Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01051

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01051

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.045.795.927 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ц, Г.Э.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

/Хариуцагчийн төлөөлөгч Ч.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан 1.045.795.927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Б” ХХК, “Б” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан. Дээрх гэрээний дагуу “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 94-т байрлах “Б” ХХК-ийн конторын барилгын 1 дүгээр давхарт байрлах 160 м.кв талбайтай конторын зориулалттай 5 өрөөг, 3 дугаар давхарт байрлах 100 м.кв талбайтай ажилчдын амьдрах байрны зориулалттай өрөөг, цехийн барилгын 1 дүгээр давхрын 2206 м.кв цехийн талбайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохирсон. Түрээсийн төлбөр нь нэг сарын 16.423.000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн талууд түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, конторын барилгын 1 дүгээр давхарт 192 м.кв талбайтай 6 өрөөг 2 дугаар давхарт 90 м.кв талбайтай 3 өрөөг нэмж түрээслэхээр болж, сарын түрээсийн төлбөрийг 18.436.000 төгрөг болгож, нэг жилийн хугацаагаар сунгасан. Түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сунгаж, нэг сарын түрээсийн төлбөр 15.301.000 төгрөг байхаар тохирсон. Ингээд гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч “Б” ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар, гэрээ үргэлжлэн хэрэгжиж байгаад 2020 оны 4 дүгээр сард талбай, оффисыг чөлөөлж өгсөн. Түрээсийн гэрээний хугацаанд “Б” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-д удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, нэхэмжлэх хүргүүлсэн боловч “Б” ХХК нь түрээсийн төлбөрт 581.276.000 төгрөг, алданги 278.560.000 төгрөг, цахилгааны төлбөрт 17.935.207 төгрөгийг төлөхгүй байсаар өдий хүрсэн.

 

Мөн “Б” ХХК, “Б” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээгээр “Б” ХХК-ийн өмчлөлийн 17 нэр төрлийн, 26 ширхэг, 226.700.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг, тэдгээрийн дагалдах хэрэгслийн хамт (дагалдах өрөм, плаш, токарын хутга гэх мэт)-ийн хамт нэг сарын 10.780.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай “Б” ХХК-д түрээслүүлсэн. “Б” ХХК-иас уг гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг сунгаж, тооцоо нийлж баталгаажуулсан. “Б” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт 129.360.000 төгрөг төлөөгүй. “Б” ХХК нь борлуулалтын НӨАТ-ыг шивж өгөөгүй тул “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авах үүднээс “Б” ХХК-ийн 38.664.720 төгрөгийн НӨАТ-ийг бэлнээр “Х” ХХК-д өгсөн.

 

Иймд хариуцагч “Б” ХХК-иас контор талбай түрээсэлсэн төлбөрт 581.276.000 төгрөг, алданги 278.560.000 төгрөг, цахилгааны төлбөрт 17.935.207 төгрөг, тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт 129.360.000 төгрөг, НӨАТ төлүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 38.664.720 төгрөг, нийт 1.045.795.927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр иргэн, аж ахуй нэгжүүдээс, хамтран төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн авсан зээлийг эргүүлэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Б” ХХК нь нийт 1.513.193.961 төгрөгийг хариуцан барагдуулахаар болж, үүнд нь “Б” ХХК-иас “Б” ХХК-д төлөх 484.000.000 төгрөгийг хамааруулсан болно. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хугацаанд хамаарах буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг “Б” ХХК өөрөө хариуцахаар тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд “Б” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл конторын байрыг тодорхой хугацаанд зөвхөн түрээсийн төлбөргүйгээр ашиглуулах, ус, цахилгаан, дулааны үнэ хамаарахгүй. “Б” ХХК-ийн байрыг үйлдвэрийн явцад түрээсээр эзэмшихэд гарах түрээсийн төлбөрийн зардлын дүнг “Б” ХХК-ий 45 хувийн хувьцааны үнэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцохоор тохиролцсон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж  заасан. Иймээс нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар магадлалаар 525.311.928 төгрөгийг “Б” ХХК, “Б” ХХК нараас гаргуулан “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. “Б” ХХК болон “Б” ХХК нь “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, энэхүү гэрээний 1.3-т дурдсан “Х” ХХК-д төлөх 525.311.928 төгрөгийг “Б” ХХК хариуцан төлж, үүнээс 425.311.928 төгрөгт автомашин шилжүүлж, үлдэх 100.000.000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Б” ХХК, “Б” ХХК болон “Х” ХХК нар гурван талт “Эвлэрлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр дээр дурдсан 525.311.928 төгрөгийг хэрхэн төлөх талаар зааж, энэ төлбөр төлөгдсөн даруйд “Х” ХХК нь “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, “Б” ХХК-ийн байранд хадгалагдаж буй “Б” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг “Б” ХХК-иас “Б” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон юм. Дээрх “Төлбөр барагдуулах гэрээ”, “Эвлэрлийн гэрээ”-ний аль алинд нь “Х” ХХК-д шилжүүлэн өгч буй автомашины НӨАТ-ыг хэн шивэх талаар тусгаагүй, энэ талаар талууд харилцан тохиролцоогүй байсан. “Б” ХХК-ийн хувьд өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд сайн дураараа НӨАТ-ын төлбөрт 38.664.720 төгрөгийг төлсөн. иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”, “Б” ХХК-ийн Нэхэмжлэх, Түрээсийн авлага, “Б” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр Хүсэлт гаргах тухай, “Б” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 44/1 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Кассын орлогын ордер, Х ХХК-ийн Нягтлан бодогчийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээ”, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээний НӨАТ-ын асуудлаар төлбөр төлөх хэлцэл”, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай гэрээ”, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, Төлбөрийн даалгавар, Төлбөрийн нэхэмжлэх, Шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордер гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 1.042.795.927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 581.276.000 төгрөг, гэрээнд зааснаар үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид 278.560.000 төгрөг, цахилгааны төлбөрт 17.935.207 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-ний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 129.360.000 төгрөг, “Б” ХХК-ийн төлөх ёстой НӨАТ бэлнээр “Х” ХХК-д төлсөн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 38.664.720 төгрөг, нийт 1.045.795.927 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул  хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймээс уг гэрээний үүргийг “Б” ХХК нь шаардах эрхгүй юм. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 484.000.000 төгрөгийг “Б” ХХК өөрөө хариуцахаар тохиролцсон. “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр “Х” ХХК-д төлөх 525.311.928 төгрөгийг “Б” ХХК хариуцан төлж, үүнээс 425.311.928 төгрөгт автомашин шилжүүлж, үлдэх 100.000.000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Б” ХХК, “Б” ХХК болон “Х” ХХК нар гурван талт “Эвлэрлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр 525.311.928 төгрөгт ногдох НӨАТ-ыг “Б” ХХК төлнө гэж тохиролцоогүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”, “Б” ХХК-ийн Нэхэмжлэх, Түрээсийн авлага, “Б” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 111 дүгээр Хүсэлт гаргах тухай, “Б” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 44/1 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Х ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Кассын орлогын ордер, Х ХХК-ийн Нягтлан бодогчийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээ”, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээний НӨАТ-ын асуудлаар төлбөр төлөх хэлцэл”, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай гэрээ”, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, Төлбөрийн даалгавар, Төлбөрийн нэхэмжлэх, Шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа хөгжлийн банкны Орлогын ордер гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-94 байрлах барилгын 1 давхарт байрлах 160 м.кв талбайг конторын зориулалтаар, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч “Б” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 16.423.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-94 байрлах барилгын 1 давхарт байрлах 192 м.кв талбайг конторын зориулалтаар, 2 давхарт байрлах 90 м.кв талбайг конторын зориулалтаа, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч “Б” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 18.436.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-94 байрлах барилгын 1 давхарт байрлах 192 м.кв талбайг конторын зориулалтаар, 2 давхарт байрлах 90 м.кв талбайг конторын зориулалтаа, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  шилжүүлэх, түрээслэгч “Б” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 15.301.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Түүнчлэн гэрээний 1.4-т “түрээслэгч нь түрээсийн талбайд ногдох сар бүрийн дулаан, цахилгааны төлбөрийг суурилуулсан тоолуурын заалтын дагуу хэрэглэсэн хэмжээгээр төлнө” гэж заажээ.

 

Дээрх гэрээний дагуу “Б” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-94 байрлах барилгын 1 давхарт байрлах 192 м.кв талбайг конторын зориулалтаар, 2 давхарт байрлах 90 м.кв талбайг конторын зориулалтаа, 3 давхарт байрлах 100 м.кв талбайг ажилчдын амьдрах байрны зориулалтаар, цехийн барилгын 1 давхарт байрлах 2206 м.кв талбайг цехийн зориулалтаар “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн, “Б” ХХК нь 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 514.404.000 төгрөг төлөөгүй, мөн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 13.145.538 төгрөг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Нэхэмжлэх, Тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар гэсэн баримтаар нотлогджээ.

 

Талуудын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээ”-г байгуулсан хэдий боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар дээрх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөрт 581.276.000 төгрөг, алдангид 278.560.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

Харин хариуцагч “Б” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан, мөн дээрх хугацааны түрээсийн төлбөрт 514.404.000 төгрөгийг, цахилгааны төлбөрт 13.145.538 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.9-д зааснаар хариуцагч “Б” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, 527.549.538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй болно.

 

4.3. “Б” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”-ээр түрээслүүлэгч “Б” ХХК нь 17 нэр төрлийн, 26 ширхэг 226.700.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах хэрэгсэл /өрөм, плаш, токар, хутга гэх мэт/ эд хөрөнгийг түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлэх, түрээслэгч “Б” ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 10.780.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу түрээслүүлэгч “Б” ХХК нь 17 нэр төрлийн, 26 ширхэг 226.700.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах хэрэгсэл /өрөм, плаш, токар, хутга гэх мэт/ эд хөрөнгийг түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шилжүүлсэн, түрээслэгч “Б” ХХК нь 2017 оны 11 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 129.360.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Нэхэмжлэх, Тооцоо нийлсэн акт гэсэн баримтаар нотлогджээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”-ний 1, 5.1, 7.1.Б, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөрт 129.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй болно.

 

4.4. Нэхэмжлэгчийн “...Б ХХК-ийн төлөх ёстой НӨАТ-ыг бэлнээр Х ХХК-д төлсөн тул Б ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн  38.664.720 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуульд зааснаар “Б” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх 38.664.720 төгрөгийг “Б” ХХК нь төлж, “Б” ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.9-д зааснаар хариуцагч “Б” ХХК-ийг “түрээсийн зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласан 514.404.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын цахилгааны төлбөрт 13.145.538 төгрөг” нийт 527.549.538 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 129.360.000 төгрөг, нийт 656.909.538 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 388.886.389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 5.386.929 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.442.497 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 656.909.538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 388.886.389 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 5.386.929 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.442.497 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД