Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01164

 

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01164

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт байрлах, Ө ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:0000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,633,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 30,633,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2020.04.06-нд Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХК-ийн барилгын гадна талын шилэн болон металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Шилэн фасад 1,582 м.кв х 55,000 төгрөг = 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг = 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас металл фасадны ажил нь гэрээнд заасан хэмжээнээс илүүг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчаас ажлын хөлсөнд 125,000,000 төгрөг төлсөн. Манай хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв болсон тул нийт 165,633,170 төгрөг төлөхөөс 125,000,000 төгрөгийг төлсөн тул дутуу 30,633,170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа 2020.04.06-ны өдөр гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийлгэхээр болсон. Шилэн фасад 1,584 м.кв х 55,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. 125,000,000 төгрөгийг төлсөн. Ажлаа хугацаандаа дуусгаагүй тул хугацааг сунгасан. Гэв 2020.09.10-нд ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй орхиод явсан тул үлдсэн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2020.10.06-нд Д ХХК-тэй гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн. Мөн манай ажилчид дутуу ажлыг нэмж хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, 30,633,170 төгрөгийн ажил хийсэн гэсэн баримт байхгүй, тайлан байхгүй, анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа 8,977,800 төгрөгийг дутуу төлсөн гэж нэхэмжилж байсан атлаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 30,633,170 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй Ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй явсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.09-ний өдрийн 14164 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.10.22-ны өдрийн 13234 дугаар захирамжийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2020.04.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас 2020.11.05-ны өдөр гаргасан Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, барилгын гадна талын зураг, 2021.09.08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020.04.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020.07.09-ний өдрийн гэрээний сунгалт, 2020.10.06-ны өдрийн 20/06 тоот Д ХХК, Т ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2019.06.25-ны Т ХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан ТЧБ-051-178 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020.04.06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажил хийхдээ гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илүү хэмжээний ажил гүйцэтгэсэн боловч төлбөрийг төлөөгүй тул дутуу төлсөн 30,633,170 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Гэрээнд заасан ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, ажлаа дутуу хийсэн бөгөөд хүлээлгэж өгөөгүй, дутуу орхиж явсан тул өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн. Хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн төлсөн. Шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээнээс тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.04.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний сунгалт, хариуцагчийн Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээзэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Ө ХХК нь Т ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХК-ийн барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус гэрээгээр шилэн фасад 1,582 м.кв х 55,000 төгрөг = 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв х 45,000 төгрөг = 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон байна.

6. Нэхэмжлэгч нь барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас металл фасадны ажлыг гэрээнд заасан хэмжээнээс илүүг хийж гүйцэтгэсэн. Манай хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв болсон тул нийт 165,633,170 төгрөг төлөхөөс 125,000,000 төгрөгийг төлсөн, дутуу 30,633,170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

7. Талуудын маргааны зүйл нь гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хийсэн ажлыг хүлээлцсэн эсэх асуудал байх бөгөөд ажлын хэмжээ ихэссэн, ажлаа дутуу орхиж явсан талаар маргаагүй.

8. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагчийн өгсөн материалаар барилгын гадна шилэн болон металл фасадны ажлыг хийсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

9. Гэрээгээр хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ., 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар ажил гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж үзнэ.

10. Ажил гүйцэтгэх явцад талуудын байгуулсан гэрээнд заасан тоо хэмжээнээс ажлын хэмжээ илүү гарсан бөгөөд үүнийг талууд амаар тохиролцон хийж гүйцэтгэхээр болсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч Ө ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч тал болох Т ХХК-д хүлээлгэн өгөөгүй, мөн нийт ажлыг хийж дуусгаагүй орхиж явсан буюу гэрээг ажил гүйцэтгэгч цуцалсан болох нь тогтоогдож байна.

11. Ө ХХК нь анх шүүхэд хандахдаа өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 8,977,850 төгрөгийг дутуу авсан буюу гэрээнд заасан ажлаас 379,73 м.кв металл фасад илүү хийсэн гэж тодорхойлсон ба 2021.09.08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гэх баримтаар өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэмж тодорхойлсон байна. Тус шинжээчийн дүгнэлт гэх нотлох баримт нь тухайн барилгын гадна талын шилэн болон металл фасадны хэмжээг гаргасан баримт болохоос нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон баримт биш байна.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг нотлох үүрэг хүлээнэ.

12. Гэтэл нэхэмжлэгч нь хийсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн аваагүй гэж тайлбарласан ч ямар хэмжээний ажил хийсэн, хүлээлгэж өгөх гэж байсан, ажил хүлээлцсэн акт үйлдсэн болон тухайн ажилтай холбоотой санхүүгийн болон татварын тайлан, санхүү бүртгэлийн анхан шатны баримт зэргээр нотолж чадахгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 30,633,170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ