Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01368

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01368

 

 

 

 

                                     “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01051 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч ”БК ХХК-д холбогдуулан гаргасан 1,045,795,927 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэцгээ, Г.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн өмгөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Б” ХХК, “БК” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн .............. байрлах конторын зориулалттай барилгын 1 дүгээр давхарт байрлах 160 м.кв талбайтай өрөө, 3 дугаар давхарт байрлах 100 м.кв талбайтай ажилчдын амьдрах байрны зориулалттай өрөө, цехийн барилгын 1 дүгээр давхрын 2,206 м.кв цехийн талбайг нэг жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөр сарын 16,423,000 төгрөг байхаар тохиролцсон.

Түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, конторын барилгын 1 дүгээр давхарт 192 м.кв талбайтай 6 өрөөг 2 дугаар давхарт 90 м.кв талбайтай 3 өрөөг нэмж түрээслэхээр болж, сарын түрээсийн төлбөрийг 18,436,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай сунгасан. Түрээсийн гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сунгаж, нэг сарын түрээсийн төлбөр 15,301,000 төгрөг байхаар тохирсон.

Ингээд гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч “БК” ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар, гэрээ үргэлжлэн хэрэгжиж байгаад 2020 оны 04 дүгээр сард талбай, оффисыг чөлөөлсөн. Түрээсийн гэрээний хугацаанд удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй.

Мөн “Б” ХХК, “БК” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1/1 дүгээр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-г байгуулж, “Б” ХХК-ийн өмчлөлийн 17 нэр төрлийн, 26 ширхэг, 226,700,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг, тэдгээрийн дагалдах хэрэгслийн хамт сарын 10,780,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай “БК” ХХК-д түрээслүүлсэн. “БК” ХХК гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээг сунгаж, тооцоо нийлж баталгаажуулсан. “БК” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт 129,360,000 төгрөг төлөөгүй. “БК” ХХК нь борлуулалтын НӨАТ-ыг шивж өгөөгүй тул “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлж авах үүднээс “БК” ХХК-ийн 38,664,720 төгрөгийн НӨАТ-ийг бэлнээр “ХК” ХХК-д өгсөн. Иймд хариуцагч “БК” ХХК-аас контор талбай түрээсэлсэн төлбөрт 581,276,000 төгрөг, алданги 278,560,000 төгрөг, цахилгааны төлбөрт 17,935,207 төгрөг, тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөрт 129,360,000 төгрөг, НӨАТ төлүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 38,664,720 төгрөг, нийт 1,045,795,927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  “БК” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр иргэн, аж ахуй нэгжүүдээс, хамтран төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн авсан зээлийг эргүүлэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Б” ХХК нь нийт 1,513,193,961 төгрөгийг хариуцан барагдуулахаар болж, үүнд нь “БК” ХХК-хас “Б” ХХК-д төлөх 484,000,000 төгрөгийг хамааруулсан. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хугацаанд хамаарах буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг “Б” ХХК өөрөө хариуцахаар тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд “БК” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл конторын байрыг тодорхой хугацаанд зөвхөн түрээсийн төлбөргүйгээр ашиглуулах, ус, цахилгаан, дулааны үнэ хамаарахгүй. “Б” ХХК-ийн байрыг үйлдвэрийн явцад түрээсээр эзэмшихэд гарах түрээсийн төлбөрийн зардлын дүнг “БК” ХХК-ий 45 хувийн хувьцааны үнэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцохоор тохиролцсон. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2866 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар магадлалаар 525,311,928 төгрөгийг “БК” ХХК, “Б” ХХК нараас гаргуулан “ХК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. “БК” ХХК болон “Б” ХХК нь “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, энэхүү гэрээний 1.3-т дурдсан “ХК” ХХК-д төлөх 525,311,928 төгрөгийг “БК” ХХК хариуцан төлж, үүнээс 425,311,928 төгрөгт автомашин шилжүүлж, үлдэх 100,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон.

“БК” ХХК, “Б” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “ХК” ХХК-тай гурван талт эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр дээр дурдсан 525,311,928 төгрөгийг хэрхэн төлөх талаар зааж, энэ төлбөр төлөгдсөн даруйд “ХК” ХХК нь “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх, “Б” ХХК-ийн байранд хадгалагдаж буй “БК” ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг “Б” ХХК-аас “БК” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

 Дээрх “Төлбөр барагдуулах гэрээ”, “Эвлэрлийн гэрээ”-ний аль алинд нь “ХК” ХХК-д шилжүүлэн өгч буй автомашины НӨАТ-ыг хэн шивэх талаар тусгаагүй, энэ талаар талууд харилцан тохиролцоогүй байсан. “Б” ХХК-ийн хувьд өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд сайн дураараа НӨАТ-ын төлбөрт 38,664,720 төгрөгийг төлсөн.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9-д заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-иас 656.909.538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 388,886,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 5,386,929 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч “БК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,442,497 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй тухайд, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцаад нотлох баримт гаргаж өгөх, тайлбар хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийт 1,045,795,927 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “БК” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан мөн дээрх хугацааны түрээсийн төлбөрт 514,404,000 төгрөгийг, цахигааны төлбөрт 13,145,538 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдсон тул хариуцагч “БК” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, 527,594,538 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь шүүх өөрийн дураар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодорхойлж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

4.3. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй тухайд: Хариуцагч тал өөрийн татгалзлалын үндэслэл болон түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нотолсон баримтуудыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээ, мөн өдрийн “Эвлэрлийн гэрээ” 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-ний нэмэлт гэрээ, мөн гэрээний НӨАТ-ын асуудлаар “Төлбөр төлөх хэлцэл” зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

4.4. Хуулийн хэм хэмжээг буруу тайлбарласан талуудын хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн харилцааны шаардах эрхийг буруу тодорхойлсон тухайд: Шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч “БК” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Төлбөр барагдуулах” гэрээний 1.3.1, 1.3.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Б “ХХК-ийн “ХК” ХХК-д төлөх өр 525,311,928 төгрөгийг “Б” ХХК-ийн өмнөөс хариуцагч “БК” ХХК төлж барагдуулсан.

Хариуцагч “БК” ХХК нь “Төлбөр барагдуулах тухай гэрээ” байгуулж нэхэмжлэгчийн өмнөөс “ХК” ХХК-д 425,311,928 төгрөгийн үүрэгт Мерседес Бенз G500 маркийн ............. улсын дугаартай автомашиныг тооцон шилжүүлж, 100,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3-т заасны дагуу үүргийг харилцан солилцож хүлээн авахаар тохиролцсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтуудыг бүрэн судалж хэргийн нөхцөл байдлыг бодиттой тогтоож хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 06-ны өдөр, 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус зарлагдсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах зэргээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Мөн хариуцагч талаас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд гаргасан. Мөн шүүх хуралдаан зарлагдах хүртэл буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүртэл буюу 2 сарын хугацаанд шүүх нотлох баримттай танилцах, шинжлэн судлах, өмгөөлөгч авах зэрэг хангалттай хугацаа байсан. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрх, үүргээр нь хангасан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хариуцагч нь нэхэмжлэгч талын эд хөрөнгийг түрээсэлж, үр шимийг нь хүртсэн. Гэрээнд “Б” ХХК төлбөр хариуцах талаар заалт байхгүй бөгөөд тусдаа харилцаа явагдаж байгаа. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч БК ХХК-аас түрээсийн төлбөр 581,276,000 төгрөг, алданги 278,560,000 төгрөг, цахилгааны төлбөр 17,935,207 төгрөг, тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөр 129,360,000 төгрөг, НӨАТ төлүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 38,664,720 төгрөг, нийт 1,045,795,927 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.

 4. Хэрэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэг дутуу, /хаанаас эхэлж, хаана дуусч байгаа нь тодорхойгүй/ 1-7 гэж дугаарлагдсан шийдвэрийн 3, 4 дэх тал авагдаагүй, хэргийн 133 дугаар тал байхгүй буюу 132, 134 гэж дугаарласан байх тул шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үйлдэгдэж, хэрэгт авагдсан гэж үзэхээргүй байна. /хх132, 134/

Давж заалдах шатны шүүх бүрэн эхээр нь бичгээр үйлдэгдсэн шүүхийн шийдвэрийг хянах үүрэгтэй тул шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,442,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР 

                     ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                 А.МӨНХЗУЛ