Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00797

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00797

 

 

 

 

 

 

                                      Б.Бнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бхариуцагч УБТЗд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: УБТЗын худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,276,773.58 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б нь ...ын даргын 2021 оны 8 сарын 10-ны өдрийн Б/II/87 дугаар тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, байгууллагын эрхэмлэх зүйлийг баримтлан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажилласан. Б.Быг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулна гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бод 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б2/192 дугаар тушаалаар 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчсөн зөрчил гаргасан нь дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Б.Быг авилга авсан, тендер зохицуулсан гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй. Замын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/II/87 дугаар ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Б.БНийслэлийн тээврийн прокурорын газарт өгсөн мэдүүлэгт “миний гэрийн ажлын компьютер нууц үггүй, би ажлынхаа компьютерийг зайнаас гэртээ аваачиж ажилладаг, тэр үед манай эхнэр “...” ХНН-ийн худалдах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, баримтуудыг авсан байж болзошгүй, ямартай ч нууц үггүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээнд заасан  эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчийн хариуцдаг худалдан авалт, борлуулалтын албаны шуурхай хуралд орох үедээ бичиг баримтынхаа нууцлалыг хадгалаагүйн улмаас хариуцлагагүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн. Зайнаас ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.13-т заасныг зөрчсөн, зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1 дэх заалт буюу тушаалын үндэслэх хэсэгт заагдсан ажилтан Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам, “...” ХНН-ийн ажилтны тусгай журам болон “...” ХНН-д мөрдөгдөж буй ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллана, 8.2.2-т “Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, үнэнч шударгаар хөдөлмөрлөх ёстой”, 8.2.7-д “ажил үүргийн болон ... ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын нууцлалыг чанд сахин, бичиг баримт, албан хэргийн баримт материалыг үрэгдүүлэх, бусдад ашиглуулахаас сэрэмжлэх, ажлын завсарлага, амралтын үед бичиг баримт, материалыг сэйф, шүүгээнд хийж, өрөө тасалгааны хаалгыг цоожилж, лацдаж байх” үүргээ биелүүлж ажиллаагүй учраас баримт, мэдээ мэдээллийн нууцлал алдагдаж, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн.

... Б.Б нь 2 удаагийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн ба 3.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий Салхитын 40 айлын орон сууц шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж мэдүүлэг бөглөсөн. Гэтэл ...гэрчийн мэдүүлэгт “тухайн тендерт оролцсон БХХК-ийн нэрээр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Т...уулзаж байсан, өөрт нь өгөөгүй ч 5,000,000 төгрөг өгч байсан, ... тендэрийн бичиг баримтыг бэлдэж өгнө гэж 1,500,000 төгрөг авсан гэх үйл баримтаар нэхэмжлэгч нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд байсан байна гэдгийг тодорхойлж байна. Тухайн тендерт оролцож буй компанитай хамаарал бүхий этгээдтэй бизнесийн болон ямар нэгэн асуудлаар харилцаа холбоотой байсан нь тогтоогддог. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал байсаар байхад уг ажиллагаанд оролцсон, бичиг баримтын нууцлал хадгалаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Быг ...ын Худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,276,773.58 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УБТЗд даалгаж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229,334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй тухайд,

4.1.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... уг шалгалтын тайлангийн дүгнэлт 1-д заасан зөрчлийн талаар ...................... нараас тайлбар авсан байх бөгөөд тайлбараар П.Цэрэнбат нь Д.Эд мөнгө шилжүүлсэн, ... нь Бианконэроконстракшн ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдоогүй байна” гэж баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн.

... ...нарын тайлбараар “ХХАяамны урд зогсоол дээр 5,000,000 төгрөгийг бэлнээр Б.Бэхнэр Д.Эд өгсөн ...” гэж, Бианконэроконстракшн ХХК-ийн бичиг баримтыг бэлдүүлж оруулсан, манай компани шалгараагүй тул” гэж хүлээн зөвшөөрсөн байхад П.Цэрэнбат нь Д.Эд мөнгө шилжүүлсэн, ... нь Бианконэроконстракшн ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох нь тайлбараар тогтоогдоогүй гэж нотлох баримтад үндэслээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.1.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Ц гэрчийн мэдүүлэгт өөрийнх нь гаргасан тайлбар үнэн зөв болохыг, мөн 1,500,000 төгрөгийг тендерийн материал бүрдүүлэхээр Г.Нөгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн, тогтоогдож байхад шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулж дүгнээгүй. ... ...нар Дотоод аудит, хяналт шалгалтад мэдээлэл өгч, шалгалт эхэлж мөнгөө буцааж аваад хохиролгүй болсон, нөгөө талаас өөрсдөө авлигын хэрэгт холбогдох нөхцөл байдал үүсмэгц эцэст нь худал гүтгэсэн мэтээр ярьж мэдүүлж буй нөхцөл байдал, үйл баримтыг харьцуулж, үнэлж дүгнээгүй.

4.1.в. Ажил олгогчийн зүгээс мэдээллийн мөрөөр өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгалт явуулж, тухайн үед цугларсан баримт мэдээлэлд тулгуурлан мэдээлэл өгсөн иргэд нь УБТЗ-ын тендерт оролцсон бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бэхнэрт тендерт шалгарах зорилгоор мөнгө өгсөн, улмаар тендерт шалгараагүй тул мөнгөө буцааж авах талаар маргалдсан үйл баримт шалгалтаар тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан болохыг шүүх анхаараагүй.

4.1.г. Шүүхийн шийдвэрт “... зөөврийн компьютерт нэвтрэх нууц үг хийгээгүй болох нь тогтоогдсон байх боловч үүнийг албаны мэдээлэл хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч П.Цэрэнбатын мэдүүлгээр нэхэмжлэгч болон түүний эхнэр нь УБТЗ-ын албаны баримт, файлыг нөхрийнхөө ажлын компьютероос авсан, улмаар Г.Ндамжуулсан болох нь, оролцох тендер байвал саналаа хэлээрэй гэж байсан, мөн үүний дараа ...нар УБТЗ-аас зарласан, нэхэмжлэгчийн нарийн бичгийн дараар ажиллаж байсан 3,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерт оролцсон үйл баримт тогтоогдож байхад үнэлж, дүгнээгүй.

4.1.д. ... Эрүүгийн хэргийг шалгах явцад ... данснаас Д.Э... тоот дансанд нийт 20,160,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн мэдүүлснээр 2020 оны 12 сард анх танилцаад ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй, дөнгөж танилцсан хүнд газар олж өгнө гэхээр нь мөнгө өгөөд байдаг. Хаана, ямар газар авах, хэрхэн хөөцөлдөх талаар хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн, дансны хуулгаа тайлбарлахдаа өөр өөр, зөрүүтэй мэдүүлсэн. Төлбөрийн утга нь газар авах, хамтран ажиллах тухай утга агуулга байдаггүй. Шүүх 20,160,000 төгрөгийг Д.Эдансанд шилжүүлсэн үйл баримтыг үнэлээгүй. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч УБТЗд холбогдуулан тус газрын худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,276,773.58 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,276,773.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 9,276,773.58 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг УБТЗын худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтний ажилд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,000,000 төгрөг олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзан маргааныг дуусгавар болгохоор зохигчид харилцан тохиролцож эвлэрчээ. Талуудын тохиролцоо нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч УБТЗ давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзаж, нэхэмжлэгч Б.Быг 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус газрын худалдан авах, борлуулалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,000,000 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, нэхэмжлэгч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,276,773.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 9,276,773.58 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчаас дахин нэхэмжлэхгүй байхаар маргааныг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,334 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

                  ШҮҮГЧИД                          Д.БЯМБАСҮРЭН

 

                                                      А.МӨНХЗУЛ