Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01053

 

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01053

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ тоот хаягт байрлах, М ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Д овогт Л.М /РД:00000000/-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 108,970,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Л.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108,970,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Л.М-тэй 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн мөнгийг хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 45,000,000 төгрөг, бэлэн 30,000,000 төгрөгийг өгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. 2019.09.25-ны өдөр хүртэл нийт 16,960,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд буюу 2018.12.08-наас 2019.12.20-ны өөр хүртэл төлөх хүү нь 18,850,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021.05.21-ний өдөр хүртэлх хүү 25,900,000 төгрөг, нийт зээлийн хүүнд 44,750,000 төгрөгөөс төлсөн 16,960,000 төгрөгийг хассан. 2019.09.25-наас 2021.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүнд 6,180,000 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүүнд 27,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,180,000 төгрөг, нийт 108,970,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Л.Мтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулж, 2018.12.07-ны өдөр БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. тоот хаягт байрлах, 94.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ................. тоот хаягт байрлах, 21.95 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа 75,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул өгсөн, авснаа буцаах ёстой. 75,000,000 төгрөгөөс миний төлсөн 16,960,000 төгрөгийг хасаад үлдэх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2018.12.07-ны өдрийн ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны өдөр БГ/№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Э-ийн өмнөөс гарын үсгийг нь зурснаа эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн, Б.Э нь гарын үсэг зурах эрхээ шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.12.07-ны ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 30,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний баримт, 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт, хүү тооцооллын хүснэгт, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн өргөдөл, анкет, 2018.12.07-ны БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 1327489 тоот барьцаалбар, 1327491 тоот барьцаалбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2018.12.07-ны БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2018.09.21-ний өдрийн шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018.12.07-ны ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны өдрийн М ББСБ ХХК-ийн Зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн хугацаан дахь хүү тооцооллын хүснэгт, М ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2018.09.23-ны өдрийн шийдвэр, Л.М-ийн зээл төлөлтийн дансны хуулга, Л.М-тэй байгуулсан ЗГ№/18/10/009 тоот зээлийн гэрээ, 2018.10.17-ны өдрийн ФГ№/18/10/009 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл төлөх хуваарийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Л.М-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны 2018.12.07-2019.12.31-нийг хүртэлх хуулга, Л.Мийн Голомт банк дахь 0000000000 тоот дансны 2018.12.07-2019.12.31-нийг хүртэлх хуулга, Л.М-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансны 2018.12.07-2019.12.31-нийг хүртэлх хуулга, хариуцагчийн хүсэлтээр М.О-ыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. 1. Л.М-тэй 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн мөнгийг хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 45,000,000 төгрөг, бэлэн 30,000,000 төгрөгийг өгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. 2019.09.25-ны өдөр хүртэл нийт 16,960,000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд буюу 2018.12.08-наас 2019.12.20-ны өөр хүртэл төлөх хүү нь 18,850,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021.05.21-ний өдөр хүртэлх хүү 25,900,000 төгрөг, нийт зээлийн хүүнд 44,750,000 төгрөгөөс төлсөн 16,960,000 төгрөгийг хассан. 2019.09.25-наас 2021.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүнд 6,180,000 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүүнд 27,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,180,000 төгрөг, нийт 108,970,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.2. Л.М-тэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулж, 2018.12.07-ны өдөр БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. тоот хаягт байрлах, 94.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Мийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ............. тоот хаягт байрлах, 21.95 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа 75,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул өгсөн, авснаа буцаах ёстой. 75,000,000 төгрөгөөс миний төлсөн 16,960,000 төгрөгийг хасаад үлдэх мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2018.12.07-ны өдрийн ЗГ/№/15/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны өдөр БГ/№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэцэцэгийн өмнөөс гарын үсгийг нь зурснаа эдийн засагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн, Б.Э нь гарын үсэг зурах эрхээ шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцэл байгуулагдсан гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн анкет, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагчийн дансны хуулга, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хуулийн этгээдийн улсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Л.М-тэй 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 112,500,000 төгрөгийг 30 хоногт 2 хувийн хүүтэй, 30 хоногт 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор 12 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 75,000,000 төгрөгийг хариуцагч Л.М-ийн Хаан банкны дансаар болон бэлнээр хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

8. Талуудыг зээлийн гэрээ байгуулах хугацаанд болон шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчинтэй байжээ. Дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу байгуулагдаж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарч байна.

9. Хариуцагч нь 75,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгөний талаар маргаагүй, харин зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.

10. Зээлийн болон барьцааны гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл,түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зохицуулсан.

11. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хариуцагчтай байгуулсан 2018.12.07-ны ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээ нь бичгээр байгуулах болон улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Гэрээний нэг оролцогч нь хуулийн этгээд учраас тус хэлцэл тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж хариуцагч маргасан.

Талуудын байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан, байгууллагын төлөөлж, зээлийн эдийн засагч гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Харин батлав хэсэгт хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э гэсэн гарын үсгийг өөр этгээд зурсан талаар нэхэмжлэгч маргаагүй хэдий ч шүүхээс 2018.12.07-ны ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

Учир нь 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж гэж зааснаар зээлдэгчид мөнгийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн тул зээл олгосон буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

12. Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 16,960,000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахад зээлийн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

13. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон шаарджээ.

14. Үндсэн зээл 75,000,000 төгрөгийн 2 хувийн хүү 1,500,000 төгрөг, 1 өдрийн хүү 1,500,000 төг / 30 хон = 50,000 төгрөг байна.

Гэрээний хугацаа 377 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 518 хоног, нийт 895 хоног өнгөрсөн байх бөгөөд зээлийн хүүнд 44,750,000 төгрөг төлөхөөс 16,960,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч хасч тооцсон байх тул өмгөөлөгчийн гаргасан 3,230,000 төгрөг нь өөр зээлийн гэрээний төлбөр тул хүүгээс хасахгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын дагуу үндсэн хүүгийн тооцоолол хийхэд хариуцагч нь 27,790,000 төгрөгийн үндсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.

15. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн төлөлт зогссон 2019.09.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2021.06.04-ний өдөр хүртэл 30 хоногт 0.5 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон 6,180,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

2018.12.07-ны өдрийн зээлийн гэрээний 1.3-т Нэмэгдүүлсэн хүү: 30 хоногт 0.5 хувь /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/ гэжээ.

Хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан тул нэхэмжлэгчийн үндсэн хүү нь 30 хоногт 2.0 хувь бол нэмэгдүүлсэн хүү нь 30 хоногт 0.4 хувь байхаар байна. Гэтэл хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцох тухай гэрээний 1.3-т дахь заалт хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн заалт хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч бусад заалт нь зээлийн гэрээний зорилтыг хангаж байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус заалтаар нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзнэ.

16. Иймд хариуцагч Л.М-ээс үндсэн зээл 75,000,000 төгрөг, үндсэн хүү 27,790,000 төгрөг, нийт 102,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, үлдэх 6,180,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17. 2018.12.07-ны өдрийн БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Л.М нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

18. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2018.12.07-ны өдрийн ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны өдрийн БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн тул хариуцагчийн гаргасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 742,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2018.12.07-ны өдрийн ЗГ№/18/12/003 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны өдрийн БГ№/18/12/003 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч Л.М-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 102,790,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,180,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.М нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. тоот хаягт байрлах, 94.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ............ тоот хаягт байрлах, 21.95 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 855,930 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 742,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.МӨНХЦЭЦЭГ