Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2097

 

 

 

 

   2018 оны 10 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2018/02097

      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

            Нэхэмжлэгч:  Ц.У

Хариуцагч Б.Т

1.303.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.У би иргэн С.Бямбасүрэнд холбогдуулан 2017 оны 07 сарын 18-ны өдөр 1.457.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч С.Бямбасүрэн нь нас барсан шалтгаанаар 2017 оны 10 сарын 19-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Талийгаач С.Бямбасүрэн надаас зээлсэн мөнгийг эхнэр Б.Ттай хамтарсан гэр бүлийн бизнест хэрэглэсэн тул миний бие 2017 оны 10 сард Б.Ттай уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүссэн. Б.Т миний хүсэлтийн дагуу төлбөрт 500.000 төгрөг 2017 оны 10 сарын 18-ны өдөр шилжүүлээд өв залгамжлалын асуудал нэг жилийн дотор шийдэгдэнэ, үүний дараа үлдсэн мөнгийг төлж барагдуулна гэсэн. Хамгийн сүүлд 2018 оны 07 сарын 05-ны өдөр Б.Ттай утсаар холбогдоход 2018 оны 08 сарын 15-ны өдөр гэхэд зээлсэн мөнгөө өгч барагдуулна гэсэн боловч хэлснээ биелүүлээгүй. Анх 2017 оны 07 сард С.Бямбасүрэнгээс нэхэмжилсэн 1.457.000 төгрөг дээр өнөөдрийг хүртэл 14 сарын хугацаанд сарын 1,7 хувиар тооцон 346.000 төгрөг нэмж, нийт 1.803.000 төгрөг нэхэмжлэхээс урьдчилж төлсөн 500.000 төгрөгийг хасаад 1.303.000 төгрөгийг Б.Таас гаргуулж өгнө үү. 2 давхар үйлчилгээний барилга бариад хэсэг талбайг түрээслүүлмээр яриад байсан чинь бүхэлд нь өөр хүнд өгсөн. Би түрээсийн байр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон. Бас амралтын газар байдаг, түүнээсээ орлого олж байгаа. Т талийгаачийн эд хөрөнгийг авч үлдсэн тул түүнээс нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Т миний бие нөхөр С.Бямбасүрэнтэй 2002 онд гэр бүл болсон. Нөхөр маань 2017 оны 07 сарын 26-ны өдөр нас барсан. Миний нөхөр иргэн Ц.Уаас 1.300.000 төгрөг авсныг би мэдэхгүй. Нөхрийг маань нас барсны дараа Ц.У надаас янз бүрээр нэхэж байгаад дансаар 500.000 төгрөг авсан. Охин Солонгос улсад байдаг, талийгаачийн өвийн асуудал шийдвэрлэгдээгүй. Б.Т миний бие хариуцагч биш харин нөхөр маань хариуцагч юм. Амралтын газар байгаа боловч талийгаачийн банкны зээлийн асуудал яригдаж байгаа.  Түрээслэдэг ажлын байр байхгүй ба Ц.У талбай түрээслэж байсныг мэдэхгүй гэв.

 

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Б.Тд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1.303.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчээс талийгаач нөхөр нь мөнгө авсан талаар мэдэхгүй, хариуцах этгээд нь би биш гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хариуцагч Б.Тын нөхөр С.Бямбасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Уаас 1.000.000 төгрөгийг зээлдсэн байх ба С.Бямбасүрэн нь зээлийн гэрээн дээр 1.000.000 төгрөгийг дансаар гэрээ хийсэн өдөрт нь хүлээн авснаа тайлбарлаж гарын үсэг зурсан байна. С.Бямбасүрэн, Ц.У нар нь тэр өдөр ажлын байр түрээслэх гэрээг хийсэн боловч уг гэрээ хэрэгжээгүй болох нь талуудын тайлбараас харагдаж байна.

Нэхэмжлэгчийн Б.Тыг С.Бямбасүрэнгийн эд хөрөнгийг авч үлдсэн өвлөгч гэж үзэж дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой гэж тайлбарлаж буйг буруутгах үндэслэлгүй. Учир нь С.Бямбасүрэн 2017 оны 07 сарын 25-ны өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйл 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заажээ. Хариуцагч Б.Т 2002 оноос хойш С.Бямбасүрэнтэй гэр бүл болсон гэж тайлбарладаг ба тэрээр өв нээгдсэнээс хойш буюу талийгаачийг нас барсан өдрөөс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй байна. Иймд түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ. Тэдэнд амралтын газар байгааг хариуцагч тайлбарласан. Түүнчлэн зээлийн төлбөрөөс 500.000 төгрөгийг Б.Т нөхөр С.Бямбасүрэнг нас барснаас хойш, 2017 оны 10 сарын 18-ны өдөр Ц.Уад төлсөн байна.

Ц.У, С.Бямбасүрэн нарын зээлийн гэрээнд хүү болон алдангийн талаар тусгаагүй байх тул зээлийн төлбөрөөс үлдсэн 500.000 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлж, зээлийн хүүд нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-ийг баримтлан Б.Таас 500.000 төгрөгийг гаргуулж Ц.Уад олгож, нэхэмжлэгчийн 803.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД