Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01134

 

  

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01134

 

 

 

 Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01206 дугаар шийдвэртэй, Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,633,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ӨХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн барилгын гадна талын шилэн фасад, металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу шилэн фасадыг 1,582 м.кв, 1 м.кв нь 55,000 төгрөгөөр, металл фасадыг 664 м.кв, 1 м.кв нь 45,000 төгрөгөөр бодож, нийт 116,890,000 төгрөгийн үнэтэй ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ӨХХК гэрээгээр тохирсон шилэн фасадны ажлыг бүрэн хийж дуусгасан. Харин барилгын зурагт өөрчлөлт орж металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 116,890,000 төгрөгийн ажил гүйцэтгэх байсан, үүнээс 2020 оны 9 дүгээр сард 125,000,000 төгрөгийг төлсөн. Илүү хийсэн ажлын хөлсөө төлөхгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж ажлаа орхисон. ӨХХК үлдэгдэл ажлын хөлсөө удаа дараа нэхэмжилж, Т ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Wang Hueling-тэй удаа дараа уулзаж байсан боловч биднийг хөөж, мөнгө өгөхгүй гэсэн. Гэтэл Т ХХК нь манай компанийг ажлаа хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэх үндэслэлээр 63,600,000 төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт гаргуулан, улмаар ажлын хөлс 30,633,170 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл Т ХХК нь шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/13234 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Сөрөг нэхэмжлэлээр өөрсдийн тооцоогоор 8,977,850 төгрөг нэхэмжилсэн боловч шинжээч Барилгын хөгжлийн төвийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр барилгын ажлын талбайд шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 2,020 м.кв хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Т ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа ӨХХК ажлаа хаяж явсан тул Д ХХК-тай гэрээ байгуулж, 251 м.кв төмөр фасадны ажлыг гүйцэтгүүлсэн. Тиймээс гүйцэтгэсэн 2,020.13 м.кв метал фасаднаас Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 251 м.кв ажлыг хасаж тооцвол ӨХХК нь 1,769.13 м.кв төмөр фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт заасан шилэн фасад 1,382.22 м.кв-ыг 55,000 төгрөгөөр тооцвол 76,022,000 төгрөг, металл фасад 1,769.13 м.кв-ыг 45,000 төгрөгөөр тооцож 79,610,850 төгрөг нийт 155,633,170 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснээс төлсөн 125,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 30,633,170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд ажлаа захиалагчид хүлээлгэж өгөөгүй, ажлаа орхиж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажлын хэмжээ ихэссэн гэдгийг зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт гарахад өөрсдийн хийгээгүй ажлыг хийсэн мэтээр нэмж нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр шилэн фасадыг 1,582 м.кв, 1 м.кв-г 55,000 төгрөгөөр тооцож 87,016,000 төгрөг, металл фасад 664 м.кв, 1 м.кв-г 45,000 төгрөгөөр тооцож 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөг төлөхөөр ажлын гэрээ хийсэн боловч металл фасад нэмэгдлээр хийсэн, нийт 125,000,000 төгрөгийг Т ХХК төлсөн. Гэхдээ металл фасадны ажил нэмэгдсэн учраас дээрх ажлыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан боловч ӨХХК 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа орхиж явсан. Ажлаа гүйцэд хийж, хүлээлгэж өгөөгүй, ажлыг хийсэн талаарх тайлан, бүртгэл, акт байхгүй. Тиймээс манай компаниас гуравдагч компани болох Д ХХК-тай гэрээ байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр металл фасадын 251 м.кв-ыг 25,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож гэрээ хийсэн. Ө ХХК нь манай компанид хохирол учруулсан тул 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад ӨХХК сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хэрэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч компанийн ажлын хэдэн хувь хийснийг тодруулахаар удаа дараа хэргийг буцаасан. Барилгын зурагт өөрчлөлт орсон, металл фасадны ажил нэмэгдсэн, гэрээ сунгасан талаар хэн аль нь маргаагүй.

Шинжээчийн дүгнэлт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гарсан, ажлаа хаяж явсан нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болсон. Үүнээс хойш 1 жилийн дараа бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэт нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ө ХХК барилгын шилэн фасадны ажлыг анх гэрээгээр 1,582 м.кв хийхээр тохирсон боловч 1,382.224 м.кв шилэн фасад хийсэн гэж шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн. Т ХХК-аас 1,582 м.кв талбайн хэмжээгээр илүү мөнгө 200 м.кв гэж тооцоход 11,000,000 төгрөгийг илүү авсан харагддаг. Металл фасадны ажлыг ӨХХК 1,043.73 м.кв гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэл болон гэрэл зургуудаар хангалттай нотлогдож байгаа. Цаг хугацааны асуудлыг шүүх анхаарч үзээгүй. Сөрөг нэхэмжлэл болон шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлыг үнийн дүнгээр бодож үзэхэд нийт 122,990,017 төгрөг боловч 125,000,000 төгрөгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай. Барилгын хойд болон зүүн хойд талыг нэхэмжлэгч тал өөрсдөө нотолдог. Гэтэл барилгын урд болон баруун талыг хэн хийснийг шинжээч тодорхой гаргаж өгөөгүй. Хойд талын металл фасадны ажлыг ӨХХК хийсэн гэдгийг манайх хүлээн зөвшөөрч байгаа. Барилгын зүүн хойд талын хэсгийг хийсэн гэдгийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрдөг. Д ХХК урд, зүүн урд талын хэсэг болох 251 м.кв ажил хийсэн. Баруун тал буюу 726 м.кв металл фасадны ажлыг Т ХХК өөрсдөө хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас 30,633,170 /гучин сая зургаан зуун гучин гурван сая нэг зуун дал/ төгрөг гаргуулж ӨХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 311,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Ажлаа орхиж явсан хүлээлгэж өгөөгүй акт баримт байхгүй байхад хэдийгээр гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч гүйцэтгэсэн ажлын хөлсийг хийсэн хэмжээгээр төлөх үүрэгтэй гэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Шинжээчийн дүгнэлт ажил хаяж явснаас хойш 1 жилийн дараа гарсан байхад манай Т ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ӨХХК-ийн хийгээгүй ажлыг хийсэн мэтээр нотлох баримтгүй байхад шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр гаргасан.

4.3. 2020 оны 11 дүгээр сард өгсөн сөрөг нэхэмжлэлд Т ХХК-аас 1,582 м.кв талбайн хэмжээгээр илүү мөнгө 200 м.кв гэж тооцоход 11,000,000 төгрөгийг илүү авсан харагддаг. Металл фасадны ажлыг Ө ХХК нь 1,043.73 м.кв гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэл, болон гэрэл зургуудаар нотлогдож байгаа.

4.4. Шинжээчийн дүгнэлтэд ӨХХК нь шилэн фасад 1,382.224 м.кв Х55,000төгрөг=76,022,320 төгрөг металл фасад 1,043.73 м.кв Х45,000 төгрөг=46,967,085 төгрөг нийт ажлын хөлс 122,990,017 төгрөг болсон ба Т ХХК нь 125,000,000 төгрөг төлсөн тул гүйцэтгэсэн хөлсийг хийсэн хэмжээгээр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус хэрэг маргаан давж заалдах шатны шүүхэд 3 дахь удаа хэлэлцсэн. Хариуцагч Т ХХК нь 2020 оны 10 дугаар сард ӨХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон.

Т ХХК нь ӨХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,633,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, бусад баримтуудаар хангалттай нотлогдсон. Т ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ӨХХК-ийн хийгээгүй үлдээсэн 251 м.кв ажлыг Д ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн гэж илэрхийлсэн. Тухайн үед хэдэн м.кв ажил хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр шилэн болон гадна фасадны талбайн хэмжээ тодорхой болсон, дүгнэлтийн дагуу шүүхэд гаргаж байсан сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлж гаргасан. Нийт тухайн барилгын 251 м.кв талбайн шилэн болон металл фасаднаас бусад хэсгийг ӨХХК хийж гүйцэтгэсэн болох нь тодорхой.

Анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв үнэлсэн. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 2. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 30,633,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...шилэн фасадыг 1,582 м.кв 1 м.кв нь 55,000 төгрөгөөр, металл фасадыг 664 м.кв 1 м.кв нь 45,000 төгрөгөөр бодож, нийт 116,890,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Барилгын зурагт өөрчлөлт орж металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн. Гэрээний 4.1-д заасны дагуу шилэн фасад 1,382.22 м.кв буюу 76,022,000 төгрөг, металл фасад 1,769.13 м.кв буюу 79,610,850 төгрөг, нийт 155,633,170 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэнээс 125,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 30,633,170 төгрөгийг гаргуулна... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч Т ХХК дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Нийт 116,890,000 төгрөгийн фасадны ажил хийлгэхээр тохиролцсон, ажлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой нэхэмжлэгч нийт 122,990,017 төгрөгийн фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч 125,000,000 төгрөгийг төлсөн, 11,000,000 төгрөгийг илүү төлсөн. Нэхэмжлэгч 1,043.73 м.кв металл фасадны ажлыг гүйцэтгэсэн нь өмнө гаргасан сөрөг нэхэмжлэл болон гэрэл зургуудаар нотлогдож байгаа, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй гарсан, зарим ажлыг Д ХХК-аар гүйцэтгүүлсэн... гэж тайлбарлан маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Захиалагч Т ХК болон гүйцэтгэгч Т ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ТЧБ-051-178 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Т ХК-ийн эзэмшлийн газарт байрлах үйлчилгээний зориулалттай 7,684 м.кв барилгыг гүйцэтгэгч өөрийн материал, ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын шаардлага хангасан үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан нөхцлөөр төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх 65-67/

3.2. Гүйцэтгэгч Т ХХК болон туслан гүйцэтгэгч ӨХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх барилгын гадна талын шилэн болон металл фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр, хариуцагч нь 1,582 м.кв шилэн фасадны 1 м.кв-ыг 55,000 төгрөгөөр тооцож 87,010,000 төгрөг, 664 м.кв металл фасадны 1 м.кв-ыг 45,000 төгрөгөөр тооцож 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээнд заасан ажлын хэмжээ нэмэгдсэн тул ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. /1хх 71-74/

4. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК нь захиалагч Т ХК-ийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч Ө ХХК-ийн хувьд захиалагч болно.

Гэрээ хүчин төгөлдөр тул зохигч хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй ба хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 125,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар зохигч маргасан байна.

5. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,020.13 м.кв металл фасаднаас Д ХХК-ийн гүйцэтгэсэн 251 м.кв металл фасадыг хасаж, үлдэх 1,769.13 м.кв металл фасадыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн гэж үзэн ажил гүйцэтгэгч нийт 155,633,170 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 1,582 м.кв шилэн фасад, 664 м.кв металл фасадны ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,382.22 м.кв шилэн фасадыг гүйцэтгэсэн тухайд зохигч маргаагүй ба харин 2,020.13 м.кв металл фасадны ажлаас 1,043.13 м.кв металл фасадыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн, ажлаа дутуу орхиж явсан тул үлдсэн 251 м.кв металл фасадыг Д ХХК, 726 м.кв металл фасадыг хариуцагч өөрөө тус тус хийж гүйцэтгэсэн гэж хариуцагч маргасан байна.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгож, нэхэмжлэгч 1,769.13 м.кв металл фасадыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхдээ нэхэмжлэгчийн өмнө нь шүүхэд гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг анхаараагүй байна.

Т ХХК нь Ө ХХК-ийг ажлаа дуусгалгүй орхиж явсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг урьд нь шүүхэд гаргаж байсан бөгөөд уг хэрэгт ӨХХК нь гэрээнд зааснаас илүү хийсэн металл фасад угсралтын ажлын хөлс болох 8,977,850 төгрөгийг Т ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

ӨХХК нь Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хэмжээг шинжээч томилж дүгнэлт гаргуулж тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ӨХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 30,633,170 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа илүү хийсэн металл фасадны хэмжээг 379.73 м.кв гэж тодорхойлсон атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн илүү хийсэн ажлын хэмжээг 1,105.13 м.кв гэж өөрчилсөн нь үндэслэл муутай байна.

Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,020.13 м.кв металл фасаднаас Д ХХК-ийн гүйцэтгэсэн 251 м.кв металл фасадыг хасаж, үлдэх 1,769.13 м.кв металл фасадыг нэхэмжлэгч бүхэлд нь хийж гүйцэтгэсэн гэж үзэж, уг ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Дээрх байдлаас нэхэмжлэгч нь 379.73 м.кв металл фасадны ажлыг илүү гүйцэтгэсэн гэж үзэх тул уг ажлын хөлс 8,977,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01206 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...30,633,170 /гучин сая зургаан зуун гучин гурван сая нэг зуун дал/... гэснийг 8,977,850 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,655,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ...311,120... гэснийг 158,596 гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтад ...эрхтэй гэсний дараа болохыг дурдсугай гэж нэмсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН