Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01084

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01053 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.М д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 108,970,000 төгрөг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Л.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Л.М нь 2018 оны 12 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагчийн Хаан банкны 0 тоот дансанд 45,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 08-ны өдөр бэлэн 30,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг өгсөн болно. Өнгөрсөн хугацаанд 2019 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл 16,960,000 төгрөгийг хүүнд төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Л.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 102,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс 75,000,000 төгрөгийг авсан дээр маргахгүй. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн зээл 75,000,000 төгрөгөөс 16,960,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 58,040,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2018 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан. Дээрх гэрээнүүдэд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э гарын үсэг зураагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хүлээн зөвшөөрч ...тамга, тэмдгээ эдийн засагчдаа хүлээлгэж өгсөн байсан, эдийн засагч М.О гарын үсэг зурсан, Б.Э ийн гарын үсэг биш... гэх тайлбарыг гаргасан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу дээрх 2 гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Тухайн үед Б.Э гэж хүн дээрх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй боловч М.О ад гарын үсэг зурах бүрэн эрх олгосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Б.Э ийг жирэмсний чөлөөтэй байх үед нь гүйцэтгэх захирлыг орлох шат шатны зөвшөөрлийг олгосон баримт хэрэгт байгаа. Зээлийн болон зээлийн барьцааны гэрээний доод талд М.О гэх хүн гарын үсгээ зурсан, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасны дагуу эрх хэмжээ олгогдсон тул хүчин төгөлдөр хэлцэл мөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул 2018.12.07-ны өдрийн 0 тоот зээлийн гэрээ, 0 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Л.М-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.М ээс зээлийн гэрээний үүрэгт 102,790,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,180,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.М нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 94.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 21.95 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 855,930 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 742,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосон.

 

6.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь 75,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгөний талаар маргаагүй, харин зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна гээд талуудын байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан, байгууллагын төлөөлж, зээлийн эдийн засагч гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Харин батлав хэсэгт хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э гэсэн гарын үсгийг өөр этгээд зурсан талаар нэхэмжлэгч маргаагүй хэдий ч шүүхээс 2018.12.07-ны 0 тоот зээлийн гэрээ, 2018.12.07-ны 0 тоот зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Гэрээний нэг тал хуулийн этгээд тул эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсанаар хүчин төгөлдөр болно. Хариуцагчийн зүгээс 2018 оны 12 сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.б. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 75,000,000 төгрөгөөс хүүнд төлөгдсөн 16,960,000 төгрөгийг хасч, 58,040,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу илүү шаардсан 50,930,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж төлсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э жирэмсний чөлөөтэй байсан хугацаанд зээлийн эдийн засагч М.О нь М ХХК-ийг төлөөлж хуульд заасан журмын дагуу, хүчин төгөлдөр гэрээг Л.М тэй байгуулсан. Компанийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал Б.Э ийг жирэмсний чөлөөтэй байх хугацаанд компанийг төлөөлөх бүрэн эрхийг М.О ад олгосон нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхиий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 27,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,180,000 төгрөг, нийт 108,790,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаснаас хариуцагч Л.М нь 58,040,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3.   Хэргийн 6-7, 12-15-р талд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 0 тоот Зээлийн гэрээ, 0 тоот Зээлийн барьцааны гэрээ тус тус авагдсан байх ба эдгээр гэрээнүүдэд М ХХК нь Л.М д 112,500,000 төгрөгийг 30 хоногт 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Л.М нийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 94.3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ,... тоот хаягт байршилтай 21.95 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах нөхцөлийг тус тус тусгасан байна.

 

4.   ...Дээрх гэрээнүүдэд гүйцэтгэх захирал Б.Э гэж зурагдсан гарын үсгүүдийг түүний өмнөөс өөр этгээд зурсан... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан ба М ХХК нь 0 тоот Зээлийн гэрээ-ний дагуу Л.М-ийн өмчлөлд 2018 оны 12 сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр, 45,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, 0 тоот Зээлийн барьцааны гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох зээлийн эдийн засагч М.О нь М ХХК-ийн нэрийн өмнөөс Л.М тэй байгуулсан Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ-г төлөөлүүлсэн этгээд болох М ХХК зөвшөөрч, зээлийн мөнгөн хөрөнгийг Л.М д шилжүүлж, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул 0 тоот Зээлийн гэрээ, 0 тоот Зээлийн барьцааны гэрээ нь тус тус хүчин төгөлдөр юм.

Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.   Нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.М ээс зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 102,790,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тооцоолол зөв.

Харин нэмэгдүүлсэн хүү 30 хоногт 0.5 хувь байх тухай талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцээгүй тул нэмэгдүүлсэн хүү гэж шаардсан 6,180,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

6.   Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7.   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 412,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР