, зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд сахилгын зөрчил гэж Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын ямар зүйл, заалт зөрчиж байна вэ гэвэл 8 дугаар зүйлийн 8.2.1 буюу тушаалын үндэслэх хэсэгт заагдсан ажилтан Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, У ХНН-ийн ажилтны тусгай журам болон У ХНН-д мөрдөгдөж буй ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллана, 8.2.2-т Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, үнэнч шударгаар хөдөлмөрлөх ёстой. 8.2.7-д ажил үүргийн болон У ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын нууцлалыг чанд сахин, бичиг баримт, албан хэргийн баримт материалыг үрэгдүүлэх, бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, ажлын завсарлага, амралтын үед бичиг баримт, материалыг сэйф, шүүгээнд хийж, өрөө тасалгааны хаалгыг цоожилж, лацдаж байх үүргээ биелүүлж ажиллаагүй учраас баримт, мэдээ мэдээллийн нууцлал алдагдаж, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн.

Гуравдугаарт: Нийслэлийн тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгохдоо У ХНН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна гэж заасан. Нийтийн албан тушаалтан гэж хэнийг ойлгох талаар асуудлыг ярих ёстой. Худалдах, худалдан авах ажиллагааны буюу тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ямар эрх үүрэгтэй, ямар эрх зүйн статустай тендерийн үйл ажиллагаанд оролцох вэ гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн яамнаас баталсан Тендэрийн үнэлгээний хороооны зохион байгуулах журам зэрэг эрхийн актуудаар зохицуулсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 50 дугаар зүйлд ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал гэж юуг ойлгох, худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн хүлээх үүрэг нь юу вэ гэдгийг заасан. 50.1.4-т Тендерт оролцогч нь гэр бүлийн гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийн гишүүн ажилладаг, цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харъяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх үүрэгтэй. Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдүүлэг өгөх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.3-т ашиг сонирхлын зөрчил үүсвэл яах вэ, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар албан тушаалтан ямар эрх үүрэгтэй ажиллах гэдгийг зааж өгсөн. 7.2.2-т хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах, хэрвээ ашиг сонирхлын зөрчил үүссэн бол энэ талаар мэдүүлэг дээр бөглөх ёстой гэж заасан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Б 2 удаагийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн нь авагдсан байгаа. 3.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий Салхитын 40 айлын орон сууц шалгаруулан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж бөглөсөн байгаа. Үнэлгээ хийхийн өмнө бас ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэж бөглөсөн. Гэтэл өчигдөр гэрчээр асуусан мэдүүлэг дээр тухайн тендерт оролцсон Б ХХК-ийн нэрээр оролцсон гэдгээ Т.Ц хүлээн зөвшөөрөөд мэдүүлээд байгаа. Т.Ц нь Б.Б-ын эхнэр Г.Э-тэй уулзаж байсан, өөрт нь өгөөгүй ч 5,000,000 төгрөг өгч байсан, Г.Н тэндэрийн бичиг баримтыг бэлдэж өгнө гээд 1,500,000 төгрөг авсан гэх үйл баримтуудаар энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд байсан байна гэдгийг тодорхойлоод байна. Нөгөө талаасаа тухайн тендерт оролцож буй компанитай хамаарал бүхий этгээдтэй бизнесийн болон ямар нэгэн асуудлаар харилцаа холбоотой байсан нь тогтоогдож байна. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал байсаар байхад уг ажиллагаанд оролцсон, бичиг баримтын нууцлал хадгалаагүй, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчил гаргасан учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 6 сард компьютерт нь үзлэг хийгээд, өөрөөс нь тайлбар, тодруулга авахад компьютер нь ямар ч нууц үггүй, нээлттэй, ажлынх нь компьютер ч нээлттэй байсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа эд хөрөнгийн бүртгэлийн картаар албаны нөүтбүүкийг Б.Б нь гэртээ зайнаас ажиллах үедээ ашиглаж байсан. Тэр нөүтбүүк нь бас нууц үггүй байсан. Түүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Тиймээс ямар ч баримт бичгийн мэдээллийн нууцлалыг хадгалахгүй, нууцлалыг хадгалах үүргээ биелүүлээгүй байна гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар /1хх 3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх 4/, ажлын байрны тодорхойлолт /1хх 5-6/, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай У-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаал /1хх 7/, хөдөлмөрийн гэрээ /1хх 8-10/ зэргийг гаргаж өгөв.

Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд авах тухай У-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-I-228 тоот тушаалын хуулбар /1хх 25/, захиалга, тендерийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1хх 26-27/, Б.Бтой байгуулсан 2020 он, 2021 оны нууцын гэрээ /1хх 28-29/, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай У-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаалын хуулбар /1хх 30/, У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журам /1хх 31-41/, Үнэлгээний хороо байгуулах тухай У-ын даргын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А-136 тоот тушаалын хуулбар /1хх 42/, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /1хх 43/, тендерийн урилга /1хх 44/, үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлсэн бичиг /1хх 45/, Б.Бын ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /1хх 46-47/, Сангийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/1731 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг /1хх 48-49/, Дотоод аудит, хяналт шалгалтын төлөвлөгөөт бус шалгалтын тайлан /1хх 50-52/, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Б.Боос авсан тайлбар /1хх 53-56/, [email protected] хаягнаас [email protected] хаяг руу явуулсан мэйлийн зураг /1хх 57-59/, П.Ц-ын Хаан банкны 000000000 тоот дансны 2021 оны 4 сарын 15-ны өдрийн хуулга /1хх 61/, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г.Н-той ярилцсан тэмдэглэл /1хх 62-64/, П.Ц-ын тайлбар /1хх 65-66/, Д.Э-тэй 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ярилцсан тайлбар /1хх 67-70/, Д.Э-тай ярилцсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар /1хх 71-72/, Б.Бын 2021 оны 8 сарын 03-ны өдөр бичсэн тодорхойлолт /1хх 73-74/, У-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-866 тоот Зайнаас /онлайнаар/ ажиллах горимыг зохицуулах журам батлах тухай тушаал /1хх 75/, Зайнаас /онлайнаар/ ажиллах горимыг зохицуулах журам /1хх 76-79/, У-ын даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А-340 тоот Нууцын тухай журам батлах тухай тушаал /1хх 80/, Нууцын тухай журам /1хх 81-85/, У-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А-885 тоот журам шинэчлэн батлах тухай тушаал /1хх 88/, Худалдан авах ажиллагааны дотоод журам /1хх 89-100/, У-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-501 тоот Журам батлах тухай тушаал /1хх 101/, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам /1хх 102-111/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 120/, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн дүрэм /1хх 121-133/, У-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-33 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд авах тухай тушаал /1хх 134-135/, У-ын даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн А-482 тоот Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал /1хх 136/, У-ын даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-232 тоот Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай тушаал /1хх 137-138/, Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрэм /1хх 139-142/, Б.Б-ын цалингийн тодорхойлолт, цалингийн карт /2хх 160-163/, Худалдан авалт, борлуулалтын албаны 2021 оны 11 сарын 25-ны 16/1450 тоот албан бичиг /2хх164, 165/, Худалдан авалт, борлуулалтын албаны 2020 оны 12 сарын 30-ны 16/1467 тоот Сангийн яаманд төлөвлөгөө хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /2хх 166-169/ гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг бүхэлд нь татаж авсан /1хх 153-252, 2хх 1-146, 2хх 154-156, 2хх 176-188/,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр П.Ц, Г.Н нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 206-215/ шүүхийн журмаар цугларсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч У ХНН-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах байдлаар тодорхойлж байна: . Нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, хариуцуулсан ажил биш бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг хариуцахгүй, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргав. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж татгалзаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд авах тухай У-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б-I-228 тоот тушаал, захиалга, тендерийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, нууцын гэрээ, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай У-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаал, У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журам, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг, үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлсэн бичиг, Б.Б-ын ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, Сангийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/1731 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг, Дотоод аудит, хяналт шалгалтын төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Б.Боос авсан тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г.Н-той ярилцсан тэмдэглэл, П.Ц-ын тайлбар, Д.Э-тэй 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ярилцсан тайлбар, Д.Э-тай ярилцсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар, Б.Бын 2021 оны 8 сарын 03-ны өдөр бичсэн тодорхойлолт, Нууцын тухай журам, Б.Б-ын цалингийн тодорхойлолт, цалингийн карт, Худалдан авалт, борлуулалтын албаны 2020 оны 12 сарын 30-ны 16/1467 тоот Сангийн яаманд төлөвлөгөө хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /2хх 166-169/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, гэрч Г.Н, П.Ц нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Б.Б нь У-ын худалдан авалт, борлуулалтын албанд захиалга нийлүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байхдаа У-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.4, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, Замын нэгдүгээр орлогчын удирдан хийсэн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн Замын даргын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А-136 тоо тушаалаар Салхит өртөөн дэх 40 айлын оон сууцны барилга бариулах 3,9 тэрбум төгрөгийн төсөвтэй нээлттэй техндер шалгаруулалт явуулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байхдаа ажил үүргийн дагуу хариуцаж буй байгуулланын баримт бичиг, мэдээ мэдээллийн нууцлалыг хадгалах, түүний түлхүүр, нууц кодыг бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, хамагаалах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн тендерт оролцогч Б ХХК-ийн хамаарал бүхий иргэдэд түүний эхнэр Д.Э-гээс тендерийн бичиг баримтыг боловсруулан бэлтгэж, тендерт шалгаруулж өгнө гэсэн амлалт өгч, шан харамж авах болон дотоод баримт мэдээлэл задруулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн ашиг сонирлын зөрчилтэй үед тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцсон сахилгын зөрчил гаргасан нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон буюу хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

6. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.

Б.Б-ын гаргасан зөрчлийг шалгасан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж үзэж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Замын нэгдүгээр орлогч нь удирдан шуурхай хурал хийж, улмаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтыг Улаанаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 1.4.б, 1.6-д заасны дагуу явуулсан гэж хариуцагч тайлбарлалаа. Тус журмын 1.6-д тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгууллага, ажилтан, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны даалгавар, эсвэл тухайн үед үүсэж бий болсон нөхцөл байдалтай уялдан хийгдэж байгаа хяналт шалгалтыг төлөвлөгөөт бус шалгалт гэнэ гэжээ.

Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайланд мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн гэсэн байхаас гадна дүгнэхдээ 1-д Б.Б-ын эхнэр тендерт оролцогч Б ХХК-ийн хамаарал бүхий иргэн Г.Н, П.Ц нараас 6,500,000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна, 2-т иргэн Д.Э 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр [email protected] хаягнаас Г.Н-ын [email protected] хаяг руу У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2021 оны Худалдах ажиллагаан төлөвлөгөөний дэлгэрэнгүй файлыг явуулсан нь баримтаар тогтоогдож, Худалдан авалт, борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн мэргэжилтэн Б.Б албан ажлын хүрээнд олсон мэдээллийн хадгалалт, хамгаалалдтанд хайнга хандсан үйлдэл нотлогдож байна. Дээрх үйлдэл нь У ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1, 8.2.7, 8.2.16, нууцийн гэрээний 3.5-д заасныг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гаргасан байна.

Уг шалгалтын тайлангийн дүгнэлт 1-д заасан зөрчлийн талаар Г.Н, П.Ц, Б.Б, түүний эхнэр Д.Э нараас тайлбар авсан байх бөгөөд дээрх тайлбараар П.Ц нь Д.Э-д мөнгө шилжүүлсэн, Г.Н нь Б ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Тээврийн прокурорт Б.Б-ыг шалгуулахаар 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж, уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Д.Э, Г.Н, П.Ц нар нь өөр хоорондоо дансаар мөнгө шилжүүлсэн, шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон боловч дээрх үйлдлийг Б.Б-ын ажил үүрэгтэй шууд хамааруулан ойлгох боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар У-ын худалдан авалт, борлуулалтын албаны мэрэгжилтэн Б.Б-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бианзонэроконстракшн ХХК болон иргэн Д.Э, Г.Н, П.Ц нарт давуу байдал бий болгосон байдал тогтоогдохгүй байх тул цаашид хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 588 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, У-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн 1-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна.

Улмаар дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалаар тухайн тендерт оролцогч Б ХХК-ийн хамаарал бүхий иргэдээс эхнэр Д.Э тендерийн бичиг баримтыг боловсруулан бэлтгэж, тендерт шалгаруулж өгнө гэсэн амлалт өгч, шан харамж авсан болох нь чтогтоогдоогүй байна.

Зөөврийн болон ажлын суурин компьютерт нэвтрэх нууц үг хийгээгүй буюу албаны мэдээллийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Зөөврийн компьютерт нэвтрэх нууц үг хийгээгүйболох нь тогтоогдож байх боловч үүнийг албаны мэдээлэл хамаалах үүргээ хэрэгжүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна гэж үзлээ.

Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй үед тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцсон сахилгын зөрчил гаргасан нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж тодорхойлсон байдаг.

Б.Б нь нийтийн албан тушаалтан биш боловч Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар сонгогдсон хугацаанд түүнд дээрх шаардлага тавигдахаар байна.

Гэвч Салхит өртөөний 40 айлын орон сууцны нээлттэй сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд ажиллаж байхад нь хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдсөн гэх байдал тогтоогдоогүй буюу Б.Б нь тендерт оролцогч Бианконэроконстркашн ХХК болон түүний хамаарал бүхий иргэдтэй хамааралтай, хувийн харилцаатай болох нь тогтоогдоогүй байна.

8. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон давтан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй байх тул хариуцагч У ХНН-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Быг У ХНН-ын Худалдах авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар шаардах эрхтэй байна.

11. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан. Гэвч хариуцагч талаас нэхэмжлэгчийн 1 өдрийн дундаж цалинг ны дагуу тооцоход 5 дугаар сард 3,381,047 төгрөг 45 мөнгө, 6 дугаар сард 2,561,036 төгрөг, 7 дугаар сард 2,558,036 төгрөг, нийт гурван сарын цалин 7,115,903 төгрөг 45 мөнгө, 5 дугаар сард ажлын 21 хоног, 6 дугаар сард 19 ажлын хоног, 7 дугаар сард ажлын 20 хоног, нийт ажлын 60 хоног, нэг өдрийн цалинг 118,598 төгрөг 39 мөнгө байна. Хариуцагчаас цалингийн тодорхойлолт гаргаж өгөхдөө Б.Б-ын 1 өдрийн цалинг 112,415 төгрөг 54 мөнгө гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч энэ хэмжээгээр нэг өдрийн цалингаа нэхэмжилсэн тул түүний 1 өдрийн цалинг 112,415 төгрөг 54 мөнгөөр тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2021 оны 8 сард ажлын 12 хоног, 9 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 21 хоног, 11 дүгээр сард ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, 2022 оны 1 дүгээр сард ажлын 20 хоног, 2 дугаар сард ажлын 9 хоног, нийт ажлын 127 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 112,415 төг 54 мөн х 127 хоног = 14,276,773 төг 58 мөнгө /холбогдох суутгалыг хийх/-ийг гаргуулах үндэслэлтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 229,334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг У-ын Худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтэнажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,276,773.58 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч У ХНН-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229,334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.МӨНХЦЭЦЭГ