Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2489

 

З.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02323 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч З.Нгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Д-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 31 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Хариуцагч Ц.Д-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.Д-гийн гуйлтаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цувуулан нийт 21 200 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг мөнгийг зээлэх үедээ өөрт мөнгө байгаагүй ч Начин заан ББСБ-ын байгууллагаас сарын 2.5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Авсан зээлийн үндсэн хүүг З.Н одоо ч төлсөөр байгаа. Ц.Д- нь эхэн үедээ хүү төлж байгаад үндсэн зээлээс 500 000 төгрөг төлснөөс хойш сүүлийн 4 сарын хугацаанд үндсэн зээл, хүү хоёроо төлөхгүй, утсаа ч авахгүй чимээгүй болсон. Иймд хариуцагч Ц.Д-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 20 700 000 төгрөг, алданги 10 350 000 төгрөг, нийт 31 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би З.Нгээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 200 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 17 700 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Би зээлсэн мөнгийг сарын 9 хувийн хүүтэй зээлж, дараах байдлаар зээлийг төлсөн. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүү сарын 270 000 төгрөг, нийт 24 сарын 6 480 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийн хүү сарын 180 000 төгрөг, нийт 19 сарын 3 420 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгийн хүү сарын 270 000 төгрөг, нийт 3 сарын 810 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 200 000 төгрөгийн хүү сарын 378 000 төгрөг, 2 сарын нийт 756 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийн хүү сарын 180 000 төгрөг, 2 сарын 360 000 төгрөг, нийт зээлийн хүү 16 051 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж төлсөн. Мөн 17 700 000 төгрөгийн зээлээс 500 000 төгрөг төлж, нийт 16 551 000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Би хүү гэж 16 051 000 төгрөг төлсөн учир 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тохиролцож тооцоо нийлсэн үлдэгдэл 16 000 000 төгрөгийн хагас 8 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг зээлээгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-гаас 16 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 050 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-гаас 237 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Зохигчид бидний хооронд байгуулсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул гэрээг байгуулсан гэх үндэслэл болж чадахгүй юм. Хэдийгээр гэрээ байгуулаагүй боловч би авсан мөнгөн дүндээ тооцон сар бүр хүү, үндсэн зээлийг төлж байсан. Энэ тооцоогоор зээл болон түүний хүүд 16 51 000 төгрөг төлсөн бөгөөд мөн үндсэн зээлд 500 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул би алданги төлөхгүй бөгөөд мөн хүү авах ч эрх алдагдах юм. Иймд анх зээлж авсан мөнгөн дүнг бараг төлж барагдуулсан тул одоо үлдэгдэл үндсэн зээл 1 100 000 төгрөг, түүний мөнгийг удаасны төлбөрт 8 000 000 төгрөгийг төлөхөөр байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч З.Н, хариуцагч Ц.Д-д зээлийн гэрээний үүрэгт 31 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “8 000 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч, бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү төлөхгүй” гэх үндэслэл заан маргажээ.

Талууд аман гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэх үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх боловч нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүн болон алданги шаардах эрхтэй эсэх талаар маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө зээлсэн тухай баримт зэргээр нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.Д-д 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр 17 700 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 15-18, 20-27 дахь тал/

Харин нэхэмжлэгч нь “Начин заан” ББСБ-аас 5 000 000 төгрөгийн зээл авч хариуцагчид өгсөн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд баримтаар нотлогдсон хүрээнд нэхэмжлэгчийг хариуцагчид 17 700 000 төгрөг шилжүүлсэн гэж үзнэ. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь өөрийн ХААН банкны данснаасаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 7 705 000 төгрөгийг зээлд, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 6 255 000 төгрөгийг “зээлийн хүүнд” гэсэн утгатайгаар нийт 13 960 000 төгрөгийг төлжээ. /хх 15-18, 20-34 дэх тал/

Харин зээлийн хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн хүүд төлсөн төлбөрийг зээлийн үүргээс хасч тооцох боломжгүй.

Зохигчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь гэрчээр нотлох эрхээ алдсан байна. Гэвч хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгийг шилжүүлэхдээ “хүү” гэсэн агуулгаар шилжүүлснийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд хариуцагч нэгэнт хүлээн зөвшөөрч “хүү”-гийн төлбөрт төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцуулах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид буцаан төлөх үндсэн зээл 17 700 000 төгрөгөөс зээлд төлсөн 7 705 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 9 995 000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн үндсэн зээлээс төлсөн дүнг хасч тооцолгүй, хариуцагчийн бичсэн хүлээн авсан тухай баримтыг үнэлж, хариуцагч Ц.Д-гийн үүргийг 16 000 000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хариуцагчаас 9 995 000 төгрөг гаргуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02323 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “16 000 000” гэснийг “9 995 000” гэж, “15 050 000” гэснийг “21 055 000” гэж, 2 дахь заалтын “237 950” гэснийг “174 870” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Ч.ЦЭНД