Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2469

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02097 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Т-д холбогдох

 

1 303 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.У-

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Ц.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн С.Б-д холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 457 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч нь нас барсан шалтгаанаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талийгаач С.Б- надаас зээлсэн мөнгөө эхнэр Б.Т-тай хамтарсан гэр бүлийн бизнест хэрэглэсэн тул би 2017 оны 10 дугаар сард Б.Т-тай уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүссэн. Б.Т- миний хүсэлтээр төлбөрт 500 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлээд өв залгамжлалын асуудал 1 жилийн дотор шийдэгдэнэ, үүний дараа үлдсэн мөнгийг төлнө гэсэн. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Т-тай утсаар холбогдоход 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд зээлсэн мөнгөө өгнө гэсэн ч өгөөгүй. 2 давхар үйлчилгээний барилга бариад хэсэг талбайг түрээслүүлмээр яриад байсан чинь бүхэлд нь өөр хүнд өгсөн. Би түрээсийн байр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон. Бас амралтын газар байдаг, түүнээсээ орлого олж байгаа.

   Иймд анх нэхэмжилсэн 1 457 000 төгрөг дээр өнөөдрийг хүртэл 14 сарын хугацаанд сарын 1,7 хувиар хүү тооцон 346 000 төгрөг нэмж, нийт 1 803 000 төгрөг нэхэмжлэхээс урьдчилж төлсөн 500 000 төгрөгийг хасч 1 303 000 төгрөгийг Б.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Т- би нөхөр С.Б-тэй 2002 онд гэр бүл болсон. Нөхөр маань 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Миний нөхөр иргэн Ц.У-аас 1 300 000 төгрөг авсныг би мэдэхгүй. Нөхрийг маань нас барсны дараа Ц.У- надаас янз бүрээр нэхэж байгаад дансаар 500 000 төгрөг авсан. Охин Солонгос улсад байдаг, талийгаачийн өвийн асуудал шийдвэрлэгдээгүй. Б.Т- би хариуцагч биш харин нөхөр маань хариуцагч юм. Амралтын газар байгаа боловч талийгаачийн банкны зээлийн асуудал яригдаж байгаа. Түрээслэдэг ажлын байр байхгүй ба Ц.У- талбай түрээслэж байсныг мэдэхгүй гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т-аас 500 000 төгрөгийг гаргуулж Ц.У-ад олгож, нэхэмжлэгчийн 803 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 35 800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Т- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Ц.У- нь хэрэгт гэрээ хавсаргасан боловч гэрээтэй танилцахад нэхэмжилж бйгаа төлбөрөө түрээсийн өрөөг түрээслэж мнгөө олж авсан байж болох байтал шүүх үүнийг анхаараагүй. Ц.У- мөнгө зээлдүүлснийг би огт мэдээгүй. Намайг янз бүрээр дарамтлаад байхаар нь 500 000 төгрөгийг ажил явдлын үеэр хэл ам дарах үүднээс өгч, дараа нь учраа олоё гэж бодсон боловч уг 500 000 төгрөг өгснийг шүүх авсан мөнгөө өгсөн байна гэж дүгнэсэн. Зээлдүүлэгч 1 000 000 төгрөг өгөөд өнөөдрийг хүртэл аваагүй гэж байгаа боловч энэ нь нотлогдохгүй бөгөөд би уг мөнгийг огт аваагүй учраас зөвшөөрөхгүй. Үүнийг шүүх огт анхаараагүй.

Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээрх зээлдүүлсэн гэх мөнгийг би хариуцан төлөх үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл өвийн маргаантай байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад хариуцуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.У- нь хариуцагч Б.Т-д холбогдуулан 1 303 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ “хариуцагчийн талийгаач нөхөр С.Б-д зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийг тэрээр гэр бүлийн бизнестээ зарцуулсан тул эхнэрээс нь гаргуулна” гэж тайлбарлажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “миний бие хариуцагч биш, талийгаач нөхөрт өгсөн байсан талаар мэдэхгүй, талийгаачийн төрсөн охин Солонгос Улсад байдаг, өвийн асуудал шийдвэрлэгдээгүй маргаантай байгаа” гэж тайлбарлан маргасан байна.

            Ц.У- нь Б.Т-ын нөхөр С.Б-тэй 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч С.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, нас барсны 0000202538 дугаарын гэрчилгээ зэргээр нотлогдсон байна. /хх 4, 30 дахь тал/

            Дээрх маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хууль ёсны өвлөгч гэх үндэслэлээр зээлийн үүргийг хариуцагчаас гаргуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан.

            Талууд талийгаачийн өвлөгдөх хөрөнгө, хариуцлагын талаар маргаж байхад шүүх үүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

           

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД